Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 224/МА2023/00007

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Ү.У-т

холбогдох иргэний хэргийн тухай

              Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00037 дугаар шийдвэртэй,

            Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.У-т холбогдох, худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г /цахимаар/, хариуцагч Ү.У, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой үүргийн гүйцэтгэлд төлсөн 7.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Ү.У-тай амаар харилцан тохирч, эзэмших эрхийн гэрчилгээтэй, урт нь 130м, өргөн нь 50м, 300 гаруй чацарганы модтой 1 тал хашааг 28 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 10 сая төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5800532337 дансанд нь шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин 5 сая төгрөгийг Ү.Уын 5800532337 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 13 сая төгрөгийг 2022 оны 6 дугаар сард өгөөд газрын гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон боловч Ү.У нь газраа зарахаа больсон, зарвал 35 сая төгрөгөөр зарна гэсэн тул уг хашааг худалдан авах боломжгүй болсон. Мөнгөө буцааж авна гэхэд 8 сая төгрөг өгөөд, үлдэгдэл 7 сая төгрөг авах гэтэл өгөхгүй гэсэн тул Ү.Уаас үлдэгдэл 7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ү.У нь миний хашааны үнэд шилжүүлсэн 15 сая төгрөгийг захиран зарцуулж үр шимийг нь хүртэж байгаа болно. Манайх тухайн хашаанд буугаад тохижуулах гэж гаргасан зарлага их. Нэхэмжлэлд зөвхөн тодорхой байгаа, дансны хуулгаар нотлогдож байгааг нь хавсаргасан. Модон жорлон барихад дээврийн төмөр-94.500 төгрөг, банз 48.000 төгрөг, гэрийн буйр цутгахад орсон блок 78.000 төгрөг, цемент 132.000 төгрөг, тоолуур, тогны утас гээд урсгал зардал их гарсан болно. Талбайг услах, бордох зэрэг ажилд орсон зардал /бордоо 21.000 төгрөг, хор 35.000 төгрөг, усалгаа 73.000 төгрөг/ зэрэг зардал гарсан.

Мөн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд эхнэр Т.С-гийнхамтаар уг талбайд хөдөлмөрлөж, 1 тонн 650 килограмм чацаргана түүж, Ү.Уын зөвлөснөөр н.Алимаа гэх хүнээс 200л-ийн усны савыг авч түүсэн бүх жимсээ 4000, 4200 төгрөгөөр борлуулсан нь үнэн. Уг 1 тонн 650 килограмм чацарганы 1 килограмм тутмыг хүн хөлсөлж 1000, 1500 төгрөгөөр түүлгэсэн болно. Түүлгэсэн жимсний үнийн талыг бэлнээр, талыг нь дансаар шилжүүлсэн болно. Чацаргана түүсэн хүмүүс рүү шилжүүлсэн төлбөрийг хавсаргав. 1 тонн 650 килограмм чацарганыг дундаж үнэ болох 1250 төгрөгөөр түүлгэсэн гэж үзвэл надаас 2.062.500 төгрөг гарсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагч Ү.Уын татгалзлын үндэслэл: “ Нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Жимсний талбай худалдаж авахаар ирж уулзсан Б.Гийг тохиролцох хэмжээний эрх мэдэл бүхий хүнээ дагуулж ир гэсний дагуу өөрийн ээж, ах, эгч, хүргэн ах, дүү нараа дагуулж ирснээр 2 тонн гаруй чацаргана, өөрийн хэрэгцээний үхрийн нүдний жимс хураан авч байсан талбайг үзэж, 28 сая төгрөгөөр авахаар тохирч, эхлээд 6 дугаар сард 10 сая төгрөг, 9 дүгээр сард 10 сая төгрөг, 8 сая төгрөгийг 2022 онд ноолуураа авсны дараа өгөхөөр тохиролцсон.

Хэмжсэн газраа зааглаж хашаа барих, мөн 2021 оны усалгааг манай гүний худгаас усалж сар бүр 50.000 төгрөг төлж байх, хортон шавьжтай тэмцэх болон мод талбайг арчлах бүхий л зөвлөгөөг би өгч байх, жимсээ хураасны дараа нөхөн тариалалт хийх 2 настай чацарганы 80 ширхэг суулгац үнэгүй өгнө гэж тохирсон.

Б.Г нь тохиролцсоны дагуу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 3 сая төгрөгийг миний дансанд шилжүүлж, 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн болно. Анхны тохиролцоогоо зөрчиж нэлээн нэхэл болсны эцэст 10 дугаар сарын 21-ний өдөр 5 сая төгрөгийг миний дансанд шилжүүлсэн.

Тохиролцсон газраа хашаа бариагүй, 2 сарын усны тооцоог шавьжны хор болон мөнгөөр хийж бусад сарын тооцоо хийгээгүй болно. Чацаргана болон үхрийн нүдний талбайг зуны улиралд сайн арчилж, хортон шавьжтай тэмцэх ажлыг сайн хийж байсныг тэмдэглэн хэлье. Чацаргана хураан авсны дараа 10 дугаар сард миний өгсөн зөвлөгөөний дагуу нүхээ ухаж 80 гаруй суулгац тарьсан болно. Б.Гт өгөхөөр тохиролцсон талбайгаас манайх 2020 онд 2018,5 килограмм, 2022 онд 2158,7 килограмм чацаргана хурааж авсан. Гэтэл Б.Г 2021 онд 1750 килограмм чацаргана хурааж авлаа гэдэг.

Б.Г тохиролцсон талбайгаас хурааж авсан чацарганаа худалдан борлуулж, мөнгөө өөрөө авсан ба тухайн үеийн 1 килограмм чацаргана борлуулах доод үнэ 4.200 төгрөг байсан юм. Бидний талбайгаас чацаргана хураан авсан дундаж /2018,5+2158,7/ нийт 2088,6 килограммыг Б.Г хураан авсан гэж тооцоход 2088,6x4,200=8.772.100 төгрөг болж байна. Б.Г-ийн өгсөн 15 сая төгрөгөөс талбайгаас хурааж авсан чацарганы үнэ болох 8.772.100 төгрөгийг суутган аваад үлдэгдэл 6.227.900 төгрөгийг өгөх байсан боловч залуу хүний хийсэн ажлыг нь үнэлж 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5023338899 тоот дансанд 8 сая төгрөг буцааж шилжүүлж өгсөн. Мөн усалгааны 200.000 төгрөгийг нэмж тооцвол бид 6 сая төгрөг өгөх ёстой гэж үзэж байгаа болно. Мөн эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж худал бичсэн байна. Газрын гэрчилгээ Ү.У миний нэр дээр одоо хүртэл байдаг.

Иймд Б.Г нь газрын төлбөр гэх 7 сая төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Амьдралынхаа төлөө зарцуулсан жижиг ахуйн зардлууд надад холбогдолгүй. Монгол хүн айлын буурь /бууц/ дээр буудаггүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэрийнхээ бууринд хийсэн блок, цементэн шал, барьсан жорлон, тоолуур, тогны утас болон мод, жижиг чиргүүл гэх мэт зүйлээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор авч хашаа цэвэрлэж өгөх хэрэгтэй байна.

2021 оны 10 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл эзэнгүй гэр орон, бусад мод эд зүйлийг нь харж хамгаалж байсан. Энэ хөлсийг нэхэмжлэгчээс нэхэмжлэх ёстой байсан.

Нэхэмжлэгч надад хэлэхдээ талбайгаас 1750 килограмм чацаргана хурааж авлаа гэж хэлж байсан. Гэтэл тайлбартаа 1650 килограмм гэж бичсэн нь худал байна. 2021 онд 1 килограмм чацарганыг 1200 төгрөгөөр Улаангомчууд түүлгэж байсан.  Нэхэмжлэгч чацарганыг 1000-аас 1500 төгрөгөөр хүн хөлсөлж түүлгэсэн гэж бичсэн байна. Бодит байдалд энэ үнэ нийцэхгүй байна. Б.Г уг талбайгаас 7-8 модны чацарганыг түүлгүй орхисон байсан. Бидний тооцоогоор 2088 килограмм чацаргана хурааж авсан байх гэдгийг өмнөх тайлбартаа тодорхой бичсэнтэй дутуу танилцаж ойлгоогүй байна гэж үзэж байна.

Б.Г-ийн анх хэлснээр 1750 килограмм чацаргана хурааж авсныг бид боловсруулалт хийсэн бол 60 хувь цэвэр шүүс болно гэж үзвэл 1050 литр шүүс /1 литр*11.000* 1050 литр=11.550.000 төгрөг бөөний үнээр тооцоход/, 1750 килограмм чацарганаас доод жишгээр 1 литр цэвэр тос гарна гэж үзвэл нийт 17,5 литр*300.000=5.250.000 төгрөг, нийт 16.800.000 төгрөгөөс чацаргана түүлгэсэн хөлс болон боловсруулалт хийсэн зардал, савны ба шошгоны үнэ, худалдан борлуулахад гарах зардлаа хасахад, бид авлагатай гарч байна.

Б.Г 7.000.000 төгрөг нэхэмжлэх биш, бидэнд 9.800.000 төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсандаа дүгнэлт хийхийг нэхэмжлэгчид сануулж байна. Б.Г иргэн Алимаад 1464,9 килограмм чацарганыг 6.180.870 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө нь нэхэмжлэгчийн дансанд орсон баримт байгаа болно. Эхний өдрүүдийн түүсэн чацарганаа өөр хүнд худалдсан ба чацаргана түүлгэсэн хүмүүсийн машин дотор савтай чацаргана байсан тухай Б.Гт тухайн үед би хэлж байсан. Эндээс тодорхой орлого олсон байх ёстой.

Б.Г-гийн 15.000.000 төгрөгийн зөрүү 8.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж тооцоог дуусгасан. Гэтэл Б.Г надаас үндэслэлгүй 7.000.000 төгрөг нэхэмжилж чирэгдэл учруулсан. Нарийн тооцвол биднийг 9.800.000 төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан юм. Бид энэ мөнгийг нэхэмжлэхийг түр хойшлуулж байна. Нэхэмжлэгчийн бичсэн нэхэмжлэл болон тайлбараас болж энэ асуудал хөндөгдөх гэж байгаа шүү. Б.Г-ийн бичсэн утгагүй нэхэмжлэл, тайлбар чинь хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулж байна гэж санагдлаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00037 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Ү.Уаас 7.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.Уаас 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгохоор шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Ү.У давж заалдсан гомдолдоо: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ Б.Г бид 2-ыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнээс нэхэмжлэгч Б.Г нь татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу надаас 7.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Мөн Б.Г-ийн миний жимсний талбайг ашиглаж олсон орлогыг Иргэний хуулийн 247.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч авах эрхтэй мэтээр дүгнэж шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Учир нь манай гэр бүлийн хүн бид 2 өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс. Өөрийн эзэмшлийн 20960 м2 талбайд жимс жимсгэнэ тариалан амьдарлаа залгуулдаг.

Б.Г гэгчид бид газраа бүхлээр нь худалдаагүй, гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бүхлээр нь зарсан мэтээр бичсэн байсан. Жимсний талбайгаасаа хэсэгчлэн худалдахаар амаар тохирсон.  Бичгээр гэрээ байгуулаагүй,  мөнгөө бүрэн өгч дуусахаар гэрээгээ хийж газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар тохирсон боловч нэхэмжлэгч өөрөө мөнгөө өгөхгүй байсан.

Манай газрыг ашиглаж хөгшин бид 2 худгаасаа ус татуулан услуулж, арчлах талаар зааж өгч байсан. Намар нь ургасан жимсээ түүхэд бид өөрийн жимс зардаг хүндээ хэлж Б.Г-ийн хураасан жимсийг зарж борлуулж өгсөн. Өөрийн минь хүүхдүүдээс минь ялгаагүй хүүхэд  тул биднээс суралцаад хөдөлмөр эрхлээд үр шимээ хүртэж амьдрал ахуйгаа авч яваг гэж бодож зааж зөвлөн дэмжсэн. Гэтэл жимсээ зарчихаад үлдэгдэл мөнгөө өгөхгүй алга болчихсон. Бид тухайн газарт ургасан жимсээ өөрсдөө авсан бол 7 сая гаруй төгрөг олчих байсан. Гэтэл өндөр настай бидний итгэлийг алдаж хохироосон. Тухайн үед хүүхдийн маань бие өвдөөд бидэнд яаралтай мөнгөний хэрэг гарсан тул газраасаа хэсэгчлэн зарах болсон.

Г нь мөнгөө өгөхгүй байсан тул би газраа зарахаа болиод мөнгийн буцааж өгөхөөр болсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Г-ийн манай талбайгаас хурааж зарсан жимсний мөнгийг нэхэмжлэгч авах эрхтэй гэж үзсэнд маш их гомдолтой байгаа.

Хэн нэгэн этгээд хүний юмыг ашиглаад орлого олчихоод шүүхэд хандаад өгсөн мөнгөө эргүүлээд авчихдаг. Гэтэл би зарсан газарч байхгүй, харин ч нэг жилийн хугацаанд өөрийн насаараа хөдөлмөрлөж, арчилж ургуулаад аль хэдий нь хангалттай үр жимсээ өгдөг болгочихсон талбайгаа хүнд үнэгүй ашиглуулаад, өөрөө хүнд зуучилж жимсийг нь борлуулж өгөөд мөнгийг нь өгчихдөг. Энэ шударга ёс мөн гэж үү. Залуу хүмүүс хүний хөдөлмөрлөж босгосон бэлэн зүйлийг үнэгүй ашиглаад орлого олчихдог. Мөнгөний хэрэг гараад аргаа бараад газраа хүнд зарж, мөнгө олох гэсэн биш өөрийнхөө олох байсан орлогоо ч үнэгүй хүнд алдчихаад байхад шүүх надаас 7.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00037 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Ү.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Г нь надтай аман тохиролцоо хийж, эзэмших эрхийн гэрчилгээтэй талбайг хагаслан худалдаж авахаар тохиролцсон боловч тохиролцоогоо зөрчсөн учраас худалдахаас татгалзсан. Яагаад зөрчсөн бэ гэвэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй, усалгааны төлбөрөө дутуу төлсөн, талбай зааглаж хашаа бариагүй, тусдаа хаалга гаргаж аваагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Миний эзэмшлийн талбайг ашиглаж 2 тн чацаргана хураан авч тухайн үеийн ханшаар зарж 8 сая төгрөгийн орлого олж өөрөө авч биднийг хохироочхоод дахин 7 сая төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хариуцагч талаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би эзэмших эрхийн гэрчилгээтэй талбайгаа Б.Гт шилжүүлээгүй. Мөн 2020, 2022 онуудын чацарганын тооцоог гаргаж анхан шатны шүүхэд өгсөн. Б.Г-ийн хураан авсан жимсийг худалдан борлуулахад нь тусласан, орлогыг нь Б.Г өөрөө авсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан заалтыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү “ гэв.

8. Нэхэмжлэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хариу тайлбар ирүүлээгүй шалтгаан бол хол газар байсан болохоор шуудангаар явуулбал  цаг хугацаа их алдах байсан тул одоо шүүх хуралдаанд тайлбараа гаргаж байна.

Хариуцагч нь миний эзэмшлийн газрыг бүхэлд нь авсан гэж намайг тайлбартаа бичсэн хэлж байна. Хариуцагч нь 2960 га газартай, би нэхэмжлэлдээ 130 м урт, 50 м өргөнтэй газар авахаар тохирсон гэж тодорхой бичсэн. Хариуцагчтай амаар харилцан тохиролцсон гэж анхан шатны шүүхэд ч гаргасан тайлбартаа хэлсэн байхад дахиж гэрээ байгуулна гэсэн гэж үндэслэлгүй зүйл хэлж байна. Мөнгөө өгсний дараа гэрээ байгуулна гэж тохироогүй, харин газар эзэмших гэрчилгээгээ шилжүүлнэ авна гэж тохиролцсон.

Хариуцагч намайг мөнгөө өгөөгүй гэж хэлж байна. Гэтэл би тохирсноороо урьдчилгаа гэж 10 сая төгрөг өгсөн. Намар хугацаандаа өгөх байсан 5 сая төгрөгөө өгсөн. Хавар ноолуурын үеэр үлдэгдэл 13 сая төгрөгөө өгчхөөд  гэрчилгээгээ шилжүүлж авна гэж тохирсон боловч Ү.У нь манайх хашаагаа зарахгүй, хэрвээ зарвал 35 сая төгрөгөөр зарна гэсэн шаардлагыг тавьсан. Би мөнгөө өгөхгүйгээр энэ хүнээс  зугатаасан зүйл байхгүй, тэр хашаанд гэрээ бариад амьдарч байсан. Хариуцагч нь манай эзэмшлийн газрыг ашигласан гэж хэлж байна. Эхнэр бид хоёр сургуулиа дөнгөж төгсчихсөн, тухайн үед хоёулаа ажилгүй байсан. Амьдрах хашаатай болъё гээд ээжээсээ мөнгө гуйхад 10.000.000 төгрөгийн зээл авч өгсөн. Мөн таксинд явж амьдралаа залгуулдаг байсан Пирус-20 машинаа зарсан. Энэ хашааг авахын тулд өөрт байгаа хөрөнгө мөнгөө бүгдийг зарцуулж, худалдан авч уг хашаанд гэрээ барьж буусан. Худалдаж авахаар тохирсон хашааныхаа усалгааны төлбөр тооцоог бүгдийг нь би хийсэн.

Би энэ хашааг авах гэж бүх хөрөнгө, санхүүгээ зарцуулсан. Гэтэл хариуцагч нь миний амьдрах эрхэд халдаж, эрхийг зөрчиж байна. Би 7 сая төгрөгийн орлого олж ашиг олсон зүйл байхгүй.

Чацаргана зарахад тусалсан гэж байна, тухайн үед авах хүмүүс зөндөө байсан. Хамгийн гол нь чацаргана түүж ажиллаж байгаа хүмүүсийн өдрийн хоол, унааны хөлс гээд зардал их гарсан, мөнгөгүй хэцүү байсан. Миний газрыг үнэгүй ашигласан гэж хэлсэн. Тэр газрыг үнэгүй ашигласан зүйл бол огт байхгүй, мөнгө төгрөгөө өгөөд харилцан тохиролцоод явж байсан. Чацарганын талбайгаас жаахан чацаргана хурааж авсан. Хэрвээ би бэлэн мөнгөтэйгөө байсан бол жил, сараар хэмжигдэхгүй орлого олох боломжтой байсан гэж үзэж байна. Гэхдээ би хариуцагчийг миний өгсөн 15 сая төгрөгийг ашиглаж орлого олсон гэж нэхээгүй. Би ирээдүйд өөрийн гэсэн газартай, үл хөдлөх хөрөнгөтэй болъё гэж энэ газрыг худалдаж авсан. Одоо хүртэл ээжээсээ авсан мөнгөө төлөөгүй, зээлнээс зээлний хооронд, авсан хашаа ч байхгүй амьдарч байна.

Манай хашаа нь хойд талдаа модны талбайтай, урд талдаа 3 эгнээ айлтай учраас хаалга гаргах боломжгүй байсан. Энэ хүнд маш их гомдолтой байна. Энэ хүмүүс миний мөнгийг аваад хоёр жилийн хугацаа болсон. Энэ хугацаанд би нэг шинэ хувцас ч авч өмсөөгүй явж байна. Надаас авсан бэлэн мөнгөөрөө зөндөө орлого олох боломжтой байсан байх. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Хариуцагч Ү.Уын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Талууд гэрээнээсээ татгалзсан учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээнд заасны дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцааж шилжүүлнэ гэсэн зохицуулалтыг үндэслэж 7.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдсэн.

Гэтэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаахаас гадна гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцаана гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн газрыг ашиглаж тухайн газраас 1 жилийн хугацаанд хураасан чацарганаа зарж борлуулсан үйлдэл нь ашиг орлого олж байгаа нэг хэлбэр байдаг. Энэ олсон ашгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу харилцан буцааж өгөх нь зүйтэй гэж заасан байхад анхан шатны шүүх нь үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй байна гэж харж байна. Анхан шатны шүүх нь талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнээсээ татгалзсан гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн ямар зүйл заалтаар татгалзсан вэ гэдэгт үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах харилцааг зохицуулсан байдаг. Гэрээнээс татгалзах гэдэг ойлголт байхаас өмнө хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ёстой. Үүний дараа гэрээнээс татгалзах гэх ойлголт байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхийн шатанд гаргасан тайлбараас харахад газрыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон асуудал байдаг. Харин үүнийг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний хувьд хэлбэрийн шаардлага тавигддаггүй боловч үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний хувьд өмч хөрөнгийг шилжүүлэх зохицуулалттай буюу иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэлбэрийн шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээг байгуулснаараа гэрээний үүрэг буюу худалдаж байгаа тал газрыг шилжүүлж өгөх үүрэгтэй. Газрыг шилжүүлж өгөхийн тулд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрээг батлуулсан тохиолдолд тухайн гэрээг үндэслэж улсын бүртгэлийн хэлтэс өмчлөх эрхийг шилжүүлдэг зохицуулалттай. Аман хэлцэл хийж тохиролцсон зүйлийг нотариатаар гэрчлэх боломжгүй учраас энэ заалтаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд зайлшгүй бичгээр байгуулна гэсэн хэлбэрийн шаардлага тавигддаг.

Гэтэл талууд нь гэрээг бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Тэгэхээр хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд тохиролцсон хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэдэг нь анхнаасаа тухайн гэрээ байгуулаагдаагүй гэж үздэг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс авсан 7.0 сая төгрөгөө буцааж өгөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийн газрыг 1 жилийн хугацаанд ашиглаад тэндээс авсан ашиг орлогоо буцааж өгөх үүрэг үүсдэг. Гэтэл анхан шатны шүүх нь энэ асуудалд бүрэн гүйцэт үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй. Иргэний хуулийн зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Хариуцагчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж чадаагүй, хөндөгдсөн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Ү.Уын давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00037 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ү.У-т холбогдуулан 300 гаруй чацарганы модтой, 1 тал хашаа бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад буюу худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 7.000.000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбогдуулан буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ү.У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ Б.Г нь манай талбайгаас чацаргана хураан авч зарж борлуулан ашиг олсон, уг мөнгийг суутгаж аваад үлдэгдэл 8 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн бөгөөд 7 сая төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

4. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “ ..аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.

4.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв.  

5. Хариуцагч Ү.У нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ү.Уаас Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах, 300мх50м хэмжээтэй, 300 гаруй чацарганы модтой, 1 тал хашаа бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар, үнийг 28.000.000 төгрөгөөр тохиролцож, хэсэгчлэн буюу 3 хувааж төлөхөөр, 2022 оны 6 дугаар сард үнийг бүрэн төлж дууссаны дараа газар эзэмших эрхийг шилжүүлэхээр талууд тус тус хэлэлцэн тохиролцсон, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сард 10.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тодруулбал хариуцагчийн эзэмшлийн, дээр дурдсан 1 тал хашаа бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгч төлбөртэйгээр шилжүүлэн авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн агуулгыг өөрсдөө тодорхойлж, хэлцлийн гол нөхцөл /гэрээний зүйл, үнэ/-ийн талаар хэлэлцэн тохиролцсон байна.

5.2. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан хэлцэл хийгдсэн байх ба хожим буюу 2022 оны 6-р сард худалдагч тал газрын үнээ нэмсэн, худалдан авагч тал гэрээгээр тохирсон үнийг хугацаандаа төлөөгүй гэх шалтгаанаар талууд гэрээнээс татгалзсан нь тогтоогдсон байх ба  энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

5.3. Нэхэмжлэгч Б.Г нь худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй байх ба харин гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу газрын үнэд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан байна.

5.4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т : “ Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг  биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Г нь  эзэмших эрх бүхий газрыг худалдан авахаар шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй, хариуцагч Ү.У гэрээний үнэд шилжүүлэн авсан 15.000.000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсанаар гэрээний харилцаа анх байгуулсан үеэс дуусгавар болж, талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах буюу анхны байдалд нь оруулах үр дагавар үүсэх тул хариуцагч Ү.У худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хүлээн авсан мөнгийг худалдан авагч  талд буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ.  

5.5.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 15.000.000 төгрөгнөөс 8.000.000 төгрөгийг  шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн нь нотлогдсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг хариуцагч Ү.Уаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.   

6. Хариуцагчийн “ Б.Г нь манай талбайгаас чацаргана хураан авч  зарж борлуулан ашиг олсон, уг мөнгийг суутгаж аваад үлдэгдэл 8 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн тул 7 сая төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй” гэх татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

7. Хариуцагч нь гэрээ биелсэнээс олсон ашгийг нэхэмжилсэн шаардлага гаргаагүй байх тул түүний татгалзал /тайлбар/-ыг үндэслэн гэрээ биелсэнээс олсон ашиг”-ийн талаар шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй болно.

8. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар маргаагүй, тодруулбал, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй, мөн  гэрээнээс татгалзсан, гэрээ цуцалсан үндэслэлийн талаар маргаагүй, энэ талаар ямар нэг шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн үндсэн шаардлага буюу гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар болох худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ү.Уын давж  заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул  хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 / нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

           1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 152/ШШ2022/00037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ү.У-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.У-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 / нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН  

                              ШҮҮГЧИД                                                          Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                                       Л.АЛТАН