Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 26

 

2023                01                26                                             137/ШШ2023/00026

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, ерөнхий шүүгч А.Ц, шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, М овогт Ч.П -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, М овогт Ч.П -д холбогдох

Гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, иргэдийн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгч Ч.П, хариуцагч Ч.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

Нэхэмжлэгч Ч.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.П нь Зил 130 маркийн ... улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч юм. 2022 оны 05 сарын 02-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо эмээлтийн зам МТ шатахуун түгээх станцын зүүн хойд замд машиныг маань найз С жолоодож яваад зам тээврийн осол гарсан юм. Тухайлбал Foten BJ ... улсын дугаартай автомашины жолооч П буруутай үйлдлийн улмаас миний машин дараах хохирол учирсан байна. Машины үнэлгээ хийлгэсэн мөнгө чиргүүлийн гар хүрд, ачилтын үнэ, журмын хашааны төлбөр зэрэг нийт 9,000,000 төгрөгний хохирол учирсан байна. Иймд гэм хорын хохирол 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.П автомашины хохирол, түүнээс гарсан зардал гаргуулна. 9,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Нэмэлтээр юм нэхэмжлээгүй. Журмын хашаанд сар болсон байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг, Эмээлтийн колонкын зүүн хойд замд Ч.П машиныг С гэх залуу унаж явсан. Унаж явахдаа Ч.П буруутай үйлдлээс болж Ч.П машинд хохирол учирсан байгаа. Үнэлгээгээр тогтоогдсон үнэлгээний дүн ачилтын үнэ, журмын хашааны төлбөр зэрэг гэм хорын хохирлууд гарсан. Энэ нь нийт 9,000,000 төгрөг болсон. Тиймээс энэ гэм хорын мөнгийг гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

Хариуцагч Ч.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би зам тээврийн осол гаргаагүйг шалган тогтоосон эцсийн шийдвэр болох Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 184 тоот магадлал гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ч.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ бол 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр болсон асуудал. Тухайн үед анхан шатны шүүх гэж яваад, Давж заалдах шүүхээр яваад Давж заалдах шатны шүүх намайг буруугүй гэх магадлал гарсан. Тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэдгээрээ буруутгагдсан. Түүн дээр торгуулийн арга хэмжээ авагдсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний араас орсон учраас миний буруу байхгүй гэсэн магадалгаа гарсан. Нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн тайлбарыг сонслоо. Тухайн үед зам тээврийн осол гарсан. Энэ зам тээврийн ослын улмаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд миний бие өмгөөлөгчөөр оролцсон. Тухай бүр хүсэлт гаргасан. Хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл тээврийн хэрэгсэл уулзвар өнгөрөөд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад ард талаас ирж мөргөсөн.  Иймээс хариуцах үндэслэл байхгүй. Гэтэл мөрдөгчийн магадалгаа гэх дүгнэлтээр хариуцагчийг буруутгасан шийдвэр гаргасан. Үүнд гомдол гаргаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг асуудал тавьсан. Ингээд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэдэг Золбоо гэх хүн шийтгэлийн хуудас бичсэн. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 5 хоногийн дотор Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх шийтгэврийг үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. 100,000 төгрөгөөр торгох нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Хуульд заасан эрхийнхээ дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар бидний гаргасан гомдлыг хэлэлцээд магадлал гаргасан. Зөрчлийн хэргийн тухайд эцсийн шийдвэр байсан. Үүн дээр гаргасан гомдлыг хэлэлцээд, тухайн зам тээврийн осол гарахад зам тээврийн хөдөлгөөнөөс үүдээд хүний амь, эрүүл мэнд гэх энэ үйлдэлд нь хариуцагчийг буруугүй байна гэж үзсэн. Харин 100,000 төгрөгөөр торгосон шийтгэврийг хүчингүй болгоод, уулзвар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний журмыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр 50,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Ингээд зам тээврийн осол гаргах үндсэн шалтгааныг бүрдүүлээгүй байна гэдэг үндэслэлээр шийтгэврийг хүчингүй болгосон магадлал гаргасан. Тухайн ослоос гэм хорд П үйлдэл хамааралгүй гэж үзэж байгаа. Харин иргэний нэхэмжлэгч маань тээврийн хэрэгсэл жолоодож явсан С гэх жолоочоос энэ гэм хорын хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. 9,000,000 төгрөгийн зардал гарсан гэж байна. Тэгэхээр хавтаст хэрэгт тээврийн хэрэгсэлд хийх үнэлгээ хийсэн баримтын тухайд зөрчлийн мөрдөгч Золбоо маш их хариуцлагагүй хандсан асуудал байна. Жишээ нь тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээгээр 3,310,000 төгрөгийн хохирлыг 3,850,000 төгрөгийн нийт зардал гарсан гэж байна. Хавтаст хэргийн 51-р хуудсанд болон бусад үнэлгээ хийгдсэн үнэлгээний нотлох баримтыг харахаар ямар тээврийн хэрэгсэл, хэд дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн нь ерөөсөө мэдэгдэхгүй байгаа. Энэ асуудлыг урьд хэлж байсан. Мөн чиргүүлд учирсан эвдрэл гээд байгаа. Тэр үнэлгээ нь хэд дугаартай машин, хэдэн номерын чиргүүл гэдэг нь тодорхойгүй. Өөр машины үнэлгээ гэдэг нь нотлох баримтаас харагдахгүй байгаа. Мөн 940,000 төгрөгийн баримт хэрэгт байсан. Энэ юуны үнэлгээ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Хоёрдугаарт, С жолоодож явсан ... гэх тээврийн хэрэгсэл байгаа. Гэтэл гаргаж өгсөн баримт дээр ... гэх серийн дугаар зөрсөн баримт гаргаж өгсөн байгаа. Энэ 9,000,000 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтуудын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэл байна. Тиймээс манай зүгээс хариуцах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн хүсэлт,

-Гэрэл зурагууд,

-2022 оны 12 сарын 12-ны өдрийн “улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг түр хугацаагаар хойшуулах” хүсэлт шийдвэрлэсэн тухай тус шүүхийн шүүгчийн захирамж,

-2022 оны 05 сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,

-Нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-2022 оны 05 сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл,

-2022 оны 05 сарын 19-ны өдрийн 0004536 дугаартай шийтгэлийн хуудас,

-Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ,

-2022 оны 05 сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа,

-2022 оны 06 сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 

-2022 оны 06 сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЗШ/1485 дугаартай шийтгэвэр,

-2022 оны 08 сарын 31-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1077 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,

-2022 оны 08 сарын 31-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМЗ/184 дугаартай магадлал,

-2022 оны 12 сарын 30-ны өдрийн 283-4/1262 дугаартай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тоот,

-2022 оны 05 сарын 06-ны өдрийн 146 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол,

-2022 оны 04 сарын 08-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол,

-2022 оны 04 сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл  хүлээн авсан тэмдэглэл,

-2022 оны 04 сарын 02-ны өдрийн 0001092 дугаартай тээврийн цагдаагийн албаны “зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал”,

-2022 оны 04 сарын 02-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-2022 оны 05 сарын 18-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

-Ч.П тодорхойлолт,

-О.С тодорхойлолт,

-Улсын  тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-2022 оны 05 сарын 18-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

-2022 оны 05 сарын 06-ны өдрийн холбогдогч Ч.Пүрэвдоржоос авсан эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг, тэмдэглэл,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.П нь гэм хорын хохиролд 9,000,000 төгрөгийг хариуцагч Ч.П нэхэмжилсэн болно.

Хариуцагч Ч.П нь гэм хорын хохиролд учруулсан 9,000,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд хариуцагч Ч.П нь 2022 оны 04 сарын 02-ны өдрийн 12 цаг 10 минутын үед Сонгино-Хайрхан дүүргийн нутаг 32-р хороо, Эмээлтийн зам МТ шатахуун түгээх станцын зүүн хойд замд Foton .... загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа туслах замаас төв зам руу орохдоо зам тээврийн осолд холбогдсон байна.

Уг ослыг шалгасан Сонгино-Хайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад Д.З нь 2022 оны 05 сарын 18-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргаж “жолооч Foton ... улсын дугаартай автомашины жолооч Ч.П нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн О.С жолоодож явсан автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэж дүгнэж 2022 оны 05 сарын 19-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны 0004536 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн  51 дэх заалтаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Уг шийтгэлийн хуудсыг холбогдогч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гарган, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 06 сарын 28-ны өдөр Сонгоно-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан үзээд “...холбогдогч Ч.П нь Зөрчлийн  тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэсэн шинжийг хангасан, зүйлчлэл нийцэж байна. Иймд холбогдогч Ч.П Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 0004536 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 2022/ЗШ/1485 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж 2022 оны 08 сарын 18-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх зөрчлийн материалыг хүлээн авч хянан үзээд “...Ч.П холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэхдээ зөрчил холбогдогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр зөрчлийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж ...анхан шатны шүүх зөрчлийг хянан хэлэлцэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох асуудлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шийтгэвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж, мөн түүнчлэн “... улсын дугаартай автомашины жолооч Ч.П нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ... улсын дугаартай О.С жолоочтой автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ. Дээрх тохиолдолд жолооч Ч.П нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэгт бүрэн оруулан хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан тул араас нь мөргөх хэлбэрээр гаргасан зам тээврийн осолд буруутгагдах үндэслэлгүй. Харин туслах замаас гол зам руу уулзвар нэвтрэхдээ үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийсэн нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 48-д “замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийн шинжийг агуулж байх тул шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд жолооч Ч.П нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэгт бүрэн оруулан хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байхад ... улсын дугаартай, ... маркийн машины жолооч О.С нь эгц ар тал руу нь мөргөсөн зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд жолооч Ч.П тухайн үед гарсан зам тээврийн осолд буруутай гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “...тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч Ч.П нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 48-д “замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн...” үйлдэл, нэхэмжлэгч Ч.П эзэмшлийн ... улсын дугаартай, Зил-130 маркийн автомашинд гэм хор учруулсан  хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Иймд хариуцагч Ч.П нь машинд учирсан гэм хорын хохирол 9,000,000 төгрөгийг  хариуцах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ч.П гэм хорын хохиролд 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.П олгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ “нэхэмжлэгч талын гомдол, хохирлыг машин барьж явсан С гэдэг хүн барагдуулах нь зүйтэй” гэсэн саналыг гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 88,750 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.П нэхэмжлэлтэй хариуцагч Ч.П гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 88,750 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.Ц

            ШҮҮГЧИД                                                     А.Ц

                                                                                    Э.Б