Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2023/00010

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

    2023           03            28                                        202/МА2023/00010                                         

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч Н.Батчимэг,  Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 137/ШШ2023/00026 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ****Пгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****Пид холбогдох,

 

гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Пгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ... Миний бие П нь Зил 130 маркийн ****Улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч юм. 2022 оны 05 сарын 2-ны өдөр 12 цагийн үед СХД-н 32-р хороо Эмээлтийн зам МТ шатахуун түгээх станцын зүүн хойд замд машиныг маань найз ****жолоодож яваад зам тээврийн осол гарсан юм. Тухайлбал Foten BJ **** улсын дугаартай автомашины жолооч Пийн буруутай үйлдлийн улмаас миний машинд дараах хохирол учирсан байна. Машины үнэлгээ хийлгэсэн мөнгө чиргүүлийн гар хүрд, ачилтын үнэ, журмын Хашааны төлбөр зэрэг нийт 9,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд гэм хорын хохирол 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Пийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...  Нэхэмжлэлд шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би зам тээврийн осол гаргаагүйг шалган тогтоосон эцсийн шийдвэр болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 184 тоот магадлал гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Пгийн нэхэмжлэлтэй хариуцагч Поос гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 88,750 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

 Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З нарын давж заалдсан гомдлын агуулга: “Нэхэмжлэгч П би Зил 130 маркийн ****улсын дугаартай автомашины өмчлөгч юм. 2022 оны 05 сарын 02-ны өдөр 12 цагийн үед Миний машиныг найз ****нь унаж явж байх үед **** ДГН улсын дугаартай автомашины жолооч П нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 48-д “Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж, зүүн гар тийш эргэсэн” үйлдэл хийсэн. Энэ үйлдэл нь гэмт хэрэг мөн билээ. Энэ үйлдлийн улмаас хохирол учирсан бол хариуцлагаа хүлээнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь мөн гэмт хэрэг мөн билээ. Энэ үйлдлийн улмаас учир хохирлыг арилгаж мөн хариуцлагаа хүлээнэ. Энэ хоёр зөрчил нь адилхан бөгөөд зөрчил болгон гэмт хэрэг, гэмт хэрэг болгон зөрчил биш гэдэгтэй агаар нэг буй. ... Бусдын эрх амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд Буруу үйлдэл / эс үйлдэхүйн /-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хэрэв үйлдэл хийгээгүй бол болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хохирол учруулсан гэж үзнэ. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан шалтгаант холбоогүй гэж үзсэн нь буруу байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Хэргийн материалтай өмгөөлөгчийг танилцуулаагүй, хэрэг танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулаагүй, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, эрх үүрэг тайлбарлаж танилцуулаагүй, хэн нэгэн хэргийг материалтай танилцахгүй гэхээр л танилцуулахгүй байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, мөн шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажлаа хийнэ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус бүртээ хуульд захирагдана. Мөн хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй байхад  хэргийг  шийдвэрлэсэн, тодорхой эргэлзээгүй баримтанд  үндэслээгүй,  баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн дахин шийдвэрлүүлж зөрчлийг арилгуулах, шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй гэж үзэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

5. Нэхэмжлэгч Пгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Пийн буруутай үйл ажиллагаа гэж яриад байгаа зүйлд авто тээврийн үзлэг хийсэн юм. Үндсэн шугам давж, урдуур хөндлөн орсноос болж миний машин унасан. ... Машин нь үргэлжилсэн цагаан шугам даваад шууд нэгдүгээр эгнээнд байгаа урт шаланз машины замыг нь хаахаар нь тэрнээс бултуулж дарснаас болж миний машин унасан юм. Араас мөргөсөн юм байхгүй. ... Гуравдугаар эгнээгээр явсан бол огт ийм юм болохгүй байсан. Замаар хөндлөн орж ирж явсан. ... Хажууд нь сууж явсан хүн бол холоос машин ирж байсан гэж хэлээд байгаа юм. Юу юугүй хөндөлдөөд ороод ирсэн гээд байгаа юм. Осол болсон шалтгаан нь үргэлжилсэн шугам давсан, туслах замаас орж ирсэн, шулуун явж байгаа тээврийн хэрэгсэлд огт зам тавьж өгөөгүй.” гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Дгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... 6.1.  Энэ хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байдаг баримт дээр **** УБД гэсэн тээврийн хэрэгслийн дугаар тавьсан 940,000 төгрөгийн баримт байдаг. Тэгэхээр энэ дээр хэлэхэд хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа фото зурган дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл нь болохоор ****УББ гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл дугаараараа харагдаж байгаа. Тэгэхээр энэ гаргаж байгаа нотлох баримт дээр машиных нь дугаар нь зөрсөн байгаа. Тийм учраас энийг би яг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа юм.

6.2. ... Хавтаст хэргийн 51 хуудсанд байгаа тээврийн хэрэгслийн буюу эд хөрөнгийн үнэлгээ гэж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хэрэгт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж явсан учраас энэ дээр бол Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан бол тогтоол үйлдээд тээврийн хэрэгслийн үнэлгээг хийдэг журамтай. Энэ хавтаст хэрэгт хүсэлт хянан шийдвэрлэсэн хүний шинжээч томилсон гэх тогтоол байхгүй. Мөн энэ тээврийн хэрэгсэл нь ямар дугаарын, ямар маркийн, хэний эзэмшлийн, хэний тушаалаар энэ үнэлгээг хийлгэсэн гэсэн юм огт байхгүй. Зүгээр л хуулбарласан, 3,300,000 төгрөгийн хохирол гарчихсан баримттай. Ард талын хуудсанд 385,000 төгрөгийн баримт байгаа. Ямар тээврийн хэрэгсэлд үнэлгээ гарсан нь тодорхой биш байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нөгөө тал өөр нотлох баримт гаргаж өгдөггүй. 9,000,000 төгрөг нэхэмжилсэн талаар анхан шатны шүүхэд тайлбарлаж чадахгүй, ийм л байдал үүссэн. Түүнээс гадна энэ зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны авагдсан нотлох баримтуудаар иргэний хариуцагч Пийг үйлдлээ дуусгаад эгнээ байраа эзэлсэн байхад миний ард талаас ирж мөргөсөн гэдэг. Эгнээ байраа эзэлсэн байхад тээврийн хэрэгслийн ард талаас ирж мөргөсөн энэ ул мөрийг харуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингээд энэ дээр эрх бүхий албан тушаалтан дүгнэлт гаргасан.

6.3. ... давж заалдах шатны шүүх бол эцсийн шийдвэр гаргах ёстой. Энэ дээр дүгнэлт хийхдээ  П нь зам тээврийн осол гаргаагүй байна гэж магадлал дээр дүгнэсэн байгаа. Зам тээврийн осол гэдэг нь Зам тээвэр, тээврийн хэрэгслээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учрах гэдгийг үзнэ. Тэгэхээр зам тээврийн осол гаргаагүй, ул мөр байхгүй гэсэн. Ямар ч осол гаргаагүй, байрлалаа олоод 10 гаруй метр цаашаа явчихсан тээврийн хэрэгслийн араас очиж мөргөсөн байна. Ямар ч зогсоох арга хэмжээ аваагүй байна. Харин яах вэ гэхээр энэ нэгэнт хавтаст хэрэгт авагдсан учраас П нь үргэлжилсэн тэмдэглэгээг давж үйлдэл хийсэн нь байгаа учир Зөрчлийн арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох байсныг 50,000 төгрөг болгож торгож магадлал гарсан. Зам тээврийн осол болоход араас нь ирж мөргөсөн байсан. Энэ тээврийн хэрэгслийг ийм магадлал гаргасан. ****гэж хүн энэ тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Энэ хүний буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан байна гэдэг магадлагаа гарсан.

6.4. ... П үргэлжилсэн тэмдэглэгээг давсан энэ үйлдэл дээрээ, Зөрчлийн хэрэг дээрээ 50,000 төгрөгөөр торгуулсан байгаа. ... Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн тайлбарыг хийж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч П нь хариуцагч Пид холбогдуулан гэм хорын хохиролд буюу ослын улмаас машинд учирсан хохирол 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагаа кассын орлогын ордер, фото зураг, бусад бичмэл баримтанд үндэслэжээ.

 

2. Хариуцагч П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... зам тээврийн осол гаргаагүй ...” гэж маргаж, татгалзлаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 184 дугаартай магадлалд үндэслэсэн байна.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч П болон түүний өмгөөлөгч З нар эс зөвшөөрч “... болгоомжгүйн эс үйлдэхүйн улмаас хохирол учруулсан, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчсөн ... үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна.Үүнд:

  • 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 10 минутын үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтийн замд Foton-BJ42-58 загварын **** ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ЗИЛ130 загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарсан,
  • ослын улмаас ЗИЛ130 загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4,430,000 төгрөгийн хохирол учирсан /хх51-52/,
  • Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Д.Золбоогийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  магадлагаанд /хх53/ “...Foton-BJ-58 загварын **** ДГН улсын дугаартай автомашины жолооч ****П нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн ...” гэж дүгнэсэн,
  • мөн тэрээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0004536 дугаартай шийтгэлийн хуудсаар /хх48/ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар Пид 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
  • үүнийг зөрчилд холбогдогч Пийн өмгөөлөгч  Д эс зөвшөөрч Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЗШ/1485 дугаартай шийтгэврээр /хх54-56/ шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
  • үүнийг өмгөөлөгч Д эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн  2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ДШМЗ/184 дүгээр магадлалаар /хх57-59/ зөрчил холбогдогч Пийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 48 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн зэрэг болно.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь  бусдын эрх, амь нас, сэтгэцэд, нэр төр алдах хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

 

Өөрөөр хэлбэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээр заасан хөрөнгөд гэм хор учирсан байх буюу үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон байна.

 

Ийнхүү гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг хуулиар тогтоосон тул хэрэв хариуцагч хууль зөрчсөнөөс гэм хор учраагүй болох буюу гэм буруугүй болох нь тогтоогдвол шалтгаант холбоо үгүйсгэгдэж, улмаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Тэгэхээр нэхэмжлэгч Пгийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагч Пийн гэм буруутай үйлдлийн улмаас болсон нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх шалтгаант холбоотой буюу хариуцагч нь  нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

6. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ДШМЗ/184 дүгээр магадлалаар/  “... Пийн жолоодож явсан **** ДГН улсын дугаартай автомашин замын зорчих хэсэгт бүрэн орж, эгнээ байраа эзэлсэн хойно араас нь ****УББ улсын дугаартай автомашин мөргөж зам тээврийн осол гаргасан. ...Дээрх тохиолдолд жолооч П нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэгт бүрэн оруулан хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан тул араас нь мөргөх хэлбэрээр гарсан зам тээврийн осолд буруутгагдах үндэслэлгүй. ...” гэж үйл баримтыг тогтоосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотолдоггүй журамтай.

 

Иймээс анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн  хариуцагч Пийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 10 минутын үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтийн замд Foton-BJ42-58 загварын **** ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ЗИЛ130 загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осолд буруугүй гэж үзэн гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх ба нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Энэ нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзэхэд жолооч  буюу хариуцагч П нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэгт бүрэн оруулан хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад түүний араас ****УББ улсын дугаартай автомашин мөргөснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул энэ тохиолдолд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх буюу хариуцлага хүлээлгэх шалтгаант холбоо үгүйсгэгдэж, улмаар гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон байна.

 

7. Түүнчлэн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд хариуцагч гэм буруугүй хэдий ч тэрээр туслах замаас гол зам руу уулзвар нэвтрэхдээ үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгч Пгийн өмчлөлийн ****УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн хувьд осол гаргах шалтгаанд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй ч энэ нь хариуцагчид гэм хорыг хариуцан арилгах үүрэг  хүлээлгэх үндэслэл болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч гэм буруутай нөхцөлд гэм хор учруулсаны хариуцлагыг хүлээх бөгөөд энэ нь эрх зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/ болон хохирлын хоорондох уялдаа холбоо нь шалтгаант холбоо болдог гэж ойлгогдоно.

 

Тэгэхээр тодорхой үр дагаврыг үүсгэхэд хүргэсэн бүхий л нөхцөл байдлыг авч үзэхэд тухайн нөхцөл байдал үүсээгүй байсан бол зөрчлийн үр дагавар гарахгүй байсан гэж үзэх тийм үндэслэл тогтоогдсон тохиолдолд хариуцагчийн үйлдэлд гэм хорын хариуцлагыг үндэслэх шалтгаант холбоотой гэж үзэж болно.

 

Тухайлбал хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад хэрхэн яаж нөлөөлсөн болон жолооч О.Сугарын хувьд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан боловч хариуцагч Пийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд түүнд гэм хорын хохирлыг гэм буруугийн хэр хэмжээгээр хариуцуулж болох боловч тийм нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

8. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “нэхэмжлэгч талын гомдол, хохирлыг машин барьж явсан ****гэдэг хүн ...барагдуулах хэрэгтэй юм болов уу гэж ойлгож байна” гэснийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т заасныг зөрчөөгүй.

 

9. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо анхан шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, хэрэгт хангалттай нотлох баримтгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрхтэй боловч шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас /хх178/ болон шүүх хуралдааны тэмдэглэлд /хх195/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахгүй гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд шүүхээс нэхэмжлэгч талд хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй, мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу шүүх хуралдаанаас 13 хоногийн өмнө товыг оролцогчдод мэдэгдсэн /хх177-178/ байх тул нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

 

10. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч П болон түүний өмгөөлөгч З нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэгч П болон түүний өмгөөлөгч З нарын давж заалдсан гомдлыг хангаагүй тул тэдний гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 137/ШШ2023/00026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З нарын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ