Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2023/00051

 

 

 

 

                                    

    2023         01           23                                     153/ШШ2023/00051                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах, Ховд аймгийн ******* ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны олговор 4,479,516 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,767 төгрөг, нийт 5,695,283 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 153/2022/00707/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч *******,

Хариуцагч Ховд аймгийн ******* ******* газрын дарга ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь Ховд аймгийн ******* ******* *******т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5,695,283 төгрөг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Анх шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 8,630,028 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн төлөөлөгчөөс хариу тайлбар ирүүлсэнтэй холбоотойгоор дахин тооцоолоод 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг хасаад уг тэтгэмжийн зөрүү болон цалин 5,695,286 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2022 оны 3 дугаар сард 10 хоног, 4, 5, 6, 7 сард 5 хоног, 8, 9, 10 сар, 11 сард 9 хоног 4,479,516 төгрөг, өмнөх тэтгэмжийн зөрүү 1,215,767 төгрөг буюу нийт 5,695,283 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Жирэмсэн, амаржсаны зөрүүг ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2022 оны 7 дугаар сараас хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөр сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байсан. Жирэмсний тэтгэмж 1,468,948 төгрөг, амаржсаны тэтгэмж 1,235,980 төгрөг буюу сайн дурын шимтгэл төлөөд авсан тэтгэмж ийм болж байгаа. Хэрвээ ажиллаад цалингаа аваад явж байсан бол жирэмсний тэтгэмж 2,115,112 төгрөг, амаржсаны тэтгэмж 1,805,583 төгрөг буюу зөрүү 1,215,767 төгрөг болж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны 5,695,283 төгрөг нэхэмжилж байгаа. Анх 8,630,028 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нийгмийн даатгалаас авсан тэтгэмжээ хасаагүй байсан. Дараа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад оруулж ирсэн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжилсэн гэж ойлгож байгаа. Л.*******ын үндсэн цалин 7,797,656 төгрөг байсан. Ямар нэгэн ур чадвар, нэмэгдэл тооцохгүйгээр 2022 оны 8, 9, 11, 12 сарын хугацааны энэ цалин хөлсийг нэхэмжлэх ёстой гэж ойлгож байгаа. Харин сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь өөрийнх нь асуудал. Хэрвээ шүүхэд нэхэмжлэл гаргах байсан бол 2022 оны 7 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа оръё гэдэг байдлаар хандаж боох байсан. Тухайн үед 2022 оны 7 дугаар сард төрж амаржчихаад хуулийнхаа хугацаанд ажилдаа орохоор хандсан бол ажиллуулах боломжтой байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сард ажилдаа орохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж ажилдаа орсон. Манай байгууллагын зүгээс 3,190,790 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд төлөх боломжтой. Харин сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн асуудал нь бид нарт хамааралгүй гэв.

            Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Ховд аймгийн ******* ******* газрын даргын 2021 оны Б/40, 2022 оны Б/65 дугаар тушаалын архивын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 154 дугаар шийдвэрийн архивын хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 15 дугаар магадлалын архивын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 804 дугаартай тогтоолын архивын хуулбар,хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цалингийн тооцоо, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгосон хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас: Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* 457-р дугаар нээлттэй хаалттай хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/1511 дугаар албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Л.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 154 дугаартай шийдвэрээр 2022 оны 11 сарын 08-ны өдөр  ажилдаа эгүүлэн томилогдсон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.

2.2. Ажилгүй байсан хугацааны цалин 4,479,516 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,767 төгрөг, нийт 5,695,283 төгрөгийг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Ажилтан ажилгүй байсан хугацаандаа үндсэн цалинг нэхэмжлэх эрхтэй. Гэтэл шүүх ур чадварын нэмэгдлийн хамт цалинг гаргуулсан. Нэхэмжлэгч Л.******* нь үндсэн цалин 797676 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувийг тооцож нэхэмжлэл гаргасан бол үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн жирэмсний болон амаржсаны хугацааны тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзаж байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

            4.1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн ШШ/2022/00154 дугаартай шийдвэрээр Л.*******ыг Ховд аймгийн ******* ******* газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8,225,100 төгрөгийг ажил олгогчоос гаргуулсан байна. Тус шийдвэрийг хариуцагчийн гомдлоор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хариуцагч хяналтын гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 804 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

            4.2. Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* *******т Мэдэгдэл хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлж, хариу ирүүлэхийг хариуцагчид мэдэгджээ. Ховд аймгийн ******* ******* газрын 2022 оны 11 сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай “Л.*******ыг эгүүлэн томилох тухай” тушаалыг гаргасан, ажилтан 2022 оны                    11 сарын 14-ний өдөр ажлаа хүлээж авсан гэдэгт  талууд маргахгүй байна.

            4.3. Хариуцагчаас үндсэн цалинг ТҮ-8 зэрэглэл, шатлалаар буюу 796,676 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувийг тооцож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахыг зөвшөөрсөн. Харин ур чадварын нэмэгдэл нэхэмжилснийг зөвшөөрөхгүй маргасан. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэн олговрыг нэхэмжилсэн, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг ажил олгогчоос гаргуулахыг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл жирэмсний болон амаржсаны тэтгэмжид авсан 2,934,745 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.

              5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зааснаар нэхэмжлэгч Л.******* ажилгүй байсан хугацааны олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг ажил олгогч Ховд аймгийн ******* ******* газраас шаардах эрхтэй.

            Ховд аймгийн ******* ******* газрын даргын 2022 оны 11 сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай тушаалаар 2022 оны 11 сарын 08-ны  өдрөөс эхлэн  нэхэмжлэгч Л.*******ыг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч ажилтанд 2022 оны 11 сарын 14-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна. Ажил олгогч нэхэмжлэгчийг 2022 оны 11 сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллуулсан гэдгийг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвшөөрөв.

            5.1.  Нэхэмжлэгчээс анх шүүхэд 8,630,028 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 5,695,283 төгрөг болгон багасгасан.  Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан үндэслэлээ ажилгүй байсан хугацаандаа сайн дурын даатгуулагчаар сард 420,000 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул  жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зохих хувийг Нийгмийн даатгалаас авсан гэдгийг тайлбарлав. Шүүх багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговор 4,479,516 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,000 төгрөг, нийт 5,695,283 төгрөг  гаргуулах шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

            5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж зааснаар нэхэмжлэгч Л.*******ын нэг сарын дундаж цалинг 1,088,244 төгрөгөөр, нэг өдрийн цалинг 50,616 төгрөгөөр тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн ур чадварын нэмэгдлийг тооцож, дундаж цалинг гаргуулсан гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалинг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцнэ.  /Хавтаст хэргийн 9-27 дахь хуудас/

            5.3. Нэхэмжлэгч Л.*******ын ажилгүй байсан хугацаанд олговол зохих олговрыг тооцоход 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл цалингийн зөрүү  506,160 төгрөг /10хоног х 50,616 төгрөг/, 2022 оны 07 сард 253,080 төгрөг /5хоног х 50,616 төгрөг/, 2022 оны 08 сарын цалин 1,088,244 төгрөг, 2022 оны  09 сарын цалин 1,088,244 төгрөг, 2022 оны 10 сарын цалин 1,088,244 төгрөг, 2022 оны 11 сарын цалин 455,544 төгрөг /9 хоног х 50,616 төгрөг/, нийт олговор 4,479,516 төгрөг байна.   

            5.4. Нийгмийн даатгалаас ирүүлсэн жирэмсний болон  амаржсаны ******* хуудсаар нэхэмжлэгч Л.*******д 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл жирэмсний болон амаржсаны хугацаанд тэтгэмжид 2,722,928 төгрөг олгожээ. Мөн тус нотлох баримтаар 2021 оны 10 сараас эхлэн нэхэмжлэгч Л.******* сайн дурын даатгуулагчаар даатгуулж, 2022 оны 03 сар хүртэл сар бүр 420,000 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191-д тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсгэхээр заажээ. Нэхэмжлэгч Л.******* сайн дурын даатгуулагчаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн байна. Ажил олгогч тухайн үед ажлаас чөлөөлөөгүй байсан бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бүрэн авах ёстой байсан гэж нэхэмжлэгч тайлбарлан, шүүхээс тогтоосон дундаж цалинг 1,088,244 төгрөгөөр тооцож жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг шаардсан нь үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 192-д “Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.” гэж зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг тооцоход:

Нэхэмжлэгчийн 2021 оны 04 сараас 2022 оны 03 сар хүртэл хугацааны 12 сарын цалингийн дундаж 1,093,667 төгрөг,  нэг өдөрт ногдох цалин 51,588 төгрөг /1,093,667:21,2/ бөгөөд тэтгэмжийг 100 хувиар тооцов. Сайн дурын даатгуулагчаар төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 420,000 төгрөгийг 1,088,244 төгрөгөөр тооцсон болно. Жирэмсний тэтгэмжид олгосон 1,468,948 төгрөгийг авах ёстой 2,115,112 тэтгэмжээс хасахад зөрүү 646,164 төгрөг, амаржсаны тэтгэмжид олгосон 1,253,980 төгрөгийг авах ёстой тэтгэмж 1,805,583 төгрөгөөс хасахад зөрүү 569,603 төгрөг, нийт жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,767 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. /Хавтаст хэргийн 44-45 дахь тал/

5.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар  ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүргийг ажил олгогч хүлээдэг. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон ажилтан Л.*******ын 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс                  2022 оны 11 сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговроос ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг хариуцагч Ховд аймгийн ******* ******* *******т даалгав. 

            6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “ шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.”, 59 дүгээр зүйлийн 59.5.-т “нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүн 5,695,283 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 106,074 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/- ийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4,479,516 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,767 төгрөг, нийт 5,695,283 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Л.*******ын 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг Ховд аймгийн ******* ******* *******т даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас 106,074 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН