Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/00229

 

 

 

 

 

 

 

2022 01 07

101/ШШ2022/00229

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ОУДЗ ТББ холбогдох

 

ДЗМ ОУБ-ын үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, хүүхэд хамгааллын төсөлд төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.72 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри /№2862/, Н.Норовсамбуу /№2718/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар /№1229/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Ө миний бие ДЗМ ОУБ-д 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр-ийн Хүүхэд ивээн тэтгэх төслийн зохицуулагчаар анх ажилд орж түүнээс хойш тасралтгүй 15 жил үр бүтээлтэй ажилласан. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын Хүн худалдаалахтай тэмцэх газраас санхүүжүүлж байгаа Хүүхэд хамгааллын төсөл-д төслийн зохицуулагчаар томилогдсон. Манай байгууллагын одоогийн бүтэц нь захирал Б.Б түүний удирдлаганд Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Э, түүний удирдлаганд Б.Д төслийн захирал, Б.Дын удирлаганд миний бие ажилладаг. ДЗМ олон улсын байгууллагын үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЭА21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалд намайг ...албан үүргээ гүйцэтгэх явцдаа 3 шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМ Үндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан... гэсэн байсан. Гэвч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ноцтой зөрчил гэдэгт ийм зүйл тусгагдаагүй байсан. АНУн Засгийн газрын Хүн худалдаалахтай тэмцэх газар, АНУ-ын ДЗгөөр дамжуулан санхүүжиж байгаа Хүүхэд хамгааллын төсөл нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих төсөл бөгөөд энэ төслийн төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлагуудаас авсан ба ДЗ Америк байгууллагаас надад и-мэйлээр ирсэн. Уг төсвийг харахад төслийн зохицуулагчийн цалин сарын 877 ам.доллар буюу 2,499,450 төгрөг байхаар тусгасан байсан. Гэвч би 2,255,000 төгрөг авч байгаад 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2,313,000 төгрөг авч байсан юм. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсвөөс багаар цалин авч байгаагаа мэдсэн. Үүнийг мэдээд би өөрийн шууд удирдлага болох Б.Даас тодруулахад ингэж болохгүй үйл ажиллагаа хариуцсан захиралд хэлж шийдвэрлүүлнэ гэж хэлсэн ба удалгүй цалингийн асуудлыг битгий дахин дахин яриад бай гэсэн ба би хариуд нь тэгвэл би ДЗ Америкаас асуучих уу гэхэд Б.Д захирал тэг тэг гэсэн. ДЗ Америкыг төлөөлж байгаа Тианагаас асуухад цалинг чинь бүтэн, батлагдсан төсвийн дагуу өгөх ёстой, даргаас чинь тодруулж өгнө, би Б.Даас асууя, надад хандсанд баярлалаа гэж скайф чатаар хэлсэн. Үүний дараа дээр дурдсан үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргаж, ажил олгогч намайг хохироосон. Би ДЗМ ОУБ-ын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан үйлдэл гаргаагүй байхад үндэслэлгүйгээр намайг буруутгасан учраас гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол-ыг шүүх гомдлоор хүлээн авч шийдвэрлэхээр заажээ.

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хүний нөөцийн захирал намайг дуудаж ДЗМ ОУБ-ын үндэсний захирлын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай тушаалыг надад өгсөн, үүнээс өмнө ямар нэг байдлаар намайг дуудаж ажлаас халах гэж байгаа талаар мэдэгдээгүй бөгөөд ямар асуудал болсон талаар огтхон ч тодруулаагүй, бичгээр гарсан тушаалыг л надад өгсөн. Тэр дариу намайг ажлаа өгөөд яв гэсэн ба компьютер хамаг эд зүйлсийг шууд хураан авч, намайг ямар ч гэм буруугүй байхад бүтэн 15 жил ажилласан ажлаас минь хэрэгтэн шиг гэнэт дуудаж хөөж гаргасанд гомдолтой байна. Энэхүү намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг үндэслэсэн ба 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 131.1.3-т ажлаас халах тухай заажээ. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн, ДЗМ Олон улсын байгууллагын байр болон тээврийн хэрэгсэлд ялгаварлан гадуурхах үйлдэл гаргах, хүчирхийлэх зан авир, үйлдэл гаргасан, хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, хүүхэд хамгааллын бодлого зөрчсөн, ДЗМ ОУБ-ын эд хөрөнгийг шамшигдуулсан, хувьдаа авч ашигласан, ДЗМ ОУБ-ын хөрөнгө, үйлчилгээг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашигласан, ашиглахыг завдсан, авилга өгсөн, авсан, авахыг завдсан, албан тушаал эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж бусдаас шан харамж шаардсан, шан харамж авсан, авахаар оролдсон, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан мэдэгдээгүй, хувийн ашиг сонирхлоор албан тушаалаа ашиглан өөртөө болон найз нөхөд, хамаатан садны хамааралтай хүмүүст давуу байдал олгосон, ажлын байранд бусдыг /бэлгийн/ хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, үзүүлэхийг завдсан, ажлын байранд бусадтай зүй бусаар харьцаж, сэтгэл санааны болон биеийн дарамт үзүүлсэн, зодоон цохион хийсэн, бусдыг гэмтээсэн, шударга бус байдал гаргасан, худал мэдээлэл өгсөн, мэдээллийн нууцыг хадгалах үүргээ зөрчин, ДЗМ ОУБ ба түүний харилцагч, ханган нийлүүлэгч/борлуулагчийн эрх ашгийг зөрчсөн, гэр бүлээс гадуур зохисгүй харилцаатай байсан зэрэг тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гэж тооцон ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцална. Мөн ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр ДЗМ ОУБ-ын эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны гэрээгээр хүлээсэн үүрэгт харшлах үйлдэл, эс үйлдлүүдийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно. Мөн уг тушаалд дурдахдаа ...өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусадтай зүй бусаар харьцан хамтрагч байгууллагын өмнө ДЗМ 0УБ-ын нэр хүндийг гутаасан гэжээ. Миний хувьд бусадтай гэж хэнийг хэлээд сайгааг мэдэхгүй байна. Түүнчлэн ДЗМ ОУБ-ын ямар "нэр хүнд-ийг хэрхэн, хэзээ, яаж гутаасан гэдгийг ойлгохгүй байна. Учир нь миний бие 15 жил ажилласан энэ байгууллагынхаа нэр хүндийг гутаах үйлдэл гаргах нь бүү хэл ажилдаа сэтгэл, зүтгэлтэй хандаж, өчнөөн олон хамтрагч, харилцагч байгууллагуудтай харилцаж ирсэн байдаг. Миний зүгээс байгууллагын нэр хүндийг гутаасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, байгууллагад ямар нэг хохирол учруулаагүй. Тушаалд ...багийн бусад гишүүдтэй удаа дараа ёс зүйгүй харилцсан ноцтой зөрчлүүдийг гаргасан... гэжээ. Манай багийн гишүүд гэдэгт Санхүү, худалдан авалтын ажилтан н.Аюушжав, төслийн зохицуулагч н.Цогбаяр бид гурав бөгөөд манай төслийн захирал Б.Д юм. Миний хувьд ажил үүргийн хуваарийн дагуу төслийн захирал болон бусад гишүүддээ арга зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлж ирсэн. Би багийн гишүүдтэйгээ хамтарч ажилласнаас хойш нэг ч удаа маргаан үүсч үзээгүй, зүй бус харьцаж байгаагүйг манай багийн гишүүд гэрчилнэ. Ийнхүү намайг худал гүтгэж удаа дараа, ёс зүйгүй харилцсан хэмээн үндэслэлгүй гүтгэсэн байна. Би 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр энэ тушаалыг үзээд шууд удирдлага болох Б.Дтай уулзая гэхэд намайг огт хүлээж авч уулзаагүй, тайлбар өгөөгүй. Би ийм үйлдэл гаргаагүй учраас энэ тушаалыг чинь хүлээж авахгүй гэж хэлэхэд хуульч нь "... та авахгүй байсан ч танруу мэйлдчихнэ гэж хэлсэн. Мөн энэ тушаалыг гардуулахдаа хуульч нь гар утсан дээр бичлэг хийж байсныг би уулзалтын төгсгөлд мэдсэн. Мөн би уг асуудлаар тодруулах юу болоод байгааг мэдэхээр асуухад Үйл ажиллагааны захирал н.Энхзул Дараагийн хуралдаа орно дуусгая гээд энэ тушаалын үндэслэлээ тодорхой тайлбарлаж өгөхгүй, надаас тайлбар сонсохгүй намайг гаргасан. Мөн миний шууд удирдлага болох Б.Дыг байлцуулаагүй, Н.Бзахиралтай ч уулзуулаагүй. Тушаалд ... энэхүү ноцтой зөрчил нь хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил тул ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсугай гэжээ. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр DА21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал гарсан бөгөөд намайг гурван шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМ Үндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан гэж намайг бас ямар ч үндэслэлгүй цалингийн 20 хувиар 3 сарын хугацаанд цалин бууруулж шийтгэсэн байсан улмаар 4 сар, 5 сард миний цалингаас 20 хувийг хасч олгоод зогсохгүй миний 5 дугаар сарын цалинг ч дутуу олгосон. Би дээрх сахилгын шийтгэл ноогдуулсныг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ үеэс ажил олгогч намайг халах санаа зорилготой бэлтгэж байсныг 2 сарын хугацаанд 2 тушаал гаргаж байгаад намайг үндэслэлгүй халснаас харж болохоор байна. Би ямар зөрчил, ноцтой зөрчил гаргаагүй, давтан зөрчил ч гаргаагүй. Би энэ тушаалд дурдаад байгаа Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасан зөрчил гаргаагүйн дээр энэхүү гэрээний хугацаа уг гэрээний 2.1-д дурдсанаар 2018 оны 9 дүгээр сарын 30-нд дуусч 1 жилээр сунгагдаж, 2019 оны 9 дүгээр сарын 30-нд дууссан. Хугацаа нь дууссан Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг үндэслэж халах тушаал гаргасныг зөвшөөрөхгүй байна. Хэргийн гол учир нь миний цалин төслийн санхүүжилтын задаргаанаас харахад миний хариуцан ажиллаж байгаа төслийн хүрээнд төслийн зохицуулагч надад 877 ам.доллар буюу 2,499,450 төгрөгийг сар бүр олгохоор төсөв батлагдсан байсан. Энэ төсвийн задаргааг Хүүхэд хамгааллын компакт төсөл-ийн үйл ажиллагаа эхэлсний дараа /2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг төсөл эхэлсэн/ ДЗ Америкаас бүх төслийн сагийн гишүүдрүү и-мэйлээр ирсэн. Өөрөөр хэлбэл, намайг төслийн зохицуулагчаар томилсон 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Албан тушаалд томилох тухай тушаал гарснаас хойш би уг цалинг авах эрхтэйгээ олж мэдсэн.  и-мэйл хаягаар төслийн задаргаа ирсэн, ажил гүйцэтгэх хүрээнд уг төслийн төсвийн багийн гишүүд бүгд харж, үйл ажиллагаагаа уялдуулж ажилладаг. Гэтэл энэ батлагдсан төсвөөс доогуур буюу 2,255,000 төгрөгийн цалинг надад олгохоор заасан байсан буюу надад 244,450 төгрөгийг дутуу олгож байсан. Би захирал Б.Д, н.Энхзул нараас яагаад миний цалинг багаар өгч байгаа талаар асуусан... үүнээс болж удирдлагууд надад таагүй хандах болсон ба харилцаа хандлагын хувьд ч энэ нь илэрхий болсон. Н.Бзахирал ... Та нарт шал дэмий төсвийг чинь өгч, нууц л байлгах байж гэж хэлсэн. Ер нь нэгэнт ажлыг нь хийж байгаа, нэгэнт төсөв нь батлагдсаны дагуу мөнгө орж ирж байгаа нөхцөлд надаас хасагдсан 185,388 төгрөгийг би яагаад ажил олгогчоосоо асууж болдоггүй юм бэ? яагаад цалингаа бүтэн авч болдоггүй юм бэ? Ажилтан, ажил олгогч хоёр Хөдөлмөрийн гэрээний нэг гол нөхцөл болох цалингийн асуудлыг нээлттэй харилцан ярилцаж байх ёстой гэж үзэж байна. Ийм зүйлээс болж 15 жил ажилласан намайг ийнхүү үндэслэлгүй 1 өдрийн дотор халсанд гомдолтой байна. Ажил олгогч намайг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр халж тэр өдөржин би ажил хүлээлцсэн боловч мөн өдрийн цалин бодож олгоогүй. Миний цалин сарын 2,313,000 төгрөг байсан бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан учир ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулна. 2021 оны 5 дугаар сар ажлын 21 хоногтой байсан тул 1 ажлын өдрийн цалин 110,142.86 төгрөг байсан. 2021 оны 5 дугаар сарын 28 болон 31-ний өдрийн цалин 220,285.72 төгрөг болсон. 2021 оны 6 дугаар сарын цалин 2,313,000 төгрөг, 7 дугаар сар 2,313,000 төгрөг, 8 дугаар сар 2,313,000 төгрөг, 9 дүгээр сар 2,313,000 төгрөг, 10 дугаар сар 2,313,000 төгрөг, 11 дүгээр сар 2,313,000 төгрөг, нийт 14,098,285.72 төгрөг болсон.

Иймд ДЗМ олон улсын байгууллагын үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DА21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Хүүхэд хамгааллын төсөлд Төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч ОУДЗ төрийн бус байгууллага, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Ө нь 2006 оноос хойш ДЗМ ОУБ-т ажиллаж, 2020 оны 10 дугаар сараас хойш Хүүхэд хамгааллын компакт төслийн зохицуулагчийн албан тушаалыг эрхэлж байхдаа хөдөлмөрийн сахилгын давтан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэсэн бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн үндэслэлүүд хоёул бүрдсэн. Т.Ө нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа маш олон удаагийн зан харилцааны доголдол гаргаж, хамтран ажиллагч, багийн гишүүдтэйгээ зүй бусаар харилцдаг, байгууллагын дотоод уур амьсгалыг эвддэг байсан тул ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, ажилтныг хохироогоогүй болно.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тухайд, Т.Ө нь Хүүхэд хамгааллын компакт төслийн зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн цалин хөлсийг нэмүүлэх тухай өөрийн удирдлага, ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр 3 шатны удирдлага (үүнд Үндэсний захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Төслийн захирал) давж, санхүүжүүлэгч оффис буюу төв байгууллагатай шууд харилцаж, Монгол дахь төлөөлөгчийн газрын нэр хүндийг унагаж, ажил олгогч, шууд удирдлагын итгэлийг алдсан зөрчил гаргасан бөгөөд үүний дагуу Үндэсний захирал 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр DА21/04/05 дугаартай тушаал гаргаж, Т.Өын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т ...Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр ДЗМ ОУБ-ын эрх, ашиг сонирхолд нөлөөлөхуйц сөрөг үр дагавар бий болгосон ... бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно гэж заасны дагуу ажилтны дээрх зохисгүй үйлдэл нь ажилтныг халах ноцтой зөрчилд тооцогдож байсан ч ажил олгогч хүлээцтэй, энэрэнгүй хандаж, дахин нэг удаа боломж олгож цалинг бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд сахилгын шийтгэлтэй байх нэг жилийн хугацаандаа дахин зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тухайд, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т ноцтой зөрчлүүдийг тухайлан дурдсан байдаг бөгөөд ...ДЗМ ОУБ-ын байр болон тээврийн хэрэгсэлд хүчирхийлэх зан авир, үйлдэл гаргасан, ...ажлын байранд бусадтай зүй бус харьцаж сэтгэл санааны болон биеийн дарамт үзүүлсэн зэргийг ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцсон. ДЗМ ОУБ-ын хувьд хүмүүнлэгийн, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэнх тохиолдолд үр шим хүртэгч нь эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүд байдаг бөгөөд дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг, байгууллагын эерэг соёл, уур амьсгалыг бүрдүүлж чадсан байгууллага юм. Манай байгууллага Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын компакт төсөл-д манай байгууллагын 4 ажилтан (төслийн захирал, 2 төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан) ажилладаг бөгөөд Азийн сангийн 4 ажилтантай хамтарч төслийг хэрэгжүүлж байна. Т.Ө нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын үеэр Азийн сангийн ажилтан төслийн дэд захирал Г.Гантулгатай ёс зүйгүй харилцаж, байгууллагын ажилтны ёс зүйг хуралд оролцогчдын өмнө бүдүүлгээр зөрчсөн. Мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа багийн бусад 3 гишүүнтэйгээ зүй бус харилцаж, шууд удирдлага болох төслийн захиралдаа үл захирагдах, шүүмж, саналыг үл ойшоох, бусдыгаа шүүмжлэх, буруутгах зэрэг үйлдэл гаргаж байсан болно. Энэ тухай бусад ажилчдаас гомдол ирсний дагуу ажил олгогч зөрчлийг мэдэж, багийн гишүүдтэй нь биечлэн уулзаж зөрчил гаргасан гэдгийг тогтоосны үндсэн дээр ажлаас халсан. Т.Өын хувийн зан араншин манай байгууллагын олон ажилтанд таагүй сэтгэгдэл төрүүлдэг, ийм төрлийн зөрчлүүдийг өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа гаргаж байсан тул байгууллагын удирдлага зохих шийтгэл хүлээлгэж, арга хэмжээг авсан. Тэр байтугай байгууллага өөрийн зардлаар сэтгэл зүйн эмчилгээ, зөвлөгөөнд хамруулж байсныг энэхүү тайлбартаа цохон дурдаж байна. Ажил олгогч урт хугацаанд ажилтан Т.Өыг засаж авахыг хичээж, өөрт нь сануулж, боломж олгож байсан ч түүний зан авир, үйлдэл нь байгууллага, хамт олонд хортой нөлөөлж, багийн гишүүд нь түүнтэй ажиллах боломжгүй тухайгаа илэрхийлсээр байжээ. Зөвхөн Хүүхэд хамгааллын компакт төслийн ажилчдаас гадна өөр бусдаар гомдол санал олон удаа ирж байсан. Тэрээр 15 жилийн хугацаанд ДЗМ ОУБ-д ажиллахын хирээр байгууллагын шинэ, залуу ажилчдад дээрэнгүй, менежер, удирдлагуудад хүндэтгэлгүй хандах зан төлөвтэй болж байгааг байгууллагын удирдлагын зүгээс анзаарсан, илэрхий зөрчил үйлдэх бүрт нь зохих арга хэмжээг авч байлаа. Сүүлд гаргасан зөрчлүүдийн талаар ажил олгогч (Үндэсний захирал, Хүний нөөцийн захирал) багийн гишүүдийнх нь гомдпын үндсэн дээр мэдэж, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

Цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд нийцсэн, ажилтны эрхийг зөрчөөгүй юм. Тус иргэний хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолж гаргасан Ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Т.Өыг хуулийн хүрээнд ажлаас халсан. Энэхүү шийдвэр нь үндэслэлтэй болох талаар холбогдох тайлбар, баримтуудаа хариуцагчаас хэдийн гаргаж өгсөн болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл бүрдэхгүй. Ийнхүү цалин хөлс нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг. Ажлаас халах тухай шийдвэр гаргаснаас хойш 6 сарын дараа ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр ажил олгогчийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай, Ажлаас халах тухай тушаал нь хуульд нийцсэн, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд: ДЗМ Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Албан тушаалд томилох тухай, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хүний хөгжлийн үндэсний бодлогын гарын авлага, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлын байрны зар, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Т.Өын Tiana-тай харилцсан имэйл, 2021 оны 5 дугаар сарын 25, 27, 28-ны өдрийн  хаягт  хаягуудаас ирүүлсэн өргөдөл,гомдол, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төслийн зохицуулагч Т.Өын тухай, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Цалингийн өөрчлөлтийн мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сахилгын асуудлын Сануулах захиа, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн сэтгэл зүйч Г.Мийн тайлан гаргах нь, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн сахилга батын арга хэмжээний Бичгэн сануулга, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б.Т өргөдөл, Ахлах санхүүгийн ажилтан Б.Оийн Ажилтан Өлзийхандын тухайд, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн О.Ботагулын өргөдөл, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн н өргөдөл, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Г, С Т нарын хооронд харилцсан имэйл, 2017 оны 02 дугаар сарын 03, 07-ны өдрийн Э болон Б Б хооронд харилцсан имэйл, 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрийн З С болон Д Ж нарын хооронд харилцсан имэйл, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Д Жаас Т.Өад ирүүлсэн Асуудал шийдвэрлэх тухай имэйл, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  нарт ирүүлсэн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Т.Өын зан ааштай холбоотой гомдол, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б.Мын гомдол, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн О.Аын гомдол, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Д.Он гомдол, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Э.Гн өргөдөл, жагсаалт, тус шүүхийн Өргөдөл гомдлын бүртгэл-ийн 1385 дугаарт өргөдөл хүлээн авсан талаарх баримт,

Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлүүд, ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын 2021 оны санхүүгийн жилийн байгууллагын бүтэц /2020.10.01-2021.09.30/, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/21696 дугаартай захирамжаар хариуцагчаас тус байгууллагын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн zoom программыг ашиглан хийсэн цахим хуралдааны бичлэг-ийг нотлох баримтаар шаардсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг бичлэг хадгалагдаагүй талаарх хариуг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч ОУДЗ төрийн бус байгууллагад холбогдуулан ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, хүүхэд хамгааллын төсөлд Төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.72 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оноосон нэрийг ДЗМ Олон Улсын байгууллага гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тусгасан байх боловч Монгол Улсад Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай зөвшөөрлөөс үзэхэд тус байгууллагын оноосон нэр нь ОУДЗ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн зүгээс Сахилгын шийтгэл ногдуулах тухай, Ажлаас халах тухай тушаал нь хуульд нийцсэн, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээ хугацаа алдаж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс Хүүхэд хамгааллын төсөлд Төслийн зохицуулагчийн албан тушаалд томилогджээ.

 

ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн гэрээг үндэслэн Т.Өыг ... өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа 3 шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМ Үндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан тул Т.Өын үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Т.Ө нь эс зөвшөөрч, шүүхэд гомдлоо 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тушаалын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасан үндэслэлд хамааруулан тайлбарлаж байна.

 

Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

 

Энэхүү хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Т.Ө нь өөрийн авч буй цалин хөлстэй холбоотой асуудлаар ДЗ Америкын төлөөлөгч Ттай 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр имэйлээр харилцсан байх бөгөөд тэрээр ... Сайн уу? Өлзий, тодруулахад хүний нөөцийн баг чиний болон Цогбаярын цалинг бага өгч байна гэсэн үг мөн үү? 2021 онд сар бүр 877 ам.доллар байх ёстой, цаашдаа жил бүр нэмэгдэх ёстой ..., тэд бидний баталж өгсөн төсвийг ашиглан чиний цалин бусад олгогдох тэтгэмжийг тогтоох ёстой, ...Би Дтай ярилцаад энэ асуудлыг шийдэхийг бодьё. Асуудлаа тавьж надад хандсанд баярлалаа ... гэсэн хариуг ирүүлж, улмаар энэ талаар ажилтан нь ажил олгогчид мэдэгдэхэд өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа 3 шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМ Үндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Дээрх харилцсан имэйлээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасан ...Ажил олгогчид ... бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр ДЗМ ОУБ-ын эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон ... гэх үндэслэлд хамааруулж буй нь учир дутагдалтай байна.

 

ДЗМ ОУБ-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж буй Хүний хөгжлийн үндэсний бодлогын гарын авлага нь тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа гадаадын ажилтнууд, дотоодын ажилтнууд, дадлагажигч болон сайн дурын ажилтнуудад хамаарахаар байх бөгөөд уг гарын авлагын Арга хэмжээ авах 6 дугаар хэсгийн 6-д Мэдэгдэл ба хариу өгөх боломж-ийн холбогдох заалтуудыг Т.Өад сахилгын арга хэмжээ авахдаа хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж буй зөрчлийг хэрхэн шалгасан, уг асуудлыг хэрхэн хэлэлцсэн, тушаалын үндэслэлд заасан зөрчлийн талаарх тайлбарыг нэхэмжлэгчээс авсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын шаардлага үндэслэлтэй байна.

 

ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг үндэслэн ...Хүүхэд хамгааллын компакт төсөлд Төслийн зохицуулагч албан тушаалтай Т.Ө нь өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусадтай зүй бусаар харьцан хамтрагч байгууллагын өмнө ДЗМ олон улсын байгууллагын нэр хүндийг гутаасан, мөн багийн бусад гишүүдтэй удаа дараа ёс зүйгүй харилцсан ноцтой зөрчлүүдийг гаргасан, энэхүү ноцтой зөрчил нь хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил тул ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Ө нь дээрх тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар тэрээр шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гомдлын шаардлагаа гаргасан буюу хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Ажил олгогчийн зүгээс Т.Өыг өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусадтай зүй бусаар харьцан хамтрагч байгууллагын өмнө ДЗМ олон улсын байгууллагын нэр хүндийг гутаасан гэх үндэслэлийг тушаалд заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар Т.Ө нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын үеэр Азийн сангийн ажилтан төслийн дэд захирал Г.Гантулгатай ёс зүйгүй харилцаж, байгууллагын ажилтны ёс зүйг хуралд оролцогчдын өмнө бүдүүлгээр зөрчсөн гэж үндэслэлээ тайлбарлаж байх боловч Азийн хөгжлийн сан болон дэд захирал Г.Гас ДЗМ ОУБ-д Т.Өтай холбоотой асуудлаар гомдол гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тушаалын ... мөн багийн бусад гишүүдтэй удаа дараа ёс зүйгүй харилцсан ... үндэслэлийн хувьд 2021 оны 5 дугаар сарын 25, 27, 28-ны өдрүүдэд  хаягуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төслийн зохицуулагч Т.Өын тухай гэх өргөдлүүдийг ажил олгогчид ирүүлсэн байх бөгөөд эдгээр өргөдөл, гомдолд дурдсан ажилтны биеэ авч явах байдалд доголдол гарсан эсэхийг нэхэмжлэгч Т.Өад танилцуулж, эдгээр асуудлыг ажил олгогчийн зүгээс шалган тогтоох, баримтжуулах, ажилтны зүгээс авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэх боломжийг ажилтанд олгосон эсэх, ажилтанд арга хэмжээний талаар маргаантай зүйл байгаад дээд удирдлагатай ярилцахыг хүсвэл шууд удирдлагын дараагийн шатны удирдлагатай уулзаж асуудлыг шийдвэрлэн ярилцах боломжийг олгосон эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Хүний хөгжлийн үндэсний бодлогын гарын авлага-ын Арга хэмжээ авах 6 дугаар хэсгийн 6-д Мэдэгдэл ба хариу өгөх боломж, 7 дугаар хэсгийн Гомдол ба эвлэрүүлэлт-ийн арга хэмжээг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлээгүй, ажилтныг шууд ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн талаарх тайлбар, татгалзалтай холбоотойгоор 2016, 2017, 2018, 2020 онуудад Т.Өын талаар бусад этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, холбогдох арга хэмжээ авч байсантай холбоотой баримтуудыг хэргийн материалд ирүүлсэн бөгөөд эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131.4Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэхгүй, 2021 оны 4, 5 дугаар сард авсан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн үндэслэл болгон тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн, ДЗМ Олон улсын байгууллагын байр болон тээврийн хэрэгсэлд ялгаварлан гадуурхах үйлдэл гаргах, хүчирхийлэх зан авир, үйлдэл гаргасан, хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, хүүхэд хамгаалах бодлого зөрчсөн, ДЗМ ОУБ-ын эд хөрөнгийг шамшигдуулсан, хувьдаа авч ашигласан, ДЗМ ОУБ-ын хөрөнгө, үйлчилгээг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашигласан буюу ашиглахаар завдсан, авилга өгсөн, авсан, авахыг завдсан, албан тушаал эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, бусдаас шан харамж шаардсан, шан харамж авсан, авахаар оролдсон, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан мэдэгдээгүй, хувийн ашиг сонирхлоор албан тушаалаа ашиглан өөртөө болон найз нөхөд, хамаатан садны хамааралтай хүмүүст давуу байдал олгосон, ажлын байранд бусдыг /бэлгийн/ хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, үзүүлэхийг завдсан, ажлын байранд бусадтай зүй бусаар харьцаж, сэтгэл санааны болон биеийн дарамт үзүүлсэн, зодоон цохион хийсэн, бусдыг гэмтээсэн, шударга бус байдал гаргасан, худал мэдээлэл өгсөн, мэдээллийн нууцыг хадгалах үүргээ зөрчин ДЗМ ОУБ ба түүний харилцагч, ханган нийлүүлэгч/борлуулагчийн эрх ашгийг зөрчсөн, гэр бүлээс гадуур зохисгүй харилцаатай байсан зэрэг тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гэж тооцон ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлана. Мөн ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр ДЗМ ОУБ-ын эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны гэрээгээр хүлээсэн үүрэгт харшлах үйлдэл, эс үйлдлүүдийг гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно гэж заажээ.

 

Дээрх 6.3 дахь заалтад ажлын байранд бусадтай зүй бусаар харьцаж , сэтгэл санааны болон биеийн дарамт үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдвол ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох боловч дээр дурдсанчилан нэхэмжлэгч Т.Ө нь багийн бусад гишүүдтэй удаа дараа ёс зүйгүй харилцсан болох нь хангалттай баримтаар тогтоогдохгүй, удаа дараа гэдэг нь багийн ямар гишүүнтэй хэзээ, хэдэн удаа зүй бусаар харьцаж, эдгээр багийн гишүүд нь сэтгэл санааны болон биеийн дарамтанд орсон эсэхийг ажил олгогчийн зүгээс шалган тогтоогоогүй байна.

 

Хөдөлмөрийн сахилгын ноцтой болон давтан зөрчил тогтоогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл ажил олгогчийн зүгээс зөрчлийн талаар шалган тогтоох ажиллагааг хангалттай хийгээгүй, ажилтанд боломж олгоогүй байх тул ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Өыг хүүхэд хамгааллын компакт төсөлд Төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэмэгдүүлсэн боловч энэхүү шаардлага нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор гарч буй гомдлын шаардлага тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шаардлагаа гаргасан гэж үзнэ.

 

ДЗМ Олон Улсын байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Т.Өад Цалингийн өөрчлөлтийн мэдэгдэл-ийг өгсөн байх ба уг мэдэгдэлд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн таны цалин 2,313,000 төгрөг болж өөрчлөгдөж байгааг мэдэгдэж байна.... Хөдөлмөрийн гэрээний бусад заалтууд таны ДЗМ ОУБ-тай хийсэн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хүчинтэй хэвээр байна гэжээ.

 

Т.Өыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс 2021 оны 11 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,098,285.72 төгрөгийг нэхэмжилсэн, энэ хугацааны ажлын өдөр нь 123 хоног байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.

 

ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Т.Өын үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба 4, 5 дугаар сарын цалин хөлснөөс суутгал хийгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд уг тушаал нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул дээрх журмын дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тооцох үндэслэлгүй, харин үндсэн цалин 2,313,000 төгрөгөөс тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

2,313,000 төгрөгийг 21 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 110,142.8 төгрөг, үүнийг ажлын 123 өдрөөр тооцоход 13,547,564.4 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлдээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 228,441 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой шаардлагын зарим хэсэг хангагдсан тул энэхүү хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 225,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан ДЗМ Олон Улсын байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Өыг ДЗМ олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын компакт төсөлд Төслийн зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 13,547,564.4 /арван гурван сая таван зуун дөчин долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ОУДЗ төрийн бус байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Өад олгож, Т.Өын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжилсэн 550,721.32 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны төлсөн 228,441 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.Өад олгож, хариуцагч ОУДЗ төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 225,688 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ