Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/00512

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00512

 

Т.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ОУ-ын ДЗ-ТББ-д холбогдох,

ДЗМ ОУБ-н үндэсний захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, хүүхэд хамгааллын төсөлд төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.72 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ө-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Норовсамбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Т.Ө- миний бие ДЗМ ОУБ-д 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тасралтгүй ажиллаж, ...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын Хүн худалдаалахтай тэмцэх газраас санхүүжүүлж байгаа Хүүхэд хамгааллын төсөлд төслийн зохицуулагчаар томилогдсон. Тус байгууллагын үндэсний захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЭА21/04/05 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд намайг албан үүргээ гүйцэтгэх явцдаа 3 шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМҮндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн байсан. Гэвч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ноцтой зөрчил гэдэгт ийм зүйл тусгагдаагүй байсан. Хүүхэд хамгааллын төслийн төсвийг харахад төслийн зохицуулагчийн цалин сарын 877 ам.доллар буюу 2,499,450 төгрөг байхаар тусгасан байсан. Гэвч би 2,255,000 төгрөг авч байгаад 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2,313,000 төгрөг авч байсан юм. Үүнийг мэдээд би өөрийн шууд удирдлага болох Б.Д-аас тодруулахад ингэж болохгүй үйл ажиллагаа хариуцсан захиралд хэлж шийдвэрлүүлнэ гэж хэлсэн боловч удалгүй цалингийн асуудлыг битгий дахин дахин яриад бай гэсэн тул би ДЗ Америкаас асуучих уу гэхэд Б.Д- захирал тэг тэг гэсэн. ДЗ Америкыг төлөөлж байгаа Тианагаас асуухад цалинг чинь бүтэн, батлагдсан төсвийн дагуу өгөх ёстой, даргаас чинь тодруулж өгнө, би Б.Д-аас асууя, надад хандсанд баярлалаа гэж скайф чатаар хэлсэн. Үүний дараа үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргаж, ажил олгогч намайг хохироосон.

ДЗМ ОУБ-н үндэсний захирлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан тохиолдлуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гэж тооцон ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцална. Мөн ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр байгууллагын эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны гэрээгээр хүлээсэн үүрэгт харшлах үйлдэл, эс үйлдлүүдийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Миний хувьд бусадтай гэж хэнийг хэлээд байгааг мэдэхгүй байна. Түүнчлэн тус байгууллагын ямар нэр хүндийг хэрхэн, хэзээ, яаж гутаасан гэдгийг ойлгохгүй байна. Би багийн гишүүдтэйгээ хамтарч ажилласнаас хойш нэг ч удаа маргаан үүсгэж үзээгүй, зүй бус харьцаж байгаагүйг манай багийн гишүүд гэрчилнэ.

Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр энэ тушаалыг үзээд шууд удирдлага болох Б.Д-тай уулзая гэхэд намайг огт хүлээж авч уулзаагүй, тайлбар өгөөгүй. Би ийм үйлдэл гаргаагүй учраас энэ тушаалыг чинь хүлээж авахгүй гэж хэлэхэд хуульч нь "... та авахгүй байсан ч мэйлээр явуулна гэж хэлсэн. Мөн энэ тушаалыг гардуулахдаа хуульч нь гар утсан дээр бичлэг хийж байсныг би уулзалтын төгсгөлд мэдсэн. Мөн миний шууд удирдлага болох Б.Д-ыг байлцуулаагүй, н.Б захиралтай ч уулзуулаагүй.

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр DА21/04/05 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал гарсан бөгөөд намайг гурван шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМҮндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан гэж намайг бас ямар ч үндэслэлгүй цалингийн 20 хувиар 3 сарын хугацаанд цалин бууруулж шийтгэсэн байсан улмаар 4 сар, 5 сард миний цалингаас 20 хувийг хасч олгоод зогсохгүй миний 5 дугаар сарын цалинг ч дутуу олгосон. Би дээрх сахилгын шийтгэл ноогдуулсныг хүлээн зөвшөөрөөгүй. Хугацаа нь дууссан хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг үндэслэж халах тушаал гаргасныг зөвшөөрөхгүй байна. Хэргийн гол учир нь надад батлагдсан төсвөөс доогуур буюу 2,244,450 төгрөгийг дутуу олгож байгаа талаар асууснаас болж удирдлагууд надад таагүй хандах болсон ба харилцаа хандлагын хувьд ч энэ нь илэрхий болсон.

Ажил олгогч намайг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр халж тэр өдөр ажил хүлээлцсэн боловч мөн өдрийн цалин бодож олгоогүй. Миний цалин сарын 2,313,000 төгрөг байсан бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан учир ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулна. 2021 оны 05 дугаар сар ажлын 21 хоногтой байсан тул 1 ажлын өдрийн цалин 110,142.86 төгрөг байсан. 2021 оны 05 дугаар сарын 28 болон 31-ний өдрийн цалин 220,285.72 төгрөг болсон. 2021 оны 06 дугаар сарын цалин 2,313,000 төгрөг, 7 дугаар сар 2,313,000 төгрөг, 8 дугаар сар 2,313,000 төгрөг, 9 дүгээр сар 2,313,000 төгрөг, 10 дугаар сар 2,313,000 төгрөг, 11 дүгээр сар 2,313,000 төгрөг, нийт 14,098,285.72 төгрөг болсон. Иймд хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DА21/04/05 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай ажлаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Хүүхэд хамгааллын төсөлд Төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэсэн бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн үндэслэл хоёул бүрдсэн. Т.Ө- нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа маш олон удаагийн зан харилцааны доголдол гаргаж, хамтран ажиллагч, багийн гишүүдтэйгээ зүй бусаар харилцдаг, байгууллагын дотоод уур амьсгалыг эвддэг байсан тул ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, ажилтныг хохироогоогүй.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тухайд, Т.Ө- нь Хүүхэд хамгааллын компакт төслийн зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн цалин хөлсийг нэмүүлэх тухай өөрийн удирдлага, ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр 3 шатны удирдлага (үүнд Үндэсний захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Төслийн захирал) давж, санхүүжүүлэгч оффис буюу төв байгууллагатай шууд харилцаж, Монгол дахь төлөөлөгчийн газрын нэр хүндийг унагаж, ажил олгогч, шууд удирдлагын итгэлийг алдсан зөрчил гаргасан бөгөөд үүний дагуу Үндэсний захирал 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр DА21/04/05 дугаартай тушаал гаргаж, Т.Ө-ын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу ажилтны дээрх зохисгүй үйлдэл нь ажилтныг халах ноцтой зөрчилд тооцогдож байсан ч ажил олгогч нэг удаа боломж олгож цалинг бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд сахилгын шийтгэлтэй байх нэг жилийн хугацаандаа дахин зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл бүрдсэн.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тухайд, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын компакт төсөлд манай байгууллагын 4 ажилтан (төслийн захирал, 2 төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан) ажилладаг бөгөөд Азийн сангийн 4 ажилтантай хамтарч төслийг хэрэгжүүлж байна. Т.Ө- нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын үеэр Азийн сангийн ажилтан төслийн дэд захирал Г.Г-тай ёс зүйгүй харилцаж, байгууллагын ажилтны ёс зүйг хуралд оролцогчдын өмнө бүдүүлгээр зөрчсөн. Мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа багийн бусад 3 гишүүнтэйгээ зүй бус харилцаж, шууд удирдлага болох төслийн захиралдаа үл захирагдах, шүүмж, саналыг үл ойшоох, бусдыгаа шүүмжлэх, буруутгах зэрэг үйлдэл гаргаж байсан тухай бусад ажилчдаас гомдол ирсний дагуу ажил олгогч зөрчлийг мэдэж, багийн гишүүдтэй нь биечлэн уулзаж зөрчил гаргасан гэдгийг тогтоосны үндсэн дээр ажлаас халсан. Т.Ө-ын хувийн зан араншин манай байгууллагын олон ажилтанд таагүй сэтгэгдэл төрүүлдэг, ийм төрлийн зөрчлүүдийг өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа гаргаж байсан тул байгууллагын удирдлага зохих шийтгэл хүлээлгэж, арга хэмжээг авсан. Тэрээр 15 жилийн хугацаанд ажиллахын хирээр байгууллагын шинэ, залуу ажилчдад дээрэнгүй, менежер, удирдлагуудад хүндэтгэлгүй хандах зан төлөвтэй болж байгааг байгууллагын удирдлагын зүгээс анзаарсан, илэрхий зөрчил үйлдэх бүрт нь зохих арга хэмжээг авч байлаа. Сүүлд гаргасан зөрчлүүдийн талаар ажил олгогч (Үндэсний захирал, Хүний нөөцийн захирал) багийн гишүүдийнх нь гомдлын үндсэн дээр мэдэж, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

Цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд нийцсэн, ажилтны эрхийг зөрчөөгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл бүрдэхгүй. Ийнхүү цалин хөлс нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг. Ажлаас халах тухай шийдвэр гаргаснаас хойш 6 сарын дараа нэхэмжлэлээ гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан ДЗМ ОУБ-н Үндэсний захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Ө-ыг ДЗМ ОУБ-н Хүүхэд хамгааллын компакт төсөлд Төслийн зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 13,547,564.4 /арван гурван сая таван зуун дөчин долоон мянга таван зуун жаран дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ОУ-ын ДЗ-төрийн бус байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө-ад олгож, Т.Ө-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжилсэн 550,721.32 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны төлсөн 228,441 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө-ад олгож, хариуцагч ОУ-ын ДЗ-төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 225,688 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4а. ЭА21/04/05 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд. Т.Ө- нь Хүүхэд хамгааллын компакт төслийн зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн цалин хөлсийг нэмүүлэх тухай өөрийн удирдлага, ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр 3 шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффис буюу төв байгууллагатай шууд харилцаж, Монгол дахь төлөөлөгчийн газрын нэр хүндийг унагаж, ажил олгогч, шууд удирдлагын итгэлийг алдсан зөрчил гаргасан бөгөөд үүний дагуу тушаал гаргаж, Т.Ө-ын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Хөдөлмөрийн харилцаа нь зөвхөн ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын л эрх, үүргийн харилцаа бөгөөд Т.Ө-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулж байгаа ажил олгогч бол гагцхүү ДЗ ОУБ-ынтөлөөлөгчийн газар юм. Иймд ажил олгогч биш этгээдэд цалин хөлсний талаар гомдол гаргаж, байгууллагын дотоод асуудлыг олон улсын хэмжээнд гаргаж тавьсан явдал нь ажилтны буруутай үйл ажиллагаа. Ажил олгогчийн цалингийн шатлал, цалин хөлс олгох журам, ажилтантай тохиролцсон хэмжээ, төсөв санхүүжилтээ удирдах, захиран зарцуулах эрхэд халдаж дүгнэлт хийж байгаа нь шүүхийн алдаа юм.

4б. Т21/05/24 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Ө-ыг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тухайд. Т.Ө- нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын үеэр Азийн сангийн ажилтан төспийн дэд захирал Г.Г-тай ёс зүйгүй харилцаж байгууллагын ажилтны ёс зүйг хуралд оролцогчдын өмнө бүдүүлгээр зөрчсөн. Мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа багийн бусад 3 гишүүнтэйгээ зүй бус харилцаж, шууд удирдлага болох төслийн захиралдаа үл захирагдах, шүүмж, саналыг үл ойшоох, бусдыгаа шүүмжлэх, буруутгах зэрэг үйлдэл гаргаж байсан тухай бусад ажилчдаас гомдол ирсний дагуу ажил олгогч зөрчлийг мэдэж, багийн гишүүдтэй нь биечлэн уулзаж зөрчлийг тогтоосны үндсэн дээр ажлаас халсан. Нэхэмжлэгчийг 15 жилийн хугацаанд байгууллагад ажиллах хугацаанд зөрчил гаргах бүрт нь боломж олгож, ажлаас халалгүйгээр засрах, өөрийгөө өөрчлөх боломж олгосоор байхад шүүх ...ажилтанд боломж олгоогүй гэж дүгнэж байгаад харамсаж байна. Энэ талаарх бүх баримтыг шүүхэд өгсөн бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу үнэлсэнгүй. ДЗ ОУБ-ын төлөөлөгчийн газрын соёл, ажлын уур амьсгал, үнэт зүйл, зарчмыг ойлгохгүйгээр, тухайн ажилтан байгууллагад ямар хор хохирол, ажилтнуудад сэтгэл зүйн дарамт учруулдгийг, цаашид хамт олны уур амьсгалд хэрхэн нөлөөлөхийг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаад хариуцагч гомдолтой байна. Т.Ө-ын зөрчлийг нэг өрөөнд хамт ажилладаг багийн 3 гишүүнийх нь бичгээр гаргасан гомдол, биечлэн хийсэн уулзалтын дүнд тогтоосон байтал зөрчлийн талаар шалган тогтоох ажиллагааг хангалттай хийгээгүй" гэж хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй.

Багийн гишүүн болгоны гомдлоор удаа дараа гэж дүгнэсэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй. Хүүхэд хамгааллын компакт төслийн дэд захирал, Азийн сангийн Г.Г-тай хэрхэн бүдүүлэг харилцсаныг багийн гишүүд нь бодитоор харж, мэдүүлдэг. Г.Гантулгын мэдүүлэг, гомдол байхгүй гэх шалтгаанаар зөрчлийг үгүйсгэж болохгүй. 2016, 2017, 2018, 2020 онуудад Т.Ө-ын талаар бусад этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, холбогдох арга хэмжээ авч байсантай холбоотой баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Бусадтай зүй бусаар, ёс зүйгүй харьцсан гэх зан байдлын доголдол нь тухайн хүний хэн байхаас хамаарч үйлдэгддэг. Тиймээс Т.Ө-ын хэн болохыг тодорхойлж, зан байдлын хувьд, хувь хүний хувьд шүүхэд таниулах нь 2021 оны 04, 05 дугаар сард үйлдсэн зөрчлийг тодорхойлоход хамааралтай.

4в. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 13,547,564 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тухайд. Дээрх байдлаар ажилтныг ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй, хууль болон ажилтны эрхийг зөрчөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг олгох үүргийг хариуцагч байгууллага хүлээхгүй. Ажлаас халах тухай шийдвэр гаргаснаас хойш 6 сарын дараа ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж, ажилтны сүүлийн 3 сарын цалинг нь тодорхойгүй байхад таамгаар шийдвэрлэсэн. Дээрх олон үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгч хэт нэг талыг барьж, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг анхаараагүй, нотлох баримтгүй байхад цалинг шийдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүх ажлаас халах тушаалын тухайд зөв дүгнэлт хийсэн. Цалингийн хувьд эрх зүйн актыг үндэслэж гаргасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын маргаагүй үйл баримтын тухайд нотлох шаардлагагүй гэж үзээд дүгнэлт хийсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Ө- нь хариуцагч ОУ-ын ДЗ-ТББ-д холбогдуулан байгууллагын Үндэсний захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаартай ажлаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, хүүхэд хамгааллын төсөлд төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,098,285.72 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Т.Ө- нь ОУ-ын ДЗ-ТББ-ын Хүүхэд хамгааллын төсөлд төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад тус байгууллагын үндэсний захирлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн /1хх-12/ байх ба дээрх тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус нийцсэн, талууд энэ талаар маргаангүй.

4. Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн DA21/04/05 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2 болон хөдөлмөрийн гэрээг баримтлан өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа 3 шатны удирдлага давж, санхүүжүүлэгч оффистой шууд харилцан ДЗМҮндэсний оффисын нэр хүндийг унагаж, итгэлцэл алдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, Т.Ө-ын үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тушаалын үндэслэлээ цалин хөлстэй холбоотой асуудлаар санхүүжүүлэгч оффистой шууд харилцан, цалин бага байна гэдэг байдлаар гомдол санал бичсэн нь ДЗМүндэсний оффисын нэр хүндийг унагасан, итгэлцэл алдсан, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэх агуулгаар тайлбарласан байна. /1хх-42, 100/

Анхан шатны шүүх дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийж, өөрийн хөдөлмөрийн үр шим буюу цалин хөлсний талаар холбогдох байгууллагаас тодруулсан нэхэмжлэгч Т.Ө-ын үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд өөрт олгогдвол зохих цалин хөлсөө мэдэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Мөн уг үйлдлийн улмаас хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд сөрөг үр дагавар бий болсон, хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Ө-ад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

5. Мөн хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т21/05/24 дугаар ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг баримтлан өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусадтай зүй бусаар харьцан хамтрагч байгууллагын өмнө ДЗМ ОУБ-н нэр хүндийг гутаасан, мөн багийн бусад гишүүдтэй удаа дараа ёс зүйгүй харилцсан ноцтой зөрчлүүдийг гаргасан, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, Т.Ө-ыг Хүүхэд хамгааллын копмакт төслийн зохицуулагчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-12, 43/

5.а. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгохоор дүгнэсэн тул дараагийн тушаалд давтан зөрчилд тооцогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5.б. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Т.Ө-ад холбогдуулан хамт ажилладаг ажилчдаас ёс зүйгүй харилцсан гэсэн агуулгатай өргөдөл, гомдол гаргаж байсан үйл баримт тогтоогдож байх боловч эдгээр өргөдөл, гомдолд үндэслэн түүнийг шалгасан баримт байхгүй тул хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Т.Ө-ад холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол нь төсөл хамтран хэрэгжүүлэгч Азийн сангийн ажилтан, уг төслийн дэд захирал Г.Г-тай болон багийн бусад гишүүдтэй зүй бусаар харилцсан гэх агуулгатай байх боловч цаг хугацааны хувьд хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн өргөдөл, гомдлыг өөрт нь танилцуулах, тайлбар авах, улмаар ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан буюу бусадтай зүй бусаар харилцсан гэх үйл баримтыг ажил олгогч тушаал гарахаас өмнө шалган тогтоосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.в. Хэрэгт авагдсан бичгийн баримт болох тухайн байгууллагын хэмжээнд үйлчилдэг Хүний хөгжлийн үндэсний бодлогын гарын авлага-ын 6.1 дэх хэсэгт ажилтны гүйцэтгэл хангалтгүй болон биеэ авч явах байдал дээр доголдол гарсан нь нотлогдсон тохиолдолд шууд менежерээс сахилгын арга хэмжээ авна, 6.2 дахь хэсэгт мэдэгдлийг ажилтанд 1 сарын дотор мэдэгдсэн байна, 6.3 дахь хэсэгт сахилгын арга хэмжээний талаар ажилтны зүгээс авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэх боломжийг ажилтанд олгоно гэж заасан байх боловч хариуцагч байгууллагаас журмын эдгээр заалтыг хэрэгжүүлээгүй байна. /1хх-62/ Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул 2016-2020 онуудад болсон үйл баримтыг 2021 онд гаргасан тушаалын үндэслэлтэй холбогдуулан тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар болон зөрчил гаргасан нь нотлогдсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийн үр дагавар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор юм. Нэхэмжлэлийн цалин хөлстэй холбогдох шаардлагын тухайд зохигчид анхан шатны журмаар хэргийг хэлэлцэх үед маргаагүй бөгөөд шүүх хариуцагчаас гаргасан хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн цалингийн өөрчлөлтийн мэдэгдэл гэх баримтыг /1хх-52, 2хх-65/ үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Т.Ө-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2,313,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 13,547,564 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 225,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН