Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1067

 

                                                 С.Б-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.З.Д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Б/88 тоот захирамжаар сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэсэн нь хууль зөрчсөн гээд сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн.

Гэтэл Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ц.Ц 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Биеийн тамирын заалны ашиглалтын тухай А/333 тоот тушаалаар сургалтын бус цагаар Биеийн тамирын заалыг байгууллага иргэнд ашиглуулж нэмэлт орлого олохыг сургуулийн захиралд зөвшөөрсөн. Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг улирал тутам дүүрэг, нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар шалгаж үнэлж дүгнэдэг. Нийслэлийн өмчийн харилцааны газраас аудитын байгууллагын баталгаажсан тайланг үндэслэн хөрөнгийн бүртгэл, эзэмшилт, хамгаалалтын байдалд 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй комисс ирж нэг бүрчилсэн үзлэг, тооллого хийж. төсвөөс хөрөнгө оруулалт хийж өгч чадаагүй байхад эцэг эхчүүдийн хандив, тусламжаар 39 900 000 төгрөгийн үндсэн хөрөнгө бүрдүүлж, маргаантай байсан 6591 м.кв газраа буцаан авсанд талархаад нийслэлийн өмч эзэмшилт, хамгаалалт сайн байна гээд 100%-ийн үнэлгээ өгсөн. Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтаар хамт олны төлөөлөл 115 хүнээс санал авахад захирлын үйл ажиллагааг үнэлэхдээ сургалт хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэж 91 буюу 79% нь санал өгсөн байна. Спорт заал 20.00-23.00 цагийн хооронд түрээсэлж 3 831 200 төгрөг, хичээлийн хоёр байрыг холбосон хоолойн жижиг өрөө түрээсэлж 1 990 000 төгрөг, нийтдээ 5 821 200 төгрөг хуримтлуулж төсвөөс олгоогүй хичээлийн хэрэглэгдэхүүн, засвар үйлчилгээнд зарцуулсан. Нийслэлийн Засаг даргын Б/88 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтаар ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Спорт заалыг сургалтын бус цагаар төлбөртэй түрээсэлж, заал хариуцсан багшийн нийгмийн асуудалд нэмэр болно гэж биеийн тамирын багш нар Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүсэлт өгсөн тул хичээлийн бус цагаар спорт заал ашиглах журам гаргасан. Хичээлийн хоёр байрыг холбосон хүзүүвчний дээврээс ус нэвтрэн гоожиж хана нь цан цохиж чийгшиж мөөгөнцөртсөн, 00 өрөөний шугам ажиллагаагүй их засвар хийх шаардлагатай гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын байцаагчийн дүгнэлт гарсан жижиг өрөөг багш нар өөрсдийн хөрөнгөөр засварлаж, түрээслэхээр хүсэлт гаргахад захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж сурагчдыг хөгжүүлэх сургалт, хоцрогдол арилгахад хэрэгтэй гэж үзэж түрээслэсэн юм.

Шалгалт хийсэн ажлын хэсэг илтгэх хуудсыг холбогдох байгууллагын дүгнэлт гарсан гэж үзэхэд эргэлзээтэй. Хожим улсын байцаагч нар дүгнэлт гаргасан. Гэвч Нийслэлийн Засаг дарга захирамждаа илтгэх хуудсыг үндэслэл болгосон эсэх нь тодорхойгүй байна. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны дотор зөрчил илрүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Зөрчил 3 дугаар сарын 6-ны өдөр тогтоогдсон. Үүнийг улсын байцаагч С.Л гэрчилсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа хэтэрсэн байх тул Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлгүй.

Спорт заалны орлого болон бусад зөрчлийн асуудлаар Авилгатай тэмцэх газрын 24, Эрүүгийн цагдаагийн №2688, хяналтын прокурорын 1936, Прокурорын газрын 2017 оны 88 тоот тогтоолоор сургалтын төлбөр, түрээсийн орлого хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй гээд хэрэг үүсгэхээс татгалзаж хаагдсан байгаа. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 захирамжаар нэхэмжлэгч С.Б г Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсноор хөдөлмөрийн харилцаа үүсч, хуульд заасан захирал /төсвийн шууд захирагч/-ийн эрх үүрэг хэрэгжүүлж эхэлсэн.

Нийслэлийн аудитын газраас 2016 оны 3 дугаар улиралд санхүүгийн тайланд завсрын аудит хийгээд зөрчлүүдийг илрүүлж 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/02 НАГ-2017/742/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага хүргүүлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн багш нараас өргөдөл, гомдол ирсний дагуу нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.А 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр 2016 оны 9,10,11,12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сард спорт заал түрээслэн 3831.2 мянган төгрөгийн орлого олсон нь Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 98 дугаар тушаалын 2 дахь заалтыг зөвшөөрөлгүйгээр сургуулийн байр, танхим өрөөг 8 багшид түрээсэлсэн нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасны дагуу Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана гэж заасныг зөрчсөн. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно гэснийг, сургуулийн захирал нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрөлгүйгээр сургуулийн байр, танхим өрөөг 8 багшид түрээслэн нийт 1 990 000 төгрөгийн орлого олж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журам-ыг зөрчсөн. Дээрх түрээс болон спорт заалнаас нийт 5821.2 мянган төгрөгийн орлого олж, захирлын цохолт хийж зөвшөөрсний дагуу захиран зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг тус тус зөрчсөн нь үйлдэл, эс үйлдэхүй нь тус сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэж байна тогтоосон.

Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж тушаал гарсан. С.Байгалмаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дунд ангийн 65 багш, бага ангийн 41 багш, нийт 106 хүний бүрэлдэхүүнтэй багш нарын зөвлөлийн хурал болсон. Энэ хурлаар захирал С.Б өөрийн эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан талаар ярилцаж, спортын заалыг сургалтын бус цагаар түрээсэлж, түрээсийн төлбөрийг бэлнээр авдаг байсан, ажлаасаа гарсан 3 хүнд цалин бодож, урамшуулал өгсөн байсан. Түрээсийн төлбөрийг өөрөө авч, дур мэдэн зарцуулсан, хувийн дансандаа хийдэг байсан. Иймд эрх бүхий байгууллагад хандаж шалгуулахаар шийдсэн. Шалгалтын дүнгээр зөвшөөрөлгүйгээр сургуулийн байрыг түрээсэлсэн, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 20 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн болох нь нотлогдсон. Мөн С.Б нь ажилчдаа өөрийн хүсэл сонирхлын дагуу ажиллуулдаг, одоо ажиллаж байгаа багш, ажилчид С.Б хамтран ажиллах сонирхолгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 845 480 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, С.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Байгалмаагийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124 477 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх "...зөрчлийг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр илрүүлсэн гэж үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна." гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл шалгалт хийсэн гэсэн зөрчил илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 02-09-294/216 дугаар дүгнэлтээр зөрчил бүрэн тогтоогдож илэрсэн гэж үзнэ. Зөрчлийг илрүүлэх ажиллагаа нь эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэх бөгөөд аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлж дүгнэлт гаргадаг.

Ажлын хэсгийн удирдамжийн 6 дугаар хэсэгт 2017 оны 3 дугаар сарын 30-ны дотор дүгнэлт гаргаж танилцуулахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх “Шалгалтын хугацаа 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хамарсан байх тул энэ хугацаанд дээрх зөрчил илэрсэн гэж үзнэ" гэснээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж дүгнэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм гэж нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-д "Сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ" гэж тохирч гэрээг байгуулсан бөгөөд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар хэсгийн 1-д "Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх" үндсэн үүрэгтэй болохыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл сургуулийн захиралд хууль, тогтоомжоор олгосон эрх үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч С.Б Нийслэлийн Аудитын газрын 2017оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/02 НАГ-2017/742/СТА-ТШЗ дугаар албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай шаардлага өгсөн ба хууль, тогтоомж зөрчсөн зөрчлөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч гарын үсэг зурсан байдаг. Мөн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлттэй нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч гаргасан зөрчлөө үгүйсгээгүй.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй", 15.4.1-д "Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна" гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх давтан зөрчил болон ноцтой зөрчилд хамаарахгүй гэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                  ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Б Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/88 тушаалаар нэхэмжлэгч С.Б Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирлын ажлаас халж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталжээ. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалын үндэслэлээ “...сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 821 200 төгрөгийн, сургуулийн 1 өрөөг багш нарт түрээслэн 1 990 000 төгрөгийн орлого тус тус олж, бэлнээр зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг тус тус зөрчсөн” гэж заасан байна. /1 хавтас 2 дугаар тал/

 

            Нийслэлийн аудитын газраас 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирал С.Б 01/02 НАГ-2017/742/СТА-ТШЗ тоот албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн боловсролын газарт “Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа, сургалтын орны эрүүл ахуйн төлөв байдлын тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлж байсан үйл баримтаар тогтоогдсон. /1 хавтас 94-99 дугаар тал/

           

            Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлдээ дээрх албан шаардлага, дүгнэлтүүдэд заагдсан зөрчлүүдийг хамааруулан тайлбарласан байна. 

 

            Албан шаардлага болон улсын байцаагчийн дүгнэлтэд заагдсан зөрчлийг арилгах чиглэлээр 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх илтгэх хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан, зөрчлийг арилгах ажиллагааг дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн асуудлаар зохигчид маргаагүй болно.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах”-аар заасан.

 

Ажил олгогчийн зүгээс албан шаардлага болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд заагдсан зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч С.Б 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч байгууллага “... хуульд заасан хугацаанд арга хэмжээ авсан” гэсэн үндэслэлийг зааж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “Байгууллагын хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил болох заал, өрөөг түрээслүүлж олсон орлогыг сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан байдал нь дээрх заалтад хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “... дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн сүүлчийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 6 845 480 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж” шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 477 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

        Ц.ИЧИНХОРЛОО