Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00402

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлалтай,

С.Б-гийн нэхэмжлэлтэй,

НЗД-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Б/88 тоот захирамжаар сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэсэн нь хууль зөрчсөн гээд сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Биеийн тамирын заалны ашиглалтын тухай А/333 тоот тушаалаар сургалтын бус цагаар Биеийн тамирын заалыг байгууллага иргэнд ашиглуулж нэмэлт орлого олохыг сургуулийн захиралд зөвшөөрсөн. Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг улирал тутам дүүрэг, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар шалгаж үнэлж дүгнэдэг. Нийслэлийн өмчийн харилцааны газраас аудитын байгууллагын баталгаажсан тайланг үндэслэн хөрөнгийн бүртгэл, эзэмшилт, хамгаалалтын байдалд 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй комисс ирж нэг бүрчилсэн үзлэг, тооллого хийж, төсвөөс хөрөнгө оруулалт хийж өгч чадаагүй байхад эцэг эхчүүдийн хандив, тусламжаар 39.900.000 төгрөгийн үндсэн хөрөнгө бүрдүүлж, маргаантай байсан 6591 м.кв газраа буцаан авсанд талархаад нийслэлийн өмч эзэмшилт, хамгаалалт сайн байна гээд 100%-ийн үнэлгээ өгсөн. Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтаар хамт олны төлөөлөл 115 хүнээс санал авахад захирлын үйл ажиллагааг үнэлэхдээ сургалт хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэж 91 буюу 79% нь санал өгсөн байна. Спорт заал 20.00-23.00 цагийн хооронд түрээсэлж 3.831.200 төгрөг, хичээлийн хоёр байрыг холбосон хоолойн жижиг өрөө түрээсэлж 1.990.000 төгрөг, нийтдээ 5.821.200 төгрөг хуримтлуулж төсвөөс олгоогүй хичээлийн хэрэглэгдэхүүн, засвар үйлчилгээнд зарцуулсан. Нийслэлийн Засаг даргын Б/88 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтаар ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Спорт заалыг сургалтын бус цагаар төлбөртэй түрээсэлж, заал хариуцсан багшийн нийгмийн асуудалд нэмэр болно гэж биеийн тамирын багш нар Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүсэлт өгсөн тул хичээлийн бус цагаар спорт заал ашиглах журам гаргасан. Хичээлийн хоёр байрыг холбосон хүзүүвчний дээврээс ус нэвтрэн гоожиж хана нь цан цохиж чийгшиж мөөгөнцөртсөн, 00 өрөөний шугам ажиллагаагүй их засвар хийх шаардлагатай гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын байцаагчийн дүгнэлт гарсан жижиг өрөөг багш нар өөрсдийн хөрөнгөөр засварлаж, түрээслэхээр хүсэлт гаргахад захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж сурагчдыг хөгжүүлэх сургалт, хоцрогдол арилгахад хэрэгтэй гэж үзэж түрээслэсэн юм. Шалгалт хийсэн ажлын хэсэг илтгэх хуудсыг холбогдох байгууллагын дүгнэлт гарсан гэж үзэхэд эргэлзээтэй. Хожим улсын байцаагч нар дүгнэлт гаргасан. Гэвч НЗД- захирамждаа илтгэх хуудсыг үндэслэл болгосон эсэх нь тодорхойгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны дотор зөрчил илрүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Зөрчил 3 дугаар сарын 06-ны өдөр тогтоогдсон. Үүнийг улсын байцаагч С.Лхагвадулам гэрчилсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа хэтэрсэн байх тул Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлгүй. Спорт заалны орлого болон бусад зөрчлийн асуудлаар Авилгатай тэмцэх газрын 24, Эрүүгийн цагдаагийн №2688, хяналтын прокурорын 1936, Прокурорын газрын 2017 оны 88 тоот тогтоолоор сургалтын төлбөр, түрээсийн орлого хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй гээд хэрэг үүсгэхээс татгалзаж хаагдсан байгаа. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 захирамжаар С.Б-г Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсноор хөдөлмөрийн харилцаа үүсч, хуульд заасан захирлын эрх үүрэг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн аудитын газраас 2016 оны 3 дугаар улиралд санхүүгийн тайланд завсрын аудит хийгээд зөрчлүүдийг илрүүлж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/02 НАГ-2017/742/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн багш нараас өргөдөл, гомдол ирсний дагуу нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр 2016 оны 9,10,11,12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард спорт заал түрээслэн 3831.2 мянган төгрөгийн орлого олсон нь Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 98 дугаар тушаалын 2 дахь заалтыг зөвшөөрөлгүйгээр сургуулийн байр, танхим өрөөг 8 багшид түрээсэлсэн нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасны дагуу Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана гэж заасныг зөрчсөн. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно гэснийг, сургуулийн захирал нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрөлгүйгээр сургуулийн байр, танхим өрөөг 8 багшид түрээслэн нийт 1 990 000 төгрөгийн орлого олж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмыг зөрчсөн. Дээрх түрээс болон спорт заалнаас нийт 5821.2 мянган төгрөгийн орлого олж, захирлын цохолт хийж зөвшөөрсний дагуу захиран зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг тус тус зөрчсөн нь үйлдэл, эс үйлдэхүй нь тус сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн болохыг тогтоосон. Иймд С.Б-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дунд ангийн 65 багш, бага ангийн 41 багш, нийт 106 хүний бүрэлдэхүүнтэй багш нарын зөвлөлийн хурал болсон. Энэ хурлаар захирал С.Б- өөрийн эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан талаар ярилцаж, спортын заалыг сургалтын бус цагаар түрээсэлж, түрээсийн төлбөрийг бэлнээр авдаг байсан, ажлаасаа гарсан 3 хүнд цалин бодож, урамшуулал өгсөн байсан. Түрээсийн төлбөрийг өөрөө авч, дур мэдэн зарцуулсан, хувийн дансандаа хийдэг байсан. Иймд эрх бүхий байгууллагад хандаж шалгуулахаар шийдсэн. Шалгалтын дүнгээр зөвшөөрөлгүйгээр сургуулийн байрыг түрээсэлсэн, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 20 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн болох нь нотлогдсон. Мөн С.Б- нь ажилчдаа өөрийн хүсэл сонирхлын дагуу ажиллуулдаг, одоо ажиллаж байгаа багш, ажилчид С.Б-тай хамтран ажиллах сонирхолгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-г Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 845 480 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, С.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124 477 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 477 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зүйлд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Ажил олгогчийн зүгээс албан шаардлага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд заагдсан зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч С.Б-д 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ” гэжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч гэх С.Б-гийн гаргасан зөрчлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02-09-294/216 тоот дүгнэлтээр бүрэн илрүүлж тогтоосон болох нь харагдана. Маргаж буй Б/88 тоот тушаал 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг илрүүлэх ажиллагаа нь эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг мэдээлэл гаргуулан авах, эд зүйл баримт бичиг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар дээж авах, шинжилгээ хийх зэргээс бүрддэг бөгөөд хоёр шатны шүүх үүнийг зөрчил илрүүлсэн хугацаанд оруулан тооцсонд гомдолтой байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байсныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй гэж үзэж байна. Магадлалд “...Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д Байгууллагын хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил болох заал, өрөөг түрээслүүлж олсон орлогыг сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан байдал нь дээрх заалтад хамаарахгүй болох нь тогтоогдож байна        ” гэжээ. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг илт зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн спорт заал, өрөө түрээслэж олсон орлогыг сургалтын үйл ажиллагаанд зарцуулмагц тэр нь зөрчил биш болж хувирна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл зорилго нь аргаа зөвтгөх зарчмыг хоёр шатны шүүх хэрэглэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч гэх С.Б- нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-09-294/216 тоот дүгнэлт., 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байгаа. Бодит байдал ийм байхад хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Б-, НЗД-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан  шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч С.Б- Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдож, Нийслэлийн боловсролын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/88 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Б/88 тоот захирамжид С.Б- сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5.821.200 төгрөгийн, сургуулийн 1 өрөөг багш нарт түрээслэн 1.990.000 төгрөгийн орлого олж бэлнээр зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/-ын 2008 оны 98 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зохицуулжээ.  

Б/88 тоот тушаалд үргэлжилсэн нэг үйлдлийн тухай буюу спорт заал, өрөө  түрээсэлж, орлого олж зарцуулсныг зааж, хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дах хэсгийг баримталснаас үзвэл, НЗД- нь С.Б-г ноцтой зөрчлийн улмаас  ажлаас халсан, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч С.Б- 13 дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа биеийн тамирын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүсэлт өгсний дагуу журам гаргаж, ажлын бус цагаар спорт заал, 1 өрөөг түрээслэн орлого олж уг орлогыг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсныг хариуцагч няцааж чадаагүй байна. С.Б- тухайн үед мөрдөж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх 2013 оны  гэрээний 2.5-д заасныг зөрчсөн  боловч  энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчил, тухайлбал, “...байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн...”-д хамаарахгүйг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Иймд С.Б-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцнэ.

Харин Б/88 тоот тушаалын үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч С.Б- ноцтой зөрчил гаргаагүй гэж шүүх үзснээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн талаар дүгнэлт хийсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 124.477 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ