Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/00447

 

 

 

 

 

 

 

2023 01 17

101/ШШ2023/00447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 49а байр 54 тоот хаягт оршин суух А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Олд сити тауэр оффис 601 тоот хаягт байрлах Скай ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэчулуун овогтой Аззаяа нь Скай вип констракшн ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэсвгэрт байрлах Скай ресидэнц 2Д" хотхонд байр захиалж 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/01/30-1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгуулж уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр болох 66,000,000 төгрөгийг 100 хувь төлсөн. Орон сууцны төлбөрийг хариуцагч талын санал болгосноор Скай вип констракшн" ХХК-ийн борлуулалтын менежер Х.Батсуурийн дансанд шилжүүлсэн.

Тухайн байр ашиглалтанд орж Э.Аззаяа нь амьдарч эхэлсэн боловч 2022 оны 02 сарын 11-ний өдөр Скай вип констракшн ХХК-с ...Манай байгууллагын зүгээс танай одоогийн амьдран сууж байгаа /ашиглаж байгаа/ орон сууцны өмчлөх эрхийг та бүхний нэр дээр гаргаж өгөх боломжгүй байдал үүсээд байна... гэх утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор бид тодруулахад Скай вип констракшн" ХХК нь Эй би ди элеватор ХХК-тэй цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд зааснаар цахилгаан шатны төлбөрийг Скай ресидэнц 2Д байрнаас 100 хувь бартераар Эй би элеватор ХХК-д төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд Э.Аззаяагийн авсан байр нь Скай вип констракшн ХХК болон Эй би ди элеватор ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Эй би ди элеватор ХХК-д олгогдох байр байсан талаар мэдээлэл олж авсан. Мөн тухайн байрыг танилцуулсан Х.Батсуурь нь уг бартерийн байрнуудыг зарж, борлуулахаар Эй би ди элеватор ХХК-тай аман хэлбэрээр тохиролцож, уг тохиролцооны дагуу Э.Аззаяагийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг Скай вип констракшн ХХК-нд бус Эй би ди элеватор ХХК руу шижүүлсэн гэх тайлбарыг гаргадаг.

Скай вип констракшн ХХК болон Эй би ди элеватор ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж Э.Аззаяагийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Х.Батсуурь нь Скай вип констракшн ХХК-нд борлуулалтын менежер ажил эрхэлдэг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд мөн л Скай вип констракшн ХХК-нд менежер ажилтай М.Бямбажаргал гарын үсэг зурж, компанийн тамга даран баталгаажуулсан тул Скай вип констракшн ХХК-нд итгэн гэрээний үүргээ биелүүлж тухайн компанийн ажилтан Х.Батсуурийн дансанд төлбөрийг төлсөн билээ.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4.1-т Ажил гүйцэтгэгчийн үүрэг, 4.1.2 дахь хэсэгт Захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шижүүлнэ гэж зааж өгсөн байдаг. Гэтэл Скай вип Констракшн ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй Э.Аззаяаг хохироож байна гэж үзэж байна.

Дээрхээс нэгтгэн үзэхэд нэхэмжлэгч Э.Аззаяа нь анхнаасаа Скай вип констракшн ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул Скай вип констракшн ХХК болон "Эй би ди элеватор ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж ийнхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Скай ресидэнц 2Д хотхоны 192Б байрны 16 давхарын 168 тоот байрны өмчлөгчөөр Эрдэнэчулуун овогтой Аззаяаг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Э.Аззаяад гаргаж өгөхийг хариуцагч Скай вип Констракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн туслан гүйцэтгэгчээр Эй Би Ди Элеватор ХХК-г сонгон шалгаруулж цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Тус компани нь цахилгаан шат захиалах мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа учраас, ажил гүйцэтгэх гэрээний дагуу Эй Би Ди Элеватор ХХК-д Sky residence 2D блок барилгаас 9 ширхэг орон сууцыг шилжүүлж улмаар тус компанийн захирал С.Алтанхуяг нь гуравдагч этгээдэд зарж борлуулсан болно.

Эй Би Ди Элеватор ХХК-н захирал С.Алтанхуяг нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд ажлын явцын талаар тодруулахад хил гааль хаалттай, бараа татан авалт удаашралтай байна би лифтийг чинь хүлээлгэн өгчихнө гэх мэт шалтаг тоочин манай компанийг залилан мэхлэсэн үйлдлийг гаргасан.

Иймд манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж Эй Би Ди Элеватор ХХК-н захирал С.Алтанхуягт холбогдуулан гомдол гаргаж, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Амарзаяа нь 2021 оны 12 сарын 17-ны өдрийн № 0210604548 тогтоолын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд С.Алтанхуягт холбогдуулан хэрэгт 600,000,000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхлэх хэргийг үйлдсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн тул энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: 2021 оны 01 сарын 30-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээ, төлбөрийн баримт, 2022 оны 2 сарын 11-ний өдрийн мэдэгдэл, 2022 оны 3 сарын 17-ны өдрийн 06479 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

Хариуцагчаас: 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, 2020 оны 8 сарын 28-ны өдрийн 20/08/28-1, 20/08/28-2, 20/08/28-4 дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 4 сарын 13-ны өдрийн 09124 дугаар захирамж, 2022 оны 5 сарын 06-ны өдрийн шүүхийн тогтоол, Скай вип констракшн ХХК-ийн гаргасан өргөдөл, хохирогч Б.Гийгиймаа, М.Бямбажаргал нарын өгсөн мэдүүлэг, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 8/1577 дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Аззаяа нь хариуцагч Скай вип констракшн ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Скай ресидэнс 2д хотхоны 192б байрны 16 давхарын 168 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №2021/01/30-1 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээний үүрэгт өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан гэж тодорхойлсон.

Скай вип констракшн ХХК болон Э.Аззаяа нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай №2021/01/30-1 дугаартай гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу Скай вип констракшн ХХК нь D байрны 1 дүгээр орц, 16 давхарт байрлах 48,97 мкв, 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

Талуудын гаргасан тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд тус гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй боловч агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагчаас Скай вип констракшн ХХК болон Эй би ди элеватор ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд 9 орон сууцыг Эй би ди элеватор ХХК-нд өгсөн бөгөөд Эй би ди элеватор ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компанийн гүйцэтгэх захиралд холбогдуулан үүссэн эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь иргэн Э.Аззаяа, Скай вип констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцахаар заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэх тайлбарыг гаргаж, 66,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримтыг хавсарган ирүүлсэн байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагчаас орон сууцны нийт үнэ 66,000,000 төгрөгт маргаагүй бөгөөд мөнгийг Эй би ди элеватор ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Алтанхуягт мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нэхэмжлэгч Э.Аззаяа нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул гэрээний нөгөө тал болох Скай вип констракшн ХХК-иас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс дээрх орон сууцны барилга баригдаж дууссан бөгөөд тухайн орон сууцанд амьдарч байгаа талаарх гаргасан тайлбарт хариуцагч тал маргаагүй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Орон сууц захиалгын гэрээний 4.1.2-т ажил гүйцэтгэгч нь захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар Скай вип констракшн ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 9 сарын 29-ний өдрийн 2106045482978 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол зэрэг бичгийн баримтуудаар Эй би ди элеватор ХХК нь Скай вип констракшн ХХК-иас ажлын хөлсөнд орон сууц авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх хэдий ч энэ нь хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна. /хх-ийн 94-99 дүгээр тал/

Тодруулбал эрүүгийн журмаар С.Алтанхуягийг хохирогч Б.Гийгиймаад 600,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татсан тогтоол нь эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу Э.Аззаяа болон Скай вип констракшн ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралтай гэж үзэхээргүй байна.

Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар Э.Аззаяаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Скай ресидэнс 2д хотхоны 192б байрны 16 давхарын 168 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Скай вип констракшн ХХК-нд даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Аззаяаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Скай ресидэнц 2Д хотхон, 192Б байрны 16 давхарын 168 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Скай вип констракшн ХХК-нд даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Скай вип констракшн ХХК-иас 558,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Аззаяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА