Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00710

 

 

       2023          04           03                                        210/МА2023/00710

 

 

Э.Аззаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00447 дугаар шийдвэртэй,

Э.А-гийн нэхэмжлэлтэй, С ХХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.А нь С ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэсвгэрт байрлах Скай ресидэнц  хотхонд байр захиалж 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/01/30-1 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр болох 66,000,000 төгрөгийг хариуцагч талын санал болгосноор СХХК-ийн борлуулалтын менежер Х.Б-ийн дансанд шилжүүлсэн.

1.2 Тухайн байр ашиглалтанд орж Э.А нь амьдарч эхэлсэн боловч 2022 оны 02 сарын 11-ний өдөр С ХХК-иас ...манай байгууллагын зүгээс танай одоогийн амьдран сууж байгаа орон сууцны өмчлөх эрхийг та бүхний нэр дээр гаргаж өгөх боломжгүй байдал үүсээд байна...гэх утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор бид тодруулахад СХХК нь Эй би ди элеватор ХХК-тэй цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд зааснаар цахилгаан шатны төлбөрийг Скай ресидэнц 2Д байрнаас 100 хувь бартераар Эй ХХК-д төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд Э.А-гийн авсан байр нь С ХХК болон Эй ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Эй ХХК-д олгогдох байр байсан талаар мэдээлэл олж авсан.

Мөн тухайн байрыг танилцуулсан Х.Б нь уг бартерийн байрнуудыг зарж, борлуулахаар Эй би ди элеватор ХХК-тай аман хэлбэрээр тохиролцож, уг тохиролцооны дагуу Э.Аз-гийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг С ХХК-нд бус Эй би ди элеватор ХХК руу шижүүлсэн гэх тайлбарыг гаргадаг.С ХХК болон Эй ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж Э.А-гийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Х.Б нь С ХХК-нд борлуулалтын менежер ажил эрхэлдэг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд мөн л С ХХК-нд менежер ажилтай М.Б гарын үсэг зурж, компанийн тамга даран баталгаажуулсан тул Скай вип констракшн ХХК-нд итгэн гэрээний үүргээ биелүүлж тухайн компанийн ажилтан Х.Батсуурийн дансанд төлбөрийг төлсөн билээ. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4.1-т ажил гүйцэтгэгчийн үүрэг, 4.1.2 дахь хэсэгт захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шижүүлнэ гэж зааж өгсөн байдаг.

1.3 “С ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй Э.А-г хохироож байна. Дээрхээс нэгтгэн үзэхэд нэхэмжлэгч Э.А нь анхнаасаа “С” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул “С” ХХК болон “Эй би ди элеватор ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж ийнхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Э.Аззаяад гаргаж өгөхийг хариуцагч “С ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагч “С ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компанийн туслан гүйцэтгэгчээр Э ХХК-ийг сонгон шалгаруулж цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Тус компани нь цахилгаан шат захиалах мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа учраас, ажил гүйцэтгэх гэрээний дагуу Эй Би ХХК-д Sky residence 2D блок барилгаас 9 ширхэг орон сууцыг шилжүүлж улмаар тус компанийн захирал С.А нь гуравдагч этгээдэд зарж борлуулсан болно.

Э ХХК-ийн захирал С.А нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд ажлын явцын талаар тодруулахад хил гааль хаалттай, бараа татан авалт удаашралтай байна би лифтийг чинь хүлээлгэн өгчихнө гэх мэт шалтаг тоочин манай компанийг залилан мэхлэсэн үйлдлийг гаргасан.

2.2 Манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж Эй Би ХХК-ийн захирал С.А-т холбогдуулан гомдол гаргаж, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Амарзаяа нь 2021 оны 12 сарын 17-ны өдрийн № 0210604548 тогтоолын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасны дагуу Э.Аззаяа гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.А-г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Скай ресидэнц 2Д хотхон,  байрны 16 давхарын 168 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “С ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 558,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.А нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул гэрээний нөгөө тал болох “С” ХХК-иас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргах эрхтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Э.А нь мөнгө төлсөн гэх боловч бодит байдал дээр хариуцагч компанид мөнгө төлөөгүй байдаг. Тодруулбал, Э.А-гийн худалдаж авсан гэх орон сууц нь хариуцагч компанийн ажлын хөлсөнд “Эй би” ХХК-д бартераар өгсөн орон сууц бөгөөд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь ажил гүйцэтгэгч компанийг төлөөлж гэрээ байгуулсан С.Алтанхуяг руу шилжсэн байдаг. Холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2 С.Алтанхуягийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохиролтой холбоотой асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм. Нэхэмжлэгчээс тус эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд үүн дээр маргадаггүй. Гэтэл шүүх үүнийг тусгаарлах зарчмын дагуу Э.А болон “С ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралтай гэж үзэхээргүй байна гэж үзсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Энэхүү эрүүгийн хэрэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай. Эрүүгийн хэрэг дээр эцсийн байдлаар хохирлын асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх бөгөөд хохирлын асуудал нь Эрүүгийн хэргийн шүүхэд эцэслэн шийдвэрлэгдсэнээр Э.Аззаяагийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

4.3 Э.Аззаяатай гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцлийг тодруулахаар гэрээн дээр гарын үсэг зурсан Б.Бямбажаргалыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Гэрээ байгуулсан гэж анхнаасаа тайлбарладаг учраас гэрээ байгуулах болсон шалтгаан, мөн хэдэн төгрөгөөр худалдсан хариуцагч компанитай болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Учир нь гэрээн дээр үнийн дүн байдаггүй. Мөн эрүүгийн хэрэгт хуулийн этгээдийг тодорхой тохиолдолд холбогдогчоор шалгадаг бөгөөд “Эй би ди элеватор” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн нь хуулийн этгээдийг холбогдогчоор татах тохиолдол нь биш учраас С.Алтанхуягт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээд гомдол, мэдээлэл гаргасан бол компанийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож түүнийг хохирогчоор тогтоон ажиллагаа явуулдаг. Гэтэл шүүх үүнийг өөрөөр тайлбарлаж хамааралгүй гэж үзэж байгаа нь буруу юм. Нэхэмжлэгч, хариуцагч, “Эй” ХХК нарын хооронд хамааралтай харилцаа үүссэн байгаатай талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчээс бодит байдлыг өөрөөр тайлбарладаг боловч нотлох баримтын хувьд хуульд өөр байгааг шүүх анхаарч үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж гэжээ.  

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1.  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт С ХХК-ийн ажилтан н.Батсуурийн дансанд 66,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг өгсөн. С ХХК шүүх хуралдаан дуусах хүртэл хугацаанд мөнгө өгсөн, авсанд маргаагүй. Иймд анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлаар гомдол гаргасан байна. Гэрч Б.Бямбажаргалыг оролцуулах хүсэлтийг хэлэлцсэн. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд Б.Бямбажаргал төлөөлж гарын үсэг зурж, Скай  ХХК-ийн тамга дарагдсан. Мөн Б.Бямбажаргал хөдөлмөрийн гэрээний дагуу одоо хүртэл Скай вип констракшн ХХК-д ажилладаг. Үүнд хариуцагч тал анхан шатны шүүхэд маргаагүй. Тус компанид Б.Бямба ажилладаг учраас хариуцлагыг компани хүлээх үүрэгтэй, татгалзлын үндэслэлийг шүүхэд гаргах байсан. Гэрчийг асуулгах болсон үндэслэл шаардлага, гэрчийн мэдээлэл зэрэгт эргэлзээ бүхий байдлаар гарсан учраас хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудсан тохиолдолд очиж мэдүүлэг өгөх үүрэгтэй учир гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэхдээ хохирогчоор Скай вип констракшн ХХК тогтоогдсон тухай баримт хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан туслан гүйцэтгэгчийн гэрээнд ямар орон сууцыг өгөх талаар байхгүй. Үнийн дүн тавьсан нь ямар орон сууцыг хэрхэн өгөх нь тодорхой бус. Түдгэлзүүлэх хүсэлтэд шүүх зөв дүгнэлт хийсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэгт хохирогчийн захиалсан байртай таарахгүй байгаа учраас тус хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч С ХХК-ийн оффис дээр очиж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Итгэж мөнгөө өгч гэрээ байгуулсан. Скай ХХК-ийг төлөөлсөн н.Батсуурийн дансанд уг мөнгө орсон. Түүнийг цааш захиран зарцуулах нь хариуцагчийн эрхийн асуудал юм. Э.А нь тодорхой хэмжээнд ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө орон сууцандаа тав тухтай амьдрах гэж байна. Иймд гомдлыг хүлээн авахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч “С ХХК холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, “Скай ресидэнс 2д хотхоны 192б байр, 16 давхарын  тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2021/01/30-1 дугаартай, орон сууц захиалан бариулах  гэрээ байгуулж, уг гэрээгээр нэг тал нь 48,97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцжээ. /ХХ 7-8/

 

3.а. Дээрх гэрээгээр талуудын хүлээсэн эрх үүрэг, гэрээний шинжээс үзвэл зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь  хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.б. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Аз нь гэрээний үүргээ биелүүлж, Хаан банкны 58520581 тоот данснаас хариуцагч С ХХК-ийн ажилтан Х.Б-ийн 54293857 тоот данс руу 66,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. 

 

Хариуцагч нь “нэхэмжлэгчээс С ХХК-ийн ажилтан Х.Б-ийн 54293857 тоот дансанд байрны төлбөр гэх гүйлгээний утгаар төлсөн 66,000,000 төгрөгийг  тус компани аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны үнийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид маргаж буй орон сууцыг ашиглалтад орсон үеэс эзэмшилд нь шилжүүлэн өгсөн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, “Скай ресидэнс 2д хотхоны 192б байр, 16 давхарын тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

4. Хариуцагч орон сууц захиалгын гэрээний 4.1.2-т ажил гүйцэтгэгч нь захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар Скай вип констракшн ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй буруутай гэж  шүүх зөв дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Аззаяаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Скай ресидэнс 2д хотхоны 192б байрны 16 давхарын 168 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Скай вип констракшн” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийн нарийвчилсан зохицуулалт байхад ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байгааг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримталсныг хассан өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч “С” ХХК-ийн “Эй” ХХК-тай цахилгаан шат нийлүүлэх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг ажлын төлбөрт барьж буй орон сууцнаас 9 орон сууц өгөхөөр тохиролцсон боловч уг ажлыг хийж гүйцэтгээгүй тус компанийн захиралд үүссэн эрүүгийн хэргийг хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Учир нь С.А-т Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор цахилгаан шат нийлүүлэх, суурилуулах, ажлыг  гүйцэтгэнэ гэж хохирогч Б.Гийгиймаад нийт 600,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Э.Аззаяа нь хариуцагч “Скай” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан, “Скай ” ХХК нь Эй” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, “Эй би” ХХК-ийн захирал С.А бусдыг залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь Э.А болон “Скай” ХХК-ийн хоорондох худалдах худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг иргэний журмаар шийдвэрлэхэд саад болохгүй юм.

 

Мөн хариуцагч “Скай ” ХХК “Эй” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд 9 ширхэг орон сууц өгснийг тус компанийн захирал С.А бусдад зарж борлуулж залилсан нь нэхэмжлэгч Э.А-д гэрээгээр тохирсон орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөхгүй байх, гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хариуцагчийн “гэрээн дээр гарын үсэг зурсан Б.Б-ыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Учир нь Б.Б-ыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх бүрэн эрхийхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй буруу биш байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 558,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ