Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00187

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13 181/ШШ2023/00187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХЧЭ ХХК 

Нэхэмжлэгч: Р.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БХТ ХХК 

Хариуцагч: З.Ц нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алданги 45,750,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О, хариуцагч БХТ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г, ХЧЭ ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Г нь З.Цтай 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүнд даацын 64 ширхэг дугуйг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь 2019 оны 06 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг баталгаажуулан биелүүлэхийн тулд нэмэлтээр гэрээ байгуулсан. /Баталгаа нь үнэ төлбөр төлсөн байдал, үлдэгдэл төлбөрийн хэмжээ 2019 оны гэрээтэй таарах ба 2020 оны 06 сарын 04-ний өдрийн гэрээний 3.3-т зааснаар хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгөх хугацаа 2019 оны 06 сарын 11-ний өдөр гэж зааснаар баталгаажина./

Өөрөөр хэлбэл анх 2019 онд ХЧЭ ХХК -ийн гүйцэтгэх захирал Р.Г болон БХТ ХХК -ийн гүйцэтгэх захирал З.Ц нар том даацын 64 ширхэг дугуй-г худалдах, худалдан авах гэрээ байгуулж, том даацыг дугуй нэг бүрийн үнийг 600,000-700,000 төгрөгийн хооронд байхаар тохиролцож, 64 ширхэг дугуйг өгсөн. 64 ширхэг дугуйны үнийг 38,780,000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч З.Ц нь төлбөрөө төлөхгүй байсан тул 2020 онд дахин нэмэлт гэрээ байгуулсан нь 2020.06.04-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ болно.

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлаваас: ХЧЭ ХХК -ийн гүйцэтгэх захирал Р.Дэлгэрцэцэгийн төрсөн дүү Р.Г төлөөллийн үндсэн дээр 2019 оны гэрээ болон 2020 оны гэрээнд гарын үсэг зурж нийлүүлсэн дугуйны төлбөрийг авах, энэ нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр батлагдана. Харин хариуцагч БХТ ХХК -ийн гүйцэтгэх захирал З.Ц нь анхны 2019 онд хийсэн гэрээний төлбөр төлөх үүргийг 2021 онд багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэлтээр бичгээр баталгаажуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 06 сарын 11-ний өдөр дугуйг хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг 2019, 2020 оны аль ч гэрээнд хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. З.Ц иргэний хувьд ч тэр нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч 2020 оны гэрээнд гарын үсэг зурсан.

Хариуцагчийн зүгээс 2020.08.25-ны өдөр 8,280,000 төгрөг төлсөн.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т Гэрээнд оруулах аливаа өөрчлөлтийг бичгээр үйлдэж хоёр тал гарын усэг зурж баталгаажуулна гэж заасны дагуу талууд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 46 минутад нэмэлт гэрээ хийж 2019 оны гэрээнд дараах нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үүнд: 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дугуй хүлээлгэн өгснийг, 2020.8.25-ны өдөр 8,280,000 төгрөг хариуцагч төлсөн болохыг, хариуцагчийн үлдэгдэл төлбөр 30,500,000 төгрөг болохыг, үлдэгдэл төлбөр 30,500,000 төгрөгийг 2021.01.25-ны өдрийн дотор төлж дуусгаагүй тохиолдолд 0,5%-ийн алданги бодохыг тус тус баталгаажуулсан. Талууд маргалдвал шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг харилцан тохиролцсон.

Өнөөдрийн байдлаар иргэн З.Ц нь БХТ ХХК -ийн гүйцэтгэх захирал бөгөөд З.Ц нь 2019 онд гэрээ байгуулах үед БХТ ХХК -ийн ганц үүсгэн байгуулагч байсан. 2020 оны байдлаар иргэн З.Ц нь БХТ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Өмнөх шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд БХТ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагчийн зүгээс үлдэгдэл 30500000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Талууд 2020 оны 10 сарын 14-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.5-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% ийн алданги төлөхөөр тохирсон. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүртэлх нийт 100 хоногийн алданги 15250000 төгрөг (30500000 төгрөгийн нэг өдрийн алданги = 152500 төгрөг)-ийг гаргуулахаар шаардсан буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар алдангийг тооцсон.

Иймд БХТ ХХК , иргэн З.Ц нараас үндсэн төлбөр 30500'000 төгрөг, алданги 15250000 төгрөг, нийт 45750000 төгрөгийг гаргуулж, Р.Г, ХЧЭ ХХК нарт олгож өгнө үүгэв.

 

Хариуцагч БХТ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би БХТ ХХК -ийг төлөөлж байгаа учраас хоёр хариуцагчийн зүгээс ерөнхий тайлбар хэлнэ. 2019 оны 06 сарын 04-ний өдөр БХТ ХХК нь ХЧЭ ХХК -тай гэрээ байгуулсан дээр маргадаггүй. Талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд гэрээний 6.4 дэх хэсэгт заасны дагуу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Тиймээс энэхүү маргаан нь Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш байна. Хэрэгт нэхэмжлэгч Р.Гт олгосон итгэмжлэл байдаг. Р.Гт 2020 оны 01 сарын 30-ны өдөр олгосон 20/03 дугаартай төлбөр барагдуулах захирлын тушаалд төлөөлөгч Р.Г нь БХТ ХХК -тай 2019 оны 06 сарын 04-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний өр болох 30,500,000 төгрөгийг барагдуулах, компанийн өмнөөс хэлцэл хийхийг зөвшөөрсөн гэж тушаасан. Мөн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн гэрээ өр төлбөр барагдуулах бүрэн төлөөлүүлэх эрх олгох тухай тушаалд 2019 оны гэрээний өрийг компанийн өмнөөс барагдуулах эрхийг олгосон буюу итгэмжлэлийн агуулгыг тайлбарлах юм бол компанийг төлөөлөөд хэлцэл хийгээрэй гэсэн атал нэхэмжлэгч Р.Г нь өөрийн нэрээр 2020 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан 2558 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Мөн иргэн Р.Г нь З.Цтай байгуулсан. Компанийг төлөөлөөд хэлцэл хийгээрэй гэсэн болохоос биш иргэний хувьд иргэн З.Цтай хэлцэл хийх эрхийг олгоогүй, эрхээсээ давуулаад гэрээ байгуулсан. Р.Гт шаардах эрхийг олгогдоогүй байна. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ биш юм. 2020 оны 10 сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл биш. 2019 оны гэрээ нь Иргэний шүүхэд хэлэлцэгдэх маргаан биш. Дугуй өгсөн, авсанд маргаан байхгүй. Дугуйны төлбөрт маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч нараас 2020.10.14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ХЧЭ ХХК -ийн Зарлагын баримт-ууд 5 ширхэг, ХЧЭ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020.01.30-ны өдрийн 20/03 дугаар Авлага барагдуулах тухай тушаал, мөн компанийн 2020.02.10-ны өдрийн 20/874 дугаар Өр барагдуулахад компанийг бүрэн төлөөлөх эрх олгох тухай албан бичиг, ХЧЭ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Р.Гийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас 2019.06.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 12.00.20 даацын дугуйн танилцуулга, үнийн санал 3 хуудас, БХТ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, З.Цын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн байна. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаш чулуун эрдэнэ ХХК, Р.Г нар нь хариуцагч БХТ ХХК , З.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алданги 45,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хаш чулуун эрдэнэ ХХК, Р.Г нар нь нийлүүлсэн хүнд даацын дугуйн үнэ 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч БХТ ХХК , З.Ц нар нь эс зөвшөөрч, 2020 оны 10 сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй, 2019 оны гэрээний маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул шүүх шийдвэрлэх боломжгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Хаш чулуун эрдэнэ ХХК нь БХТ ХХК -тай 2019.06.04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хаш чулуун эрдэнэ ХХК нь дугуй худалдах, БХТ ХХК нь дугуйны үнийг монгол төгрөгөөр төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 41-44 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

Уг гэрээний дагуу Хаш чулуун эрдэнэ ХХК нь 64 ширхэг дугуй нийлүүлж, БХТ ХХК нь дугуйны үнэ 38,780,000 төгрөг төлөхөөс 8,280,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй талаар зохигч маргаагүй.

 

2. Р.Г нь З.Цтай 2020.10.14-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр том даацыг дугуй худалдах, худалдан авах, том даацыг дугуйны үнэ болох 30,500,000 төгрөг төлөх, том даацыг дугуй 1 бүр нь 600,000-700,000 төгрөг, тоо хэмжээ 64 ширхэг, чанар сайн, төлбөрийн хэмжээ 38,780,000 төгрөг, үүнээс 8,280,000 төгрөг төлсөн, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ 5,000,000 төгрөг, хэсэгчлэн төлөх төлбөрийн хугацаа 2020-10-14-2021-01-25-ны өдөр, хэсэгчлэн төлөх төлбөрийн нөхцөл боломжоороо төлж дуусна, эд хөрөнгө хүлээлгэн өгөх хугацаа: 2019-06-11 дугуй хүлээлгэж өгсөн, хүү тооцохгүй гэж тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-6 хуудас/

2.1. Нэхэмлэгч тал нь уг гэрээг 2019.06.04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн дугуйны тоо, хэмжээ, 1 бүрийн үнэ, нийт үнэ, төлсөн төлбөрийн хэмжээ, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг баталгаажуулсан нэмэлт гэрээ гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч уг гэрээг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

2.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасны дагуу Р.Г, З.Ц нарын хооронд байгуулагдсан 2020.10.14-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г дүгнэвэл, Хаш чулуун эрдэнэ ХХК нь БХТ ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.06.04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох нийлүүлсэн дугуйны тоо, хэмжээ, 1 бүрийн үнэ, нийт үнэ, төлсөн үнийн хэмжээ, үлдэгдэл үнэ, үнийг төлөх хугацааг баталгаажуулсан нэмэлт гэрээ байна.

Иймээс Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 2020.10.14-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 2019.06.04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний эрх, үүргээс салгаж дүгнэх боломжгүй юм.

 

3. 2020.10.14-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан Р.Г нь Хаш чулуун эрдэнэ ХХК-ийг төлөөлж, уг гэрээг байгуулах эрхтэй байсан болох нь ХЧЭ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020.01.30-ны өдрийн 20/03 дугаар Авлага барагдуулах тухай тушаал, мөн компанийн 2020.02.10-ны өдрийн 20/874 дугаар Өр барагдуулахад компанийг бүрэн төлөөлөх эрх олгох тухай албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 96-97 хуудас/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үгийн шүүх хуралдаанд гаргасан Р.Гийг Хаш чулуун эрдэнэ ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэх үндэслэлээр 2020.10.14-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

3.1. З.Ц нь 2019.06.04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахад БХТ ХХК -ийн гүйцэтгэх захирал байсан байх бөгөөд нэхэмжлэгч талын З.Ц нь 2020 онд БХТ ХХК -ийн ганц үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

4. Талууд 2019.06.04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 6.4-д маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх боловч 2020 оны 10 сарын 14-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр буюу нэмэлт гэрээний 6.5-д маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх тул маргаан шийдвэрлэх харъяаллыг өөрчлөн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үгийн шүүх хуралдаанд гаргасан маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул шүүх шийдвэрлэх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид үнийг төлөх үүргийг хүлээдэг.

 

5.1. Нэхэмжлэгч Хаш чулуун эрдэнэ ХХК нь гэрээний дагуу 64 ширхэг дугуйг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Зарлагын баримт-ууд 5 ширхэг, Р.Г, З.Ц нарын байгулсан нэмэлт гэрээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 12-16, 4-6 хуудас/

 

5.2. Хариуцагч БХТ ХХК нь 64 ширхэг дугуйны үнэ 38,780,000 төгрөг төлөхөөс 8,280,000 төгрөгийг төлж, үлдэх 30,500,000 төгрөгийг төлөөгүй талаар зохигч маргаагүй.

5.3. Харицагч З.Ц нь шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, З.Ц нь 2020.10.14-ний өдрийн нэмэлт гэрээгээр БХТ ХХК -ийн үнэ төлөх үүргийг хүлээсэн тул БХТ ХХК -тай хамтран худалдах, худалдан авах гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд БХТ ХХК , З.Ц нараас 30,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Алдангийн тухайд,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд уг зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон.

 

2020 оны 10 сарын 14-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.5-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: 0,5% гэжээ.

Уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал хуульд заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Иймд талуудыг алдангийн талаар тохиролцсон буюу анзын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч тал нь алданги 15,250,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч БХТ ХХК , З.Ц нараас 30,500,000 /гучин сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЧЭ ХХК, Р.Г нарт олгож, нэхэмжлэлээс алданги 15,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ХЧЭ ХХК, Р.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,700 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХТ ХХК , З.Ц нараас 310,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЧЭ ХХК, Р.Г нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА