Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00608

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00608

 

                

Р.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02233 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Гийн хариуцагч З.Цт холбогдуулан гаргасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 45,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оролжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Гийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Р.Г миний бие З.Цтай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 64 ширхэг дугуйг худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Гэрээгээр том даацын дугуй нэг бүрийн үнийг 600,000-700,000 төгрөгийн хооронд харилцан тохиролцож, нийт 64 ширхэг дугуйг 38,780,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хариуцагчийн зүгээс 8,280,000 төгрөг төлсөн бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан. Хариуцагч З.Ц нь үлдэгдэл мөнгө болох 30,500,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 100 хоногийн алданги 15,250,000 төгрөг болсон. Иймд нийт 45,750,000 төгрөгийг З.Цаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч З.Цын хувьд “Батхаан транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компани нь уул уурхай, нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд юм. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Батхаан транс” ХХК нь “Хашчулуун Эрдэнэ” ХХК-тай нэг бүрийн үнийг нь 600,000-700,000 төгрөгөөр харилцан тохиролцож 60 орчим дугуйг худалдаж авсан. 8,280,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд “Хашчулуун-Эрдэнэ” ХХК-ий худалдагч юм билээ. З.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Батхаан транс” ХХК-ий худалдаж авсан дугуйны үнийг хувьцаа эзэмшигчийн хувиар төлөх ёстой гэдэг шахалтын үндсэн дээр энэ гэрээг хийсэн. Тухайн иргэний эрх зүйн харилцаа нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үүссэн. Үүнийг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.3.4-д тодорхой зааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Цаас 45,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Р.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            4.а. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр  хэрэгсэхгүй болгосон. Талууд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр З.Цт том даацын 64 ширхэг дугуй 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн гэж тохиролцож гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан байхад шүүхээс дур мэдэн дугуй хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэлт  гаргаж байгаад харамсаж гайхаж байна. Учир нь дугуй хүлээлгэж өгсөн бүх баримтаа шүүхэд өгсөн. Мөн 2020 оны гэрээний 3.3-т 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дугуй  хүлээлгэж өгсөн гэж талууд харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байхад шүүхээс ямар баримтыг үндэслэж дугуй хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар иргэн З.Ц нь “Батхаан транс” ХХК-ий гүйцэтгэх захирал З.Ц бөгөөд 100 хувь хувьцаа эзэмшигч болно. Аль ч тохиолдолд тухайн авсан дугуйны үүргийг хүлээх этгээд байхад шүүхээс дур мэдэн тайлбарлаж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж байгаад маш их гомдолтой байна.

4.б. Анхан шатны шүүх хуралдаан дээр маргаан бүхий үйл баримт болох 2019 оны гэрээтэй холбогдуулан хамтран хариуцагчаар “Батхаан транс” ХХК-ийг татах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргахад ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс “Хашчулуун Эрдэнэ” ХХК болон “Батхаан транс” ХХК-ийн байгуулсан 2019 оны гэрээг баталгаажуулсан боловч нэхэмжлэгчид итгэмжлэл байхгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “надад итгэмжлэл байгаа” гэж хэлээд байхад дутуу нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэнд гайхаж байна.

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Р.Г нь З.Цт холбогдуулан худалдан авсан дугуйны үнэ 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөгийн хамт нийт 45,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, З.Ц дугуй худалдан аваагүй, “Батхаан транс” ХХК худалдан авсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа нэхэмжлэлийг “Батхаан транс” ХХК хариуцах ёстой гэсний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр “Батхаан транс” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3

дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан.

 

6. Өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзэн хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж байхад “шаардлагагүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  

                                                                            Д.БЯМБАСҮРЭН