Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2022/00067/И |
Дугаар | 181/ШШ2022/01985 |
Огноо | 2022-09-07 |
Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2022/01985
2022 09 07 | 181/ШШ2022/01985
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г. М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 38,751,589 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О, М.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 38,751,589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Г.М нь М ХК-тай 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан ба даатгалын хураамж болох 1,184,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр даатгуулсан автомашинаараа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ард Могул тауны баруун зам дээр зорчиж явах үедээ осолд орж хохирол 38,751,589 төгрөг гарсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн олговор авъя гэхэд М ХК-иас татгалзсан хариу өгсөн.
Уг татгалзсан хариунд үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргатал, Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9/4264 дугаартай албан бичгээр М ХК-д хандаж даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн боловч М ХК хүлээж аваагүй. Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын байгууллагын тохируулах чиг үүрэгт хяналт тавих, даатгалын үйл ажиллагааны улмаас иргэдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Тиймдээ ч бид Санхүүгийн зохицуулах хороогоор урьдчилан шийдвэрлүүлсэн.
Даатгалын гэрээний үндсэн нөхцөлд зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ даатгалд эрсдэл учирсан байна, энэ тохиолдолд нөхөн төлбөр олгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн машин нь осолд орж хохирол учирсанд Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад нэхэмжлэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 1.3, 10.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзсэн ба үүнийг зам тээврийн осол байна гэж үзсэн.
Хариуцагчийн тайлбарлаж байгаа орц, гарцгүй газраар гарсан нь зам биш юм гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Замын цагдаагийн газраас зам биш гэж үзээгүй ба замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зам тээврийн осол гэж үзсэн. Гэрээний 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу санаатайгаар хохирол учруулсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн зам руу өгсөн явж байхад өөдөөс ирсэн машинд зам тавьж өгөх үед осол гарсан.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт замын хөдөлгөөний дүрмийг тайлбарласан байгаа. Үүнд зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурваст газрыг хэлнэ гэж заасан байдаг. Энэ нь заавал асфальттай, хучилттай замыг хэлэхгүй, тээврийн хэрэгсэл явж байвал зам гэж хуульд заагаад өгчихсөн. Фото зураг болон бичлэг дээр тухайн газраар тээврийн хэрэгсэл байнга зорчдог нь тогтоогдоно.
Гэрээний 3.1.5 дахь хэсэгт заасан хууль тогтоомжид заасан бусад үндэслэл, 3.1.9 дэх хэсэгт заасан хашлага давсан зүйл байхгүй. Мөн уул хад руу эгц гараагүй, хотхоны дээшээ зам дагуу дөнгөж өгсөөд явж байхад болсон үйл явдал юм. Хариуцагчийн зүгээс зөвхөн засмал зам дээр гарсан осолд нөхөн төлбөр олгохоор заасан мэтээр тайлбарлаж байна. Энэ тайлбар нь зам сайн хөгжөөгүй, замын нөхцөл байдал муу манай Монгол Улсад үндэслэлгүй юм. Фото зураг болон видео бичлэгнээс харахад тухайн хотхоноос дээшээ гардаг зам нь засмал зам тавигдаагүй хэдий ч байнгын автомашин зорчдог зам юм.
Тээврийн хэрэгслээ даатгуулсан зорилго нь зам тээврийн ямар ч осол гарсан тухайн ослоос хөрөнгөө хамгаалж даатгуулж байгаа юм. Даатгуулагчийн буруу байсан гэж үзэх юм бол гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг хувьчилж, багасгах боломжтойг үндэслэн энэ хэмжээний нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Эдгээр нөхцөл байдлын улмаас даатгалын компани нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд заасны дагуу зам тээврийн осол байсан учраас бүх төрлийн осолд нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлтэй.
Ийм учраас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Даатгуулагч Г.М-аас М ХК-д холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 38,751,589 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь даатгуулагч Г.М нь Хаан банк ХХК-ийн эзэмшлийн 77** ОБХ улсын дугаартай, жийп вранглер маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Богд уулын энгэр, Могул тауны баруун замд онхолдсон гэх тохиолдлын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгуулахаар баримт материалыг бүрдүүлсэн. Тухайн баримт материалыг шалган, судалж үзээд даатгалын гэрээнд заасан эрсдэл мөн эсэх, нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдалд хамаарах нөхцөл байдлыг шалгаж үзэхэд нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр шалтгаануудаас дурдвал: даатгуулагчийн явж байсан Богд уулын энгэр, Могул тауны баруун зам гэх газар нь Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл аваагүй орц, гарц байсан бөгөөд даатгуулагч тухайн орц, гарцаар дээшээ уул руу чиглэсэн өндөр, эгц, маш их чулуу, нуранги, сул шороо ихтэй газар луу өгсөж гарсан байдаг. Үүнийг нь баримтжуулан манай компаниас орой нь үзлэг хийсэн. Шөнө үзлэг хийхэд даатгуулагчийн зорчсон зам нь харагдахгүй байсан тул маргааш нь нөхөн үзлэг хийж нөхцөл байдлыг тогтоосон. Үүнээс үзэхэд даатгалын гэрээнд заасан эрсдэл учраагүй буюу даатгуулагч Даатгалын гэрээний 3.1.1 дэх хэсэгт заасан Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцөл бүрдүүлсэн, 3.1.5 дахь хэсэгт заасан Тухайн гэрээнд заагдаагүй ч хуульд нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн байвал хууль болон гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан байдаг.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт жолоочид дараах зүйлийг хориглоно. Үүнд: Тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хашлагыг тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэснээс бусад тохиолдолд давах, 1.3 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөний улмаас энэхүү осол болсон гэдэг дүгнэлтийг гаргасан. Даатгалын гэрээнд заагдсан эрсдэл нь тухайн даатгуулагч нь санамсаргүй, тооцоолоогүй байхад нь учирсан эрсдэл байдаг. Үүний дагуу даатгалын гэрээгээр эрсдэлийг хамгаалах ёстой. Гэтэл энэ үйл баримт байгаа нөхцөл байдал дээр тулгуурлан үзэхэд даатгуулагч аюул, осол бүрдэхүйц замаар зорчсон учраас даатгалын гэрээний 3.1.1, 3.1.3, 3.1.9 дэх хэсэгт заасан гэрээний нөхцөлөөр бид нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Замын хөдөлгөөний дүрэмд Замын хөдөлгөөн гэдгийг нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд нийтээрээ тухайн замаар зорчих боломжтой байсан уу? гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас замын хөдөлгөөн гэж үзэхгүй байна.
Зорчих хэсгийн хашлагыг яагаад давсан гэж үзэж байгаа вэ? гэвэл хэрэгт авагдсан баримт, гэрэл зургуудаас харахад тухайн зорчиж байсан газар нь зөвшөөрөлгүй орц, гарцтай буюу усны шуудуу, ус зайлуулах далан маягийн бетон тавьсан гарц байсан. Энэ гармаар гараад дээшээ баруун тал руу эгц өөд өгсөж явсан үйл баримт байдаг. Иймээс дээрх нотлох баримтуудыг үндэслээд даатгагч талаас нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн ба энэ талаар шүүхэд тайлбар гаргасан байгаа.
Бид даатгалын гэрээг даатгуулагчийн эрсдэлийг хамгаалах гэж хийж байгаа боловч зарим тохиолдолд даатгуулагчийн өөрийн буруутай, тухайн орчин нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэдгийг гэрээнд болоод Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт заасны дагуу даатгалын компани нь тохиолдол болгон дээр нөхөн төлбөр олгох үүрэггүй хэмээн хуульчлаад өгчихсөн. Энэ хуульд нийцүүлэн даатгалын гэрээг боловсруулаад Санхүүгийн зохицуулах хорооноос тусгайлан зөвшөөрөл авсны дагуу зах зээлд борлуулаад гэрчилгээнүүд авдаг.
Нэхэмжлэгч тал өөдөөс ирсэн машинд зам тавьж өгсөн гэж тайлбарлаж байна. Замын хөдөлгөөний дүрмэнд өгсөж яваа машин зам тавьж өгөх үүрэггүй, харин уруудаж яваа машин зам тавьж өгөх үүрэгтэй байдаг. Зорчих хэсгийн хашлага гэдэг дээр хоёр төрлийн зүйлийг ярьж болно. Нэгдүгээрт, асфальтан замаас шороон зам руу шуудуун дээгүүр давж гарч байгааг ойлгож болно. Хоёрдугаарт, шороон зорчих хэсгийн баруун тал руу шахаж тээврийн хэрэгслээ өнгөрүүлсэн юм бол буцаад яагаад зүүн дараад зорчих хэсэг рүү орж болоогүй юм бэ? Бичлэг дээр харагдаж байгаа зорчих хэсгийн шороон хэсгээс маш огцом 70 орчим градусын эгц уул руу мацсанаас машин тогтворжилтоо алдаад зүүн талаараа унасан гэж харагдаж байгаа юм. Шороон зорчих хэсэг бол антен руу чиглэсэн зам байсан.
Даатгуулагчийн унаж явсан жийп вранглер маркийн машины хөдөлгүүрийн хүч нь 2,5 турба хөдөлгүүртэй, 270 морины хүчин чадалтай, 1,5 тонн даацтай онцлогтой машин юм. Даатгуулагчтай хамт зорчиж явсан Н.Б гэх хүн нь бидний зорчиж явсан машин уул руу ямар ч саадгүй зорчиж байсан, бид салхилах зорилготой гарсан гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл тэр газарт Мобикомын антенн, Юнителийн антенн, сүлжээний антенн л байсан. Замын цагдаагийн ослын дүгнэлтэд уул руу өгсөөд жалга, том том чулуу, нурангитай зөвшөөрөлгүй орц гарцаар гарсан гэдэг баримт гарсан.
Даатгалд бүх төрлийн эрсдэл орно гэж заасан боловч даатгуулагчийн буруутай үйлдэл байх юм бол нөхөн төлбөр олгохгүй гэж хууль болон гэрээнд заасан байдаг. Энэ үндэслэлээр даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 351,707 төгрөг төлсөн баримт, Зээлийн гэрээний хуулбар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, М ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21/110* тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9/426* тоот албан бичгийн хуулбар, М ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21/129* тоот албан бичгийн хуулбар, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Вендо ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, тээврийн хэрэгслийн гэрэл зураг, Jeep засвар үйлчилгээний үнийн санал, Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар, мэдүүлгийн маягт, Г.М-ын Хаан банкны 51150902** тоот дансны хуулга, Зөрчлийн хэргийн материал зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар, Автозамын хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/18** тоот албан бичгийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс 21100015** дугаартай Зөрчлийн хэргийн баримтыг нотлох баримтаар гаргуулан, Н.Б-аас гэрчийн мэдүүлэг авч, ослын үеийн 3 бичлэг, нөхөн үзлэг хийсэн 2 бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.
/Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудсанд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9/42** тоот албан бичгийн хуулбар, М ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21/12** тоот албан бичгийн хуулбар, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 32-34 дүгээр хуудсанд авагдсан Засвар үйлчилгээний үнийн санал гэх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно./
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М ХК-тай байгуулсан даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол үүсч, даатгалын зүйлд хохирол учирсан тул гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 38,751,589 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцлийг бүрдүүлсэн, зөвшөөрөлгүй орц, гарцаар нэвтэрч, нийтийн хэрэгцээний бус замаар зорчсон, зорчих хэсгийн хашлага давсан, тээврийн хэрэгслийг уул усанд найдвартай эсэхийг, туулах чадварыг туршсан буюу зорчих хэсэггүй хад, чулуутай газраар явснаас осол гарсан гэх үндэслэлээр Даатгалын гэрээний 3.1.1, 3.1.3, 3.1.9 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Г.М хариуцагч М ХК-тай 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, 205115042050200*** тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, Хаан банкны өмчлөлийн, өөрийн эзэмшлийн 77-** УБХ улсын дугаартай, Jeep wrangler rubicon маркийн автомашиныг 148,000,000 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамж 1,184,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн жил бүр төлөхөөр, М ХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээж, нэхэмжлэгч Г.М нь даатгалын хураамжид 1,184,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр тогтоогдож байна. /хх53-54, 64, 129/
Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гэрээнд даатгалын гэрээний гол нөхцөлийг бүрэн тусгасан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт заасан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байна.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалтад зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол, байгалийн эрсдэл, тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн эрсдэл, зориулалтын зогсоол, гараашид байх үеийн сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, уг чийгийн нөлөөлөл, жолоо шилжүүлсэн үеийн эрсдэлүүдийг тооцохоор тохиролцсон байна.
4.2. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Г.М нь даатгагдсан тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн зам, Богд уулын энгэрт Могул тауны баруун замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас даатгалын зүйл болох 77-** УБХ улсын дугаартай, Jeep wrangler rubicon маркийн тээврийн хэрэгсэлд 38,751,589 төгрөгийн хохирол учирсан болох нь Г.Мрт холбогдох 21100015** дугаартай зөрчлийн материалд авагдсан баримт, Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх115-165, 22/
Иймд даатгуулагч Г.М нь хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
5. Зохигчид даатгалын гэрээ байгуулагдсан эсэх болон түүний хүчин төгөлдөр байдал, даатгалын зүйлийн эзэмшигч, өмчлөгч, даатгалын хураамж төлөгдсөн эсэх болон даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээ зэрэгт маргаагүй.
Харин даатгалын гэрээнд заасан эрсдэл мөн эсэх, даатгуулагч даатгалын зүйлд санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцлийг бүрдүүлсэн эсэх нь маргааны зүй байна.
6. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн зам, Богд уулын энгэрт Могул тауны баруун замд Жийп вангроуд маркийн 77-** УБХ улсын дугаартай автомашины жолооч нь замын хажуу руу онхолдож бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг зөрчлийн хэрэг нээн шалгаад Г.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биерэ шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана, 12.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. /хх121, 160/
Хариуцагчаас дээрх осол гарах болсон шалтгаан нөхцлийг даатгуулагч Г.М зөвшөөрөлгүй орц, гарцаар нэвтэрч, нийтийн хэрэгцээний бус замаар зорчиж, даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэхүү үндэслэлээ нотлохоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/18** тоот албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг албан бичгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн зам, Богд уулын энгэрт Могул тауны хажууд холбооны антен руу чиглэсэн зорчих хэсгээс гарах бетонон хавтант орц гарц нь зөвшөөрөлгүй орц гарц болохыг тодорхойлжээ. /хх65/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; гэж, 3.1.5 дахь хэсэгт "замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ. гэж, мөн хуулийн 3.1.7 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан гэрэл зураг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн тэмдэглэлээр даатгуулагч Г.М-ын зорчиж явсан хэсэг нь зам гэх ойлголтод хамаарахаар байна.
Түүнчлэн, гэрч Н.Б-ын ...Г.М бид 2 уулзаад Могул тауны ойролцоо салхилаад явж байхад урдаас машин ирээд зам тавьж өгөх гээд замаасаа гараад буцаад зам руугаа орох гэхэд осол болсон... гэх мэдүүлгээс дүгнэхэд даатгуулагч Г.М-ыг тухайн тээврийн хэрэгслийг уул, усанд найдвартай эсэхийг эсвэл туулах чадварыг туршсан гэж шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч Г.М-ыг тээврийн хэрэгсэл зорчдог зурвас хэсэг буюу зам дээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргасан нь тогтоогдсон тул Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэх үндсэн эрсдэлд дээрх осол хамаарна гэж үзэв.
Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан эд хөрөнгөнд хохирол учирч, даатгалын тохиолдол бий болсон байх тул хариуцагч М ХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгох үүрэгтэй.
Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд 38,751,589 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №356894332/ДД№208487*** тоот Авто машин техникийн үнэлгээний тайлан-гаар, тогтоогдож байна. /хх22/
Даатгалын гэрээний 2.11 дэх хэсэгт Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80% /хэрэв өөрийн хүлээх хариуцлага байхгүй гэсэн нэмэлт эрсдэлийг сонгосон тохиолдолд 100%/-иар тооцож, бусад тохиолдолд 100%-иар нөхөн төлбөр олгоно гэж заажээ.
Дээрх осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хэрэгт авагдсан Шийтгэлийн хуудас-аар тогтоогдсон тул Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.11 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 80%-иар тооцож, 31,001,271 төгрөгийг хариуцагч М ХК-иас гаргуулан даатгуулагч Г.М-т олгох нь зүйтэй.
7. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 312,956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХК-иас 31,001,271 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,750,318 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас 312,956 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ