Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/04356

 

2022 10 20 101/ШШ2022/04356

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Х- ХХК ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- О.-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 313,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэнгэнбаяр,

Хариуцагч Т.Отгонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Кимганг уул ХХК нь Т.Отгонжаргалд холбогдуулан барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150.000 төгрөг, хүү 18.000 төгрөг, алданги 75.000, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 313.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 06 сарын 27-ны өдөр хариуцагч нь монетон ээмгийг барьцаанд тавьж, 150,000 төгрөг зээлсэн. Ингэж барьцаалахдаа барьцаалан зээлдүүлэх гэрээ хийсэн. Эрдэнэ хотын 3 дугаар микрт амьдардаг гэж хаягаа бүртгүүлсэн боловч тухайн хаягт амьдраагүй, Баянзүрх дүүрэгт амьдардаг болж таарсан. Мөн барьцаалсан ээмэг нь хуурамч байсан. Зээлийн гэрээн дээрх гарын үсгийг бид хариуцагчийн гарын үсэг мөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компаний захирал нь зээл авсан хүн мөн гэж хариуцагчийг таньж байгаа. Бид энэ хүнийг эрэн сурвалжлуулснаар Улаанбаатар хотын хаягийг олж тогтоосон гэж тайлбарласан.

 

Хариуцагч хариу тайлбартаа би Эрдэнэтэд өнөөдрийг хүртэл очиж үзээгүй, энэ нэхэж байгаа мөнгийг би аваагүй учраас төлж чадахгүй. Миний бичиг баримтыг харж байгаад зээл олгосон юм бол иргэний үнэмлэх дээрх хаягийг бичиж авах ёстой байсан, Би яг энэ цаг хугацаанд ашигласан Хаан банкны картын байршлаа тодруулах гэтэл картын хугацаа дууссан тул байршлыг тогтоох боломжгүй гэж банк хэлсэн. Манай хүүгийн аавынх нь дүү тэр үед Эрдэнэт хотод байсан, би одоо ч Эрдэнэт хотод очиж үзээгүй, миний иргэний үнэмлэхийг харж байгаад тулгаж байгаа хэрнээ миний үнэмлэхэд бичигдсэн байсан хаягийг бичиж аваагүй байсан. Камерын бичлэгээ нотлох баримт болгож өгөхгүй байгаа. Нэхэмжлэгч намайг утсаар их доромжилсон. Би аваагүй учраас энэ мөнгийг өгөхгүй. Нэхэмжлэгч намайг эрэн сурвалжлуулснаас болж би гадагшаа гарах гэтэл эрэн сурвалжилж байгаа хүн гээд чадаагүй. Энэ хэргээс болж надад их хүндрэлтэй байна. Би буцаагаад нэр төрөө хамгаалахаар гомдол гаргана. Зээл аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Нотлох баримтын тухайд

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ж.Сайнбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Кимганг уул ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, тус компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хх-6/, компанийг үүсгэн байгуулах шийдвэр /хх-7/, компаний дүрэм /хх-8-9/, 2020-06-27-ны өдрийн барьцаалан зээлдүүлэх зээлийн 4154 дугаартай гэрээ /хх-11/, ******* дахь цагдаагийн газрын 2021 оны 39/05-1507 дугаартай албан бичиг /хх-12/, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 18118 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-15-16/, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 21-ний өдрийн 00134 дугаартай шийдвэр /хх-17-18/, өмгөөлөгчөөр З.Цэнгэнбаярыг оролцуулах тухай хүсэлт /хх-152/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-219/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагчийн хариу тайлбар /хх-24/, хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт /хх-25/, хариуцагчийн Кибернетик ББСБ-тай 2020-06-29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-42-45/, Баянгол дүүргийн 21-р хорооны засаг даргын 2022-6-7-ны өдрийн горькийн 21-11-275 тоотод Т.Отгонжаргал түр оршин суудаг тухай тодорхойлолт /хх-149/, Хаан банкны 5373 0269 26 дугаартай дансны хуулга /хх-169-178/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1731 дугаартай дүгнэлт /хх-30-38/, нэхэмжлэгч талын хүсэлтээр Юнител ХХК-иас 89388611 дугаар 2020-06-23-2020-10-30 хугацаанд Төмөрбатын Отгонжаргалын нэр дээр бүртгэлтэй байсан тухай албан бичиг /хх-126/, Баянзүрх дүүргийн 8-р хорооны засаг даргын Т.Отгонжаргал ХТ-10-110А тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай тодорхойлолт /хх-128-130/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Отгонжаргалын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-186-189/, Кибернетик ББСБ-н 2020-06-29-ний өдрийн зээлийн гэрээ /хх-204-206/, түрээслэгчийн мэдээллийн хуудас 2020-06-29-ний өдрийн огноотой /хх-207-209/, Т.Отгонжаргалын Кибернетик ББСБ ХХК-д гаргасан зээл хүссэн өргөдөл /хх-210/, 2020-06-29-ний өдрийн огноотой Т.Отгонжаргалын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-211/, 2020-06-29-ний өдрийн 03:18-ны байдлаарх монгол банкны зээлийн мэдээллийн сангийн Т.Отгонжаргалын лавлагаа /хх-212/, Т.Отгонжаргалын Хан-уул дүүрэг, 2-р хороо, нэхмэл 2-р байрны 16 тоотод гэж бүртгүүлсэн иргэний үнэмлэх хуулбар /хх-213/, Т.Отгонжаргал Sain computers гэсэн баримт /хх-214/, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт /хх-215/, Sain computers баталгаат засвар үйлчилгээний хуудас /хх-216/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Хавтаст хэргийн хх-10, 13-14-р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Кимганг уул ХХК нь Т.Отгонжаргалд холбогдуулан барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150.000 төгрөг, хүү 18.000 төгрөг, алданги 75.000, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 313.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн барьцаалан зээлдүүлэх гэрээг хариуцагч Отгонжаргал хийсэн гэж үзэж байгаа, ингэж барьцаалан зээлдүүлэх гэрээ хийхдээ Эрдэнэ хотын 3 дугаар микрод амьдардаг гэж хаягаа бүртгүүлсэн боловч эрэн сурвалжлаад хайхад Баянзүрх дүүрэгт амьдардаг болж таарсан, барьцаалсан ээмэг нь хуурамч байсан гэж тодорхойлсон.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ би Эрдэнэтэд очиж үзээгүй, энэ мөнгийг зээлж аваагүй, миний иргэний үнэмлэхийг харж байгаад тулгаж байгаад гэсэн хэрнээ миний үнэмлэхэд бичигдсэн байсан хаягийг бичиж аваагүй байсан, миний хүүгийн аавынх нь дүү тэр үед Эрдэнэт хотод байсан, би энэ мөнгийг аваагүй учраас төлөхгүй, ломбардны газар байж камерын бичлэгээ ч нотлох баримт болгож өгөхгүй байгаа. Нэхэмжлэгч намайг утсаар их доромжилсон, мөн намайг эрэн сурвалжилсантай холбоотой намайг гадаад гарах гэтэл эрэн сурвалжилж байгаа хүн гээд би явж чадаагүй. Энэ хэргээс болж надад их хүндрэлтэй байгаа учраас би буцаагаад нэр төрөө хамгаалахаар гомдол гаргана. Зээл аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж, маргасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн барьцаалан зээлдүүлэх гэрээний үүрэг гэж тодорхойлсон шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн ломбарданы газраар үйлчлүүлээгүй, Эрдэнэт хотод очиж байгаагүй, уг мөнгийг хүлээж аваагүй гэж маргасан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцлийн улмаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн барьцаалан зээлдүүлэх зээлийн 4154 дугаартай гэрээнд 150,000 төгрөгийг 30 хоног хугацаатай, 18,000 төгрөгийн хүүтэй, монетан ээмэг 2,6 гр-г барьцаалсан талаар дурдаж, үйлчлүүлэгч Отгоо гэж бичигдсэн байна /хх-11/.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 4154 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээ-ний агуулгад нийцэж байх боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан.

 

Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Тиймээс гэрээ, хэлцэлд оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх учиртай.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч эс зөвшөөрч дээрх гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээж аваагүй гэж маргаж, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ болгосон 4154 дугаартай зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг /хх-25/ шүүх хангаснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1731 дугаартай дүгнэлтэд ...шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4154 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ гэсэн баримтын доод хэсэгт үйлчлүүлэгч гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.Отгонжаргалын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй... байна гэжээ /хх-30-32/.

 

Хариуцагчийн татгалзалын үндэслэлээ нотлохоор гаргасан хүсэлтийн дагуу томилогдсон дээрх шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч тал 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр танилцсан байх боловч уг шинжээчийн дүгнэлттэй маргаагүй /хх-131/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Тиймээс нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 4154 дугаартай гэрээнд Төмөрбат Отгонжаргал, утас 89388611, гэрийн хаяг 5-3-72 гэж бичсэн байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн агуулгад ...паспортыг нь авч яг нүүртэй нь тулгаж бичиж авсан болно, паспорт нь хотын хаягтай байсан ба Баянзүрх дүүрэг, 8-р хороо, холбоо толгой 10-110а тоот хаягт байсан... гэж дурьдажээ.

 

Гэтэл хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтууд болох Юнител ХХК-ийн 2022-04-18-ны өдрийн албан бичигт 89388611 дугаар 2020-06-23-2020-10-30-ны хугацаанд Т.Отгонжаргалын нэр дээр бүртгэлтэй байсан... талаар /хх-126/, Баянзүрх дүүргийн 8-р хорооны засаг даргын 2022-04-15-ны өдрийн тодорхойлолтод Т.Отгонжаргал нь хт-10-110а тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хашаа нь хоосон байдаг талаар /хх-128/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022-06-15-ны өдрийн албан бичигт хавсаргаж ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Т.Отгонжаргал нь Баянзүрх дүүрэг, 8-р хороо, холбоо толгой 10-р гудамж 110а тоот гэж /хх-187/, Т.Отгонжаргалын иргэний үнэмлэхний лавлагаанд 2015-10-07-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаягийг Хан-Уул дүүрэг, 2-р хороо, нэхмэл 2-р байрны 16 тоот гэж, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацааг 2033-02-08-ны өдөр гэж /хх-189/, 2019-12-09-ний өдөр олгосон иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаягийг Хан-Уул дүүрэг, 2-р хороо, нэхмэл 2-р байрны 16 тоот гэж, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацааг 2033-02-08-ны өдөр гэж /хх-188/ тус тус бичигдсэн байна.

 

Түүнчлэн Кибернетик ББСБ ХХК-иас ирүүлсэн 2020-06-29-ний өдрийн зээлийн гэрээнд зээлдэгчийн гарын үсэг хэсэгт Отгонжаргал гэж бичигдсэн, утас нь 88720184 гэж бичигдсэн /хх-204-206/, зээл хүссэн өргөдөл болон анкетад Отгонжаргал гэж гарын үсэг зурагдаж, 88720184 дугаарын утас бичигдэж /хх-210, 208/, 2020-06-29-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороогоор байх /хх-211/ тул нэхэмжлэгчийн гаргасан ...паспортын хаяг нь Баянзүрх дүүрэг, 8-р хороо, холбоо толгой 10-110а тоотоор байсан гэж тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчаар татагдсан иргэний гарын үсэгтэй тохирохгүй талаарх шинжээчийн дүгнэлт гарч, хэргийн оролцогчийн хүсэлт, шүүхийн зүгээс дээрх нотлох баримтуудыг бүрдүүлсэн боловч зохигчоос хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон ямар нэгэн хүсэлт гаргаагүй, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхээр мөн хүсэлт гаргаагүй болно.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Т.Отгонжаргал гарын үсэг зурсан гэж үзэх, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 150,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Кимканг уул ХХК-ийн хариуцагч Т.Отгонжаргалд холбогдуулан гаргасан 313,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 2021 оны 03-р сард төлсөн 10,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Отгонжаргалаас 313,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Кимканг Уул ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ