Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00107

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00107

 

 

 

КУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/02691 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч КУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 313,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.С, түүний өмгөөлөгч А.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

1.Нэхэмжлэгч КУ ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: Т.О нь КУ ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,6 грамм монетон ээмэг барьцаалан 150,000 төгрөг зээлсэн. Би түүний иргэний үнэмлэхийг нь царайтай нь тулгаж харж, зээл олгосон бөгөөд тэрээр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, холбоо толгой хаягт бүртгэлтэй байсан. Би түүнээс хаягийг нь тодруулж асуухад Эрдэнэт хотод шилжилж ирсэн,  тоот хаягт амьдардаг шилжүүлэгийн хуудсаа мартсан байна гэсэн. Ингээд ээмэгт бодис түрхэн 3 хоногийн шалгахад өнгө нь цайрсан хуурамч ээмэг байсан. Би түүний гэрийн хаягаар очиход Т.Отгонжаргал гэх хүн амьдардаггүй, гар утас нь холбогдох боломжгүй болсон.

Иймд харицагчаас 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 150,000 төгрөг, алданги 75,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 313,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Миний бие Орхон аймагт очиж үзээгүй. КУ ХХК-тай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулаагүй байхад надаас төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О-с 313,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч КУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,046 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд барьцаалан зээлдэх гэрээний дагуу нэхэмжлэгч КУ ХХК 150,000 төгрөгийг зээлж, хариуцагч Т.О нь монетон ээмэг барьцаалсан байхад нэхэмжлэгчийг мөнгө өгснөө нотлоогүй учраас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлттэй маргаагүй тул уг дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг зураагүй гэх тайлбар нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгч А.Гантуяа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үеэр нэхэмжлэгч талаас хариуцагч Т.О нь энэ үйлдэлдээ Отгоо гэж хагас бичсэн байна. Бусад зээлийн гэрээнд нэрээ Т.О гэж бүтэн бичсэнийг нь хэлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг биш болох нь нотлогдож байна гэх дүгнэлтийг гаргасан.

Мөн шүүгч хариуцагчаас чиний иргэний үнэмлэхийг ашиглахаар хүн байгаа юу гэж асуухад манай нөхрийн талын дүү нар тиймэрхүү заль мэхтэй хүмүүс байдаг гэж хэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч давж заалдах гомдолд холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан тайлбарын агуулга: Миний бие Орхон-Уул аймаг дах уг барьцаалан зээлдүүлэх газартай 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,6 грамм хуурамч монетон ээмэг барьцаалан 150,000 төгрөгийг зээл аваагүй. Мөн би Орхон-Уул аймагт очиж үзээгүй. Энэ хэрэг явдал болсон өдөр би Улаанбаатар хотод байсан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд Т.О нь нэрээ зориуд хагаслаж Отгоо хэмээн бичсэн гэж үзэж байгаа нь намайг үндэслэлгүйгээр гүтгэж байна. Би аливаа бичиг баримтад өөрийн бүртгэлтэй баталгаат гарын үсэг зурдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурсан гарын үсэг нь минийх биш болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

з

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч КУ ХХК нь хариуцагч Т.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 313,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, би зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлээгүй гэх үндэслэл заан маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг явуулаагүй хэргийг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч КУ ХХК-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргах үүргийг, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч КУ ХХК-аас өмгөөлөгч А.Гантуяад хуулийн этгээдийг бүрэн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр олгоогүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Гантуяад эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан ажиллагааг нэхэмжлэгчийн эрхийг хангасан гэж үзэх боломжгүй.

Мөн хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон, уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулаагүй байгаа нь түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцуулах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг залруулж, нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Нэхэмжлэгчийн давж гомдолд заагдсан үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй, энэ талаар дүгнэлт гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/02691 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД