Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04320

 

2022 10 18 101/ШШ2022/04320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Р ХХК-д холбогдох,

гэрээний үүрэгт 259,789,404 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, М.Амгалан, С.Батцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Очир төв зам ХХК нь Рояал стоун роуд ХХК-нд холбогдуулан бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 173,192,936 төгрөг, гэрээний алдангид 86,596,468 төгрөг, нийт 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талууд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан, тус гэрээний 1.1-т заасны дагуу хариуцагч Рояал стоун рөүд ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах Очир төв зам ХХК-ийн кемпэд гэрээний 1.2-т заасан марк, үнэ, хэмжээ бүхий цементийг нийлүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Гэрээний 1.5-д баталгаат хугацаа, 2 дугаар зүйлийн 3 дугаар догол мөр дээр худалдан авагч нь захиалга өгсний дагуу урьдчилгаа төлбөрийг төлж 5 хоногийн дотор түүнд тохирох барааг ажлын талбайд хүлээн авах, Рояал стоун рөүд ХХК хүлээлгэж өгөх ёстой гэдгийг тодорхойлсон. Гэрээний 4 дүгээр зүйлд бэлтгэн нийлүүлэгч захиалсан барааг захиалсан хугацаанд худалдан авагчийн Ханбогд суманд байрлах кемпэд шууд тээвэрлэж нийлүүлэхээр тохиролцсон.

Талуудын тохиролцооны явцад 2016 онд тодорхой хэмжээний төлбөр мөнгөний харилцаа явагдаж тодорхой хэмжээгээр цементийг хүлээн аваад үйл ажиллагаандаа зарцуулаад ашиглаад явж байсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд тооцоо нийлж шилжүүлсэн мөнгөн дүн буюу төлбөр тооцоог 173,192,936 төгрөгөөр тохиролцож баталгаажуулж, уг төлбөрт 1160 тонн цемент нийлүүлэхээр тохиролцсон. Талууд 2017 оны 04 дүгээр сард хоорондоо харилцан бичиг солилцоод цементээ нийлүүлж, өгөх авах талаар ярилцсан байдаг. Рояал стоун рөүд ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хугацаанд ямар нэгэн байдлаар цемент нийлүүлээгүй, төлбөрийн үлдэгдэл, авлага байгааг баталгаажуулсан. Үүнээс хойш цементийг гэрээнд заасан нийлүүлэх ёстой газар нийлүүлээгүй учраас Очир төв зам ХХК гэрээг цуцалж, төлбөр тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу тохиролцсон 173,192,936 төгрөг, хугацаандаа нийлүүлээгүйтэй холбогдуулан 86,596,468 төгрөгийн алданги тооцсон, 173,192,936 төгрөг нь тусдаа гэрээний дүн биш, тооцоо нийлсэн актын үлдэгдэл төлбөр учраас үүнээс алданги тооцсон гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ 2016 оны 03 дугаар сард 12,000 тонн цемент нийлүүлэх гэрээ хийсэн, 12,000 тонн цемент авна гэдэг утгаар зах зээлийн ханшаас 30 хувиар хямд үнээр тохиролцоо хийгдсэн. Очир төв зам ХХК нь гэрээний дагуу цементийг Ханбогд сумын талбайд буулгаж өгөх ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл бид цементээ БНХАУ-ын цементийн компаниас хилийн боомт дээр татан төвлөрүүлдэг, буулгах газар нь нүдээр харагдаж байдаг газар ч хилийн тусгай бүс, Оюутолгой ХХК-тай Очир төв зам ХХК гэрээтэй ажиллаж, зам барьж байсан, манай компани бол ханган нийлүүлэгч компани, Оюутолгой ХХК-ийн цемент буулгадаг талбай нь тусгай, хөдөлмөр аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан кранисттай байдаг, жишээ нь 50 кг шуудайтай цементийг буулгахад 1 хүн өргөж болдоггүй, Оюутолгой ХХК-иас эхний ээлжинд юу шаарддаг вэ гэхээр цемент буулгах талбайдаа подан тавиад талбайгаа бэлддэг, түүнийх нь дагуу нэг машинист ажиллахдаа 2-оос дээш цаг ажилладаггүй, Оюутолгой ХХК-ийн шаардлага их нарийн, тусгай объекттой газар байдаг, жирийн газар байсан бол бид цементийг авчираад буулгах боломжтой байсан. Оюутолгой ХХК-иас зөвшөөрөл олгож байж нэлээн нарийн шаардлагатай талбай руу оруулж өгдөг, хил дээр цементийг төвлөрүүлчихээд байхад 2016 оны 07 дугаар сараас хойш Очир төв зам ХХК-ийн зүгээс манай компанид дэвсэгч машин байхгүй байна, каранист байхгүй байна гээд бас бус баахан шалтгаан хэлээд хүлээж авах боломжгүй байна гэдэг тайлбар өгдөг.

Тухайн үед манай компанийн Очир төв зам ХХК-тай байгуулсан гэрээг хариуцаж байсан менежерүүд тухай бүрт нь утсаар холбогдож өдөр болгон ажиллаж байсан. Бид 2016 оны 08 дугаар сараас цементээ аваач гэж шаардаад болоогүй учраас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан тоот хүргүүлсэн байдаг, гэрээний 4-т зааснаар цементийг урьдчилгаа төлбөр шилжсэнээс хойш ажлын 5 хоногт бид 3 сарын баталгаатай цементийг оруулж ирэх үүрэгтэй. Бид үүнийхээ дагуу цементээ бэлдээд оруулаад ирье гэхээр Очир төв зам ХХК-иас шалтгаалсан манай цементийг хүлээж аваагүй.

Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ хийсэн үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт хийж өгсөн байдаг, татвар, тайлан гарахтай холбоотойгоор тооцоо нийлээд Очир төв зам ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай гэдэг байдлаар явж байсан. 3.25 маркийн цементийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжгүй, Оюутолгой ХХК-ийн хэд хэдэн лабораторын шинжилгээгээр шалгагдаад тэнцсэн цементийг бид нийлүүлж оруулж ирдэг, мөн Очир төв зам ХХК-д зориулаад үйлдвэрлэгчтэй яриад 50 юаны урьдчилгаа байршуулж 1 тонн цементийн уут захиалсан, Очир төв зам ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бид БНХАУ-ын компанитай 12,000 тонн цементийн гэрээ байгуулж, 1 тонны уутыг бэлтгэж савлахын тулд тухайн үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлгэсэн.

Гэтэл Очир төв зам ХХК-ийн зүгээс 2016 оны 10 дугаар сард манай компанийн ажил энэ жилдээ зогсохоор боллоо, та бүхэн хавар 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цементээ хадгалж өгөөч гэдэг хүсэлтийг тавихад манай зүгээс хадгалалтын хугацаа, хадгалах агуулахын төлбөр, юанийн ханшны зөрүүний асуудал яригдана гэхэд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил эхлэхээр дараа дараагийнхаа нэмэлт ажлуудад оруулна гэж хэлсэн. Үүний дагуу 2017 оны 03 дугаар сарын эхээр Б.Даваасүрэн намайг болон төлөөлөгч М.Амгалан бид хоёрыг Очир төв зам ХХК-ийн төв байранд Очир төв зам ХХК-аас захирал Цэгмэд, хуульч Баатарзол, гүйцэтгэх захирал Баярмаа гэдэг 3 хүн хүлээн авч уулзаад бид цемент авах боломжүй болчихлоо, та нар бидний мөнгийг өгөөч гэдэг асуудал тавьсан.

Бид 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр гэрээнийхээ дагуу бэлтгэн нийлүүлсэн цементийг та бүхэн яаралтай 2017 оны 03 дугаар сардаа багтаан хүлээж аваач, авахгүй бол хадгалах хугацаа дууслаа, цемент чулуу болчихлоо гэж мэдэгдсэн, ийм байдлаар 2017 оны 05, 06 дугаар сард адилхан утгатай албан бичиг өгсөн, нэг ч хариу өгөөгүй. Очир төв зам ХХК-ийн зүгээс дараа нь шүүхийн байгууллагад хэрэг болно гэдэг утгаар цементээ авъя гэдэг хариуг албан бичгээр манайд өгсөн, үүний дагуу бидний зүгээс Оюутолгой ХХК танай Очир төв зам ХХК-иас гэрээ цуцалсны дагуу энэ асуудал үүсчихлээ, хамтраад Оюутолгой ХХК-иас нэхэмжлээд мөнгөө авъя гэдэг саналыг тавьсан. компанитай гэрээ цуцалсны үндсэн дээр ийм асуудал үүсчихлээ, мөнгөө авъя гэдэг саналыг тавьсан. Энэ бүхэн юугаар нотлогдож байгаа вэ гэхээр Рояал стоун рөүд ХХК-иас 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03, 05, 06 дугаар сард өгсөн албан бичгүүдэд бүх нөхцөл байдлуудыг тодорхой дурдаж албан бичиг явуулсан, ямар нэгэн хариу ирээгүй.

Очир төв зам ХХК-ийн хуульч Баатарзол Рояал стоун рөүд ХХК-ийг цагдаад өгсөн, эрүүгийн хэргийн материал дотор өгсөн мэдүүлэг байгаа, Баатарзол өөрөө тодорхой ярьсан байдаг, танайх яагаад цементээ аваагүй юм бэ гэж байцаагч асуухад манай гэрээг Оюутолгой ХХК цуцалчихсан гэж Баатарзол мэдүүлсэн. Оюутолгой ХХК нь Очир төв зам ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан гэдгийг Очир төв зам ХХК 2016 оны 08 дугаар сард мэдэж байсан байдаг. Оюутолгой ХХК гэрээгээ цуцалсан учраас цемент нийлүүлэх боломжгүй болчихсон учраас Рояал стоун рөүд ХХК-иас мөнгөө авна гэдэг шаардлагыг тавьсан гэсэн мэдүүлэг Баатарзолын мэдүүлэгт тодорхой байдаг.

Рояал стоун рөүд ХХК-ийн зүгээс танайхыг цементээ ав гэсэн юм байна, Рояал стоун рөүд ХХК бэлэн болчихсон юм уу, Рояал стоун рөүд ХХК-иас цементээ ав, хүргэж өг гэдэг шаардлагуудыг тавьж байсан нь үнэн юм уу гэхэд үнэн, Рояал стоун рөүд ХХК цементээ ав гэсэн шаардлагуудыг удаа дараа тавьсан, Оюутолгой ХХК гэрээ цуцалсан учраас цемент хэрэглэх шаардлагагүй гэсэн тайлбар мэдүүлгээ цагдаагийн байцаагчид өгсөн.

Мөн Очир төв зам ХХК-ийн захирал, хуульч Баатарзол, гүйцэтгэх захирал Баярмаа нартай хариуцагч талын төлөөлөгч Б.Даваасүрэн, М.Амгалан нар 2 удаагийн протоколтой уулзалт хийсэн байдаг, энэ талаар нотолсон баримт хэргийн материалд орсон байгаа, энд бүх зүйл тодорхой байдаг. Манай талаас цемент бэлэн болсон, цемент аваач гэхэд Очир төв зам ХХК-ийн захирал Цэгмэд, гүйцэтгэх захирал Баярмаа нарын зүгээс танайх ямар нэгэн аргаар цементийг буцаагаад мөнгийг олоод өг, 50 хувиар ч болтугай олоод өг гэж хэлсэн. Цемент нь зөвхөн Оюутолгой ХХК-ийн тавьж байгаа зам дээр хэрэглэх маркийн цемент бөгөөд 1 тонны савлагаагаар савлачихсан учраас бусдад худалдан борлуулах боломж байхгүй, мөн 2016 оны 08 дугаар сараас хойш хадгалсан цемент, гэрээнд зааснаар 3 сарын баталгаа хангасан цементийг хүлээлгэж өгөх ёстой, олон улсын стандарт, Монгол Улсын барилгын норм, дүрэм, стандартын дагуу цементийн хадгалах хугацаа 6 сар байдаг, энэ хугацаа нь өнгөрсөн байгаа учраас та нар цементээ өөрсдөө авч ашигла гэдэг тайлбарыг Рояал стоун рөүд ХХК-ийн зүгээс тавьснаар хэрэг маргаан өдий зэрэгт хүрчихсэн байгаа.

Энэ асуудлаас болж Рояал стоун рөүд ХХК ямар хохирол учирсан бэ гэхээр бид 12,000 тонн цемент нийлүүлнэ гэж гэрээ хийсэн боловч Очир төв зам ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, бид 12,000 тонн цементийг нэхэмжлэгч компанид нийлүүлнэ гэдэг утгаар маш бага ашиг харж явсан боловч 3,000 тонн цемент захиалаад маш их хэмжээний цементийг 6 сар хадгалаад агуулахын төлбөр, бэлтгэсэн 1 тонны савлагаатай шуудай, Очир төв зам ХХК-ийн хүлээж авах боломжгүйгээс шалтгаалсан 400 километрийн тээвэрлэлт зэрэг алдагдлууд гарсан. Очир төв зам ХХК-д 12,000 тонн цемент нийлүүлсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан, гэтэл 4 дахин багасаад Очир төв зам ХХК-тай гэрээ хийснээс болоод шүүх, цагдаа, нэхэмжлэгч компанид шивж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрөөс болоод манайх 2017 оноос хойш дансаа хаалгаад үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа гэж тайлбарласан.

 

Нотлох баримтын тухайд

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Очир төв зам ХХК-нд хаягласан 2019-8-30-ны өдрийн албан бичиг /хх-4/, Очиртөв зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Очиртөв зам ХХК, Рояал стоун роуд ХХК нарын 2016-03-16-ны өдөр байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-6-7/, Очиртөв зам ХХК-ийн Рояал стоун роуд ХХК-д хаягласан 2017-06-08-ны өдрийн 17/73 дугаартай албан бичиг /хх-8/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-9/, 2016-03-18-ны өдрийн 37,200,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-10/, 2016-05-19-ний өдрийн 27,252,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-11/, 2016-06-05-ны өдрийн 77,532,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-12/, 2016-06-14-ний өдрийн 81,952,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-13/, 2016-06-26-ны өдрийн 52,301,920 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-14/, 2016-07-05-ны өдрийн 258,380,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-15/, 2016-08-18-ны өдрийн 99,819,300 төгрөгийн төлбөрийн даалгавар /хх-16/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017-06-27-ны өдрийн Очиртөв зам ХХК-д хаягласан албан бичиг /хх-17/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-28, 229/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч Рояалстоун роуд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, хариуцагчийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-27, 250/, хариуцагчийн тайлбар /хх-28/, Рояалстоун роуд ХХК-иас Очиртөв зам ХХК-нд хаягласан 2016-10-03-ны өдрийн 16/04 дугаартай албан бичиг /хх-47/, 03/08 дугаартай албан бичиг /хх-48/, 17/01 дугаартай албан бичиг /хх-49/, 06/04 дугаартай албан бичиг /хх-50/, 07/02 дугаартай албан бичиг /хх-51-52/, 07/01 дугаартай албан бичиг /хх-53/, 07/03 дугаартай албан бичиг /хх-54/, Очиртөв зам ХХК-иас Рояалстоун роад ХХК-нд хаягласан 2017-4-11-ний өдрийн 17/41 дугаартай албан бичиг /хх-55/, 17/73 дугаартай албан бичиг /хх-56/, 17/91 дугаартай албан бичиг /хх-57/, 2016-03-16-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-58-59/, цемент худалдан авах гэрээ гэж орчуулагдсан гэрээ монгол хэлдээрх /хх-62-64/, хятад хэлээр бичигдсэн /хх-60-61/, тээвэр зуучлалын гэрээ гэж орчуулагдсан гэрээ монгол хэлдээрх /хх-67-68/, хятад хэлээр бичигдсэн /хх-65-66/, 2016-05-26, 2016-06-08-ны өдрийн огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-69/, 0907544, 9265189 дугаартай гадаад хэлээр бичигдсэн /хх-70/, 2016-07-04, 2016-07-05-ны өдрийн огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-71/, 2016-06-15, 2016-06-27-ны өдрийн огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-72/, Мөнгөн гүүр мөнгөн гуйвуулгын баримт, 2016-06-27-ны огноотой Их монгол кредит ББСБ-н мөнгөн гуйвуулгын баримт /хх-73/, 2016-06-13, 2016-06-15-ны огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-74/, 2016-06-06-ны огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-75/, 2016-06-15, 2016-06-22-ны огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-76/, Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар /хх-77/, 9265183 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-78/, 2016-07-5-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримт /хх-79/, 2016-07-18-ны огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-80/, 2016-05-25-ны огноотой мөнгөн гуйвуулгын баримт /хх-81/, 8265184, 0907534 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-82/, 9265185, 9265187 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-83/, 2016-07-5, 2016-07-18-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримт /хх-84/, 0907543, 9265186 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-85/, 2017-06-23-ны өдрийн Баяннуур хотын Туан яан цемент компаний тодорхойлолт гэж орчуулагдсан /хх-1333-134/, Баяннуур хотын Туан яан цемент компаний баталгааны бичиг гэж орчуулагдсан /хх-135-136/, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-137/, 2016-06-10-ны өдөр, баримт-1, 2016-03-22-ны өдөр баримт-2 гэж орчуулагдсан /хх-138/, 9265181 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-139-140/, 2016-07-08-ны өдөр баримт-3, 2016-07-02-ны өдөр баримт-4 гэж орчуулагдсан /хх-141/, 9265184, 0907534 дугаартай гадаад хэл дээр бичигдсэн баримт /хх-142/, 2016-08-23 өдөр баримт-5, 2016-09-03-ны өдөр баримт-6 гэж орчуулагдсан /хх-143/, 9265185, 9265187 дугаартай гадаад хэлээр бичигдсэн /хх-144/, 2016-08-23-ны өдөр баримт-7 гэж, 2016-08-27-ны өдөр баримт-8 гэж орчуулагдсан /хх-145/, 0907543, 9265186 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-146/, 2016-09-07-ны өдөр баримт-9, 2017-03-15-ны өдөр баримт-10 гэж орчуулагдсан /хх-147/, 0907544, 9265189 дугаартай гадаад хэлээр бичигдсэн баримт /хх-148/, Монгол банкнаас зарласан хашийн лавлагаа /хх-169/, Рояал стоун роуд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016-01-15-ны өдрийн шийдвэр /хх-170/, Рояал стоун роуд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016-01-15-ны өдрийн тэмдэглэл /хх-171-172/, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2022-7-1-ний өдрийн огноотой 9/3254 дугаартай албан бичиг /2-р хх-1/, Рояалстоун роуд ХХК-ийн БХБ-ны барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хаягласан 2022-6-22-ны өдрийн 06/01 дугаартай албан бичиг /2-р хх-2/, орчуулга гэж орчуулагдсан бичвэр, фото зураг /2-р хх-21-22/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Баатарцолын хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-105-106/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017-12-01-ний өдрийн 703 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /хх-107/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-155/, Гаалийн ерөнхий газраас 2022-09-19-ний өдрийн 01-2/2504 дугаартай албан бичиг, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл /2-р хх-28-29/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалангийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-38-50/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

/2-р хавтаст хэргийн хх-3-7-р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Очиртөв зам ХХК нь хариуцагч Рояалстоун роуд ХХК-нд холбогдуулан бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 173,192,936 төгрөг, гэрээний алданги 86,596,468 төгрөг, нийт 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс 173.192.936 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 86.596.46768 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу Рояалстоун роуд ХХК нь 42,5 марк, 32,5 маркийн цементийг БНХАУ-н Баяннуур хотын Туанг Яанг үйлдвэрээс чанарын шаардлага хангуулан манай компаний Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемпэд тээвэрлэн ирж хүлээлгэн өгөх үүргийг, Очиртөв зам ХХК нь цемент авах төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, 634,437,220 төгрөгийг шилжүүлсэн боловч 137,192,936 төгрөгийн цемент огт нийлүүлээгүй, шилжүүлсэн мөнгөнд тааруулан цемент нийлүүлэхийг мэдэгдэж байсан, төлбөр шилжүүлснээс хойш нийлүүлэгч нь 5 хоногт багтаан цементийг манай компаний кемпэд нийлүүлэх үүрэг хүлээсэн гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсанд маргахгүй, бид 12,000 тонн цемент нийлүүлнэ гэж тохирсон боловч Очиртөв зам ХХК нь 3000 тонн захиалга хийсэн, 3.25 маркийн цементийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжгүй, Оюутолгой ХХК-ийн хэд хэдэн лабораторын шинжилгээгээр шалгагдаад тэнцсэн цементийг бид нийлүүлж оруулж ирдэг, мөн Очир төв зам ХХК-д зориулаад үйлдвэрлэгчтэй яриад 50 юаны урьдчилгаа байршуулж 1 тонн цементийн уут захиалсан, Очир төв зам ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бид БНХАУ-ын компанитай 12,000 тонн цементийн гэрээ байгуулж, 1 тонны уутыг бэлтгэж савлахын тулд тухайн үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлгэсэн байхад Очир төв зам ХХК-ийн зүгээс 2016 оны 10 дугаар сард манай компанийн ажил энэ жилдээ зогсохоор боллоо, та бүхэн хавар 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цементээ хадгалж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч 2017 оны 03 дугаар сарын эхээр уулзахад цемент авах боломжүй болчихлоо, та нар бидний мөнгийг өгөөч гэдэг асуудал тавьсан.

Цементээ БНХАУ-ын компаниас хилийн боомт дээр татан төвлөрүүлдэг, цемент буулгах газар нь хилийн тусгай бүс, Оюутолгой ХХК-ийн талбайд цемент буулгадаг, ингэж буулгахад талбайдаа подан тавьж талбайгаа бэлддэг, түүнийх нь дагуу нэг машинист ажиллахдаа 2-оос дээш цаг ажилладаггүй, Оюутолгой ХХК-ийн шаардлага их нарийн, тусгай объекттой газар байдаг, жирийн газар байсан бол бид цементийг авчираад буулгах боломжтой байсан. Оюутолгой ХХК-иас зөвшөөрөл олгож байж нэлээн нарийн шаардлагатай талбай руу оруулж өгдөг, хил дээр цементийг төвлөрүүлчихээд байхад 2016 оны 07 дугаар сараас хойш Очир төв зам ХХК-ийн зүгээс манай компанид дэвсэгч машин байхгүй байна, каранист байхгүй байна гээд бас бус баахан шалтгаан хэлээд хүлээж аваагүй, цемент авах хугацааг хойшлуулснаар савласан цементийн хадгалах хугацаа дууссан тул захиалагч тал эрсдэлээ өөрөө хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр БНГ-16/03/16-014 дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэх нийт барааны үнэ 1,804,000,000 төгрөг байхыг, бэлтгэн нийлүүлэгч болох хариуцагч Рояалстоун роуд ХХК нь 42.5 маркийн 4000 тонн, 32.5 маркийн 8000 тонны цементийг БНХАУ-н Баяннуур хотын Туяанг яанг үйлдвэрээс чанарын шаардлагын дагуу бэлтгэн худалдан авагчид нийлүүлэх үүргийг, худалдан авагч нь захиалсан барааны тухайн үнийн дүнгийн 70 хувийг төлж, гэрээний дагуу үлдэгдэл 30 хувийг Гашуун сухайтын хил дээр бараа ирсэн тохиолдолд төлөх, хэрвээ цементийг 1 тонн савалгаатай захиалах тохиолдолд тонн тутамд гэрээний үнэ дээр 50 юань нэмэгдэх, бэлтгэн нийлүүлэгч барааг захиалснаас хойш 5 хоногийн дотор нийлүүлэхдээ худалдан авагчийн Ханбогд суманд байрлах кемп дээр шууд тээвэрлэж нийлүүлэхээр гэрээний талууд харилцан тохиролцожээ /хх-6-7/.

 

Худалдан авагч болох Очиртөв зам ХХК-иас 2016-03-18-нд 37,200,000 төгрөг, 2016-05-19-нд 27,252,000 төгрөг, 2016-06-05-нд 77,532,000 төгрөг, 2016-06-14-нд 81,952,000 төгрөг, 2016-06-26-нд 52,301,920 төгрөг, 2016-07-05-нд 258,380,000 төгрөг, 2016-08-18-нд 99,819,300 төгрөг, нийт 634,437,220 төгрөгийг нийлүүлэгч буюу хариуцагч Рояалстоун роуд ХХК-нд шилжүүлсэн байна /хх-10-16/.

 

Харин бэлтгэн нийлүүлэгч Рояалстоун роуд ХХК-ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэлд

32,5 маркийн цементийг

2016-06-10-нд 83,080 кг, 2016-06-17-нд 168,800 кг, 2016-06-23-нд 239,360 кг, 2016-06-28-нд 154,420 кг, 2016-07-04-нд 151,920 кг, 2016-07-05-нд 253,324 кг, 2016-07-06-нд 156,540 кг, 2016-07-19-нд 252,900 кг, 2016-07-21-нд 168,300 кг, 2016-07-21-нд 90,080 кг, 2016-07-22-нд 172,380 кг-г,

42,5 маркийн цементийг

2016-03-24-нд 239,740 кг, 2016-05-27-нд 79,880 кг, 2016-06-10-нд 239,620 кг, 2016-06-23-нд 79,860 кг, 2016-07-22-нд 159,700 кг, 2016-10-10-нд 49,800 кг-г тус тус мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байна /2-р хх-29/.

 

Дээрх баримтаар худалдан авагч Очиртөв зам ХХК нь цементийн үнэнд нийт 634,437,220 төгрөгийг хариуцагч Рояалстоун роуд ХХК-нд шилжүүлсэн, бэлтгэн нийлүүлэгч нь 173,192,936 төгрөгийн цемент нийлүүлээгүй үйл баримтад талууд маргаагүй, энэ хэмжээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд 2016-10-10-ны өдөр тооцооны үлдэгдэлийн баталгаа үйлдсэн байх бөгөөд үүнд зохигчид мөн маргаагүй /хх-9/.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа буюу мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.

 

Харин нэхэмжлэгчийн шаардлага болох 173,192,936 төгрөгийн цемент нийлүүлээгүй гэх үндэслэлийг хариуцагч тал эс зөвшөөрч цемент нийлүүлэх талбайг бэлдээгүй, цемент буулгахад Оюутолгой ХХК-иас зөвшөөрөл авч өгөөгүй, цементийг хадгалах хүсэлт гаргаснаар хадгалсан ч хадгалсан хугацаанд аваагүй учраас ашиглах боломжгүй болсон гэж тайлбарлан маргаж байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоо нь худалдан авагчийн захиалсан барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, захиалсан барааг хүлээн авах үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Тиймээс дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд гэрээний талууд нийлүүлэгдсэн цементийн тоо хэмжээ, чанарын талаар маргаагүй бөгөөд худалдан авагч нь 1 тонн савалгаатай захиалсан цементээ хүлээж аваагүйгээс цементийг тодорхой хугацаанд хадгалснаар ашиглах боломжгүй болсон тул эрсдлийг худалдан авагч тал хариуцах эсэх талаар маргаж байна.

 

Энэхүү маргаж байгаа шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч Очиртөв зам ХХК-иас Рояалстоун роуд ХХК-нд хаягалсан, хариуцагч Рояал стоун роуд ХХК-иас Очиртөв зам ХХК-нд хаягласан албан бичгүүдийг нотлох баримтаар гаргасан бөгөөд эдгээр албан бичигт захиалсан цементээ авах талаар болон цемент ашиглагдах боломжгүй болсон, 2016 оны 7 дугаар сар, 8 дугаар сард захиалсан цементийг 50 кг-н шуудайгаар нийлүүлэх хүсэлтийг 2017-06-8-ны өдөр гаргаж, 1 тонноор савласан цементийг 50 кг-аар савлагааг өөрчлөн дахин шинэчлэн маркийг дээшлүүлэхэд нэмэлт зардал шаардлагатай талаар дурдсан, худалдан авагч нэмэлт зардлыг нийлүүлээгүй цементийн үнээс хасаж тооцон тодорхой кг-н цемент нийлүүлэх талаар тус тус дурдсан байна /1-р хх-8, 47-57/.

 

Гэвч гэрээнд худалдан авагч захиалсан барааны тухайн үнийн дүнгийн 70 хувийг төлж, үлдэгдэл 30 хувийн төлбөрийг Гашуун сухайтын хил дээр бараа ирсний дараа төлөх, хэрвээ цементийг 1 тонн савалгаатай захиалах тохиолдолд тонн тутамд гэрээний үнэ дээр 50 юань нэмэгдэх үүргийг, бэлтгэн нийлүүлэгч барааг захиалснаас хойш 5 хоногийн дотор нийлүүлэхдээ худалдан авагчийн Ханбогд суманд байрлах кемп дээр шууд тээвэрлэж нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

 

Гэрээний талууд бэлтгэн нийлүүлэх барааг БНХАУ-н Баяннуур хотоос нийлүүлэхээр тохирсон боловч өөр улсад үйлдвэрлэн, бэлтгэсэн барааг захиалагч буюу худалдан авагчид хүргэгдэх үе шат, тээвэрлэлт, хилийн зөвшөөрөл, бэлтгэн нийлүүлэх барааг буулгах талбайн зөвшөөрөл зэргийн талаар гэрээнд ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй, гэрээний 5-рт дурдсан давагдашгүй хүчин зүйлд мөн дурдаагүй байна.

 

Тодруулбал, хариуцагч талын татгалзлын үндэслэлд дурдагдсан бусад хүчин зүйлсийн талаар, захиалагчийн талбайд барааг тээвэрлэн авчирахад шаардагдах зөвшөөрлийн талаар гэрээнд тухайлан тохиролцоо хийгдээгүй, гэрээний хавсралт, график хийгдээгүй болохыг зохигч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчээс 2016-07-5, 2016-08-18-ны өдрүүдэд төлбөр шилжүүлсэн байхад Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гаалийн мэдүүлэгээр хариуцагчийн бүрдүүлэлт хийсэн барааны огноо 2016-07-05, 2016-07-06, 2016-07-19, 2016-07-21, 2016-07-22, 2016-10-10-ны өдрүүд байх бөгөөд 32,5, 42,5 маркийн цемент гэж барааны мэдээлэл хийгдсэн байна /2-р хх-29/.

 

Өөрөөр хэлбэл, захиалагч нь 2016-08-18-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн байхад үүнээс хойш 5 хоногийн дотор барааг нийлүүлэх үүргээ хариуцагч биелүүлсэн, нийлүүлэх барааг захиалсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч талын гаргасан БНХАУлсын компанитай байгуулсан цемент худалдах худалдан авах гэрээ гэж орчуулагдсан гэрээнд бараа нийлүүлэх хугацааг мөнгө шилжүүлсний дараа 1-3 хоногийн дотор гэж, ачаа хүргэх газрыг Баяннуур хотын ганц модны боомт гэж, тээврийн зардал 1 тонн тутамд 50 юаны хөлс төлнө, савалгаа нь 50 кг-ын савалгаатай ууттай байна гэж, барааг хүлээн авахад худалдан авагч тал буюу хариуцагч Рояалстоун роуд ХХК нь газар дээр нь тооллого хийж баримтаар баталгажуулах, худалдан авагч тал төлбөрийг шилжүүлснээс хойш 36 цагийн дотор барааг Ганц мод боомтод хүргэхээр тохирсон /1-р хх-62-64/ байна.

 

Мөн хариуцагч Рояалстоун роуд ХХК-ийн гуравдагч этгээдтэй байгуулсан тээвэр зуулчлалын гэрээ гэж орчуулагдсан гэрээнд А тал болох Рояалстоун роуд ХХК нь цементийн мэдүүлгээ Б тал болох Өвөрмонголын заму тээвэр зуучлалын ХК-нд хүлээлгэж өгөх, Б тал бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, тээвэрлэх, буулгах, агуулахад хадгалах, шилжүүлэн ачих, гааль зэрэг ажил үйлчилгээг хариуцан ажиллах үүргийг, А тал нь уг ажлын төлбөрийг Өвөрмонголын заму тээвэр зуучлалын ХК-нд төлөхөөр тохирсон /1-р хх-67-68/ байна.

 

Түүнчлэн хариуцагч талын гаргасан мөнгөн гуйвуулгын төлбөрийн баримтаас үзэхэд гаалийн бүрдүүлэлт, ачилт буулгалт, тээврийн зардал, 800 ш уутны төлбөр, баталгааны мөнгө гэх гүйлгээний утгаар төлбөр шилжүүлсэн /1-р хх-69, 71, 73, 76, 79, 80, 81/,

32,5 400tn, 3,25=240tn, 4,25=80tn гэх утгаар төлбөр шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримт /1-р хх-72/, 80tn 3,25, 80tonn 4,25 cement, 4,25x80tonn, 640 1tonn гэх утгаар төлбөр шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримт /1-р хх-74/, 320 1tonn, уут 1 нь 50, 1tn 3,25 240tn, 4,25 160tn гэх утгаар төлбөр шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримт /1-р хх-75/, 4,25x2, 3,25x8, 3,25 400 тони гэх утгаар шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримт /1-р хх-84/-д байх бөгөөд баримт 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэж орчуулагдсан баримтын утга хэсэгт хадгалалт, гааль зуучлал, шилжүүлэн ачилт, тээвэр, бүрдүүлэлт гэж бичигдсэн /1-р хх-138,141, 143, 145, 147/, 4,25 цемент гэж бичигдсэн баримтууд /1-р хх-138/ байна.

 

Тодруулбал, 1-р хавтаст хэргийн 138-р талд авагдсан баримт2 гэж орчуулагдсан баримтад Баяннуур Туан яан цемент хувьцаат компанид 4,25 цемент 64,800 юань гэж шилжүүлсэн байх бөгөөд бусад баримт 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэж орчуулагдсан баримтад хүлээн авагчийн нэр бичигдээгүй байх тул эдгээр мөнгөн гуйвуулгын баримтаар хариуцагч тал 2016-8-18-ны өдрөөс хойш захиалсан цементийн төлбөрийг БНХАУ-н Баяннуур хотын Туан яан компанид шилжүүлсэн гэх байдал, 1 тонны савлагаатай 980 тонн цемент тухайн үйлдвэрээс гарсан болох нь, Ганц модны боомтод ирсэн гэх байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн захиалсан цементийг хадгалснаар ашиглах боломжгүй болсон гэх тайлбарыг нотлон тогтоосон баримтгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалангийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 13 october 2016 10:03 гэсэн огноотой гадаад бичигтэй ууттай зүйлийн фото зураг байх боловч уг зургийг хаана хэрхэн авсан болох нь тодорхойгүй, хилийн боомтод ирсэн агуулахад хадгалагдаж байсан гэх хариуцагч талын тайлбар хэргийн бусад баримтаар ч эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгч М.Амгалангийн гар утсан дахь бичлэг нь 2017-04-10 огноотой хадгалагдсан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцан яриа байх бөгөөд уг бичлэг нь нотлогооны хэрэгслээр тооцогдох хэдий ч хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэх байдал хэргийн бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, хуулийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зохицуулсан.

 

******* дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгсөн Б.Баатарцолын мэдүүлгээр нэхэмжлэгч Очир төв зам ХХК нь 980 тонн цемент захиалж савлуулсан боловч хэрэглэх шаардлагагүй болж хадгалж байх хүсэлтийг тавьсан, дараа нь 1 тонны савалгаатай биш 50 кг-н савлагаатай авъя гэсэн санал тавиад нэмэлт зардлын талаар тохиролцоогүй гэх мэдүүлгийг хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлоно гэж тайлбарлаж байна.

 

Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 40-45, 51, 109-110 дугаар зүйлд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлэх журамтай бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлсэн нотлох баримттай адилтган үзэхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасан журмаар авагдаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

Иймд хариуцагч тал татгалзсан үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 2017 оны 6-р сараас хойш цемент нийлүүлээгүй учир шилжүүлсэн 173,192,936 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай.

 

Шүүх дээр дурдсан зохигч талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Дижитал аггрегатор ХХК нь Каталист анимаци ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсан, татгалзсаны үр дагаврыг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул шүүх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь захиалсан барааны төлбөрийг төлснөөр хариуцагч тал барааг бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь захиалсан барааны төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Бэлтгэн нийлүүлэх гэрээний 4-рт бэлтгэн нийлүүлэгч хугацаандаа бэлтгэн нийлүүлээгүй тохиолдолд 0,2 хувийн алданги төлөхөөр тохирсон байх боловч бэлтгэн нийлүүлэх хугацааг гэрээний 2-рт гэрээний хавсралтад дурдсан графикаар барааг дурдсан хугацаанд нийлүүлэх гэж тохирсон байх боловч гэрээний хавсралт хийгдээгүй болохыг зохигч тайлбарлаж, маргаагүй тул бэлтгэн нийлүүлэгч хугацаандаа нийлүүлээгүйг тооцох боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь алдангийн төлбөрт 86,596,468 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

гэх байдал, хариуцагч дээрх гэрээний үүрэгт 34,428,826 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,456,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох хураамжид 1,023,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Рояалстоун роуд ХХК-иас 173,192,936 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Очиртөв зам ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,596,468 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,456,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Рояалстоун роуд ХХК-иас 1,023,915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Очиртөв зам ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ