Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00235

 

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00235

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00654 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 930 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нийлүүлээгүй цементийн төлбөрт төлсөн нийт 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нийлүүлээгүй цементийн төлбөрт төлсөн нийт 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00654 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,456,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 930 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Гомдол гаргаж буй шийдвэр, магадлал: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 101/ШШ2020/00654 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 930 тоот магадлалд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, буруу тайлбарлан үнэлсэний улмаас Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу бүрдүүлээгүй гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. ******* ХХК нь ******* ХХК-тай 2016.03.16-ны өдөр БНГ-16/03/16-014 тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээ буюу худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-д 42,5 болон 32,5 марк бүхий цементийг БНХАУ-аас бэлтгэж гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемп дээр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. ******* ХХК нь ******* ХХК-д 2016.03.18-ны өдөр 37,200,000 төгрөг, 2016.05.19-ний өдөр 27,252,000 төгрөг, 2016.06.05-ны өдөр 77,532,000 төгрөг, 2016.06.14-ний өдөр 81,982,000 төгрөг, 2016.06.26-ны өдөр 52,301,920 төгрөг, 2016.07.05-ны өдөр 258,380,000 төгрөг, 2016.08.18-ны өдөр 99,819,300 төгрөг, нийт 634,437,220 төгрөгийг шилжүүлэн өгсөн. ******* ХХК нь Бэлтгэн нийлүүлэх гэрээний 1.1-д зааснаар ******* ХХК-ийн захиалгын дагуу цементийг бэлтгэн нийлүүлэх бөгөөд савалгааны хувьд 50 кг болон 1 тонн байхаар гэрээний 1.6-д зохицуулсан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар ******* ХХК-ийн цементийг бэлтгэн хилээр нэвтрүүлж, тээвэрлэлтийг ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемп хүртэл хийхээр тохиролцож уг кемпид авч ирснээр ******* гэрээнд заасны дагуу холбогдох бичиг баримтыг үндэслэн хүлээн авахаар тохиролцсон болно. Хариуцагч нь хүлээн авсан 634,437,220 төгрөгөөс 461,244,284 төгрөгт цемент нийлүүлсэн бөгөөд ******* ХХК нь хүлээн авсан. 2016.10.10-ны өдөр талууд тооцоо нийлж ******* ХХК нь ******* ХХК-д 173,192,936 төгрөгийн өртэй буюу цемент нийлүүлээгүй болохыг баталгаажуулсан. Энэхүү үнийн дүнд 2017 онд үргэлжлүүлэн цемент авахаар тохиролцсон. 2017.04.11-ний өдөр 17/41 тоот албан бичгээр ******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа замын ажил цаашид үргэлжлэхгүй болсон учраас тооцоо нийлсэн үнийн дүнг буцаан авах талаар хүсэлтийг хүргүүлсэн. Үүний хариуд хариуцагчаас 2017.04.26-ны өдөр 17/01 тоот албан бичгээр цемент нийлүүлэх боломжтой талаар мэдэгдсэн. ******* ХХК-ийн зүгээс цемент хүлээн авах боломжтой байсан боловч ******* ХХК нь гэрээний дагуу бэлтгэсэн эсэх нь тодорхойгүй цементийг хүлээн авахыг шаардаж байсан бөгөөд гэрээний дагуу Ханбогд суманд байрлах кемпид тээвэрлэн ирээгүй бөгөөд үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. ******* ХХК нь 2017.06.08-ны өдөр 17/73 тоот албан бичгээр цемент авах талаар захиалгаа дахин хүргүүлсэн бөгөөд уг албан тоотод ******* ХХК нь 2017.06.18-ны өдөр 06/04 тоот албан бичгээр нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд цементийг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.

Анхан шатны шүүх уг харилцааг буруу дүгнэж ******* ХХК-ийн 2017.06.08-ны өдөр 17/73 тоот албан бичгийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл ******* ХХК-ийн 2017.06.18-ны өдөр 06/04 тоот албан бичиг нь ******* ХХК-ийн 2017.06.08-ны өдрийн 47/73 тоот албан бичгийн хариу гэж албан бичгийнхээ огноо, дугаар хэсэгт маш тодорхой тэмдэглэн ирүүлсэн болохыг огт анхаарч үзээгүйгээр барахгүй ******* ХХК-ийг цемент хүлээн авах захиалга огт өгөөгүй мэтээр мушгин дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн болно. Мөн ******* ХХК-ийн зүгээс нэмэлт төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрч 2017.07.26-ны өдөр 17/91 тоот албан бичгийг ******* ХХК-д өгсөн болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ******* ХХК нь төлбөрийг төлж ******* ХХК нь цементийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемпид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд ******* ХХК нь 2016 оны 10 дугаар сараас хойш цементийг бэлтгэн манай компанийн кемпид тээвэрлэн авч ирээгүй болох нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар нотлогдож байхад шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг огт ойлгоогүйн дээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримт болох 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд БНХАУ-руу мөнгөн гүйлгээ хийсэн гэх баримтыг үндэслэн ******* ХХК-ийн арилжааны банканд байрших дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Шүүгч нь хэргийг хүлээн авангуутаа уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон гомдол гаргах эрхгүй гэсэн захирамжийг гаргаж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн болно. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэснийг ноцтой зөрчиж хүсэлтийг хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох баримтыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх хардлагыг бий болгож байна. Уг дансны хуулгыг авах шалтгаан нь хариуцагчийн зүгээс цемент нийлүүлэх боломжгүй гэх тайлбар, мөнгийг төлөхгүй гэх тайлбарыг хийдэг боловч БНХАУ руу 2017.03.15-ны өдөр 100,000 юань шилжүүлж цементийн үнийг төлсөн байдаг. Мөн энэ баримтдаа гааль, зуучлал, тээвэр гэх агуулгыг тусгасан байдаг бөгөөд үүнээс харвал цементийг үйлдвэрээс нь авах боломжгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж мөнгөө үйлдвэрээс нь авсан боловч манайд хүлээлгэн өгөөгүй нь нотлогдож байгаа юм. Гэтэл уг цаг хугацаандаа манай талд цемент нийлүүлэх боломжгүй, мөнгийг нь ч төлөх боломжгүй гэх тайлбарыг хийж байсан мөртлөө цемент тээвэрлүүлж гаалиар нэвтрүүлсэн болох нь уг мөнгөн гүйлгээгээр нотолж байгаа болно. Манай мөнгөөр БНХАУ-аас цемент худалдан авч хил гаалиар нэвтрүүлсэн боловч цементээ манай компанид гэрээний дагуу нийлүүлээгүй нь ******* ХХК-ийн гэрээ зөрчсөн үйлдэл болохыг нотолж байгаа юм. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сараас хойш захиалга өгөөгүй гэж дүгнэсэн байх бөгөөд захиалга өгсөн албан тоотуудыг хариуцагч авсан нь нотлогдохгүй байна гэжээ. Хэрэв захиалга өгөөгүй юм бол ******* ХХК нь юуг үндэслэж цемент нийлүүлж байсан нь ойлгомжгүй байх бөгөөд захиалга өгч байсан нь албан тоотуудаас гадна 7 удаагийн төлбөрийн даалгаварын төлбөрийн зориулалт гэсэн хүснэгтэд бичигдсэнээр давхар нотлогдож байгааг огт анхаарч үзээгүй болно. Нөгөө талаар, талууд 2016.10.10-ны өдөр тооцоо нийлж уг үнийн дүнд 2017 оны цемент нийлүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу цементийг 2017 онд хүлээн авах боломжгүй мөнгөө авья гэсэн шаардлагыг хариуцагчид хүргүүлж байсан хэдий ч хариуцагчаас ирүүлсэн албан тоотын дагуу цементээ хүлээн авахаа зөвшөөрч, шаардлагатай тохиолдолд нэмэлт зардлыг хариуцахаа ч илэрхийлж байсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд цементийг манай компанийн кемпид тээвэрлэн ирээгүй болно. Энэ бүх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдаж гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Давж заалдах шатаы шүүх хэд хэдэн баримтыг буруу дүгнэн улмаар Иргэний хуулийн холбогдох заалтыг талуудын хооронд байгуулсан гэрээ болон холбогдох нотлох баримтад тулгуурлан зөв тайлбарлан хэрэглээгүй болно. Учир нь талууд 2016.10.10-ны өдөр тооцоо нийлж ******* ХХК-д хариуцагч нь 173,192,936 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан бөгөөд улмаар 2017 онд цемент үргэлжлүүлэн авахаар тохиролцсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн хариуцагч нь захиалсан цементийг БНХАУ-аас оруулж ирэн нэхэмжлэгчийн Өмнөговь аймагт байх кемпид хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад нэхэмжлэгчийг цементээ хүлээн аваагүй гэж буруутгаж байгаа нь хариуцагч талд илтэд ашигтай нөхцөлийг үүсгэн хуулийг тайлбарлаж байгаа болно. Хариуцагч нь 2016 оны 8 сараас 2017 оны 3 сар хүртэлх хугацаанд 588,000 юанийг шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч цементийг хилээр оруулан ирж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Энэхүү нөхцөл байдал нь талуудын тайлбар баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Нэхэмжлэгчид Өмнөговь аймагт байрлах өөрийн кемпид ирээгүй цементийг хүлээн авах боломжгүй нь гэрээнээс маш тодорхой харагдана. Талууд 2016 онд тооцоо нийлж 2017 онд үргэлжлүүлэн цемент авахаар тохиролцож нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн үлдэгдэлдээ нэмэлт зардлыг багтаан тооцож үнийн өөрчлөлт, савалгааны үнийг багтаан цемент авах хүсэлтийг хариуцагчид хүргүүлсэн. Гэтэл шүүхээс нэмэлт зардлыг тохиролцсон боловч төлөөгүй гэх дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлэн актын дагуу авах авлагандаа тааруулан нэмэлт зардлыг шингээн авахаар хүсэлтээ хүргүүлсэн боловч хариуцагч нь 2017 онд хилээр цементийг оруулж ирж хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүйг энд дурьдах нь зүйтэй. Дээр дурдсан нөхцөл, баримтыг шүүхээс зөв дүгнээгүй, нэхэмжлэгчийн гаргасан ач холбогдол бүхий баримт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 101/ШШ2020/00654 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 930 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, цементийн төлбөрт шилжүүлсэн 173,192,936 төгрөг, гэрээний алданги 86,596,468 төгрөг, нийт 259,789,404 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ******* ХХК нь үлдэгдэл мөнгөнд нэхэмжлэгчийн хүсэлтээр цементийг 1 тонноор савлан нийлүүлэхээр бэлэн болгосон боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй, цементийг ашиглах боломжгүй болгосон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг, гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсон эсэх үйл баримтыг тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай биелүүлээгүй, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж залруулах боломжгүй байна.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Талууд 2016.03.16-ны өдөр БНГ-16/03/16-014 дугаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, 42,5 маркийн 4,000 тонн цементийг 1 тонн тутмыг 155,000 төгрөг, 32,5 маркийн 8,000 тонн цементийг 1 тонн тутмыг 148,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, нэхэмжлэгч нь 634,437,220 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 173,192,936 төгрөгийн цемент нийлүүлэгдээгүй үйл баримт тогтоогджээ. Зохигч талууд 173,192,936 төгрөгийн цементийг нийлүүлээгүйд маргаж, нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэгч цементийг хүлээж аваагүй, түүний буруугаас цементийг ашиглах боломжгүй болсон гэсэн үндэслэлийг тус тус заасан байна.

 

9. Талууд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэхийн тулд гэрээний нөхцөл, үүнд үүрэг гүйцэтгэх газрыг гэрээнд хэрхэн тохирсон, цементийг хүлээлцэхэд хэн ямар үүрэг хүлээсэн болохыг тодруулах шаардлагатай байжээ. Учир нь, хариуцагч гэрээний дагуу цементийг нийлүүлэхэд бэлэн болгож, хүлээн авахыг шаардсан гэсэн байхад нэхэмжлэгч нь гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь Ханбогд сум дахь кемп дээр авчирч өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргасан тул уг маргааны зүйлийг шүүх дүгнэх үүрэгтэй.

 

Түүнчлэн, хариуцагч компанийн 2017.04.26-ны өдрийн 17/01 дугаар, 2017.06.18-ны өдрийн 06/04, 2017.07.18-ны өдрийн 07/02 дугаар албан тоот, нэхэмжлэгч компанийн 2017.06.08-ны өдрийн 17/73, 2917.07.26-ны өдрийн 17/91 дүгээр албан бичгүүдээс үзэхэд цемент нийлүүлээгүй шалтгаан нь савалгааны нэмэлт төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалсан эсэх эсвэл нэхэмжлэгчийн тайлбарласнаар үлдэгдэл мөнгөнд тааруулан төлбөрийг шингээж цемент нийлүүлэх байсан эсэхийг тодруулж зохих дүгнэлт хийх шаардлагатай.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч цементийг хүлээж аваагүй буруутай үйлдлийн улмаас цементийг ашиглах боломжгүй болгосон гэж байгаа тул цемент ямар байдлаар ашиглах боломжгүй болсон үйл баримтыг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлэн, энэ талаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2, 224.2.3-т зааснаар эрсдэлийг худалдан авагч буюу нэхэмжлэгч тал хүлээх үндэслэлтэй гэж үзэж байгаа бол эрсдэл учирсан эсэхийг дүгнэх ёстой юм.

 

11. Иймд хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00654 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 930 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,456,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН