Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/03682

 

 

 

 

2022 09 05

101/ШШ2022/03682

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ө К И п ХХН-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, А.Саулегүль , хариуцагчийн өмгөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... "Ө к и п ХХН болон М ХХК нар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний дагуу нөхөрлөл нь компаниас гарах баримт бичиг, хөдөлмөрийн болон компанийн засаглалын баримт бичгүүдийг боловсруулах, хянах, хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулах болон компанийн бусад өдөр тутмын хууль зүйн асуудлыг тухай бүрт шийдвэрлэж, амаар болон бичгээр хуулийн зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлж, нөгөө талаас М ХХК нь үйлчилгээний төлбөрт сар бүр 1,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Нөхөрлөл нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч М ХХК нь 2021 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээ дуусгавар болох хүртэл 5 сарын хууль зүйн үйлчилгээний төлбөр 8,250,00 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Нөхөрлөл нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үйлчилгээний төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан бөгөөд тус компанийн өмнөх гүйцэтгэх захирал И.Цэеннямбуу удахгүй төлнө гэсэн ч гүйцэтгэх захирал солигдсоноор одоог хүртэл төлбөр төлөгдөөгүй. Иймд 5 сарын хууль зүйн үйлчилгээний төлбөр 8,250,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь М ХХК өөр хуулийн компани буюу Өмгөөллийн Цэц смарт консалтинг ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тайланд тусгагдсан зарим ажил, үйлчилгээг Өмгөөллийн Цэц смарт консалтинг ХХК хийж гүйцэтгэсэн. Энэ тухай нэхэмжлэгч мэдэж байгаа. Мөн Ө к и п ХХН-тэй байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 7.2.4-т үйлчлүүлэгч нь нөхөрлөлтэй харилцан зөвшилцөлгүйгээр бусад этгээдтэй гэрээний хавсралтад заасан үйлчилгээ авсан тохиолдолд гэрээг цуцална гэж заасан. Иймээс 2021 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хууль зүйн үйлчилгээний төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хэргийн нотлох баримт: 

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариуцагчтай харилцсан цахим шуудангууд.

 

б.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: шүүхээс цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч И.Цэеннямбуугийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 5 сарын ажлын хөлсний үлдэгдэл 8,250,000 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь ... тухайн хугацаанд тус компани өөр хуулийн компанитай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн тайланд тусгагдсан зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Талууд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2028-01-2020ХЗЗ дугаар бүхий хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хууль зүйн зөвлөх үйлчилгээний хүрээнд хариуцагч компанийн эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг, үндсэн буюу засаглалын баримт бичиг, хөдөлмөрийн баримт бичгийг тус тус боловсруулах, хянах болон шинэчлэх, сайжруулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авах ажлыг зохион байгуулж, баримт бичиг бүрдүүлж өгөх, шаардлагатай бол компанийн засаглалыг сайжруулах, бүтцийг өөрчлөх, өөрчлөн зохион байгуулах болон хувьцаа эзэмшлийн асуудлаар зөвлөгөө өгөх, хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулах, ТУЗ-ийн нарийн бичгийн үүргийг гүйцэтгэх, өдөр тутмын хууль зүйн асуудлуудыг тухай бүрт шийдвэрлэх, амаар болон бичгээр хууль зүйн зөвлөгөө өгөх, компаниас бусад иргэн, хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх, уулзалт зохион байгуулахад хамтран оролцох эсхүл төлөөлөх, хууль зүйн асуудлаар сургалт зохион байгуулах, хууль зүйн орчуулга хийх; хэрэг маргааны хүрээнд иргэн, эрүү, захиргааны хэргийн бүх шатны шүүхэд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, төлөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн оролцох зэрэг үйлчилгээг үзүүлэх, хариуцагч нь хууль зүйн зөвлөх үйлчилгээнд сар тутам 1,500,000 төгрөгийн хөлс (нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй), хэрэг маргааны хувьд, үнийн дүнтэй хэрэгт - барагдуулсан, төлүүлсэн үнийн дүнгийн, хэрвээ хариуцагч бол нэхэмжлэлийн шаардлагаас бууруулсан үнийн дүнгийн 5%, үнийн дүнгүй хэрэгт - 1,000,000 төгрөгийн урамшуулал тус тус төлөх, гэрээний хугацааг 1 жил байхаар харилцан тохиролцжээ.

  

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба талууд дээр дурдсанаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан, мөн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.Нэхэмжлэгчийн тайлбарт дээрх гэрээний дагуу 2021 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хөлсөө авсан талаар дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй. Харин талууд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу гэрээ дуусгавар болох хүртэл хугацааны үйлчилгээний хөлс төлөх эсэхэд маргаж мэтгэлцсэн.

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийж бэхжүүлсэн 2021 оны 03-09 дүгээр саруудад талууд цахим шуудангаар харилцсан захидлууд, хавсралтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2021 оны 1 дүгээр улирлын ажлын тайланг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2021 оны 2 дугаар улирлын ажлын тайланг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус хүргүүлсэн, Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны журам, Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх журам, зарим ажлын байрны тодорхойлолтын төсөл, цар тахлын улмаас ажилтнуудын 3 дугаар сарын сүүлийн цалин олгох хугацаа хойшлох тухай мэдэгдлийн төсөл, ажлын хэсэг байгуулах, нэр бүхий ажилтнуудыг (О.Батболд, Д.Мөнхцэцэг) ажлаас халах, хэвлэх үйлдвэрийг татан буулгасантай холбогдуулан ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгох, ажилтнуудын үндсэн цалинг өөрчлөн тогтоох зэрэг асуудлаар гаргах захирлын тушаалуудын төсөл, мөн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, ажилтантай байгуулах нууцын гэрээний төсөл, Моттоо повер компанийн гэрээ цуцлах мэдэгдлийн төсөл, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гаргах гомдол, хохирогчоор тогтоолгох тухай хүсэлтийн төсөл тус тус хүргүүлсэн, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зохицуулалтын талаар зөвлөгөө өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Эдгээр цахим шууданд талуудын 2021 оны 08 дугаар сарын 13, 16, 26, 2021 оны 09 дүгээр сарын 01, 13-ны өдрүүдэд харилцсан захидлууд багтсан байна.

 

8.Үүнээс гадна нэхэмжлэгчийн үйлчилгээ үзүүлсэн цаг хугацаанд хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан И.Цэеннямбуугаас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба тэрээр ... 2021 оны 06, 07, 08, 09, 10 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй ... ковидтой холбоотой хил хаасан учраас орлого олоогүй, төлбөрөө төлж чадаагүй ... төлбөрийн нэхэмжлэх өгсөн, Батбаяр захирлын хүсэлтээр өмгөөлөгч авсан, Г.Тамир өмгөөлөгчийн хөлсийг М ХХК төлөөгүй байх гэж бодож байна. Г.Тамир оролцож чадахгүй бол Кэй И партнерс ХХН-ийн өмгөөлөгч Батмөнх явдаг байсан ... Г.Тамирын төлбөрийг компани төлөөгүй, хувьцаа эзэмшигч Батбаяр өөрөө энэ хэрэгт өмгөөлөгч Г.Тамирыг оролцуулна гэсэн, К И п ХХН яах вэ гэхэд давхар явна гэсэн, Г.Тамир зөвхөн 2 эрүүгийн хэрэгт оролцоно гэсэн, К И п ХХН-өөс бүх үйлчилгээ авдаг байсан ... талаар шүүхэд мэдүүлсэн.

 

9.Нэхэмжлэгчийн дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

10.Хариуцагч нь Өмгөөллийн Цэц смарт консалтинг ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа, нэхэмжлэгчийн тайланд тусгагдсан зарим ажил, үйлчилгээг уг компани хийж гүйцэтгэсэн, мөн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.2.4 дэх заалтын дагуу талуудын байгуулсан гэрээг цуцлах үндэстэй гэж татгалзсан.

 

11.Гэрээний 7.2.4 дэх заалтад Нөхөрлөл нь дараах үндэслэлээр энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй. Үүнд: Үйлчлүүлэгч нь нөхөрлөлтэй харилцан зөвшилцөлгүйгээр бусад этгээдтэй энэхүү гэрээний 2.1-д заасан асуудлаар үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан гэж заажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг үгийн шууд утгаар тайлбарлахаар заасны дагуу дээрх заалтыг тайлбарлавал, нэхэмжлэгч талд эрх олгосон агуулга бүхий заалт байх бөгөөд гэрээний тал эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарахын зэрэгцээ эрхээ хэрэгжүүлээгүй байдал нь нөгөө талдаа үүргээ биелүүлэхгүй байх нөхцөлийг бий болгохгүй юм.

 

12.Мөн хариуцагчийн татгалзлыг гэрч И.Цэеннямбуугийн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс гадна өөр өмгөөлөгч (Г.Тамир) оролцуулсан байх боловч нэхэмжлэгчтэй байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлаагүй, уг гэрээний дагуу хууль зүйн үйлчилгээг авч байжээ.

 

13.Иймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

14.Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын тайлбартай бүх талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 8,250,000 (1,650,000*5) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

15.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн төлсөн 146,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 8,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө к и п ХХН-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 146,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө к и п ХХН-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА