Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01975

 

2022 11 09 210/МА2022/01975

 

“КИП” ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/03682 дугаар шийдвэртэй,

 

“КИП” ХХН-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8,250,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “КИП” ХХН болон “М” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний дагуу нөхөрлөл нь компаниас гарах баримт бичиг, хөдөлмөрийн болон компанийн засаглалын баримт бичгүүдийг боловсруулах, хянах, хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн бусад өдөр тутмын хууль зүйн асуудлыг тухай бүрт шийдвэрлэж, амаар болон бичгээр хуулийн зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлж, нөгөө талаас “М” ХХК нь үйлчилгээний төлбөрт сар бүр 1,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Нөхөрлөл нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч “М” ХХК нь 2021 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээ дуусгавар болох хүртэл 5 сарын хууль зүйн үйлчилгээний төлбөр 8,250,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Нөхөрлөл нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үйлчилгээний төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан бөгөөд тус компанийн өмнөх гүйцэтгэх захирал И.Ц удахгүй төлнө гэсэн ч гүйцэтгэх захирал солигдсоноор одоог хүртэл төлбөр төлөгдөөгүй.

Иймд 5 сарын хууль зүйн үйлчилгээний төлбөр 8,250,000 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “М” ХХК өөр хуулийн компани буюу өмгөөллийн “Цэц смарт консалтинг” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тайланд тусгагдсан зарим ажил, үйлчилгээг өмгөөллийн “Цэц смарт консалтинг” ХХК хийж гүйцэтгэсэн.

2.2. Мөн “КИП” ХХН-тэй байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 7.2.4-т “үйлчлүүлэгч нь нөхөрлөлтэй харилцан зөвшилцөлгүйгээр бусад этгээдтэй гэрээний хавсралтад заасан үйлчилгээ авсан тохиолдолд гэрээг цуцална” гэж заасан. Иймээс 2021 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хууль зүйн үйлчилгээний төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 8,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КИП” ХХН-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 146,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КИП” ХХН-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хууль зүйн үйлчилгээ үзүүлсний төлбөрт нэг сарын 1,500,000 төгрөг, нийтдээ 8,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний биелэлтийг дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй.

4.2. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 1-д хууль зүйн үйлчилгээний хамрах хүрээ, үйлчилгээний хөлсний талаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан И.Цгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 1-д заасан хууль зүйн үйлчилгээний зарим хэсгийг өмгөөллийн "Цэц смарт консалтинг" ХХК, өмгөөлөгч Б.Энхболд болон Г.Тамир нар хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

4.3. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хариуцагчийн өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 1-д заасан хууль зүйн үйлчилгээг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд " КИП" ХХН, өмгөөллийн "Цэц смарт консалтинг" ХХК, мөн өмгөөлөгч Б.Энхболд болон Г.Тамир нар хийж гүйцэтгэсэн байгаа гэж хариуцагч маргаж байгаа учраас өмгөөллийн "Цэц смарт консалтинг" ХХК, өмгөөлөгч Б.Энхболд болон Г.Тамир нар нь "М" ХХК-тай ямар гэрээ байгуулсны үндсэн дээр хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн талаар, мөн хууль зүйн үйлчилгээний хөлс төлөгдсөн эсэх талаарх нотлох баримт, "М" ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд төлөх үүрэгтэй байсан эсэхийг тодорхойлон шийдвэрлэхэд ач холбогдолтой, зайлшгүй шаардлагатай нотлох баримт байтал эдгээр нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг.

4.3.2. Түүнчлэн өмгөөлөгч М.Халиунжаргал 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хариуцагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.11-т зааснаар өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах, мөн зүйлийн 34.3.10-т заасан шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, өмгөөлөгч М.Халиунжаргалын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.3-т үйлчлүүлэгч давхар зөвлөх ажиллуулсан нь үйлчилгээний хөлсөнд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй, үйлчлүүлэгч давхар зөвлөх ажиллуулсан тохиолдолд тухайн зөвлөхийн ажлыг тусдаа гэрээгээр зохицуулахаар заасан. “М” ХХК-ийн тусдаа өөр этгээдүүдээс хууль зүйн туслалцаа авсан нь “КИП” ХХК-д төлөх үйлчилгээний хөлсөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагчаас гэрээний 7.2.4-т зааснаар нөхөрлөлтэй харилцан зөвшилцөхгүйгээр бусад этгээдтэй хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулсан гэж тайлбарладаг ч энэ үндэслэл нь нэхэмжлэгч талд мөн адил хамаарах бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

5.2. Гомдолд дурдагдсан өмгөөллийн “Цэц смарт консалтинг” ХХК, өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нартай байгуулсан гэрээ, төлбөр шилжүүлсэн баримтууд нь хариуцагч “М” ХХК-д байгаа, өөрт нь байх ёстой баримтууд юм. Өөрөө гаргаж өгөх боломжгүй баримтыг л шүүх шаардан гаргуулдаг. Харин өөрт байгаа нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Түүнчлэн тухайн баримтыг нотлох баримтаар гаргуулан авсан ч шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй байсан гэж үзэж байна.

5.3. Мөн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж гомдол гаргасан байна. Нэхэмжлэгчээс анх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч М.Халиунжаргал нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбар гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэргийн материал болон эрх, үүрэгтэй танилцаж гарын үсгээ зурсан байдаг. Түүнчлэн шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-ийн өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч болсон гэж тайлбарлаж байх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн танилцсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул гомдол үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг залруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “КИП” ХХН нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 8,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “КИП” ХХН болон “М” ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ажиллагч нь хуулийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажиллуулагч 1,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

 

4. Талуудын хооронд илгээсэн цахим баримт, гэрч И.Цгийн “...2021 оны 06, 07, 08, 09, 10 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй... ковидтой холбоотой хил хаасан учраас орлого олоогүй, төлбөрөө төлж чадаагүй...“КИП” ХХН-өөс бүх үйлчилгээг авдаг байсан... бүх хэрэг дээр “КИП” ХХН явж байсан... хувьцаа эзэмшигчээс “КИП” ХХН-тэй гэрээ цуцлах чиглэл өгөөгүй” гэх мэдүүлгийг талуудын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл ажиллагч нь 2021 оны 07, 08, 09 дүгээр саруудад гэрээнд заасан хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Цахим баримтад шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 16, 20-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажиллагч нь 2021 оны 07 дугаар сард албан бичиг төлөвлөсөн, 08 дугаар сард ажлын байрны тодорхойлолт, гэрээ цуцлах мэдэгдлийн төсөл, 09 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, ажилтныг ажлаас халах гүйцэтгэх захирлын тушаалын төсөл зэрэг бичиг баримтыг тус тус боловсруулжээ. Харин ажиллагчаас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цахим шуудангаар хохирогчоор оролцуулах хүсэлт явуулсан талаар үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан боловч уг хүсэлт баримтаар авагдаагүй тул ажиллагч нь 2021 оны 06 болон 10 дугаар сард хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

4.1. Түүнчлэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1 дүгээр улирлын ажлын тайлан, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар улирлын ажлын тайланг тус тус ажиллуулагчид илгээжээ.

 

4.2. 2021 оны 1 болон 2 дугаар улирлын ажлын тайлангуудад зарим 2020 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хийсэн гэж тэмдэглэсэн боловч нотолсон баримтгүй тул уг тайланд бичигдсэн байдлаар холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх нь эргэлзээтэй байна.

 

5. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 1-д заасан хууль зүйн үйлчилгээний зарим хэсгийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өмгөөллийн “Цэц смарт консалтинг” ХХК, мөн өмгөөлөгч Б.Энхболд, Г.Тамир нар хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа “М” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шүүх хөндлөнгийн байж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг мэтгэлцүүлэх үндсэн дээр үйл баримтыг тодруулах бөгөөд харин зохигч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

6. М.Халиунжаргал 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцох болсон нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 2021 оны 07, 08, 09 дүгээр сарын хөлс 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/03682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “8,250,000” гэснийг “4,500,000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “146,950” гэснийг “86,950” гэж,

3 дахь заалтын “эрхтэй” гэснийг “эрхтэйг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                           

                 ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА