Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 274

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Соёл-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Намжилмаа /ҮД:0176/, Н.Дэмбэрэлдагва /ҮД:0984/,

хохирогч Х.Сүрэнжав, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /ҮД:2190/,

гэрч Г.Бямбаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 5 дугаар гудамж 119 тоотод оршин суудаг, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 466 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ЗП78041019/ Чонос овогт Бямбаагийн Соёл-Эрдэнэд 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020252 дугаар 185/2017/0223/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Соёл-Эрдэнэ шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор иргэн Х.Сүрэнжавыг “Төмөр гантилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнд үнэд хүргэн 150.000.000 төгрөгөөр зарж өгнө” гэж хуурч мэхлэн түүгээр нэг талдаа 24, нөгөө талдаа “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гантилыг 50.000.000 төгрөгөөр худалдан авахуулсны улмаас 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Соёл-Эрдэнийн: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цогт-Отгон намайг гэртээ дуудсан ба Баян-Өлгийгөөс мөнгөн ус ирж байгаа тул зарах хэрэгтэй байна гэсэн. Намайг очиход Ариунаа, Хашчулуун /Заяа гэх/ нар хамт байсан. Шприцэнд хийсэн, 46 кг хэмжээтэй мөнгөн ус зарах хэрэгтэй байна, наадмын өмнө зарна гэсэн. Наадмын дараа Хашчулуун над руу залгаад мөнгөн ус зарж чадах уу гэсэн. 26-27-ны үеэр Хашчулуун над руу залгаад мөнгөн усаа хураалгаад цагдаад баригдчихлаа гэсэн ба шархаа нөхөхийн тулд гантил олж өгөөч гэсэн. Энэ талаар Намбаярт хэлэхэд Москвад 1 эмэгтэй байгаа бөгөөд мессенжрээр холбогдсон гэхэд тэрийг нь авъя гээд Намбаяр, Хашчулуун, Мөнхдалай нартай хамт очиж 08 дугаар сарын 09-ний үеэр уулзсан. Мөнхдалай надтай юм ярья гээд 20.000.000 төгрөгийн гэрээ хийчих, тэгвэл би мөнгө олъё гэсэн. Намбаяртай ярилцаад нотариатаар 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээ хийсэн ба тэр өдрөө Хашчулууны нөхөр Мөнхболдтой хамт ОХУ руу ниссэн. Ингэхдээ зардал 500 доллар, 300 юаньтай явсан ба араас Хашчулуун 550.000 рубль шилжүүлсэн. Би явахаасаа өмнө Сүрэнжавтай яриад явсан ба гантил байвал авъя гэж Сүрэнжав хэлсэн. Москвад очоод 1 хоноход Хашчулуун мөнгө шилжүүлсэн ба мөнгийг 3 хоногийн дараа авсан. Гантилаа үзчихээд видео дуудлага хийхэд “биш байна, Улаан-Үдэд хүрээд ир” гэсэн ба 150.000 рублийг авч үлдээд, 450.000 рублийг Мөнхболд Хашчулуун руу шилжүүлсэн. Улаан-Үдэд ирээд 1 хоносны дараа Намбаяр Сүрэнжав нар ирсэн. Ингэхдээ Хашчулуунаас 450.000 рублийг авч ирсэн. 2 хоноход ажил бүтээгүй тул явъя гээд Мөнхболд, Намбаяр бид 3 буцаж Сүрэнжав үлдсэн. 450.000 рублийг Мөнхболд 26-ны үүрээр гэртээ буухдаа аваад буусан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа Хашчулуун над руу залгаад “гантил авмаар байна” гэсэн ба би Намбаярт хэлсэн. 3 хоногийн дараа “1 гантил байна авах уу” гэхэд Хашчулуун би авъя гэсэн. 7-8 хоногийн дараа Хашчулуун залгаад “өр нэхэгдээд байна, та нөгөө гантилаа олоод өгөөч” гэсэн тул би Намбаярт дахиад хэлэхэд 14.000.000 төгрөгний үнэтэй гэсэн. Хашчулуун үнэтэй байна гэсэн тул 7.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэр үед Хашчулуун “7.000.000 төгрөг байхгүй, миний танд өгсөн 3.500.000 төгрөгийг урьдчилгаа болгоод аваад өг” гэсэн. Би Намбаяраас гантил аваад Хашчулуунд 09 дүгээр сарын 18-ны орой аваачиж өгсөн. Тэгээд Сүрэнжав бид 2 Сүрэнжавын найз Буриад хүн нь “Эрхүүд ирж үз” гэсэн талаар хэлсэн тул явъя гэж хэлээд Цогт-Отгон, Насанбуян нарт хэлээд Эрхүүд худалдаж авах хүн байна уу гэхэд Манжуурын Буриадаас хүн ирж авна уулзъя гэсэн. Уулзаад бодит байдлыг хэлэхэд 09 дүгээр сарын 19-ний орой Насанбуянгийн ажил дээр Цогт-Отгон, Өнөрбат бид нар уулзсан. Цогт-Отгон Насанбуянг хилээр гаргах асуудлыг зохицуул гээд, Сүрэнжав бид 2 бараагаа үзэхээр, Өнөрбат Улаан-Үд орохоор тохироод 09 дүгээр сарын 19-ний орой Сүрэнжав, Цогт-Отгон, Насанбуян бид нар Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн. Өглөө хил гаргах асуудал бэлэн болсон тул Сүрэнжав бид 2 хил гарсан. Сүрэнжавын найз Тамир гэх залуу тосч аваад Тамирын найзтай хамт Эрхүү явсан. Мөнгөн ус үзэхэд биш байсан тул буцсан. Тэгэхэд Цогт-Отгон, Насанбуян нар залгасан ба би тэдэнд болохгүй байна гэж хэлэх гэхэд Сүрэнжав намайг “байж, бай Улаан-Үдэд байгааг үзчихээд хариу хэлье” гэхээр нь би “3-4 хоног хүлээх юм байна” гэж худлаа хэлсэн. Улаан-Үдэд ирээд байж байхад Сүрэнжавын утсанд Мийгаагаас зураг, бичлэг ирсэн ба Хашчулууны авсан мөнгөн усны гантил байсан. Би Хашчулуун руу Сүрэнжавын талаар хэлсэн. Гэтэл Хашчулуун “та чимээгүй бай” гэсэн тул Сүрэнжавт хэлээгүй. Орой 21 цаг өнгөрч байхад Сүрэнжав буудлаас гарсан ба 22 цаг өнгөрч байхад “мөнгөтэй хүн олсон Монгол явъя” гэсэн тул Монгол руу ирсэн. Би 09 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ хариад 3 Буриадыг буудалд үлдээсэн. Эргээд 15 цагийн үед буудалд ирэхэд Сүрэнжав 3 Буриадын хамт байсан. Удалгүй Мягмарсайхан, Энхбаатар нар ирсэн ба гантилыг авна гэсэн. Би Хашчулуунд хэлэхэд намайг “чимээгүй бай” гэсэн. Амьдрал хэцүүдэх гээд байна гэсэн тул би аргагүйн эрхэнд чимээгүй байсан. Тэр 2 мөнгөө хүнээс авч байсан ба 13 дугаар хорооллын урд хүнээс 38.000.000 төгрөгийг аваад 2 Буриадын хамт ирсэн. Орой над руу залгахад нь би утсаа аваагүй ба Мягмарсайхан намайг дуудсан тул би очсон. Намайг очиход мөнгөн усаа авчихсан байсан. Хаана задлах вэ гэхэд Сансарын ойролцоо Сүрэнжавын хамаатны айлд задална гэсэн. Авахаасаа өмнө бид 5 тохирсон ба хэрвээ шатвал 5 хуваана, ашиг олвол бас 5 хуваана гэсэн тул 2 Буриад мөнгө гаргасан. Мөнгө нь 40.000.000 төгрөг болсон тул 5.000.000 төгрөгийг Сүрэнжав бид хоёрыг ол гэсэн ч мөнгө олдоогүй. Энэ мөнгөнөөс би 14.200.000 төгрөгийг Хашчулуунаас авсан ба 3.000.000 төгрөгийг Намбаярт өгсөн. Үлдэгдэл 9.000.000 төгрөгийг Буриадад өгөх ёстой байсан ч 2.000.000 төгрөгийг Улаан-Үдийн буриадад зардал болгож өгсөн. 2 хоногийн дараа Хашчулуун Мөнхболд нар над руу утасдахад нь би очсон. Дөнгөж ортол Цогт-Отгон, Насанбуян, Өнөрбат нар ирсэн ба араас нь Сүрэнжав орж ирээд хуурч гантил 50.000.000 төгрөгөөр зарсан, одоо мөнгө өг гэээд, Өнөрбат нь намайг дарамталж, нотариатаар 50.000.000 төгрөгийн гэрээ хийе гэж хэлээд дансанд байсан 2.400.000 төгрөгийг Өнөрбат 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 22 минутаас 17 цаг 25 минутын хооронд 3 удаа 800.000 төгрөгөөр авсан,мөн буудалд байхад Цогт-Отгон 450.000 төгрөгийг миний түрийвчнээс авсан. Сүрэнжав, Өнөрбат 2 мөнгө авч яваад Цогт-Отгон, Насанбуян нартай би Дүнжингарав худалдааны төвд очиж 8.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Би Х.Сүрэнжаваас 50.000.000 төгрөг тоолж аваагүй, Хашчулуунаас гантил авах үед ч цуг байгаагүй. Х.Сүрэнжав надад 50.000.000 төгрөгийг тоолж өгөөгүй. Би Х.Сүрэнжавын 50.000.000 төгрөгийг залилж авсан хэрэг үйлдээгүй тул үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Сүрэнжавын: Анх Намбаяр гэх хүнээр дамжуулж наадмын үеэр Б.Соёл-Эрдэнэтэй танилцсан. Манай ахын 1 гантил надад байсан ба гантилийг өндөр үнээр авч байна гэхээр нь Намбаярын найзад үзүүлсэн. “Ссср” гэсэн бичигтэй байх ёстой гэсэн, хэвтүүлэхээр өөрөө босдог байх ёстой гэсэн. Б.Соёл-Эрдэнэтэй уулзах үед гантил надад байхгүй байсан тул би вичатаар Б.Соёл-Эрдэнээс асуусан. Тэгээд Москва явсан гэх Б.Соёл-Эрдэнийн ярьсан асуудал болсон. Миний утсанд удалгүй хөөрөг хийдэг хүнээс маань вичатаар бичлэг ирсэн ба Б.Соёл-Эрдэнэд харуулахад мөн байна, авъя гэсэн. Тэгээд Улаан-Үдээс буриад найзыгаа өөр найзтай нь аваад Монголд ирээд гантилаа үзье гэхэд үзүүлэхгүй Заяа /Хашчулуун/ гэх хүүхэнд байгаа гэсэн. Байдал эсрэгээрээ эргэхэд намайг хамт залилсан гэж Буриадууд дарамталсан тул би төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. Бид мөнгөө цуглуулаад нэг бүрчлэн тоолоход 50.000.000 төгрөг болсон. УИД-ийн ойролцоо Заяа /Хашчулуун/ гэх хүнтэй уулзахад олуулаа явахгүй, 2 хүн надтай цуг яв гээд ТЭЦ-4 рүү явж байхад уулзах хүний утас нь холбогдохгүй болж дараа нь хүүхдийн парк дээр уулъя гээд явсан. Би мөнгөө бүгдийг нь 50.000.000 төгрөгийг Заяад тоолж өгөөд гантилыг авч явсан. Тэгээд манай ахынд очиж гантилыг зүсэхэд дүүрэн цутгасан тугалга байсан. Энэ бүх асуудал Б.Соёл-Эрдэнээс үүдэлтэй тул үлдэгдэл 48.300.000 төгрөгийг Б.Соёл-Эрдэнээс нэхэмжилж байна. Энэ гантил авахад зарцуулсан 50.000.000 төгрөг бол Улаан-Үдэд байдаг миний найзын мөнгө гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Сүрэнжавын: …Заяа гэдэг хүүхэнтэй нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их дэлгүүр дээр уулзахад “та нар яг худалдаж авах юм бол мөнгөтэйгээ ирээд л худалдаж ав, тэгэхгүй бол үзүүлэхгүй, хүмүүс дээрэмдэж магадгүй гэж айж байна” гэсэн. …мөнгөө бүгдийг нь Заяад тоолж өгөөд гантилыг аваад явсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-28/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Насанбуянгийн: ...Би Х.Сүрэнжавыг саяхнаас таньдаг болсон юм.  …Х.Сүрэнжав …“Заяа гэдэг хүүхнээс 50 сая төгрөгөөр төмөр гантил авсан чинь хулхидуулчихлаа” гэсэн. Би Заяа болон түүний нөхөр Мөнхболд хоёрыг 1 жилийн өмнөөс таньдаг хуурай ах дүү хоёр юм. Тэгсэн чинь Х.Сүрэнжавт хуурамч гантил зарсан хүн нь Заяа болж таарсан. ... Заяа гэдэг эмэгтэйгийн жинхэнэ нэрийг бол Хашчулуун гэдэг, гэхдээ гэрийнхэн болон нэйзууд нь түүнийг Заяа гэж дууддаг, тийм учраас би ч гэсэн тэгж дууддаг юм. Х.Сүрэнжав энэ хуурамч гантилыг Заяа гэдэг эмэгтэйд хулхидуулчихлаа гэхээр нь би гадаад байдлыг нь асуухад бор бүдүүн биетэй, намхан гээд миний таньдаг Заяатай гадна дүр төрхөөрөө таарсан. Тэгээд би гэрт нь явж очиход өөрөө надад үнэнээ хэлээд тэгж таарсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Отгонбаярын: ...Хашчулуун эгч над руу залгаад манай гэрт төмөр гантил байгаа, түүнийг аваад парк дээр хүрээд ир, хүнд зарах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би гэрээс нь очиж тэр төмөр гантилыг аваад парк дээр очиход Хашчулуун тэр төмөр гантилыг худалдаж авах гэж байгаа гээд туранхай залуу байсан. Тэгээд тэр эрэгтэй төмөр гантилыг үзээд цаашаагаа хүн рүү бичлэг, зураг үзүүлээд байх шиг байсан. Тэгээд Т.Хашчулуунаас тэр залуу “найдвартай юм байгаа биз дээ, хамт явж задалж үзье гэхэд Хашчулуун “би мэдэхгүй ээ, наадахыг чинь мэдэхгүй, би энэ чигээр нь л зарна, та нар цаашаагаа яаж ашгаа олно уу, өөрсдөө мэд, сайн шалгаад өөрсдөө ав” гэж хэлээд тэд нар нь хажууд нь утас тавьж үзээд л унагаж, босгоод л шалгаж байгаад авахаар болоод мөнгөө өгөхөд Т.Хашчулуун намайг тоолоод ав гээд би мөнгийг нь тоолж авахад 50 сая төгрөг байсныг тоолж авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Энхбаатарын: ...Манай найз Мягмарсайхан 2016 оны 09 дүгээр сарын үед байх аа он сарыг нь сайн санахгүй байна над руу нэг дугаар залгаад төмөр гантил байна, авах уу гээд мессеж бичээд байна аа, чи нэг яриадахаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр дугаар луу залгаад ярихад Хашчулуун өөрийгөө Заяа гэж танилцуулаад “нэг хүнээс таны дугаарыг авсан юм аа, 24 кг-ийн төмөр гантил байна, 45 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. ...Тухайн үед Хашчулуун нэг их юм яриагүй. Бид нар Соёл-Эрдэнээс асуугаад л найдвартай гэхээр нь авсан юм. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-49/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мягмарсайханы: ...миний утас руу танихгүй дугаараас “төмөр гантил өндөр үнээр авдаг хүн мөн үү” гэсэн мессеж ирсэн. ...Тэгээд Энхбаатар тэр хүнтэй уулзахад Заяа гэдэг бүдүүн хүүхэн хөдөөнөөс энэ гантилыг олж ирлээ 50 сая төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд гантилын бичлэгийг хийгээд Сүрэнжав руу явуулахад Сүрэнжав Соёл-Эрдэнэ наад гантилыг чинь мөн байна аа гэж байна наадахыг чинь авъя бид хоёр одоо гарлаа гэж хэлсэн... ...Соёл-Эрдэнэ хуурамч гантилыг Сүрэнжавтай хамт байж бид нараар дамжуулан Заяа буюу Хашчулуунаар Сүрэнжавт заруулсан гэдгээ хэлж мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Намбаярын: ...Соёл-Эрдэнэ над руу залгаад “би нөгөө 15 сая төгрөгийн үнэтэй гантилыг чинь зохицуулаад авчихсан, мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байхаар нь Хашчулуунд өгчихсөн, үүнийг л зарна” гэж хэлсэн. ...нөгөө гантилаа Хашчулуунд үлдээчихээд Сүрэнжавтай хамт Оросын холбооны улс руу явчихсан байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

Мөрдөн байцаалтад Б.Соёл-Эрдэнийн: ...Сүрэнжав “Улаанбаатарт нэг гантилын сураг гарлаа 50 сая төгрөг гэж байна” гэсэн. ... үзэхэд миний Хашчулуунд өгсөн гантил мөн байсан. ...би Сүрэнжавт тэр гантилын талаар хэлээгүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-81-82/,

 

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-17/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-24/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-86/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-87/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 сарын 6-ны өдрийн 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-91-92/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-113/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-135-136/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Соёл-Эрдэнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор иргэн Х.Сүрэнжавыг “Төмөр гантилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнд үнэд хүргэн 150.000.000 төгрөгөөр зарж өгнө” гэж хуурч мэхлэн түүгээр нэг талдаа 24, нөгөө талдаа “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гантилыг 50.000.000 төгрөгөөр худалдан авахуулсны улмаас 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Соёл-Эрдэнийг хуурч мэхэлсний улмаас хохирогч Х.Сүрэнжавт

50.000.000 төгрөгний хохирол учруулсан гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн:

гэрч Ж.Отгонбаярын: …Хашчулуун эгч над руу залгаад манай гэрт төмөр гантил байгаа, түүнийг аваад парк дээр хүрээд ир, хүнд зарах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би гэрээс нь очиж тэр төмөр гантилыг аваад парк дээр очиход Хашчулуун тэр төмөр гантилыг худалдаж авах гэж байгаа гээд туранхай залуу байсан. Тэгээд тэр эрэгтэй төмөр гантилыг үзээд цаашаагаа хүн рүү бичлэг, зураг үзүүлээд байх шиг байсан. Тэгээд Т.Хашчулуунаас тэр залуу “найдвартай юм байгаа биз дээ, хамт явж задалж үзье гэхэд Хашчулуун “би мэдэхгүй ээ, наадахыг чинь мэдэхгүй, би энэ чигээр нь л зарна, та нар цаашаагаа яаж ашгаа олно уу, өөрсдөө мэд, сайн шалгаад өөрсдөө ав” гэж хэлээд тэд нар нь хажууд нь утас тавьж үзээд л унагаж, босгоод л шалгаж байгаад авахаар болоод мөнгөө өгөхөд Т.Хашчулуун намайг тоолоод ав гээд би мөнгийг нь тоолж авахад 50 сая төгрөг байсныг тоолж авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Сүрэнжавын …Би мөнгөө бүгдийг нь 50.000.000 төгрөгийг Заяад тоолж өгөөд гантилыг авч явсан. Тэгээд манай ахынд очиж гантилыг зүсэхэд дүүрэн цутгасан тугалга байсан. Энэ бүх асуудал Б.Соёл-Эрдэнээс үүдэлтэй тул үлдэгдэл 48.300.000 төгрөгийг Б.Соёл-Эрдэнээс нэхэмжилж байна. Энэ гантил авахад зарцуулсан 50.000.000 төгрөг бол Улаан-Үдэд байдаг миний найзын мөнгө гэж мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Х.Сүрэнжавын: …мөнгөө бүгдийг нь Заяад тоолж өгөөд гантилыг аваад явсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-28/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Соёл-Эрдэнийн …Наадмын дараа ...26-27-ны үеэр Хашчулуун над руу залгаад мөнгөн усаа хураалгаад цагдаад баригдчихлаа гэсэн ба шархаа нөхөхийн тулд гантил олж өгөөч гэсэн... ...Би Хашчулуун руу Сүрэнжавын талаар хэлсэн. Гэтэл Хашчулуун “та чимээгүй бай”...  ...Амьдрал хэцүүдэх гээд байна гэсэн тул би аргагүйн эрхэнд чимээгүй байсан. ...Би Х.Сүрэнжаваас 50.000.000 төгрөг тоолж аваагүй, Хашчулуунаас гантил авах үед ч цуг байгаагүй. Х.Сүрэнжав надад 50.000.000 төгрөгийг тоолж өгөөгүй. Би Х.Сүрэнжавын 50.000.000 төгрөгийг залилж авсан хэрэг үйлдээгүй тул үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч Х.Сүрэнжав нь шүүгдэгч Б.Соёл-Эрдэнээс нэхэмжилж буй 50.000.000 төгрөгийг Хашчулуун /Заяа/ гэгчид тоолж өгсөн болох нь тогтоогдон нотлогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотолбол зохих байдлыг шалгасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор тогтоогдсон Х.Сүрэнжав 50.000.000 төгрөгийг Хашчулуун /Заяа/ гэгчид өөрөө тоолж хүлээлгэн өгсөн, мөн гантил авахад зарцуулсан мөнгө нь ОХУлсын иргэнийх байсан гэж мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.Соёл-Эрдэнэ хуурч мэхэлсний улмаас 50.000.000 төгрөгний хохирлыг хохирогч Х.Сүрэнжавт учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгч …-д ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Соёл-Эрдэнийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн эрүүгийн 201725020252 дугаар хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг талдаа 24, нөгөө талдаа СССР гэсэн бичиглэлтэй төмөр гантил 1 ширхгийг хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Бямбаагийн Соёл-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж зүйлчилсүгэй.

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Бямбаагийн Соёл-Эрдэнийг цагаатгаж, эрүүгийн 201725020252 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

  3. Б.Соёл-Эрдэнэ 2 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг талдаа 24, нөгөө талдаа СССР гэсэн бичиглэлтэй 1 ширхэг төмөр гантилыг хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

  5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Соёл-Эрдэнэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  6. < > тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Соёл-Эрдэнэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

     

     

     

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ