Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/04035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 05

101/ШШ2022/04035

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.М-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э х т ХХК-д холбогдох,

 

58,234,436.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 24,122,822 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мөнхнаран, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О Э х т ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чин ван Ханддорж гудамж дугаар байрны тоотод байрлах 90 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 5 жилийн хугацаатай, сарын 3,000,000 төгрөгөөр, сар бүрийн 1-10-ны өдрүүдэд дансаар төлж байхаар харилцан тохиролцож түрээслүүлсэн. Гэвч 2020 он гарснаас хойш түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүргэлээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  дугаар тогтоолд хэрэг бүртгэлтийн  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан. Иймд хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарыг дуустал 19 сарын хугацааны түрээсийн төлбөр 57,000,000 төгрөг, ус, дулаан, ашиглалтын зардал 1,234,436.24 төгрөг, нийт 58,234,436.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Үнэгүй.мн сайтад байрлуулсан зар дээрээ нэгдүгээр зэрэглэлийн рестораны тусгай зөвшөөрөлтэй объект гэсэн байсан, үүнд итгэж түрээсийн гэрээ байгуулахаар болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх П.О тусгай зөвшөөрлийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 7,500,000 төгрөг авсан. Манай компани түүний хэлсэн амалсанд бүрэн итгэж, гэрээг бичгээр байгуулж, 5 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулж ашиг олно гэж ойлгож, энэ талаар гэрээндээ зааж, засвар хийх талаар мэдэгдэж, 2 сарын хугацаанд 16,292,622 төгрөгийн зардал гаргаж засвар хийсэн. Гэтэл түрээслэх явцад шилжүүлэн өгөх тусгай зөвшөөрөл өөрийнх нь биш болох нь тодорхой болсон, нэгдүгээр зэрэглэлийн рестораны тусгай зөвшөөрөлтэй гэж бодит байдлыг нууж хуурах замаар сарын өндөр түрээсийн төлбөр авч, бусдыг хохироох ёсгүй, тийм эрх байхгүй, ийм байдлаар үндэслэлгүй хөрөнгөжих нь хуульд нийцэхгүй юм. Өмнөх түрээслэгч Б.Батзоригийн Эм Жи Эл Доор ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өөрийнх мэтээр ойлгуулж, түүнийг шилжүүлэн өгнө гэж итгүүлж гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөл шилжүүлж өгөх талаар 2019 оны 12 дугаар сараас эхлэн шаардаж эхэлсэн боловч хариуцагч шилжүүлээгүй, шилжүүлэх нь худал хуурмаг болж, улмаар түрээсийн гэрээний зорилгод заасан үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Гэмт хэргийн шинжтэй нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаанд гомдол гарган цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Ийнхүү нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч өөрөө түрээсийн байрны хаалгын цоожийг дураараа сольсноос болж түрээсийн байр руу нэвтрэх, түрээсийн байрыг ашиглах, үр шимийг нь хүртэх ямар ч боломжгүй болсон. Үүнээс гадна ковид-19 цар тахлаас болж рестораны үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ажиллагааны хүрээнд цагдаагаас үзлэг хийж байж, манай компанийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарт: ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх П.О нь бусдын тусгай зөвшөөрлийг өөрийнх мэтээр, нэгдүгээр зэрэглэлийн рестораны тусгай зөвшөөрөлтэй гэж хариуцагч талд ойлгуулж бодит байдлыг нууж түрээсийн гэрээг сарын өндөр төлбөртэй байгуулсан. Зарын дагуу П.О-тай очиж уулзахад тусгай зөвшөөрлийг танай компанийн нэр дээр шилжүүлэн өгнө гэсэн бөгөөд гэрээ байгуулсны дараа тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 7,500,000 төгрөг авсан. Манай компани нь түүний хэлсэн амалсанд итгэж, гэрээг бичгээр байгуулж, 5 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулж ашиг олно гэж гэрээндээ зааж, хариуцагч талд засвар хийх талаар амаар хэлэхэд зөвшөөрсөн тул нийт 16,622,822 төгрөгийн зардал (хоол, унааны зардал ороогүй болно) гаргаж, 2 сарын хугацаанд засвар хийсэн. Гэтэл түрээслэх явцад шилжүүлэн өгнө, итгэж болно гэсэн нь худал болж, өмнөх түрээслэгч Б.Батзоригийн Эм Жи Эл Доор ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өөрийн мэтээр надад ойлгуулж гэрээг байгуулсан, мөн манай компанид шилжүүлэн өгнө гэж 7,500,000 төгрөгийг авсан атлаа шилжүүлж өгөөгүй. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөх талаар 2019 оны 12 дугаар сараас эхлэн шаардсан боловч хариуцагч нь шилжүүлэн өгөөгүй учир түрээсийн гэрээний зорилгод заасан үйл ажиллагааг бидний зүгээс явуулах боломжгүй болсон. Хариуцагчийн дээрх буруутай үйл ажиллагааны улмаас эцэстээ манай компани үр ашиггүй 16,622,822 төгрөгийн засвар хийж зардал гарган хохирч, мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгнө гэж найдаж түүнд 7,500,000 төгрөгийг өгч өнөөдрийг хүртэл буцан авч чадахгүй хохирсон. Иймд нэхэмжлэгчээс дээрх хохирол 24,122,822 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарт: ... Би Шуурхай зар сонинд байраа түрээслэх зар өгснөөр олон хүн ирж үзсэн. Анх өөрийгөө Улсын их дэлгүүрийн зүүн талд шорлог хийж зардаг гэж танилцуулсан Чулуунбат гэдэг хүн, дараа нь эхнэр, дүү Б.Ч нарынхаа хамт ирж уулзсан. Удалгүй Б.Ч намайг компани дээрээ дуудаж гэрээ хийсэн. Би нэг сарын түрээсийг чөлөөлж, барьцаа аваагүй, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө өөрөө төлөхөөр тохирсон. Манай ресторанд дутуу зүйл байгаагүй, гадаах тохижилт, дотоод засал, хяналтын камер зэрэг нэг ч зүйл дутуу байгаагүй. Харин архи, пиво, ундаа гэх мэт бөөний үнээр авсан бараа байсныг компанийн падаантай нь тулгаж өгсөн. Өмнөх түрээслэгч Б.Батзориг надад 3,900,000 төгрөгийн бараа бусад зүйлээ түрээсийн төлбөрт бодож үлдээсэн, түүнийг гарсны дараа би охины төрсөн өдрийг тэмдэглэхдээ дахин бараа авсан байсан. Нэг өдөр над руу утсаар ярьж ресторанаа жоохон өөрчлөх санал тавьсан ба би зөвшөөрөөгүй. Бас дахин залгаад ресторан харанхуй харагдаж байна гэхээр нь би саарал, бараан өнгөөр баар шиг харагдуулахаар саяхан засал хийж бүгдийг нь янзалж сольсон учраас дахин засвар хийх боломжгүй гэж хэлсэн. Ресторанд очсон чинь обой сольсон, битгий уурлаарай өөр зүйлгүй, баарны тек солихоор өгсөн байгаа, би 5 жилийн түрээсийн гэрээ хийсэн болохоор ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Надад ямар ч санал, албан бичиг өгөөгүй. Мөн надад Б.Ч 7,500,000 төгрөг өгөөгүй, тусгай зөвшөөрлийн тухай надад хэлсэн гэдэг нь огт худлаа бөгөөд бүх зөвшөөрлийн асуудал үйлчилгээний байраа түрээслүүлж байгаа надад ямар ч хамаагүй, өөрийнх нь компанийн дотоод асуудал гэж би бодож байна. Өмнөх түрээслэгч Б.Батзориг учраа олсон байж болох ч энэ миний асуудал биш. Э х т ХХК гэрээ хийснээс хойш ямар ч асуудалгүй түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгч, ашиглалтын зардлаа (орон сууц, цахилгаан, хогны төлбөр) төлж байсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд худлаа ярьж эхэлсэн, Хятад улсаас их хэмжээний мөнгө орж ирж байгаа, бөөнд нь түрээсээ төлнө, орон сууцны байцаагчид хүртэл хүлээж байгаарай гэж хэлсэн байдаг. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар зохиомол хэрэг үүсгэн намайг олон дахин шалгаж сэтгэл санаа болон эд хөрөнгийн асар их хохирол учруулсан, сүүлд нь дүгнэлтээ гаргасан. Цагдаагийн газар 5 жилийн гэрээ дуусаагүй байхад дахин түрээслүүлэхийг хориглосон тул түрээс оруулаагүй байгаа билээ. 2020 оны 08 дугаар сард Э х т ХХК-аас хүн ирж юмаа явна гэж ирж эхлээд баарны текийг салгаад зогсож байхаар нь орхиж гараад 2 цагийн дараа орж ирэхэд обойг ураад бүх зүйлийг эвдээд гарсан байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд өөрсдийн юмаа авч байна гэсэн тэгээд би баримтжуулж зургийг авсан. Б.Ч-н мэдүүлэг үндэслэлгүй худлаа хүн гүтгэсэн байна гэдгийг цагдаагийн газар хангалттай баримтаар шалгаж тогтоосон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Хэргийн нотлох баримт:

 

5.а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Л.М-с П.О-т эрх олгосон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлүүд, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ХҮТ-08-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/ дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоол, фото зургууд.

 

5.б.Хариуцагчийн нотлох баримт: засварын зардлын баримтууд, Б.Чулуунбатын баталгаа, Ж.Цэнгэлийн тайлбар, Б.Батзоригийн баталгаа, Эм Жи Эл Доор ХХК-д олгосон спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл, Э х т ХХК-д олгосон ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын батламж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга, Э х т ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ, фото зургууд, Хаан банкин дахь Б.Ч-н  тоот дансны хуулга.

 

5.в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргуулсан эрүүгийн дугаар хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч Ж.Цэнгэл, Б.Чулуунтулга, Ш.Батсайхан, С.Цогзолмаа, Ч.Далайбаяр нарын мэдүүлгүүд, үзлэгүүдийн тэмдэглэл, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 58,234,436.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан тусгай зөвшөөрлийн төлбөр болон түрээсийн байранд хийсэн засварын зардал нийт 24,122,822 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

3.2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түрээслүүлэгч Л.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, түрээслэгч Э х т ХХК, түүнийг төлөөлөн Б.Ч нар түрээсийн гэрээг бичгээр хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027311 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чин ван Ханддоржийн гудамж тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сард 3,000,000 төгрөгийн түрээстэй, 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ (хэргийн 1 дэх хавтас 7-8 дахь тал).

 

4.Дээрх гэрээнд түрээслүүлэгч талаас Л.М, П.О нарын гарын үсэг зурагдсан байх ба нэхэмжлэгч Л.М болон 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунбаяр тус тус гарын үсэг зурсан гэж тайлбарласан (хэргийн 2 дахь хавтас 60 дахь тал).

 

5.Хариуцагчийн төлөөлөгч Б.Ч нь Л.М-тай уулзаж байгаагүй, түүнтэй гэрээ хийгээгүй гэж маргаж, улмаар түрээсийн гэрээ болон итгэмжлэл дэх Л.М-гийн гарын үсэгт шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2227 дугаар дүгнэлтэд баримтууд дахь гарын үсгүүд шинжилгээний харьцуулах загвараар ирүүлсэн Л.М-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн (хэргийн 2 дахь хавтас 110-122 дахь тал).

  

6.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-ийг хэлцэл гэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

 

Түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

 

7.Дээр дурдсанаас үзэхэд, зохигч талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээ үйлдэж, гарын үсэг зурснаар тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

8.Гэвч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

9.Зохигчид дээрх хуулийн зохицуулалтын дагуу түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь талуудын тайлбар болон Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар (хэргийн 2 дахь хавтас 31 дэх тал) нотлогдож байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

10.Түүнчлэн хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгчийг өмнөх түрээслэгч Б.Батзоригийн Эм Жи Эл Доор ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өөрийнх мэтээр ойлгуулж, түүнийг шилжүүлэн өгнө гэж итгүүлэн, нэгдүгээр зэрэглэлийн рестораны тусгай зөвшөөрөлтэй гэж бодит байдлыг нууж хуурах замаар түрээсийн гэрээ байгуулсан гэж маргасан.

 

10.а.Хэргийн баримтуудаар, хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр рестораны үйл ажиллагаа явуулах талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга нартай худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулж, батламж авсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт олгогдсон болох нь нотлогдож байна (хэргийн 1 дэх хавтас 184-187 дахь тал).

 

10.б.Мөн Эм Жи Эл Доор ХХК-д спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2 жилийн хугацаатай олгогдсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-н гараар бичсэн баримтад ... Эм Жи Эл ХХК Батзориг-н тусгай зөвшөөрөл 2020 оны 12 сарын 18-нд дуусна. Би бүх төлбөр тооцоо хийнэ гэжээ (хэргийн 1 дэх хавтас 183, 188 дахь тал).

 

10.в.Зохигчдын түрээсийн гэрээнд спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн нөхцөл тусгагдаагүй байна.

 

10.г.Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэхэд түрээсийн гэрээ хийгдэх үед рестораны үйл ажиллагаа явуулахад шаардагдах согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн нэр дээр бус, өөр компанийн нэр дээр байсан үйл баримт тогтоогдож байх боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох түрээсийн гэрээнд зөвшөөрлийн талаар тусгагдаагүйн дээр хэргийн бусад баримтаар нэхэмжлэгч нь уг нөхцөл байдлыг хариуцагчаас нуусан, хуурах замаар гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

Нэг.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

11.Нэхэмжлэлд хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарыг дуустал 19 сарын хугацааны түрээсийн төлбөр 57,000,000 төгрөг (3,000,000*19), ус, дулаан, ашиглалтын зардал 1,234,436.24 төгрөг, нийт 58,234,436.34 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

12.Хариуцагч нь нэхэмжлэгчийг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл шилжүүлж өгөөгүйгээс гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон, мөн нэхэмжлэгч түрээсийн байрны хаалгыг лацадсанаас болж түрээсийн байранд нэвтрэх, ашиглах, үр шимийг хүртэх боломжгүй болсон, үүнээс гадна ковид-19 цар тахлаас болж ресторан ажиллуулах боломжгүй байсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

13.Дээр дурдсанаар талуудын хийсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй.

 

14.Харин талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар, хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид буцаах бодит боломжгүй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө эзэмшиж, ашигласны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

15.Нэхэмжлэгч нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар үзлэг хийсний дараа 2021 оны 07 дугаар сард түрээсийн байрыг хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч маргаж, 2020 оны 05 дугаар сард түрээсийн байрны гадна хаалганы 2 цоожийн нэгийг сольж нэвтрэх боломжгүй болгосон, улмаар 2020 оны 05 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гарган хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан гэж мэтгэлцсэн.

 

16.Шүүх дор дурдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд байсан гэж дүгнэж, хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 сарын хугацааны төлбөр 12,000,000 төгрөгийг (3,000,000*4) төлөх үндэстэй гэж үзлээ. Тодруулбал,

 

16.а.Гэрч Б.Чулуунтулга ... юм авах гээд очсон чинь цоожийг сольсон байсан. Би өөрөө цоожийг сольсон байна гэж яриад бичлэг хийгээд явсан ... 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байсан байна ... юм авах гэж очсон, орж чадаагүй, 2 ижил түгжээтэй байсан, 1 түгжээг нь эвдээд өөр түгжээ хийсэн байсан ... Би цуг явж байсан, тухайн үед О эгч байсан, дээд талын ресторанаас цагдаа таслагчтай хүн дуудаад таслуулсан ... би бичлэг хийсэн, надад бичлэг байгаа ... гэж мэдүүлсэн (хэргийн 1 дэх хавтас 228 дахь тал), 

хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... фэйсбүүк мессенжер апликэйшинд T T гэсэн хаяг руу нэвтрэхэд Ch B хаягаас 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 54 минутад ирсэн ... бичлэгийг нээхэд барилгын төмөр хаалга дээд талдаа бор хүрэн өнгийн цоож, доод талдаа цагаан өнгийн төмөр цоожоор цоожлогдсон байдалтай байв ... бичлэгийг эрэгтэй хүн хийж байх ба ийм ижилхэн хоёр, дээд талын цоож нь адилхан байсан чинь доод талын цоожийг нь эвдээд ийм цоож хийчихсэн байх юм гэж ярьсныг бэхжүүлэв ... гэж тусгагдсан (хэргийн 1 дэх хавтас 64 дэх тал),

мөн хариуцагч нь цагдаагийн байгууллагад рестораны тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчид холбогдуулан гомдол гаргасныг анх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэсэн талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/ дугаар захирамжид тусгагджээ (хэргийн 1 дэх хавтас 11-14 дэх тал).

 

16.б.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргуулсан эрүүгийн  дугаар хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд цагдаагийн ажилтан нэхэмжлэгч, хариуцагч талуудыг байлцуулан түрээсийн байранд нэвтрэхдээ гадна хаалганы дээд талын цоожны түлхүүрийг хохирогч Б.Ч-гийн ах Б.Чулуунтулгад байсныг авч онгойлгосон, харин доод талын цоожны түлхүүр байхгүй гэх тул талуудаас зөвшөөрөл авч, эвдэж орсон талаар тусгасан байна (хэргийн 1 дэх хавтас 76-86 дахь тал).

 

16.в.2020 оны 05 дугаар сард түрээсийн байрны гадна хаалганы хоёр цоожийн доод цоожийг сольсон байсны улмаас нэвтрэх боломжгүй болсон гэх тайлбар бүхий хариуцагчийн дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг цоож сольсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй боловч нэхэмжлэгч уг үндэслэлийг үгүйсгэж няцаасан нотлох баримт шүүхэд гаргаагүй, тодруулбал тухайн цаг хугацаанд түрээсийн байранд хариуцагч үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаар шүүхэд мэтгэлцээгүй.

 

16.г.Үүнээс гадна хариуцагчаас цагдаагийн байгууллагад нэхэмжлэгчид холбогдуулан гомдол гаргасныг 2020 оны 05 дугаар сард шалгаж байсан үйл баримт тогтоогдсонтой харьцуулан үзвэл, тухайн цаг хугацаанд хариуцагчийг түрээсийн байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

16.д.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, эсхүл татгалзлын үндэс болж байгаа байдлаа өөрөө нотлох үүрэгтэй тул шүүх талуудын нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

 

17.Хариуцагчийн Хаан банкин дахь дансны хуулгаас үзэхэд, нэхэмжлэгчид 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг; 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,650,000 төгрөг; 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 29-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 18,150,000 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагчийг нэг сарын түрээсээс чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар (хэргийн 1 дэх хавтас 233 дахь тал), мөн 2020 оны 01 дүгээр сарын төлбөрийг урьдчилан төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг харьцуулан үзээд хариуцагчийн татгалзлыг үндэстэй буюу түрээсийн төлбөр 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаагаар төлөгдсөн байна гэж дүгнэв.

 

Мөн нэхэмжлэгч хэрэгт авагдсан дээрх дансны хуулгыг маргаж үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

18.Нэхэмжлэлд хариуцагчаас ус, дулаан, ашиглалтын зардал 1,234,436.24 төгрөг гаргуулахаар шаардаж, ХҮТ-08-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг хавсаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй.

 

Дээрх баримтад 2018 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааг хамарсан юуны төлбөр болох нь тодорхойгүй, төлбөл зохих хөлс, төлсөн хөлс, эхний, эцсийн үлдэгдэл гэснээс өөр утга тусгагдаагүй, хариуцагчид хэрхэн хамааралтай болох нь тодорхой бус байна.

 

Иймээс нэхэмжлэлийн тус шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хангах үндэслэлгүй.

 

Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

19.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан тусгай зөвшөөрөл гаргуулахаар бэлнээр шилжүүлсэн 7,500,000 төгрөг, түрээсийн байранд хийсэн засварын зардал 16,622,822 төгрөг, нийт 24,122,822 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

20.Нэхэмжлэгч нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 7,500,000 төгрөг аваагүй, түрээсийн байранд засвар хийх шаардлага байгаагүй, засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

21.Хариуцагч өөрийн дансны хуулгад тусгагдсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4,000,000 төгрөг, 3,500,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээг үндэслэн шаардлагаа тодорхойлсон (хэргийн 1 дэх хавтас 176 дахь тал).

 

22.Гэвч нэхэмжлэлд хавсаргасан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1016 дугаар тогтоолоос үзэхэд, хариуцагчийн төлөөлөгч энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад ... Хохирогч Б.Ч-гийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр П.О-т 7,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн, энэ үед манай ах Б.Чулуунбат, эгч Гэрэлтуяа нар хажууд байсан гэж мэдүүлсэн боловч гэрч Б.Чулуунбат, Гэрэлтуяагийн дээрх мэдүүлгээр үгүйсгэгджээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд түрээслэгч П.О нь Ассорд рестораны тусгай зөвшөөрлийг сунгуулж өгнө гэж Б.Ч-гаас 7,500,000 төгрөг залилан авсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна (хэргийн 1 дэх хавтас 15 дахь тал).

 

23.Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч нь данснаас бэлнээр авсан 7,500,000 төгрөгөө нэхэмжлэгчид өгсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймээс сөрөг нэхэмжлэлийн 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

24.Хариуцагч түрээсийн байранд засвар хийсэн болох нь

гэрч Ж.Цэнгэлийн ... Ч, О нарыг хоорондоо ярилцаж байгааг сонссон. Бага засвар хийвэл зүгээр, харанхуй даа гэж хэлж байхыг сонссон ..., гэрч Б.Чулуунтулгын ... засвар хийж байхад нь хэд хэдэн удаа очсон. Нэг сар гаруй, хоёр сарын хугацаанд засвар хийсэн,

гэрч Ш.Батсайханы ... 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хийсэн ... нийтийн нойлын өрөөнд хуучин плитаг бүгдийг нь хуулаад шинээр плита наах ажил хийсэн. Зааланд текний урдуур плита битүү тойруулж наасан ... 900,000 төгрөг авсан ... Оюунбаяр засвар хийхийг дэмжиж байсан, нойлын өрөө хийж байхад ямар гоё болж байгаа юм бэ, монгол эр хүн танд мэхийн ёслоё гэж хэлж байсан. Шугамны наагуур өрлөг өрж хөлгүй угаалтуур тогтоосон, битүү плита наасан, ханыг нь нураагаад плитаны цавуу, чигжээс маш их орж байсан, надад зураг нь байгаа. Сантехникийн усны тоолуур, труба зэргийг шинээр сольж байсан, тоолуурт нь онгойдог хаалгатай хайрцаг хийж өгч байсан, 

гэрч С.Цогзолмаагийн ... О засвар хийж байхад засвар гоё болж байна гээд орж гараад явж байсан ... гал тогоог бүрэн зассан, пийшин, тааз, хана, шалны тэгшилгээ хийсэн, будаг, гадаа хаалгыг будаад хананд нь замаск эмульс хийсэн ... 2019 оны 08 дугаар сарын сүүлээр эхэлсэн, намайг ороход хүмүүс зааланд засвар хийгээд эхэлсэн байсан, би ороод 10 дугаар сард хүртэл байсан ... 700,000 төгрөгөөр тохирч ... бэлнээр авч байсан,

гэрч Ч.Далайбаярын ... 2019 оны 08 дугаар сарын 20-доор эхлээд 2 сарын хугацаанд хийсэн ... хуучин шалан дээр дэвссэн байсан дрожийг гаргаж хаяад пи ви си шал наасан, хуучин ханыг хусаж цэвэрлээд обой наасан, гипсэн тааз хийгээд түүн дээр загвар гаргаж гэрэлнүүд шигтгэж өгсөн, таазны хүрээгээр хөөсөн хүрээ наасан, том заалны цахилгаан монтажийг бүхэлд нь сольсон, цонхны амалгаан дээр гялгар материалаар амалгаа хийсэн, гал тогооны хаалга сольсон, үүдний хэсэгт ви ай пи өрөөнд шилэн хаалтны хуулга наасан ... засварын ажилд 5 сая төгрөг авсан ... мужааны ажлыг туслах Содхүүтэй хоёулаа хийсэн. Обой наах, таазны эмульс хийх ажлыг хамт ажилладаг Туул гэх хүнээр хийлгэсэн гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна (хэргийн 1 дэх хавтас 221-232, 2 дахь хавтас 84-93, 97-100 дахь тал).

 

25.Мөн хариуцагчийн зүгээс 113 нэр төрлийн гүйлгээг тусгасан дэлгэрэнгүй тооцоог, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий 59 зарлагын баримт болон Хаан банкин дахь тоот дансны хуулгын хамт шүүхэд гаргасан (хэргийн 1 дэх хавтас 91-175, 236-250, 2 дахь хавтас 1-21 дэх тал).

 

26.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт шүүхэд гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Харин хариуцагч юмаа явна гэж ирээд ... обой ураад бүх зүйлийг эвдээд гарсан гэх тайлбар гарган фото зургууд шүүхэд гаргасан ба хэргийн бусад нотлох баримттай харьцуулахад уг тайлбарыг үндэстэй гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь, фото зургуудад ханын цаас хуулсан байдлыг бэхжүүлсэн байх боловч энэ асуудал хэзээ, хэрхэн болсон, хариуцагч хэрхэн хамааралтайг үүнээс тодорхойлох боломжгүй байна (хэргийн 1 дэх хавтас 48-49 дэх тал).

 

27.Иймээс шүүх дээрх баримтуудыг харьцуулан үзээд төлбөр тооцоо хийсэн дансны гүйлгээний огноо, утга зэргийг үндэслэн нийт 13,856,352 төгрөгийн тооцоог засварын зардалд хамааралтай гэж дүгнэв.

 

28.Нэхэмжлэгч нь түрээсийн байранд засвар хийх шаардлага байгаагүй, мөн хариуцагч засвар хийхдээ түүнээс зөвшөөрөл аваагүй гэж маргасан ба дээр дурдсанчлан талуудын хийсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул түрээсийн байранд засвар хийх шаардлагатай байсан эсэх, мөн түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсан эсэх асуудал эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим хамаарахаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан.

 

29.Дээрх үндэслэлээр шүүх сөрөг шаардлагаас 13,856,352 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

30.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, зохигчдын төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангасан үндсэн болон сөрөг шаардлагын үнийн дүнд тооцогдох хэмжээгээр талуудад хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э х т ХХК-аас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.М-д, нэхэмжлэгч Л.М-гаас 13,856,352 төгрөг гаргуулан хариуцагч Э х т ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч Л.Мгийн нэхэмжлэлээс 46,234,436.34 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Э х т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 10,266,470 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 449,123 төгрөгийг, хариуцагчийн 278,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э х т ХХК-аас 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мд, нэхэмжлэгч Л.М-гаас 228,266 төгрөг гаргуулан хариуцагч Э х т ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 119.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА