Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00248

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00248

 

Л.М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/04035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.М гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЭЭ ХХК-д холбогдох,

 

Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 58,234,436 төгрөг гаргуулах тухай үндсэн, 24,122,822 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О нь ЭЭ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 15 дүгээр хороо, 48 дугаар хороолол, Чин ван Ханддорж гудамж 52 дугаар байрны 1А тоотод байрлах 90 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 5 жилийн хугацаатай, сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэвч 2020 он гарснаас хойш түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0001- дугаар тогтоолд хэрэг бүртгэлтийн 000000000- дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан. Иймд хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны буюу 19 сарын түрээсийн төлбөр 57,000,000 төгрөг, ус, дулаан, ашиглалтын зардал 1,234,436 төгрөг, нийт 58,234,436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Үнэгүй.мн сайтад байршуулсан зар дээр нэгдүгээр зэрэглэлийн рестораны тусгай зөвшөөрөлтэй объект гэсэн байсан, үүнд итгэж түрээсийн гэрээ байгуулахаар болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх П.О тусгай зөвшөөрлийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 7,500,000 төгрөг авсан. Манай компани түүний хэлсэн амлалтанд итгэж, гэрээг бичгээр байгуулж, 5 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулан ашиг олно гэж ойлгож, энэ талаар гэрээндээ зааж, засвар хийх талаар мэдэгдэн, 2 сарын хугацаанд 16,292,622 төгрөгийн зардал гаргаж засвар хийсэн. Гэтэл түрээслэх явцад шилжүүлэн өгөх тусгай зөвшөөрөл өөрийнх нь биш болох нь тодорхой болж, бодит байдлыг нуун түрээсийн өндөр төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжих нь хуульд нийцэхгүй. Өмнөх түрээслэгч Б.Б ийн Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өөрийнх мэтээр ойлгуулж, түүнийг шилжүүлэн өгнө гэж итгүүлж гэрээ байгуулсан. Манайх тусгай зөвшөөрлөө шилжүүлэхийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн шаардаж эхэлсэн боловч хариуцагч шилжүүлээгүй тул түрээсийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Гэмт хэргийн шинжтэй нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаанд гомдол гарган цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Ийнхүү нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, мөн нэхэмжлэгч нь түрээсийн байрны хаалгын цоожийг дураараа сольсноос болж түрээсийн байр руу нэвтрэх, ашиглах, үр шимийг нь хүртэх ямар ч боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх П.О нь тусгай зөвшөөрлийг танай компанийн нэр дээр шилжүүлэн өгнө, тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 7,500,000 төгрөг авсан. Манай компани түрээсийн байранд үр ашиггүй 16,622,822 төгрөгийн засвар хийж зардал гарган хохирч, мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгнө гэж найдаж түүнд 7,500,000 төгрөгийг өгч өнөөдрийг хүртэл буцан авч чадахгүй хохирсон. Иймд нэхэмжлэгчээс хохирол 24,122,822 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Л.М хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Миний зүгээс нэг сарын түрээсийг чөлөөлж, барьцаа аваагүй, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө өөрөө төлөхөөр тохирсон. Манай ресторанд дутуу зүйл байгаагүй, гадаах тохижилт, дотоод засал, хяналтын камер зэрэг нэг ч зүйл дутуу байгаагүй. Нэг өдөр над руу утсаар ярьж ресторанаа жоохон өөрчлөх санал тавьсан ба би зөвшөөрөөгүй. Ресторанд очсон чинь обой сольсон, битгий уурлаарай өөр зүйлгүй, баарны тек солихоор өгсөн байгаа, би 5 жилийн түрээсийн гэрээ хийсэн болохоор ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Надад ямар ч санал, албан бичиг өгөөгүй. Мөн надад Б.Ч- 7,500,000 төгрөг өгөөгүй, тусгай зөвшөөрлийн тухай надад хэлсэн гэдэг нь огт худлаа бөгөөд бүх зөвшөөрлийн асуудал үйлчилгээний байраа түрээслүүлж байгаа надад ямар ч хамаагүй, өөрийнх нь компанийн дотоод асуудал гэж би бодож байна. 2020 оны 08 дугаар сард ЭЭ ХХК-аас хүн ирж баарны текийг салгаад зогсож байхаар нь орхиж гараад 2 цагийн дараа орж ирэхэд обойг ураад бүх зүйлийг эвдээд гарсан байсан тул баримтжуулж зургийг авсан. Б.Ч-гийн мэдүүлэг үндэслэлгүй худлаа хүн гүтгэсэн байна гэдгийг цагдаагийн газар хангалттай баримтаар шалгаж тогтоосон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 зааснаар хариуцагч ЭЭ ХХК-аас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.М д, нэхэмжлэгч Л.М гаас 13,856,352 төгрөг гаргуулан хариуцагч ЭЭ ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч Л.М гийн нэхэмжлэлээс 46,234,436.34 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ЭЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 10,266,470 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 449,123 төгрөгийг, хариуцагчийн 278,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭ ХХК-аас 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.М д, нэхэмжлэгч Л.М гаас 228,266 төгрөг гаргуулан хариуцагч ЭЭ ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Үндсэн нэхэмжлэлийн тухайд шүүхээс хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 сарын хугацааны төлбөр 12,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 02 дугаар сараас Ковид-19 цар тахал дэгдэж улмаар хөл хорио тогтоосон шийдвэрүүд гарч түрээсийн байрыг ашиглаж, үр шимийг хүртэж чадаагүй. Энэ талаарх нийтэд илэрхий үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн шүүх хариуцагчийн дансны хуулгаар төлөгдсөн мөнгөн дүн болон нэхэмжлэгч 1 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн тоо, тооцооллын талаар алдаатай дүгнэлт хийсэн. Иймд 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүхээс 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх байдал тогтоогдохгүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь шүүх хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолыг үндэслэсэн байх ба уг тогтоолын агуулга нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болохоос уг мөнгийг өгсөн нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг гаргаагүй. Мөн хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдийг үнэлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч ЭЭ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 58,234,436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн байранд хийсэн засварын зардалд нийт 24,122,822 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түрээслүүлэгч Л.М , түүний төлөөлөгч П.О , түрээслэгч ЭЭ ХХК-ийг төлөөлөн Б.Ч- нар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, Чингэлтэй дүүрэг, 15 дүгээр хороо, 48 дугаар хороолол, Чин ван Ханддоржийн гудамж 52 дугаар байр, 1А тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сард 3,000,000 төгрөгөөр, 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх 7-8/

3.а.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

5.Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь Л.М гийн өмчлөлд бүртгэлтэй байна гэсэн байх тул анхан шатны шүүх хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцаан шилжүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар хийсэн дүгнэлтүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

6.Харин анхан шатны шүүх түрээсийн төлбөр төлсөн үйл баримтыг нийт 6 удаагийн гүйлгээгээр 18,150,000 төгрөг төлсөн гэж зөв тогтоосон боловч хариуцагчийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 сарын хугацааны төлбөр төлөх үндэслэлтэй гэж цаг хугацааны хувьд буруу тооцоолол хийснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

 

6.а. Тодруулбал, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч ЭЭ ХХК-аас төлсөн 6 удаагийн мөнгөн төлбөрийг тооцвол 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзнэ.

 

6.б.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн эзэмшилд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгдсэн байх тул уг хугацаанаас тооцвол 3 сарын хугацааны төлбөрт 9,000,000 төгрөгийг хариуцагч ЭЭ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Л.М д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж үзлээ. Иймд хариуцагчийн тооцооллын алдаатай дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1 Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан тусгай зөвшөөрөл гаргуулахаар шилжүүлсэн 7,500,000 төгрөг, түрээсийн байранд хийсэн засварын зардал 16,622,822 төгрөг, нийт 24,122,822 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 7,500,000 төгрөг аваагүй, түрээсийн байранд засвар хийх шаардлага байгаагүй, засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийн тухайд хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өөрийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0001- дугаар тогтоол, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр уг мөнгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь тогтоогдохгүй байна. /1хх 15, 176/ Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10.Харин засварын зардлын тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримт болон гэрч Ж.Ц-, Б.Ч, Ш.Б, С.Ц, Ч.Д нарын мэдүүлэг зэргийг харьцуулан үзэж хариуцагч ЭЭ ХХК-аас түрээсийн байранд засварын зардалд 13,856,352 төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг нэхэмжлэгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар үгүйсгэж няцаагааүй байна.

11.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/04035 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...12,000,000 төгрөг... гэснийг 9,000,000 төгрөг гэж, ...46,234,436 төгрөг... гэснийг 49,234,436 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...206,950 төгрөг гэснийг 158,950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭЭ ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ