Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04287

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 17

101/ШШ2022/04287

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Мнж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д э ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 498,975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанбагана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 27/009/2021 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч холин цэнэглэгч машиныг нийлүүлэх, бид үнийг төлөхөөр тохиролцсон. Манай компани 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт 332,650,000 төгрөг төлсөн. Гэрээний 3.1.1-д урьдчилгаа төлбөр хийснээс ажлын 20 хоногийн дотор тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь тус компаниас холин цэнэглэгч машины төлбөр 332,650,000 төгрөгийг авсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч бараа нийлүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлэх эсвэл захиалагчийн төлбөрийг буцааж төлөх талаар нийлүүлэгч талд удаа дараа утсаар ярьж, уулзаж, албан бичгээр мэдэгдэж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Гэрээний 3.1.2-т нийлүүлэгч нь барааг тохиролцсон хугацаанд нь нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьд алданги төлнө гэж тусгасан. Иймд хариуцагчаас гэрээний төлбөр 332,650,000 төгрөг, алданги 166,325,000 төгрөг, нийт 498,795,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Бидний хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, захиалагч тал 332,650,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн. Манай компанийн зүгээс БНХАУ-аас уг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх байсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хүндрэлтэй болж захиалагчийн барааг хугацаанд нь нийлүүлж чадаагүй байгаа болно. Уг нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д холбогдох хууль тогтоомжид заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно гэж заасан. Бидний гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээг цуцлаагүй байхад гэрээний 8.1 дэх заалтыг зөрчиж төлбөр нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн нотлох баримт: тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22/49 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/104 тоот мэдэгдлүүд.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 332,650,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 166,325,000 төгрөг төлүүлэх, нийт 498,795,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

3.Хариуцагч нь ковид-19 цар тахлын улмаас хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хүндрэлтэй болж захиалагчийн барааг хугацаанд нь нийлүүлж чадаагүй, талуудын гэрээ цуцлагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

4.Талууд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 27/009/2021 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг бичгээр байгуулан, хариуцагч нь холин цэнэглэгч машин нийлүүлэх, нэхэмжлэгч уг тоног төхөөрөмжийн үнэд 332,650,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба энэ талаар талууд шүүхэд маргаагүй.

 

5.Дээрх гэрээгээр хариуцагч нь урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын 20 хоногийн дотор тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүргийг, нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн үнэ 332,650,000 төгрөгийг хуваарийн дагуу буюу талууд гэрээнд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсны дараа урьдчилгаа 95,000,000 төгрөг, нийлүүлэгч тоног төхөөрөмжийг Эрээн хотын гаалийн бүсэд 30 хоногийн дотор авчрах үүргээ биелүүлснээр 100,000,000 төгрөг, тоног төхөөрөмжийг Эрээн хотод авчрах үед үлдэгдэл 137,650,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

6.Талууд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 65,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 137,650,000 төгрөг, нийт 332,650,000 төгрөг төлснийг баталгаажуулжээ.

 

7.Түүнчлэн нэхэмжлэлд хавсаргасан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтад 2021.09.17-нд Д э ХХК нэрлэгдсэн дансанд дараах онфотрокны мөнгө орсон нь үнэн бөгөөд гэрээ ёсоор нийлүүлэлт хийх ёстой байсан боловч боломжгүй болсон тул гэрээг цуцлан төлбөрийг 100% буцаан 7 хоногийн дотор олгох үүргийг тус компанийн захирал Б.Нямхүү РД:6338682 батлан даасан ... гэжээ.

 

8.Хариуцагч татгалзалдаа ... ковид-19 цар тахлын улмаас хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хүндрэлтэй болж захиалагчийн барааг хугацаанд нь нийлүүлж чадаагүй, талуудын гэрээ цуцлагдаагүй гэж тайлбарласан боловч уг татгалзалтай холбоотой баримт шүүхэд гаргаагүй, мөн дээр дурдсан эвлэрлийн гэрээ баримтыг үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд гаргаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

9.Дээрх баримтуудаас үзэхэд, талууд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

10.Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 332,650,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22/49 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/104 тоот мэдэгдлүүдийг хариуцагчид хүргүүлсэн боловч төлбөрйиг буцаан төлж барагдуулаагүй гэж тайлбарласан.

 

11.Нэхэмжлэлд хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр алданги 166,325,000 төгрөг төлүүлэхээр шаардсан.

 

11.а.Талуудын гэрээний 3.1.2 дахь хэсэгт нийлүүлэгч тоног төхөөрөмжийг тохиролцсон хугацаанд нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% алданги төлөхөөр тусгасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

 

11.б.Дээр дурдсанчлан, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар талуудын үүрэг дуусгавар болох тул алданги мөн хугацаагаар тооцогдоно.

 

11.в.Хариуцагч нь урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын 20 хоногийн дотор тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд урьдчилгаа 95,000,000 төгрөг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд төлөгдсөн байх тул хариуцагчийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс ажлын 20 өдрийн дотор буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

11.г.Иймээс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 39 хоногийн хугацаагаар алдангид 64,866,750 (332,650,000*0.5%*39) төгрөг тооцох үндэстэй.

 

12.Дээрх үндэслэлээр хариуцагчаас тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 332,650,000 төгрөгийг буцаан гаргуулан алданги 64,866,750 төгрөг төлүүлж, нийт 397,516,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол түүнд тооцогдох хэсгийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 2,652,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,145,533.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д э ХХК-аас 397,516,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мнж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101,458,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,652,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д э ХХК-аас 2,145,533.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мнж ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА