Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00060

 

 

 

 

 

 

 

 

2022 12 30 210/МА2023/00060

 

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04287 дугаар шийдвэртэй,

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

+++ ХХК-д холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 498,975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 27/009/2021 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч холин цэнэглэгч машиныг нийлүүлэх, бид үнийг төлөхөөр тохиролцсон. Манай компани 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт 332,650,000 төгрөг төлсөн. Гэрээний 3.1.1-д урьдчилгаа төлбөр хийснээс ажлын 20 хоногийн дотор тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь тус компаниас холин цэнэглэгч машины төлбөр 332,650,000 төгрөгийг авсан боловч нийлүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлэх эсвэл захиалагчийн төлбөрийг буцааж төлөх талаар нийлүүлэгч талд удаа дараа утсаар ярьж, уулзаж, албан бичгээр мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй. Гэрээний 3.1.2-т нийлүүлэгч нь барааг тохиролцсон хугацаанд нь нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьд алданги төлнө гэж тохирсон. Иймд хариуцагчаас гэрээний төлбөр 332,650,000 төгрөг, алданги 166,325,000 төгрөг, нийт 498,795,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бидний хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, захиалагч тал 332,650,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн. Тус компанийн зүгээс БНХАУ-аас уг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх байсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хүндрэлтэй болж захиалагчийн барааг хугацаанд нь нийлүүлж чадаагүй. Уг нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д холбогдох хууль тогтоомжид заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно гэж заасан. Бидний гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээг цуцлаагүй байхад гэрээний 8.1 дэх заалтыг зөрчиж төлбөр нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч +++ ХХК-аас 397,516,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101,458,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,652,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч +++ ХХК-аас 2,145,533.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Гэрээний үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

4.2. Гэрээний 3.6.2-т нийлүүлэгч тоног төхөөрөмжийг тохиролцсон хугацаанд нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь ямар үнийн дүнгээс алданги төлөх нь ойлгомжгүй байна. Гэтэл шүүх гэрээний нийт үнийн дүнгээс гэж тайлбарлах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй.

4.3. Хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь мэтгэлцэх эрхийг хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар:

5.1. Хариуцагч тал ямар үндэслэлээр 2,000,000 төгрөг зөвшөөрөхгүй гэх гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Бид гэрээгээр хүлээсэн 332,650,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар төлж дууссан. Энэ хугацаанд нэг ч удаа тоног төхөөрөмжийн талаар албан ёсны баримт өгч байгаагүй.

5.2. Манай тал гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн боловч тоног төхөөрөмжийг аваагүй тул гэрээний үнийн дүнгээр алданги тооцсон. Гомдолдоо гэрээний 6.2 дахь заалт хуульд нийцээгүй гэсэн боловч гэрээнд ийм заалт байхгүй.

5.3. Шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өмгөөлөгч нь Эрдэнэт хотод шүүх хуралтай талаар баримтаар нотлоогүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч +++ ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 332,650,000 төгрөг, алданги 166,325,000 төгрөг нийт 498,795,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр +++ ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд холин цэнэглэгч машин нийлүүлэх, *** ХХК нь гэрээний үнэ 332,650,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх6-9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.а. Нэхэмжлэгч *** ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд нийт 332,650,000 төгрөгийг хариуцагч +++ ХХК-д төлсөн үйл баримт хэргийн 11 дэх талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргасангүй.

 

4. Хариуцагч нь ковид-19 цар тахал гарч гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалагчийн тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлж чадаагүй ба гэрээг цуцлаагүй байхад нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

5. Талуудын тайлбар болон хэргийн баримтаар хариуцагч нь холин цэнэглэгч машиныг нэхэмжлэгчид нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.

 

5.а. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч +++ ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйтэй холбоотойгоор гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн болох нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээ гэх баримтаар тогтоогджээ. /хх10/

 

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч +++ ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

5.б. Хариуцагч +++ ХХК нь гэрээний үнийн дүн 332,650,000 төгрөгийг хүлээн авсан атлаа гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгч *** ХХК-д нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас 332,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Алдангийн тухайд:

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.2-т нийлүүлэгч нь барааг тохиролцсон хугацаанд нь нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. гэж тохиролцсон байна.

 

Хариуцагч +++ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч *** ХХК 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээнээс татгалзсан тул гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алдангийг шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсанаас хойшхи хугацааны алдангийг гаргуулах үндэслэлгүй. Учир нь гэрээ цуцлагдсанаар алдангийн зохицуулалт мөн адил цуцлагдах тул нэхэмжлэгч нь уг өдрөөс хойшхи хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 64,866,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо гэрээний үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж дурдсан боловч гомдлын үндэслэлээ тайлбарлаагүй байх ба анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

7. Түүнчлэн, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ