Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/05132

 

 

 

 

 

 

 

2022 12 06

101/ШШ2022/05132

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г-н гаргасан,

 

Хариуцагч: Д т ч ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 50,475,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, Р.Нямцэрэн, өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А, өмгөөлөгч Э.Түвшинбаяр, гэрч Н.Мөнхцэцэг, Н.Энхмандах, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Б.Гаас тус шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан тайлбартаа:

 

Би, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Бридж плаза  тоот хаягт байрлах хариуцагч Д т ч ХХК-ийн захирал Э.Мөнхбаяртай орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба тус гэрээгээр уг компанийн барьж буй Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны В /криллээр Б буюу 2-р/ блокын 9 дүгээр давхрын С хэсэгт /өнөөдрийн байдлаар 99А 2 дугаар орцны 9 давхар тоот гэж дугаар авсан/ захиалга өгч, байрны үнэд гэр бүлийн өмчлөлийн  тоот дугаартай өмчлөх эрхтэй газрыг нийт 172,150,000.00 төгрөгөөр үнэлж үүнээс 70,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авч үлдэх 102,150,000 төгрөгт дүйцүүлэн В блокын 9 давхарын C хэсэгт 3 өрөө 68.1 мкв байр шилжүүлэхээр тохиролцон.

 

Миний бие 70,000,000 төгрөгийг удаан хугацаанд нэхэж байж хариуцагчаас авсан боловч хариуцагч нь орон сууцыг өмчлөх эрхийн хамт өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээж аваагүй байна. Талууд тухайн үед гэрээ байгуулахад хариуцагч компанийн захирал Э.Мөнхбаяр нь барилгын жижиг загвар /макет/ дээр надад 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох В /2-р/ блокыг зааж, танайх энэ барилгын 9 дүгээр давхарт орно шүү, 2 цонх нь баруун тал руу, 1 цонх нь хойшоо харна гэж хэлж байсан. Ингээд би, гэрээ байгуулсан өдрөөс хойш захиалсан В /криллээр Б буюу 2-р/ блокын байранд очиж инженерээр нь өөрийнхөө авах орон сууцыг заалгуулж, барилгын явцтай танилцаж байсан ба тус байр нь 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох хугацаатай байсан. 

Гэтэл намайг гэрээнд заасан буюу ашиглалтанд орох гэж буй орон сууцандаа нүүж оръё гэтэл хариуцагч Д т ч ХХК нь дараагийн ээлжинд ашиглалтанд орох байрнаас ав, танай захиалсан байрыг өгөхгүй гэж хэлсэн. Бид өөрсдийн өмчлөлийн газраа чөлөөлж өгснөөс хойш түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд хариуцагч компани гэрээнд заасан орон сууцаа хүлээлгэн өгөхгүй намайг хөрөнгө мөнгө цаг хугацаагаар хохироож байна. Эхнэр бид хоёрын шилжүүлж өгсөн газар нь хот төлөвлөлтөнд хамрагдсан А бүсийн газар бөгөөд Хот, суурин газрыг дахин хогжүүлэх тухай хуулийн 22.1.7-д заасны дагуу төслийн хугацаанд түр суурьших газар, байр сууцаар хангагдах эрхтэй ч хариуцагч нь бид нарыг өнөөдрийг хүртэл амьдрах газраар хангаагүй тул түрээсийн мөнгөө нэхэмжилсэн боловч үүнээс татгалзсан. 

 

Харин миний бие хариуцагчид холбогдуулан гэрээний зүйл болох В блокын 9 дүгээр давхарын С хэсэг /крилл үсгээр Б буюу 2-р блок Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 99А байрны, 2 дугаар орц, 9 дүгээр давхарын  тоотын өмчлөх эрхийг хариуцагчаас шилжүүлэх болон эд хөрөнгийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

 

Тодруулбал, зохигч нарын байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд намайг орон сууцны захиалга өгч байхад тухайн барилга баригдаж эхлээгүй, дөнгөж карказ цутгалд явагдаж байсан. Иймээс Иргэний хуулийн 343 зүйл болон холбогдох хуулийн зүйл заалт, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэхь хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Д т ч ХХК-нд Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны В блокын 9 дүгээр давхарын С хэсэг /крилл үсгээр Б буюу 2 дугаар блок Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 99А байрны, 2 дугаар орц, 9 дүгээр давхарын тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргуулахыг даалгаж өгнө үү. 

 

Мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.7 дугаар зүйлд гүйцэтгэгч буюу барилгын компани нь барилгын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч талд хоног тутам гэрээний үнийн 0.2 хувийн алданги төлнө гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй хоцрогдуулсан тул алдангид 50,475,100.00 төгрөгийг шаардаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс үзлэг хийсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2 дугаар ээлжийн бус 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан нь тогтоогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээнд С блок буюу 2 дугаар ээлжийн байр гэж бичих ёстой байсан гэсэн боловч андуурч В блок гэж бичжээ гэсэн. Гэвч талууд анхнаасаа В блок гэж гэрээгээр тохирсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид өгөхөөр тохирсон байрыг хожим бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд давхар гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн нь маргаан гарах шалтгаан болсон.

 

Гэвч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь талуудын хооронд ийм маргаантай зүйл болсон гэдгийг мэдсээр байж орон сууцанд нүүж орсон нь шударгаар хандсан гэж тооцогдохгүй, мөн тэрээр орон сууцны үнийг бүрэн төлөөгүй ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч байх учиртай.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд В блок гэж бичсэн, мөн ашиглалтанд орох хугацааг тодорхой бичсэн байхад өнөөдөр С блок байх ёстой байсан гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Миний газар дээр барилга барьсан атлаа надад тохиролцсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэрээгээр тохирсон үүргээ ийнхүү зөрчиж, хохирол учруулж байна. Бид, хариуцагчийг тухайн орон сууцыг давхар өөр этгээдэд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон талаар мэдээд хариуцагчид хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлыг шийдвэрлээгүй учир шүүхэд нэхэмжлэл өгсөн.

 

Иймд, зохигч нарын байгуулсан гэрээг үндэслэн хариуцагчид гэрээний зүйлийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгчид шилжүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алдангид 50,475,100.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д т ч ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани нэхэмжлэгч Б.Гтай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Г/2004/1 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 18 гудамж  тоот хаягт орших 700 м.кв газрыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь тус газрыг 172,150,000.00 төгрөгт тооцож, үүнээс 70,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэх 102,150,000.00 төгрөгт 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцны 9 дүгээрт давхарт байрлах С загварын 68.1 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон.

 

Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжүүлсэн, хил гааль хаасан зэргийн улмаас барилгын ажил удааширч 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээгээгүй, харин 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох С блок, 9 дүгээр давхарт байрлах С хэсгийн 68.1 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн инженерүүдтэй уулзаж тус орон сууцанд орж үздэг гэсэн байна. Гэтэл хариуцагч нь барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд Ковид-19 цар тахалтай холбоотой барилга руу ямар ч хүн оруулдаггүй байсан бөгөөд 1 дүгээр ээлжийн орон сууц ашиглалтанд орох дөхөх үед буюу 2021 оны 08 сард захиалагчдыг анх удаа орон сууцанд оруулж үзүүлсэн байдаг. Тэр үед нэхэмжлэгч нь манай байранд өөр хүн орсон байна гэж оффис дээр маргаан үүсгэхэд нь танайх 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох С блок шүү дээ, цаг үеийн байдлаас үүдэж барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдоод байна гэж тодорхой тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг В блок гэж бичсэн нь техникийн алдаа бөгөөд гэрээний 2.4 дэхь хэсэгт орон сууц ашиглалтанд орох хугацаа нь захиалагч газрыг чөлөөлж, барилгын ажил эхэлснээс хойш 18 сарын хугацаатай буюу 2021 оны 2 улирал байна гэж заасан. Нэхэмжлэгч нь уг гэрээтэй танилцаад хуудас бүр дээр гарын үсэг зурсан байхаас гадна түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уянга нь фэйсбүүк платформын Delgereh apartment Shig baylag" пэйж хуудсаар цацагдаж буй мэдээлэлтэй удаа дараа танилцсан байдаг. Энэ нь нэхэмжлэгч тал гэрээнд заасан орон сууцны ашиглалтанд орох хугацаа 2021 оны 2 дугаар улирал буюу 2 дугаар ээлжийн барилга гэдгийг мэдэж байсан гэдгийг илэрхийлдэг.

  

Хариуцагч Д т ч ХХК нь гэрээний зөрчил гаргаж 1 орон сууцыг давхар худалдан борлуулаагүй, нэхэмжлэгч Б.Гтай байгуулсан гэрээнд орон сууцны ашиглалтанд орох хугацаа 2021 оны 2 дугаар улирал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээнд ашиглалтанд орох хугацааг 2020 оны 3 дугаар улирал гэж бичсэн байгаагаас тус тус үзвэл давхар гэрээ байгуулаагүй болох нь тодорхой харагдаж байна. Талууд гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр авахгүй бэлэн мөнгө авна гэсэн тул хариуцагч нь 70,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн.

  

Мөн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-т газар газар чөлөөлсөн өдрөөс хойш захиалагчийн түр суурьших зардлыг тооцож эхлэх бөгөөд орон сууц ашиглалтанд орох хүртэлх хугацаанд суурьших асуудлыг захиалагч бүрэн хариуцна гэж заасан. Бид, санаатай 1 орон сууцыг давхар худалдаагүй орон сууцны ашиглалтанд орох хугацаа хариуцагчаас хамааралгүй хойшлогдоод байгаа учир гэрээний зөрчил гаргаагүй.

 

Манай компани бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэн өгсөн ба шүүхээс тус орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул Ц.А-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. бид, нэхэмжлэгчтэй харилцан тохирсон ёсоор 2 дугаар ээлжийн орон сууцнаас С блок, 9 дүгээр давхар, С хэсэгт байрлах 68.1 м.кв талбайтай орон сууцыг өгөх боломжтой. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А-гаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны 99А байрны 2 дугаар орцны 9 дүгээр давхрын С хэсэг буюу тоот хаягт байрлах дэхь 68.1мк 3 өрөө орон сууцыг Ц.А миний бие 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д т ч ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулаад урьдчилгаанд 73,700,000.0 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр метр квадрат нь 1,900,000.00 төгрөг болсноор үлдэгдэл төлбөр болох 55,690,000.00 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр нэмэлт гэрээ байгуулсан.

 

Тийм учраас миний бие Богд банк ХХК-иас зээл хөөцөлдөж нийт 53,390,000.00 төгрөгийн зээл батлагдсан боловч уг маргааны улмаас үл хөдлөх эд хөрөнгийн газар битүүмж тавигдсан учир байрны гэрчилгээгээ гаргуулах боломжгүй болж зээл цуцлагдсан. Талуудын маргааны улмаас миний бие энэ мэт давхар, давхар хохирч явна. Би, тухайн компанитай байгуулсан гэрээний дагуу байрандаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нүүж орж тохижолт хийгээд амьдарч байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд орон сууц ашиглалтанд орох хугацааг 2021 оны 2 дугаар улирал гэж заасан, харин надтай байгуулсан гэрээнд 2020 оны 3 дугаар улирал гэсэн байх тул нэхэмжлэгч нь өөрийнхөө орох байраа андуурч байна гэж үзэж байна. Мөн барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд цар тахлын улмаас барилга руу нэг ч захиалагчийг оруулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчид энэ танай нүүж орох байр гэж зааж өгсөн гэж худал мэдүүлж байна.

 

Барилгын компаний зүгээс баригдаж буй блокуудынхаа нэршлийг андуурсан байх магадлалтай боловч эдгээр гэрээнүүдээс харахад ашиглалтанд орох хугацааг тодорхой зааж өгсөн нь нэхэмжлэгч Б.Г нь 2 дугаар ээлжинд ашилалтанд орох барилгыг захиалсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн энэхүү андуурлаас болж гуравдагч этгээд миний өмчлөх болон бусад эрх ашиг хөндөгдөж байна. Би, тус байранд салгаж үл болох засвар хийсэн ба ямар нэгэн байдлаар ийм маргаантай гэдгийг огт мэдээгүй, надад нэхэмжлэгч нь хожим энэ талаар хэлэхэд мэдсэн боловч нэгэнт гэрээ байгуулсан учир итгээд орон сууцандаа нүүж орсон.

 

Миний хариуцагч компаниай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд энэ талаар зохигч нар маргаан гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн Дэлгэрэх Апартмент цогцолбор хотхоны 99А байрны 2 дугаар орцны 9 дүгээр давхарын тоотын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     2020 оны 03 дугаар сарын 11-ний Г/2004/1 тоот орон сууц захиалгын гэрээ,

2.     Д т ч ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

3.     2 давхарын байгуулалтын зураг,

4.     Н.Мөнхцэцэгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ,

5.     Газрын байршлын кадастрын зураг,

6.     2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 229 дугаартай итгэмжлэл,

7.     2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт,

8.     2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19/01 дугаартай орон сууц хөлслөх гэрээ,

9.     Эрхийн улсын бүртгэлийн  дугаартай Б.Шинэцэцэгийн үл хөдлхө эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

10.  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

11.  Uyanga Ganbaatar фэйсбүүк хаягаас Dugersuren Batbayar фэйсбүүк хаягтай харилцсан зурвасны хуулбар,

12.  Дэлгэрэх апартмент хотхоны пэйж хуудасны хуулбар зураг,

13.  2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 30/21 дугаартай ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуул-Реконстракшн төвийн Дэлгэрэх апартмент үйлчилгээний орон сууцны барилгын блокын гаражийн барилгын бетоны бат бэхийг шалгасан үр дүн,

14.  2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29/21 дугаартай ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуул-Реконстракшн төвийн төмөр бетон бүтээцийн бетоны бат тухай тодорхойлолт,

15.  Дэлгэрэх апартмент үйлчилгээний орон сууцны барилгын Б блокын барилгын бетоны бат бэхийг шалгасан үр дүн,

16.  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21/83 дугаартай Д т ч ХХК-ийн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан хүсэлт,

17.  2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн М.Дарханчулууны Хот байгуулалт хөгжлийн газарт гаргасан тодорхойлолт,

18.  2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Г.Хосбаярын Хот байгуулалт хөгжлийн газарт гаргасан тодорхойлолт,

19.  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04/4016 дугаар Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Г.Уянгад гаргасан өргөдлийн хариу,

20.  2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Гын Д т ч ХХК-нд өгсөн хариу, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/584 дугаартай Д т ч ХХК-ийн Б.Гт өгсөн мэдэгдэл,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Google.map дээр дүрслэгдсэн байгаа мэдээлэл,

2.     Газрын албаны бүртгэл дээрх кадастрын зураглал,

3.     2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоол,

4.     2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ОСЗГ-1969 дугаартай орон сууц захиалгын гэрээ,

5.     Төлбөр төлөх график,

6.     2 дугаар давхарын байгуулалт,

7.     2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ОСЗГ-1969/1 тоот орон сууц захиалгын гэрээний нэмэлт, төлбөр төлөх график,

8.     Авлага, өглөгийн тайлан,

9.     2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/019 дугаартай Богд банк ХХК-иас Д т ч ХХК-нд өгсөн мэдэгдэл,

10.  Н.Алтанцэцэгтэй 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Г/2003/1 тоот орон сууц захиалгын гэрээний хуулбар, Ц.Доржпагамтай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Г/2005/1 тоот орн сууц захиалгын гэрээний хуулбар, Ч.Мөнхзултай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ОСЗГ-2003 тоот орон сууц захиалгын гэрээний хуулбар, Б.Баттөртэй 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ОСЗГ-2005 тоот орон сууц захиалгын гэрээний хуулбар, М.Мөнхзултай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ОСЗГ-2007 тоот орон сууц захиалгын гэрээний хуулбар, Барилга хот байгуулалтын яамны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 9/1081 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтын хуулбар,

11.  Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн БА171/2022, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт 99а орон сууц, үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт 99б орон сууц, орон сууц захиалгын гэрээ 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Г/2009/1 захиалагч Ц.Ууганбаяр, орон сууц хүлээлцэх акт Ц.Ууганбаяр 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, орон сууц хүлээлцэх акт Ц.Ууганбаяр 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, орон сууц хүлээлцэх акт Р.Мөнхбаатар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, орон сууц хүлээлцэх акт Б.Баттөр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, орон сууц хүлээлцэх акт Ч.Мөнхзул 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, орон сууц хүлээлцэх акт Ц.Доржпагам 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, орон сууц хүлээлцэх акт Б.Баатар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, орон сууц хүлээлцэх акт М.Хишгээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

 

1.     2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/8928 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн хариу, түүний хавсралт 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 229 дугаартай итгэмжлэл, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай Э.Мөнхбаярын газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Б.Г, Н.Мөнхцэцэг нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуугаас Баянзүрх дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/851 дүгээр Нийслэлийн Засаг даргын газар өмчлөх эрхийг дуусгавар болсонд тооцох тухай захирамж, Газар өмчлөлийн эрх нь дуусгавар болсон иргэдийн жагсаалт, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/1020 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эрхийн улсын бүртгэл хаах тухай тушаал, эрхийн улсын бүртгэлийн  дугаартй Д т ч ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай Д т ч ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ,

2.     2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/28 дугаартай Хотын стандарт, хяналтын газраас тус шүүхэд ирүүлсэн албан тоотын хариу,

3.     2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэлэл,

4.     2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл,

5.     2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Г/2009/1 дугаартай орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Г/2005/1 тоот орон сууц захиалгын гэрээ,

6.     2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл,

7.     2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/915 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус шүүхэд ирүүлсэн албан тоотын хариу,

8.     2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/571 дугаартай Монголын хуульчдын холбооноос тус шүүхэд ирүүлсэн албан тоотын хариу,

9.     2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/435 дугаартай Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БА-284/2021 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гаас хариуцагч Д т ч ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 50,475,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба талуудын хүсэлтийг үндэслэн Ц.Аг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /1-р х.х-ийн 206-209 хуудас/.

 

Ингээд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 99А байр, 2 дугаар орц, 9 дүгээр давхар,  тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 50,475,100.00 төгрөгийг нэхэмжилжээ /1-р х.х-ийн 60-62, 114, 115, 2-р х.х-ийн 3-5, 75, 76, 171, 172, 220, 221 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Г нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Д т ч ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдах Дэлгэрэх апартмент цогцолбор барилгын В блок, 9 дүгээр давхар, С тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 102,150,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцсон байна /1-р х.х-ийн 5-9 хуудас/.

 

Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээнд зааснаар нэхэмжлэгч Б.Г нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 18 дугаар гудамж, 239 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газрыг эхнэр Н.Мөнхцэцэгийн хамт өмчилдөг байсан бөгөөд хариуцагч Д т ч ХХК-нд дээр дурдсан орон сууц захиалгын гэрээний үнэд 172,150,000.00 төгрөгөөр тооцож өгөөд, зөрүү 70,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байна /1-р х.х-ийн 13, 14, 16 хуудас/.

 

Зохигч нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг хариуцагч Д т ч ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Э.Мөнхбаяр, нэхэмжлэгч Б.Г нар байгуулсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д тус тус зааснаар Э.Мөнхбаярыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан эсэх талаар тухайлан дүгнэх шаардлагагүй юм /1-р х.х-ийн 132, 133 хуудас/.

 

2.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулах тэрхүү цаг хугацаанд гэрээний зүйл болох 68.1 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байсан, харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар хариуцагч нь уг орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн, хожим буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламжийг улсын комисс ашиглалтанд оруулахаар хүлээн авсан зэргээс үзвэл зохигчид шинээр бий болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Д т ч ХХК нь зохигчдын байгуулсан гэрээгээр 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинээр бий болгохоор барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.

 

Нөгөө талаар зохигч нарыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, мөн 274.2Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно гэж тус тус зааснаар 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 102,150,000.00 төгрөгийн үнэтэй 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар арилжсан гэж үзэж болох хэдий ч энэхүү гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэгэн төрлийн хувьд бэлэн бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг тэр даруй харилцан өмчлөлд шилжүүлэх шинжийг агуулдаг.

 

Харин талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгчийн тухайлан тохиролцсон тэрхүү зүйлийг захиалагчийн хийсэн ажлын /ажил гүйцэтгэх гэрээний процесс буюу гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаас гадна энэхүү үр дүн бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг байдаг/ үр дүнд шинээр бий болгосон хөрөнгийг шилжүүлэх агуулгатай байх тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн зохигч нарын тайлбар үндэслэлтэй байна. Иймд, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Д т ч ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

3.            Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн зохигч нар үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой, хэрэв тийнхүү биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Г нь эхнэр Н.Мөнхцэцэгийн хамт өмчилдөг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 18 дугаар гудамж, 239 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Мөнхбаярт шилжүүлж, улмаар тухайн газарт орон сууцны хороолол барьсан тул улсын бүртгэл дахь өмчлөгчийн бүртгэлийг хаасан байна /1-р х.х-ийн 88-101 хуудас/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 700 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг манай компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхбаярын нэр дээр шилжүүлсэн, бид нар нэхэмжлэгчид 70,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 102,150,000.00 төгрөгт 68.1 м.кв талбайтай орон сууцыг барьж өгөхөөр тохиролцсон гэсэн.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Иймд, нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д т ч ХХК-ийн эрх бүхий гүйцэтгэх захиралд тус 700 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул түүнийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлсэнд тооцно.

 

Тодруулбал, тус хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний талууд гүйцэтгэсэн ажлын хөлсийг заавал мөнгөөр төлөх шаардлагагүй бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг мөнгөөр үнэлж болох эд хөрөнгөөр тооцож хариуцагчид төлсөн байна.

 

4.            Гэтэл хариуцагч Д т ч ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Атай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдах Дэлгэрэх апартмент цогцолбор барилгын 2 дугаар, 9 дүгээр давхар, С хаягт байрлах 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 129,390,000.00 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон байна /1-р х.х-ийн 126-131, 177-180 хуудас/.

 

Ингээд хариуцагч нь дээрх тохиролцооны дагуу зохигч нарын маргаж буй Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 99А байр, 2 дугаар орц, 9 дүгээр давхар, тоот хаягт байрлах орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 2021 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д т ч ХХК нь нэхэмжлэгч Б.Гтай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ад хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 95 автомашины дулаан зогсоолтой 13 давхар, 1 блок, 2 орцтой хүчин чадал бүхий 218 айлын орон сууцыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авчээ /2-р х.х-ийн 182-219 хуудас/.

 

5.            Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний В блок гэдгийг дараагийн ээлжинд ашиглалтанд орох буюу 2 дугаар ээлжийн орон сууц гэсэн бол нэхэмжлэгч нь хэдийгээр уг барилгыг 1 блок, 2 орцтой боловч хариуцагч нь үүнийг анхнаасаа бид нарт тайлбарлахдаа А блок, В блок гэж ойлгуулж гэрээ байгуулсан, бид, 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох орон сууцнаас захиалга өгөөгүй, 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох орон сууцны В блок, 9 дүгээр давхар, С тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай орон сууцыг захиалсан, хариуцагч нь 1 зүйлийг 2 өөр этгээдэд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна гэж хариуцагчийг буруутгаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хүсэлтийг үндэслэн шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Д т ч ХХК-ийн барьсан орон сууцны барилгад үзлэг хийхэд 2 орцтой 1 барилга, 1 орцтой 1 барилга тус тус баригдаж байгаагаас 2 орцтой 1 байр нь ашиглалтанд ороход бэлэн болсон байсан бол 1 орцтой 1 байрны гадна болон дотоод засал хийгдэж байсан /1-р х.х-ийн 195-204 хуудас/.

 

Эдгээр барилгыг хөндлөнгийн хоёр гэрч нар үзээд 1, 2, 3 блок гэж үзэгдэж, харагдахгүй байна, харин 2 орцтой 1 байр, 1 орцтой 1 байр байна гэсэн бол нэхэмжлэгч нь 1 дүгээр орцыг А блок, 2 дугаар орцыг В блок /англи үсгээр/, 1 орцтой 1 байрыг С блок гэж тайлбарласныг хариуцагчийн зүгээс үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан В блок гэдгийг 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох 1 орцтой 1 байр юм гэж маргаж байна.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн баримтаар хариуцагч Д т ч ХХК нь нэхэмжлэгч Б.Гт 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох 1 орцтой 1 байрны 9 дүгээр давхар, С тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай орон сууцыг бус, харин 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох 2 орцтой 1 байрны 9 дүгээр давхар, С тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Учир нь, гэрч Н.Энхмандахын мэдүүлэгт дурдсанаар хариуцагч нь тухайн орон сууцны барилгуудыг барьж байхдаа 1, 2 дугаар орцтой болон 1 орцтой 1 байрыг тус тус А, В, С блок гэж нэрлэдэг байсан бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалах гэрээнд В блок гэснийг С блок гэж бичих ёстой байсан боловч алдаа гаргасан гэснийг хариуцагчийн итгэмжлэглэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй, хариуцагч нь энэ талаар бичгээр гаргасан тайлбартаа мөн адил дурдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Г нь гэрээнд заасан В блок гэснийг 2 орцтой 1 байрны 2 дугаар орцны 9 давхар, С тоот гэж ойлгосон бол хариуцагч Д т ч ХХК нь В блок гэснийг 1 орцтой 1 байр гэж ойлгосон, гэрээнд С блок гэж бичих ёстой байтал алдаа гаргажээ.

 

6.            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн 198.2Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Д т ч ХХК-ийн цахим сайтад хийсэн үзлэгээр:

 

-               2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн цахим мэдээнд Нарлаг өдрийн мэнд, Дэлгэрэх апартмент хотхоны 2 дугаар ээжлийн С блокны шинэ давхарын цутгалтаа авах ажил маань амжилттай явагдаж дууслаа гэсэн,

 

-               2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн цахим мэдээнд Бартерын байр, Дэлгэрэх апартмент 1 дүгээр ээлж одоо ашиглалтанд орох Б блок 12 дугаар давхарын 53.35 м.кв бүх цонх баруун харсан 2 өрөө бартерын байрыг 1 м.кв-1,650,000 маш хямд................................бартерт оролцуулж болно гэсэн,

 

-               2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн цахим мэдээнд Дэлгэрэх апартмент хотхоны 1 дүгээр ээлж буюу А, Б блокны гадна талбайн ажил болон суурь суугдах ажил явагдаж байна гэсэн,

 

-               2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн цахим мэдээнд ....................Дэлгэрэх апартмент хотхоны 1 дүгээр ээлж болох А, В блокны нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийн ажил үргэлжилсээр гэсэн,

 

-               2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн цахим мэдээнд ....................Дэлгэрэх апартмент А, В блокыг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд 2021 оны 09 дүгээр сард багтаан улсын комиссыг ажиллуулахаар ажиллаж байна гэсэн,

 

-               2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн цахим мэдээнд Дэлгэрэх апартмент хотхоны 2 дугаар ээлж буюу С блокны 13 дугаар дахварын цутгалтын ажил амжилттай явагдлаа......... гэсэн,

 

-               2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн цахим мэдээнд Манай байр А, Б болон С блокны хувь лизингийн төлбөрийн нөхцөлд налгар намрын шинэ урамшуулал зарлаж, өөрчлөлт орохоор боллоо гэсэн мэдээлэл,

 

-               Гэрч Э.Мөнхбаярын ...........Ганбаа ахтай гэрээ байгуулахдаа блок гэж яриагүй, A, B, C, D гэж яриад байгаа барилгын орцыг ялгахын тулд 1, 2, 3, 4 дүгээр ээлж гэж байдаг. Манай компанийн инженерүүд орцоо ялгахын тулд ингэж нэрлэсэн........ гэсэн мэдүүлэг зэргийг тус тус хооронд нь харьцуулан үзвэл хариуцагч Д т ч ХХК нь тухайн орон сууцны барилгуудыг буюу 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох 1, 2 дугаар орцтой байр болон 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох 1 орцтой 1 байрыг тус тус А, В, С блок гэж нэрлэдэг байсан ажээ /1-р х.х-ийн 51-57, 187-192 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, зохигч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д заасан В блок гэдэг нь 2 дугаар ээжинд ашиглалтанд орох 1 орцтой 1 байрыг бус, 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох 2 орцтой буюу А, В блок гэж нэрлэсэн байрны В блокны 9 дүгээр давхар гэж тохирсон байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж зааснаар хариуцагч Д т ч ХХК-ийн цахим сайт дахь мэдээлэл нь гэрээ байгуулах саналын дуудлага бөгөөд үүнтэй танилцсан хөндлөнгийн хүмүүст 2 орцтой 1 байр болон 1 орц 1 байрыг тус тус А, В, С блок гэж ойлгогдохоор байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Гын хариуцагч Д т ч ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-д заасан 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох 1 орцтой 1 байрны 9 дүгээр давхарын С тоот бус, харин 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох 2 орцтой 1 байрны буюу 2 дугаар орц /гэрээнд зааснаар В блок/-ны 9 дүгээр давхарын С тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц мөн байна.

 

7.            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн 195 дугаар зүйлийн 195.3-д Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэх ажлын процесс болон үр дүн нь гэрээний гол нөхцөл мөн бөгөөд гол нөхцөлийн талаар тохиролцоогүй, аль эсхүл талуудын хүсэл зориг илэрхийлэгдэхдээ гээгдсэний улмаас ноцтой төөрөгдсөн байж болно. Энэ талаар тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.4Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж, мөн 58 дугаар зүйлийн 58.1Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж тус тус заасан.

 

Гэвч Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно гэж, мөн 188.2Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д т ч ХХК нь 2 орцтой 1 байр, 1 орцтой 1 байрыг тус тус барьж байгаа мэргэжлийн байгууллагын хувьд захиалагч, худалдан авагч нартай гэрээ, хэлэлцээр байгуулахдаа худалдах, мөн худалдсан, бас захиалах болон захиалагдсан байрны талаар үнэн зөв мэдээллийг харилцагч нартаа зөв өгч, хариуцлагатай хандах үүрэгтэй бөгөөд тус компанийн дотоод зохион байгуулалтын улмаас С блок гэж бичих байсныг В блок гэж андуурч бичсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Б.Г хүлээх нь шударга бус юм.

 

Иймд, хариуцагч Д т ч ХХК нь нэхэмжлэгч Б.Гтай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох 2 орцтой 1 байрны буюу 2 дугаар орц /гэрээнд зааснаар В блок/-ны 9 дүгээр давхарын С тоот хаягт байрлах 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

8.            Гэтэл хариуцагч Д т ч ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Атай 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд нэхэмжлэгч Б.Гын захиалсан орон сууцыг 2 дугаар байр, 9 дүгээр давхар, С тоот гэж дугаарлаж, түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг тухайн орон сууцыг эзэмших, өмчлөх эрхтэй гэж тайлбарласан.

 

Энэ тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Аг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус зааснаар шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасны дагуу зохигч нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул орон сууцыг түүнээс шаардах боломжгүй юм.

 

9.            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг тухайн орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, орон сууцыг хүлээн авахдаа хариуцагчийг давхар худалдсан гэж мэдсээр байж авсан, мөн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул өмчлөх эрхгүй, барилга нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр баригдсан тул нэхэмжлэгч тал давуу эрхтэй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар зохигчид хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд гэрээний үнийг хэсэгчлэн бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож болно.

 

Иймээс хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн өмчлөх эрхийг 2 өөр этгээдэд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд аль нэг тал нь төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн нь нөгөө тал болох хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон этгээдээс давуу эрхтэй гэж үзэхгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасныг зөрчихгүй.

 

10.         Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийг олж авахтай холбоотойгоор шударгаар хандсан этгээдийн эрх ашиг нь хамгаалагдах учиртай бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А нь хариуцагч Д т ч ХХК-тай нэхэмжлэгч Б.Гыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш 16 хоногийн дараа тухайн гэрээг байгуулсан боловч захиалсан орон сууц нь бодитоор бий болоогүй, мөн тодорхой этгээдийн эзэмшил үүсээгүй байсан учраас тэрээр хариуцагчийг давхар гэрээ байгуулсан эсэх талаар мэдээгүй байжээ.

 

Нөгөө талаар хариуцагч Д т ч ХХК нь тухайн орон сууцыг барьж байсан, улсын бүртгэлд 85 хувийн гүйцэтгэлтэй 17,560.06 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул нэхэмжлэгч Б.Г, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А нар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар үүнд итгэх эрхтэй /1-р х.х-ийн 100, 101 хуудас/.

 

Иймд, дээр дурдсанаас дүгнэвэл нэхэмжлэгч Б.Гыг хариуцагч Д т ч ХХК-нд ажил гүйцэтгэх гэрээний үнийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Агаас давуу эрхтэй гэж үзэхгүй бөгөөд гуравдагч этгээд нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр тухайн орон сууцанд нүүж орсон, зохигч нарын хооронд үүссэн маргааны талаар хожим мэдсэн байх тул шударга бусаар хандсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

11.         Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ижил төрлийн зүйлээр орлуулж болох зүйлийг шинээр бий болгох тохиолдолд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээний харилцааны зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь давхараас хамаарч сонголт нь өөр байж болох хэдий ч өөрчлөх боломжгүй, нэг стандарт, хэлбэр, хийц, өрөөний зохион байгуулалттай болон талбайн хэмжээ нь ижил тул гэрээ байгуулах санал гаргасан этгээдэд давхараас хамаарч нэг ижил зүйлийг санал болгох тул төрлийн шинжээр тодорхойлогдсон гэж үзэж болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд 1 зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулсан ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А нь орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигч нарын маргасан орон сууцыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байх тул шүүхээс хариуцагч Д т ч ХХК-нд гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлсэн гэрээний зүйлийг нэхэмжлэгч Б.Гт шилжүүлэх үүргийг ногдуулах боломжгүй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч Д т ч ХХК нь гэрээний зүйлийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд энэ нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох зүйл болсон байх тул хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

12.         Нэхэмжлэгч Б.Г болон хариуцагч Д т ч ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

 

Хэдийгээр зохигч нарын алдангийн талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн байх боловч алданги нь гэрээний үүрэг биелэгдсэн буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээн авсан, тийнхүү хүлээн авахад хугацаа хэтэрсэн байх тохиолдолд хэрэгждэг журамтай. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдаагүй, талууд гэрээнээс татгалзаагүй, гэрээний эрх, үүрэг биелэгдэх боломжтой тохиолдолд хэрэглэгдэнэ.

 

Үүнийг тодруулбал, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдэж, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлсэн ч гэсэн хүлээн авсан тохиолдолд хэрэгжих юм.

 

Гэтэл хариуцагч Д т ч ХХК нь нэхэмжлэгч Б.Гтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ад түүнтэй байгуулсан гэрээний дагуу хүлээлгэн өгсөн ба хариуцагч компанид гэрээний зүйлийг нэхэмжлэгчид өгөхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй тул алданги шаардах эрх тусдаа бие дааж хэрэгжихгүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Гын гаргасан хариуцагч Д т ч ХХК-нд холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 99А байр, 2 дугаар орц, 9 дүгээр давхар,  тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 50,475,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,934.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР