Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00278

 

 

 

 

 

 

 

2023 01 30 210/МА2023/00278

 

 

*** ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/05132 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 51,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , гуравдагч этгээд *** гийн өмгөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2020 оны 03 сарын 11-ний өдөр "*** ХХК-ийн захирал *** тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр компанийн барьж буй *** хэсэгт захиалга өгч, байрны үнэд гэр бүлийн өмчлөлийн *** дугаартай өмчлөх эрхтэй газрыг нийт 172,150,000 төгрөгөөр үнэлж, үүнээс 70,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авч, үлдэх 102,150,000 төгрөгт дүйцүүлэн В /2-р/ блокийн 3 өрөө 68.1 м.кв орон сууц шилжүүлэхээр тохиролцсон. Тус байрыг 2021 оны 2-р улиралд ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл өмчлөлд шилжүүлэн хүлээлгэж өгөөгүй байна. Гэрээнд заасан одоо ашиглалтад орох гэж буй орон сууцандаа оръё гэтэл *** ХХК нь дараа ашиглалтад орох байр ав танай захиалсан байрыг өгөхгүй гэж хэлсэн болно. Манай гэр бүл газраа чөлөөлж өгснөөс хойш түрээсийн байранд амьдарч байна. Барилгын компани гэрээнд заасан байраа өгөхгүй хөрөнгө мөнгө цаг хугацаагаараа хохирч байна. Анх орон сууцны захиалга өгч байхад тухайн барилга баригдаж эхлээгүй, карказ цутгалт хийгдэж байсан. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.7-д гүйцэтгэгч буюу барилгын компани нь барилгын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч талд хоног тутам гэрээний үнийн 0.2 хувийн алданги төлнө гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс үзлэг хийсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2-р ээлжийн бус 1-р ээлжид ашиглалтад орох орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан нь тогтоогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээнд С блок буюу 2-р ээлжийн байр гэж бичих ёстой байсан гэсэн боловч андуурч В блок гэж бичжээ гэсэн. Гэвч талууд анхнаасаа В блок гэж гэрээгээр тохирсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид өгөхөөр тохирсон байрыг хожим бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд давхар гэрээ байгуулж, гуравдагч этгээд нь талуудын хооронд маргаантай байгааг мэдсээр байж орон сууцанд нүүж орсон. Мөн тэрээр орон сууцны үнийг бүрэн төлөөгүй ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч байх учиртай. Миний газар дээр барилга барьсан атлаа надад тохиролцсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэрээгээр тохирсон үүргээ ийнхүү зөрчиж, хохирол учруулж байна. Бид тухайн орон сууцыг өөр этгээдэд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон талаар мэдээд гомдол гаргасан боловч уг гомдлыг шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд*** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, алданги 51,075,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *** тай 2020 оны 03 сарын 11-ний өдөр *** тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь *** тоот хаягт орших 700 м.кв газрыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь тус газрыг 172,150,000 төгрөгт тооцож, үүнээс 70,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэх 102,150,000.00 төгрөгт 2021 оны 2-р улиралд ашиглалтад орох 9-р давхарт байрлах С загварын 68.1 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон. Гэвч Ковид-19 цар тахалтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжүүлсэн, хил гааль хаасан зэргийн улмаас барилгын ажил удааширч 2022 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид 1-р ээлжид ашиглалтад орох орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээгээгүй, харин 2-р ээлжид ашиглалтад орох С блок, 9-р давхарт байрлах С хэсгийн 68.1 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг В блок гэж бичсэн нь техникийн алдаа бөгөөд гэрээний 2.4-т орон сууц ашиглалтад орох хугацаа нь захиалагч газрыг чөлөөлж, барилгын ажил эхэлснээс хойш 18 сарын хугацаатай буюу 2021 оны 2-р улиралд байна гэж заасан. Мөн нэхэмжлэгч *** тай байгуулсан гэрээнд орон сууцны ашиглалтад орох хугацаа 2021 оны 2-р улирал, гуравдагч этгээд *** тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээнд ашиглалтад орох хугацааг 2020 оны 3-р улирал гэж бичсэнээс тус тус үзвэл давхар гэрээ байгуулаагүй нь тодорхой харагдаж байна. Талууд гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч түрээсийн төлбөр авахгүй бэлэн мөнгө авна гэсэн тул хариуцагч нь 70,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Манай компани бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэн өгсөн ба шүүхээс тус орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул *** гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгчтэй харилцан тохирсон ёсоор 2-р ээлжийн орон сууцнаас С блок, 9-р давхар, С хэсэгт байрлах 68.1 м.кв талбайтай орон сууцыг өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Гуравдагч этгээд *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *** миний бие 2021 оны 03 сарын 27-ны өдөр хариуцагч "*** " ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан урьдчилгаанд 73,700,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2021 оны 12 сарын 10-ны өдөр м.кв нь 1,900,000 төгрөг болсноор үлдэгдэл төлбөр болох 55,690,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр нэмэлт гэрээ байгуулсан. Миний бие *** ХХК-аас зээл хөөцөлдөж нийт 53,390,000 төгрөгийн зээл батлагдсан боловч уг маргааны улмаас үл хөдлөх эд хөрөнгийн газар битүүмж тавигдсан тул байрны гэрчилгээгээ гаргуулах боломжгүй болж зээл цуцлагдаж давхар хохирч явна. Хариуцагч компанитай байгуулсан гэрээний дагуу байрандаа 2021 оны 12 сарын 10-ны өдөр нүүж орон амьдарч байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд орон сууц ашиглалтад орох хугацааг 2021 оны 2-р улирал гэж заасан, харин надтай байгуулсан гэрээнд 2020 оны 3-р улирал гэсэн байх тул нэхэмжлэгч нь өөрийнхөө орох байраа андуурч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч *** ын гаргасан хариуцагч *** ХХК-д холбогдох *** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 50,475,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,934 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Анхан шатны шүүх *** г шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анх нэхэмжлэгчээс 2021 оны 10 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй байхад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж 2021 оны 11 сарын 30-ны өдрийн дугаар 101/Ш32021/20973 тоот шүүгчийн захирамжаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байранд *** ХХК-аас санаатайгаар гуравдагч этгээдийг 2021 оны 12 сард хууль бусаар нүүлгэн оруулсан гэх үйлдэл нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан гэж үзэх боломжгүй юм. Мөн барилгын компаниас маргаан бүхий орон сууц битүүмжлэгдсэн байтал бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй хамтран нэр дээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх оролдлого хийж зээл авах үйлдэл хийх гэж байсан нь зохигч нарын тайлбараас харагддаг. Гуравдагч этгээд нь тус битүүмжтэй байсан орон сууцанд амьдарч байгаа гэх тайлбар өгч буй нь шударгаар эзэмшиж буй гэдгийг нотлохгүй юм.

5.б. Анхан шатны шүүх өмчлөх эрхийн талаар буруу дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн зохицуулалт нь үнийг бүрэн төлснөөр өмчлөлийг шилжүүлэх талаар заалт бөгөөд нэхэмжлэгч нь газраараа орон сууцны үнийг бүрэн төлж ажлыг захиалж гүйцэтгүүлснээрээ шууд өмчлөгч болох нь тогтоогдож байгаа.

5.в. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд барилгын компанид 70,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн гэж мэдүүлдэг боловч баримтаа шүүхэд өгөөгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх одоогоор хэнд ч шилжээгүй. Мөн шийдвэрийн 15 дугаар талд ...Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг олж авч байгаа этгээд мэдэх боломжгүй байсан тул шударгаар олж авсан... гэж дүгнэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө болон орон сууц нь нэг бүрийн шинжтэй бүртгэлийн зарчмаар өмчлөх эрх нь баталгааждаг бөгөөд гуравдагч этгээдийн нэр дээр гэрчилгээ гараагүй.

5.г. Захиалгаар бариулсан орон сууц нь нэг бүрийн шинжтэй дахин давтагдашгүй хөрөнгө байтал шүүх төрлийн шинжтэй бараа таваар мэт дүгнэн үндэслэлгүй заалтыг хэрэглэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон тухайн маргаан бүхий орон сууцыг төрлийн шинжтэй бараа мэтээр орлуулан үүргийг гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 250 дугаар зүйлийн 250.1 дэх заалтыг уг маргаанд хэрэглэх үндэслэлгүй байна. Маргааны зүйл болох орон сууцны төрлийг шүүх хоёр янзаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн 16 дугаар талд ...Орон сууц нэхэмжлэгчийн хувьд төрлийн шинжтэй, гуравдагч этгээдийн хувьд энэ нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох зүйл болсон... гэж логикийн илтэд алдаатай эсрэгцсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Гэрээний нэг л зүйл нэхэмжлэгч талын хувьд төрлийн шинжтэй, гуравдагч этгээдийн хувьд нэг бүрийн шинжтэй байх боломжгүй юм.

5.д. Нэхэмжлэгчээс орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүйн алдангид 51,075,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх шийдвэртээ 50,475,100 төгрөг гэж андуурсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт шууд бичигдсэнээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж гипотез нөхцөлд заасан байтал үүрэг гүйцэтгэгдсэн байх ёстой мэтээр илт алдаатай дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

5.е. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан 1,355,934.00 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэхдээ шүүх мөн алдаа гаргасан. Нэхэмжлэгч миний бие өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох түрээс, хуульчийн зардал болох 18,400,000 төгрөгийн шаардлагаасаа 2022 оны 09 сарын 21-ний өдөр буюу шүүх хуралдаанаас өмнө татгалзсан байтал түүнд ногдох тэмдэгтийн хураамжийг буцаан олгох эсэх талаар орхигдуулсан.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг тус тус харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс гуравдагч этгээдийг маргаан бүхий байрны хууль ёсны эзэмшигч гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч, гомдолд дурдсан бусад үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.а. Хариуцагч нь орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх үед анхнаасаа 1-р ээлж, 2-р ээлж гэсэн дараалалтай ашиглалтад оруулахаар төлөвлөж 2020 оны 02, 03 сард өөрсдийн албан ёсны фейсбүүк хуудаст байрлуулсныг шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийж тэмдэглүүлсэн. Мөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан үед буюу ижил цаг үед гэрээ байгуулсан орон сууцны захиалгын гэрээнүүдэд орон сууц ашиглалтад орох хугацаа нь 2020 оны 3-р улирал, 2021 оны 2-р улирал гэж заасан нь хариуцагч 2 тусдаа блок барилгыг ээлжилж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байсныг нотолж байна. Захиалгын гэрээнүүдэд 2020 оны 3-р улиралд ашиглалтад оруулахаар заасан орон сууц 2021 оны 12 сарын 24-ний өдөр, 2021 оны 2-р улиралд оруулахаар заасан орон сууц 2022 оны 06 сард ашиглалтад орж захиалагч нарт хүлээлгэн өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

7.б. Анхан шатны шүүх нотлох баримтаар авагдсан гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг, орон сууцны барилгын талбай, орон сууцны захиалгын гэрээнүүдэд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн баримт зэргээс орон сууцыг ашиглалтад орох хугацаанд дүгнэлт хийгээгүй буюу шүүхэд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй 99А байрны 2-р орцны 9-р давхар 2071 тоот орон сууцанд гэрээ байгуулаагүй, гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар гэрээ байгуулан орон сууцыг *** д хүлээлгэн өгсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан үзлэгүүдээр хариуцагч барилгын компани нь блокуудыг А, В, С гэж нэрлэн захиалга авч байсан. Хариуцагчийн гомдолд дурдсан өөрийн нийтэлж байсан фейсбүүк дэх постуудаар барилгыг гурван тусдаа блок болохыг батлан олон нийтэд сурталчлан захиалга авч байсан гэдэг нь тогтоогддог. Мөн хэргийн явцад хийгдсэн үзлэгээр нэг ижил блокт хийгдсэн гэрээнүүдэд орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг өөр, өөрөөр бичсэн. Харин нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тус орон сууцуудыг А, В, С блок; 1, 2, 3-р байр; 1, 2, 3-р орц хэмээн гэрээлж байсан нь үзлэгийн явцад тогтоогдсон. Үзлэгийн явцад хийгдсэн гэрээнүүдэд бүгдэд нь ижил палан зураг хавсаргасан байсан бөгөөд гуравдагч этгээдтэй болон нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд хавсаргасан палан зураг ижил байна. Түүнчлэн, барилгын компанийн Нийслэлийн хот төлөвлөлийн газраас батлуулсан Ерөнхий төлөвлөгөөний палан зургийн хавтаст хэргийн үдээсний хэсэгт дарагдсан хүчин чадлын мэдээлэл гэх хүснэгийн 1-т барилгын блокийн тоог 3 гэж тэмдэглэн тус барилгыг тус тусдаа 3 блок болохыг батлан харуулсан баримтаар нотлогдох юм. Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд орон сууц ашиглалтад оруулах хугацаанд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн байх бөгөөд орон сууц ашиглалтад оруулах хугацаа нь гэрээний зүйлийн төрлийг ялгахгүй, гагцхүү тухайн орон сууцыг үүрэг гүйцэтгэгч хэзээ гүйцэтгэж бэлэн болгохыг буюу ажлын үр дүн үүргийн гүйцэтгэлийн хугацааг тодорхойлох ач холбогдолтой юм. Гэрээний зүйлийг зөвхөн А, В, С болон 1, 2, 3 гэсэн дугаарлалтаар ялгах боломжтой юм. Барилгын компани нэг бүрийн шинжтэй орон сууцыг захиалагчийн газрыг авч гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байсан бөгөөд тус харилцаанд төрлийн шинжээр тодорхойлогдох худалдах, худалдан авах гэрээний зүйл заалтыг хэрэглэх боломжгүй юм. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

 

9.   Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тухайн байр захиалгын гэрээний дагуу ашиглалтад орох хугацаа гуравдагч этгээдийн орон сууцны тухайд 2020 оны 3-р улиралд орохоор тохиролцсон, нэхэмжлэгчийн орон сууцны тухайд 2021 оны 2-р улиралд ашиглалтад орохоор тохиролцсон. Цаг хугацааны хувьд гуравдагч этгээд тохиролцсон цаг хугацааны агуулгаар аль ч цаг хугацаанд байгуулсан гэрээний дагуу тэргүүн ээлжид маргаан бүхий хөрөнгийг эзэмших эрхэнд шилжүүлэн авах эрхтэй. Нэхэмжлэгч гуравдагч этгээдийг хууль ёсны эзэмшигч биш шударгаар олж аваагүй гэж маргасан боловч гуравдагч этгээд нь ямар хууль бус аргаар тухайн маргаан бүхий хөрөнгийг олж авсан талаар нотлох баримт байхгүй. Бид хууль бус арга хэрэгсэл хэрэглэж, энэ хөрөнгийг олж авч эзэмшээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон техникийн шинжтэй өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан,*** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 51,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд *** нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шаардсан алдангийн хэмжээг ...50,475,000 төгрөг... гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй.

 

3.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээнд заасан орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад үндэслэлгүй шилжүүлсэн... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн орон сууц нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууц биш... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.

Өөрөөр хэлбэл,*** тоот хаягт байршилтай 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь *** болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 03 сарын 11-ний өдрийн *** тоот Орон сууц захиалгын гэрээ-ний зүйл мөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.   Талууд 2020 оны 03 сарын 11-ний өдөр *** тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр *** нь өөрийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг *** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, *** ХХК нь өмчлөх эрхтэй газрын үнэд 70,000,000 төгрөг бэлнээр, үлдэх 102,150,000 төгрөгт тооцон *** ы В блок, 9-р давхрын 68.1 м.кв талбайтай С загварын орон сууцыг 2021 оны 2-р улиралд ашиглалтад оруулж *** т хүлээлгэн өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 5-9/

4.1.     Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч компани нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй газрыг нийт 172,150,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн зарим хэсгийг мөнгөн хөрөнгөөр, үлдэх хэсгийг ирээдүйд бий болох орон сууцаар төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг бол ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

4.2.     Дээр дурдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг хариуцагч компанийн захирлаар тухайн үед ажиллаж байсан гэх *** ын нэр дээр шилжүүлэн өгсөн, хариуцагч нь 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 89-90, 92/

 

5.   Хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 11-ний өдрийн *** тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 2.4-т Орон сууц ашиглалтад орох хугацаа: Захиалагч газрыг чөлөөлж, барилгын ажил эхэлснээс хойш 18 /арван найман/ сарын хугацаатай буюу 2021 оны 2 улирал байна гэж заасан /1хх 6/, үзлэг хийж бэхжүүлсэн *** /Шиг баялаг пропертиз нэртэй фейсбүүк хуудаст нийтлэгдсэн постод *** хотхоны 2-р ээлж буюу С-блокийн 13 давхрын цутгалтын ажил амжилттай явагдлаа гэж, ...Хамаарах барилга 2-р ээлж С-Блок 2-р ээлж 2021 оны 2-р улиралд орох байрандаа эхний 3-нь 100 хувь бэлэн төлөх хүнд цочирдом үнээр худалдана гэж тус тус дурдсан /1хх 56, 214/, гэрч *** шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Энэ дээр нэг гэрээний төсөл ашигладаг. Өмнө нь байгуулж байсан гэрээний зүйл заалт нь ижилхэн учраас андуурал гарсан. ...С блок гэж бичихийг B блок гэж бичсэн... гэж мэдүүлсэн /3хх 56-57/ зэргийг харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгчид 1-р ээлжид ашиглалтад орох орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээгээгүй, харин 2-р ээлжид ашиглалтад орох С блок, 9-р давхарт байрлах С хэсгийн 68.1 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг В блок гэж бичсэн нь техникийн алдаа бөгөөд гэрээний 2.4-т орон сууц ашиглалтад орох хугацаа нь захиалагч газрыг чөлөөлж, барилгын ажил эхэлснээс хойш 18 сарын хугацаатай буюу 2021 оны 2-р улиралд байна гэж заасан... гэсэн тайлбарыг илүү үнэн зөв гэж дүгнэхээр байна.

 

6.   Иймд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн орон сууц нь гэрээний талуудын өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон орон сууц биш байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь ...манай захиалсан орон сууц нь баруун тийшээ харсан 2 цонхтой, цаашид байшин халхлахгүй нар үзэх, хойшоо харсан нэг цонхтой... гэж тайлбарлаж байх боловч гэрээнд энэ тухай тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

 

7.   Нэхэмжлэгч B блокийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алданги шаардсан тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ирээдүйд хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийг шаардах, эсхүл гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзах эсэх нь тодорхойгүй байх тул шүүх алдангийн талаарх маргааныг энэ удаа шийдвэрлэх боломжгүй.

 

8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч талын гаргасан ...нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсан байхад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/05132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...343 дугаар зүйлийн 343.1... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 924,075 төгрөг, хариуцагч талаас төлсөн 924,075 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР