Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 5

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийдвэртэй,

Т.б.ны  нэхэмжлэлтэй, М.Т.д холбогдох, зээлийн гэрээний үүрэг 16 044 235.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч М.Т.ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч                 Б.А

   Хариуцагч                                                          М.Т түүний өмгөөлөгч

                                                                              Г.Гочоо                                

   Нарийн бичгийн дарга                                        С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.М, М.Т нар нь Т.Б-с 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулан 14 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 300 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зэлээ төлөлгүй 127 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1 дэхь заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Т.Б зүгээс зээлийн 3.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийг хугацаа хэтрүүлсэн хэвээр байна. Зээл төлөх мэдэгдэх хуудсыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр М.Т хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч М.Мнь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан тул 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаарх зээл, зээлийг хүү, торгуулийн хүү, бусад зардлыг хамтран зээлдэгч М.Т-р нийт 16 044 235.48 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү М.М нь Т.Б-с 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 14 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад сар бүр төлж явсаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт зээл 3 000 000 төгрөг авсан. Эхний зээлийн хамтран зээлдэгч нь охин Р.Р нь байсан. Сүүлийн 3 000 000 төгрөг нэмж авахад оюутан охин нь сургуульдаа явсан байсан тул намайг хамтран зээлдэгч болоод өгөөч гэсэн тул би хамтран зээлдэгч  болж гарын үсэг зурсан. Миний дүү М.М нь 2018 оны 07 дугаар сарын 2-ны өдөр уушгины хорт хавдар, тунгалагийн булчирхайндаа үсэрхийлсэн эцсийн шатандаа орсон гэсэн онош тавигдаж 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас өөд болсон. Иймээс Т.Б-с авсан зээлээ төлж чадахгүй болсон тул намайг зээл төлөхийг Т.Б-с сануулсан. Би өөрөө өндөр зээл төлдөг, ар гэр, үр хүүхэд, дүү нараа тэжээх хэрэгтэй байсан тул сар бүр өөрийн цалингаас илүүчлэн төлж чадаагүй 3 сар болсны дараа шүүхэд өгсөн байна. Би Хаан банкнаас цалингийн зээл 19 300 000 төгрөг авсан. Нөхөр Г.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүү Б.Б оюутан, охин Б.У ерөнхий боловсролын сургуулийн сурагч, миний дүү М.н охин Р.Р оюутан, Р.Н, Р.С, Р.Ш нар ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хүүхдүүдийн аав Ч.Р нь Өмнөговь аймагт том тэрэг барьдаг, тэндээ амьдралтай болсон. Хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй, би асран халамжилдаг. Миний бие нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт сувилагчаар ажилладаг. Цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдардаг тул Т.Б-ны зээлийг төлөх боломжгүй. Иймд Төрийн банкны зээлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

.Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Т.с үндсэн зээл 14 789 754.59 /арван дөрвөн сая долоон зуун наян есөн мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1 250 212.41 /нэг сая хоёр зуун тавин мянга хоёр зуун арван хоёр төгрөг дөчин нэгэн мөнгөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 268.48 /дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, нийт 16 044 235.48 арван зургаан сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин таван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, Т.Б-нд олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 171 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  М.Т.с 238 171 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Т давж заалдах гомдолдоо: “...Талийгаач дүү М.М нь 2017 оны 9 дүгээр сард 14 000 000 төгрөгийн цалингийн зээл авч хамтран зээлдэгчээр охин Р.Р нь гарыг үсэг зурсан. Уг зээлийг зээлийн гэрээний дагуу төлж байгаад 2018 оны 02 дугаар сард 3 000 000 төгрөгийн нэмэлт зээл авсан. Уг зээлний хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан. Ингээд өмнө авсан 14 000 000 төгрөгийн цалингийн зээлэн дээр нэмж авсан 3 000 000 төгрөгийн зээл нэмэгдээд 16 000 000 төгрөгийн зээл болгосон. Гэтэл Т.Б нь хамтран зээлдэгчийг ялгавартай үзэлгүйгээр зээлийн төлбөр 16 044 235.48 төгрөгийг надад бүрэн хариуцуулж төлүүлэхээр нэхэмжилж, шүүх хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өөрийн эрх ашгийг хамгаалж, төлбөрөөс чөлөөлүүлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул өөрч ач холбогдол бүхий нотлох баримтыг шалгуулах хүсэлтэй байна. Нөгөө талаар шүүх миний эрх ашгийг хамгаалуулж өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа үзүүлэх тал дээр анхаарал тавиагүйд гомдолтой байна. Төрийн банк намайг 3 000 000 төгрөгийн нэмэлт зээлийг хариуцуулах ёстой байтал өмнө авсан зээлийг нэмж нэгтгэн шударга бусаар иргэн хүний хохироож байгаад гомдолтой байна. Нөгөө талаар М.Т би талийгаач дүүгийн банкнаас авсан зээл, зээлийн хүүнээс ганц ч төгрөг аваагүй бөгөөд зээлийг юунд зарцуулсан эсэхийг мэдэхгүй бодвол ахуй амьдралдаа захиран зарцуулсан байх. Хэрэв би тухайн зээлнээс ямар нэгэн байдлаар ашигласан бол зээлийн төлбөрийг төлөхийг татгалзахгүй. Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ дан ганц банкны эрх ашгийг хамгаалан зөвхөн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэдгийг халхавчлан энэ талаар бодит дүгнэлт өгөхгүй хариуцагчаас 16 044 235.48 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийг зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь хариуцагч М.Т-д холбогдуулан 16 044 235.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээг үндэслэл болгосныг хариуцагч би зээлээс нэг ч төгрөг аваагүй, зээлдэгч 2018 оны 7 дугаар сард өвчний учир нас барсан М.М тухайн үед  төсвийн байгууллагад ажилладаг байсан  миний төрсөн дүү учир би  цалингийн зээл авах гэсэн юм цалингаараа төлнө гээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан би өөрөө ХААН банкинд цалингийн зээлтэй тул  нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг судлан үзэхэд М.М нь 2017 оны 9 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банкны Булган салбартай  барьцаат зээлийн гэрээ байгуулж 14 400 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдүүлэгчтэй тохирсон байна.

Дээрхи гэрээнд 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдлийг 16 300 000 төгрөг, хүүг жилийн 20.40 болгосон бөгөөд уг гэрээнд М.Т хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ. / хавтаст хэргийн 3-6 тал/

Зээлдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өвчны улмаас нас барсан байна./ хавтаст хэргийн 25 тал/

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбар нь хариуцагч М.Т-с Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Дээрхи зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах тогтмол орлогоор төлөх, банк зээлдэгч М.Мөнхжаргалын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл банк зөвхөн М.М*н цалин орлогын хэмжээ, түүний цалингийн зээл авах тухай хүсэлт, анкет зэргийг үндэслэн /цалин, зурагт, хөргөгч/ барцаалан зээл олгожээ./ хавтаст хэргийн 5-8 тал/  

Дээр дурьдсанаас үзвэл хамтран зээлдэгч М.Т тухайн зээлтэй холбогдуулж өөрийн тогтмол орлого болох цалин болон бусад эд хөрөнгө барьцаалаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, зээлийн гэрээнд тусгагдаагүй төдийгүй  Төрийн банкны Булган салбар нь зээлдэгч М.М-н зээлийн ********** дугаар данснаас зээлийн төлбөрийн суутгаж байжээ./ хавтаст хэргийн 13 тал/

Иргэн ажил хөдөлмөр эрхлэж түүндээ тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хувь хүний эрхтэй салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдлолд цалингаа барьцаалж зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй бий болгодог учир М.М цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлогоо барьцаалаагүй, хариуцагч М.Т-д зээлийн гэрээний үүргийг хамааруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч  М.М нас барснаар дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд гаргасан алдааг зөвтгөн залруулах боломжтой гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ний өдрийн 100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч М.Т-с 16.044.235.48 төгрөг гаргуулах тухай ТБ Булган салбарын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй  болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                             М.ХҮРЭЛБААТАР