Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 100

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн, Булган аймгийн Булган сумын... оршин суух Г  овогт М.Т    нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 044 235.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00042/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1987 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын ... оршин суух,  Ш  овогт Б.А  ,

хариуцагч М.Т , нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Майдарын М , М.Т  нар нь Төрийн банкны Булган салбараас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 120000470153 тоот зээлийн гэрээ байгуулан 14 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 300 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зэлээ төлөлгүй 127 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1 дэхь заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийн 3.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийг хугацаа хэтрүүлсэн хэвээр байна. Зээл төлөх мэдэгдэх хуудсыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр М.Т д хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч М.М  нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан тул 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаарх зээл, зээлийг хүү, торгуулийн хүү, бусад зардлыг хамтран зээлдэгч М.Т аар нийт 16 044 235.48 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч М.Т  нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү М.М  нь Булган аймгийн Төрийн банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 14 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад сар бүр төлж явсаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт зээл 3 000 000 төгрөг авсан. Эхний зээлийн хамтран зээлдэгч нь охин Р. Р  нь байсан. Сүүлийн 3 000 000 төгрөг нэмж авахад оюутан охин нь сургуульдаа явсан байсан тул намайг хамтран зээлдэгч болоод өгөөч гэсэн тул би хамтран зээлдэгч  болж гарын үсэг зурсан. Миний дүү М.М  нь 2018 оны 07 дугаар сарын 2-ны өдөр уушгины хорт хавдар, тунгалагийн булчирхайндаа үсэрхийлсэн эцсийн шатандаа орсон гэсэн онош тавигдаж 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас өөд болсон. Иймээс Төрийн банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болсон тул намайг зээл төлөхийг Төрийн банкнаас сануулсан. Би өөрөө өндөр зээл төлдөг, ар гэр, үр хүүхэд, дүү нараа тэжээх хэрэгтэй байсан тул сар бүр өөрийн цалингаас илүүчлэн төлж чадаагүй 3 сар болсны дараа шүүхэд өгсөн байна. Би Хаан банкнаас цалингийн зээл 19 300 000 төгрөг авсан. Нөхөр Г.Б  нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүү Б.Б  оюутан, охин Б.У  ерөнхий боловсролын сургуулийн сурагч, миний дүү М ын охин Р. Р  оюутан, Р.Н , Р.С , Р.Ш  нар ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хүүхдүүдийн аав Ч.Р  нь Өмнөговь аймагт том тэрэг барьдаг, тэндээ амьдралтай болсон. Хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй, би асран халамжилдаг. Миний бие нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт сувилагчаар ажилладаг. Цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдардаг тул Төрийн банкны зээлийг төлөх боломжгүй. Иймд Төрийн банкны зээлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь М.Т д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 044 235.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээлдэгч М.М  нас барсан, би түүний гуйлтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би өөрөө банкинд цалингийн зээл төлдөг тул дүү М.М ын зээлийг төлөх боломжгүй тул зеээлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

Төрийн банкны Булган аймаг дахь салбар болон М.М , М.Т  нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” нэртэй гэрээ №12000047 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь М.М , М.Т  нарт 13 300 000 төгрөгийг үлдэгдэл зээл дээр нэмэлт 3 000 000 төгрөг, нийт 16 300 000 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, М.М , М.Т нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч М.М  нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь хэрэгт  авагдсан баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т зааснаар Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж заасны дагуу хамтран зээлдэгч нь төлөх үүрэгтэй байна, 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 044 235.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Т аас үндсэн зээл 14 789 754.59 /арван дөрвөн сая долоон зуун наян есөн мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1 250 212.41 /нэг сая хоёр зуун тавин мянга хоёр зуун арван хоёр төгрөг дөчин нэгэн мөнгөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 268.48 /дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, нийт 16 044 235.48 арван зургаан сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин таван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 171 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  М.Т аас 238 171 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ОДОНЧИМЭГ