Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/00038

 

 

 

 

 

 

 

2022 12 22

101/ШШ2023/00038

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Х гаргасан,

 

Хариуцагч: Л.С,

 

Хариуцагч: Г.Б нарт холбогдох,

 

Нотариатч Г.Б-гийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Х-г Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, 10 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, хариуцагч Л.С-г орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х, өмгөөлөгч Ц.Цэрэнням, хариуцагч Л.С, өмгөөлөгч Б.Баялагмаа, гэрч О.Намуун, Д.Чинтөгс, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний бие 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт төрсөн. Ингээд би төрсөн цагаасаа эхлэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр,  тоот хаягт байрлах орон сууцанд өөрийн аав, ээж болон өвөг эцэг Г.Лувсанцэрэн, өвөг эх Х.Галина нарын хамт амьдарч байсан. Миний аав Л.Чингис нь Г.Лувсанцэрэнгийн ганц хүү байсан бөгөөд харамсалтай нь 1992 оны 8 дугаар сард зуурдаар нас барсан.

 

Би, төрсөн эцгээ нас барахад 1 нас 7 сартай байсан ба эцгээ нас барснаас хойш дунд сургуулиа дүүргээд 11 дүгээр ангиа төгсөж, 16 насанд хүрэх хүртлээ өвөө, эмээгийнхээ асрамжинд тэдний хамт тухайн орон сууцанд амьдарч байсан. Хэрэгт авагдсан 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон  тоот дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр миний бие анхнаасаа бүртгэлтэй байсан.

 

Гэтэл миний өвөг эцэг Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, эмэг эх Х.Галина 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус өвчний учир нас барсан. Өвөөг нас барсны дараа нь эмээгийн биеийн байдал огцом муудсан бөгөөд би 10 жилийн сургуулийн төгсөлт, их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэх зэргээр хичээл сургуульдаа шамдах шаардлага үүсч, ээж дээрээ болон өвөө, эмээгийндээ ирж, очин амьдрах болсон. Намайг хичээл, шалгалттай байх хугацаанд эмээ минь нас барсан, түүнийг нас барсан өдөр нь эцгийн маань төрсөн эгч Л.С нь энэ талаар надад огт хэлээгүй байсныг би эмээгийнхээ найзын хүүхдээс мэдэж, ээжийн хамт өвөөгийндөө очиж, оршуулгын зан үйлийн бүхий л үйл ажиллагаанд оролцсон.

 

Гэвч эмээг нас барснаас хойш авга эгч Л.С-н зан ааш эрс өөрчлөгдөж, миний өвөөгийндөө амьдрах боломжийг минь хязгаарласан. Хариуцагч нь эмээг нас барах хүртэл болон орон сууц хувьчлагдах үед тусдаа амьдралтай, гэр бүлтэй, өөрийн гэсэн гэр орон буюу 4 орон сууцтай байсан боловч өвөөгийнд нүүж ирж амьдрах болсон ба тэр үеэс хойш надаас холбоогоо тасалсан. Миний хувьд нэгэнт өвөг эцэг, эмэг эх маань нас барсан, өөрөө насанд хүрээгүй байсан учир Л.С эгчтэй ямар нэг байдлаар холбоогүй болсон. Би, хожим Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээр байгаагаа холбогдох лавлагааг авч мэдээд, улмаар орон сууцны өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хайж эхэлсэн. 

 

Ээжтэйгээ би бие авга эгч Л.Стой өмч хөрөнгийн ямар нэгэн маргаан урьд өмнө нь огт үүсгэж байгаагүйгээр өнөөдрийг хүрсэн боловч авга эгчийн зүгээс өөрийн төрсөн ганц дүүгийн хүү, төрсөн эцэг, эх дээр нь өсч, хүмүүжсэн надад өвөө, эмээ 2-ыг маань нас барсны дараагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хүнлэг бус хандаж ирсэнд туйлын гомдолтой байдаг. Би, төрсөн цагаасаа эхлэн өвөө, эмээгээ нас барах хүртэл тус орон сууцанд амьдарч байсан, дээрх эд хөрөнгийн өмчлөгч төдийгүй хуульд заасны дагуу өвөг эцэг, эмэг эхийнхээ хууль ёсны өв залгамжлагч нь юм.

 

Гэтэл хариуцагч Л.С нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь Иргэний хуульд заасан өв залгамжлан авах хугацааны дотор өв нээлгэх хүсэлтээ гаргахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.С болон нэхэмжлэгч Ч.Х нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 1-т зааснаар өвлөх эрхээ алдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж зааснаар бөгөөд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 50 хувийн өвийг өвлөн авах эрхээ алдсан тул миний бие 100 хувийн өмчлөгч нь гэж үзэхээр байна.

  

Гэтэл хариуцагч нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан нь тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасан хугацааг зөрчсөн үйлдэл болсон. Иймд, Баянзүрх дүүргийн  дугаартай нотариатч Г.Бгийн олгосон 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү.

 

Өнөөдрийн байдлаар миний бие эхнэр, 3 нас 3 сартай хүү, 1 нас 4 сартай хүүгийн хамт ам бүл 4-лээ өөрийн гэсэн орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдарч байна. Авга эгч болох хариуцагч Л.С нь миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэх бүхий л боломжийг нуун дарагдуулж, надтай өвөө, эмээ нарыг минь нас барснаас хойш учир шалтгаангүйгээр харилцаагаа тасалсанд гомдож байна. Би, тухайн орон сууцны өмчлөгч нь байтал ямар нэгэн байдлаар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү орон сууцанд хариуцагч Л.С нь амьдардаг бөгөөд надад өвөө, эмээгийнхээ гал голомтод амьдрах хүсэл байдаг боловч ийнхүү өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчтай тохиролцож чадахүй байна.

 

Иймээс хотариатч Г.Бгийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, намайг Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, хариуцагч Л.Сг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд хуралдаанд хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие өөрийн эцэг болох Гомбосүрэн овогтой Лувсанцэрэн, ээж Хан Галина Михайловна нартай хамт маргаан бүхий орон сууцанд 2005 оноос эхэлж хамт амьдарч байсан. 2004 онд миний ээж хорт хавдартай болох нь батлагдаж, улмаар 2005 онд мэс засалд орсон ч өвчин нь хүндэрч, хурц хэлбэрт шилжин эм тарианы эмчилгээгээ үргэлжлүүлэх, мөн аавын архаг өвчин нь хүнд хэлбэрээр сэдэрч байсан үе юм. Хэдхэн сарын дараа аав, ээж хоёроос намайг тэдний орон сууц болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр,  тоот хаягт байрлах орон сууцанд нүүж ирэх санал гарч тэр жилээс хойш миний бие тэд нартай хамт амьдардаг болсон бөгөөд 2006 онд албан ёсоор оршин суух хаягийн шилжилтээ хийлгэсэн юм.

 

Гэтэл 2006 оны 12 дугаар сарын 02-нд аавын биеийн байдал муудаж эмнэлэгт хэвтэж маргааш нь команд орсон. Энэ өдрөөс хойш би аавыгаа эмнэлгээс гарах өдөр хүртэл нь сэхээн амьдруулах тасгийн үүдэнд тасралтгүй өдөр, шөнөгүй 14 хоног эцгийгээ сахиж байсан. Харин нас барсан дүүгийн минь хүүхэд буюу нэхэмжлэгч Ч.Х нь тэр хэцүү үед эмнэлэгт ганц хоёрхон л ирсэн. Ингээд аав, ээжийг нас барсны дараагаар Л.С миний бие 2010 оны 10 дугаар сарын 25- ны өдөр нэхэмжлэгчийн хамт нотариатч Г.Б дээр очиж, өвлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авсан, үүнийг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байж худал тайлбар өгсөн байна.

 

Нэхэмжлэлд намайг тусдаа 4 өрөө орон сууцтай байж өвөөгийн орон сууцанд ирж амьдарсан тухай гуйвуулсан зүйлс дурдсан байна. Дээр дурдсанчлан ээж, аав хоёрын бие тааруу байсан тул тэд нар намайг ирж хамт амьдрахыг хүссэн тул миний бие шилжилт хөдөлгөөн хийж, эцэг, эхтэйгээ хамт амьдарсан. Миний өөрийн өмчлөлийн гэж нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлд дурдсан орон сууцыг охин О.Намуунтай хамт өмчилдөг байсан. Гэвч 2004 оны 7 дугаар сараас надад ажил хийх зав, зайгүй олдохгүй, аав, ээжийн эмчилгээний зардал, өдөр тутмын хүнс ахуйн зардал, оюутан хүүхдийн сургалтын төлбөр зэрэг ар араас цувсан оршуулгууд гээд ямар ч орлогын эх үүсвэргүй болж, эдгээрээс үүдэн их хэмжээний мөнгөний өрөнд орсон тул 2011 онд худалдаж олсон орлогоос өр, төлбөрөө төлж салсан.

 

Нэхэмжлэгч Ч.Х нь ээжийг нас барснаас хойш намайг түүнтэй холбоогоо тасалсан гэж худал хэлсэн байна. Нэхэмжлэгч нь ээжийг нас барснаас хойш охинд минь хань болно гээд хаяа ирж хонодог байсан, харин ч ээжийн надад үлдээсэн хэдэн төгрөгийг ч би тэгш хувааж түүнд өгсөн. Ийнхүү миний бие нэхэмжлэгч Ч.Хтой 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж бага зэргийн тусламж хүссэнээс хойш тэрээр надаас зай барьж хөндийрсөөр өдийг хүрсэн.

 

Миний бие 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өв залгамжлалтай холбоотой бичиг баримтуудыг цэгцэлж байх үед нэхэмжлэгч Ч.Х нь маргааны зүйл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохын хувиар хуулийн дагуу өв залгамжлалын ажиллагаанд гэрчээр оролцох шаардлагатай болсон учраас өөрийн биеэр оролцож, гарын үсгээ зурсан. Одоо маргаж байгаа орон сууцны шинэ гэрчилгээ дээр өөрийнхөн нэр хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа. Нэхэмжлэгч нь хуулийн дагуу хийгдсэн нотариатын үйлдлийг хууль бус гэж худал ярьж намайг гүтгэж байна.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Х нь орон сууцны 100 хувийн өмчлөгч биш, харин хууль ёсны өмчлөх эрхтэй Л.С намайг миний амьдарч буй орон сууцнаас хөөх эрх хуулиар түүнд олгогдоогүй. Нотариатын үйлдэлтэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Би, хуульд зааснаар өв залгамжлан авсан, надад хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч нь 2010 оноос 2022 он хүртэл энэхүү орон сууцны 100 хувийн өмчлөгч, аль эсхүл өвлөх эрхтэй холбоотой эрх нь зөрчигдөж буй талаар шууд болон шууд бус хэлбэрээр огт надад болон бусад холбогдох байгууллагад гомдол, санал гаргаж байгаагүй.

 

Гэтэл нэхэмжлэгч нь 2022 онд гэнэт тус орон сууцны 100 хувийн өмчлөгч бөгөөд намайг аав, ээжийн минь гал голомтоос хөөн гаргах талаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Харин ч тэрээр өөрийгөө нэхэмжлэлдээ Иргэний хуульд заасан өв залгамжлан авах хуульд заасан хугацаанд өвийг хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул өвөөгийнхөө орон сууцыг өвлөж авах ёсгүй тухайд хүлээн зөвшөөрсөн утгатай тайлбар өгсөн байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, маргаан бүхий орон сууцны 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, хууль ёсны өмчлөгч намайг гэрээс минь албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч: Г.Бгээс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нотариатын тухай хуульд зааснаар нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд иргэн Л.С, Ч.Х нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой тодорхой зөвлөгөөг өгсөн маань нотариатч миний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчилсэн 5886, 5887 тоот дугаартай Л.С, Ч.Х нарын иргэний үнэмлэхийг гэрчилсэн хуулбар үйлдлээр нотлогдоно.

 

Нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлийн шаардлагын 1-т Баянзүрх дүүргийн 258 дугаартай нотариатч Г.Бгийн гэрчилсэн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:  тоот улсын бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр,  тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Гомбосүрэнгийн Лувсанцэрэн, Хан овогтой Галина, ач хүү Ч.Х нар тус тус 3/1 хувиар өмчилдөг байсан.

  

Гэвч Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, Х.Галина 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус өвчний улмаас нас барсан. Дээрх орон сууцны өмчлөгч нарын оногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өвлүүлэгч нарын төрсөн охин Л.С нь нотариатч надад гаргасан. Уг хүсэлтийн дагуу нотариатч миний бие хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг түүнд олгосон.

 

Нэхэмжлэгч Ч.Хын тус орон сууцны оногдох хэсгийн өмчлөлд халдаагүй, өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Л.С нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлүүлэгч нарын төрүүлсэн охин болох нь иргэний үнэмлэхээр, уг хаягт оршин суудаг болох нь 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор, Л.Сос 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний үнэмлэх авах өргөдөл гаргасан ХААТР-21Б маягтад 2006 оноос Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоотод оршин сууж эхэлсэн гэж бичигдсэнээр, мөн 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дугаартай нотариатч надаар хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлсэн иргэний үнэмлэх нь тухайн хаягтай, 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон огноотой байгаа зэргээр, түүнчлэн Л.С нь өвлүүлэгч эцэг Г.Лувсанцэрэн, эх Хан Галина Михайловна нарыг нас барах хүртэл тэдэнтэй нэг хаягт хамт амьдарч байсан нь хангалттай баримтуудаар тогтоогдсон тул өвийг хүлээн авсан өвлөгч гэж үзэж, эцэг Г.Лувсанцэрэн, эх Х.Галина нарын орон сууцны өмчлөлийн оногдох хувь тус бүр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.

 

Өвлүүлэгч нарын ач хүү болох Ч.Х нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч бөгөөд тус заалтад 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх зэрэг өвлөгч нар нь байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь өвлөх эрхтэй болохыг хуульчилсан. Ач хүү болох Ч.Х нь дарааллын хувьд өвлөх эрх үүсээгүй өвлөгч бөгөөд нэхэмжлэлд дурдсан өвлөх эрхээ алдах гэдгийг Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1-д зааснаар өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайтайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдохыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч Ч.Х нь нэхэмжлэлдээ 16 насанд хүрэх хүртлээ өвөө, эмээгийнхээ асрамжинд тэдний хамт Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот хаягт амьдарч байсан гэжээ. Өвлүүлэгч Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, Х.Галина 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус өвчний улмаас нас барсан ба Ч.Х нь 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 насанд хүрсэн, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түүний иргэний үнэмлэх авахаар Иргэний бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдлийн маягтад Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1 дүгээр байр, тоот хаягт байнга оршин суух гэсэн бичилттэй, мөн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн 5887 тоот бүртгэлтэй иргэний үнэмлэхийн хуулбарт мөн адил Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1 дүгээр байр, 84 тоот хаяг гэж бүртгэсэн ба энэхүү иргэний үнэмлэх нь 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон огноо бүхий байсан нь түүнийг өвлүүлэгч нартай хамт амьдарч, тэдний асрамжинд байсан гэдэг нь тус тус нотлогдохгүй байна.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг анхаарч үзэхийг хүсье гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

2.     Иргэний үнэмлэхийн хуулбар,

3.     Төрөл садангийн лавлагаа,

4.     Төрсний бүртгэлийн лавлагаа,

5.     Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,

 

Хариуцагч Л.С-н өгсөн нотлох баримт:

 

1.     Иргэний үнэмлэхийн лавлагаа,

2.     Өвлөх эрхийн гэрчилгээ 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 16 дугаар,

3.     Өвлөх эрхийн гэрчилгээ 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 17 дугаар,

4.     Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

5.     Л.С-н Төрийн банкны хугацаат дансны харилцагчийн хуулга,

6.     2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртэлийн мэдүүлэг,

7.     Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлэг,

8.     Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 127 тоот дугаар бүхий тодорхойлолт,

9.     Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,

 

Хариуцагч Г.Б-гийн өгсөн нотлох баримт:

 

1. Нийслэлийн архивын газрын лавлагаа,

2. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

 

1.            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/5966 дугаар албан бичгээр ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Монголын Нотариатчдын танхимд хууль ёсны өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүсэх тухай хүсэлт, Улсын бүртгэлийн 2204006439 дугаартай дэвтрийн хуулбар, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээний хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн газар бэлэглэлийн гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/5967 дугаар албан бичгээр ирүүлсэн Л.С-н 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4/6204 тоот албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/9061 дугаар албан бичгээр ирүүлсэн иргэний үнэмлэх авах өргөдөл,

 

2.            Гэрч нарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Хоос хариуцагч Х.Солонго, Г.Б нарт холбогдуулан 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, 10 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, хариуцагч Л.С-г уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хариуцагч Х.Солонго нь өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байхад нотариатч Г.Б нь түүнд өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон, өвөө Г.Лувсанцэрэн, эмээ Хан Галина Михайловна нарын ногдох хэсгийг миний бие ганцаараа өвлөх эрхтэй байсан, тийм учраас дээрх орон сууцны цор ганц өмчлөгч тул хариуцагчийг орон сууцнаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэсэн ба хариуцагч Х.Солонго нь тухайн орон сууцыг дангаараа эзэмшиж ашигласнаар миний өмчлөх эрх зөрчигдөж байх тул ямар нэгэн байдлаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байна гэсэн.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээгүй хэдий ч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч Х.Солонго нарын дундын өмчийн харилцааг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцыг Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна, Ч.Х нарт тус тус өмчлүүлсэн байна /х.х-ийн 96-99 хуудас/.

 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, аливаа иргэн, хуулийн этгээд нь гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.

 

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна, Ч.Х нар тухайн орон сууцыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу төрийн өмчийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх үйл ажиллагаанд оролцож, өмчилж авчээ.

 

Энэ талаар Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж, түүнчлэн 17 дугаар зүйлийн 1 Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана гэж, мөн 18 дугаар зүйлийн 1 Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасан.

 

2.            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэг эд хөрөнгийг хэд хэдэн өмчлөгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль, аль эсхүл гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр олж авах эрхтэй ба Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна, Ч.Х нар Орон сууц хувьчлах тухай хуульд зааснаар зохигч нарын маргаж буй орон сууцны хамтран өмчлөгч нар болсон байна.

 

Энэ хуулийн 108.3-т Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх .............. эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн 108.4-т Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж зааснаас үзвэл дундын өмч нь өмчлөгч этгээд нарт ногдох хэсэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу тодорхой байдаг хэсгээр өмчлөх болон мөн өмчлөгчдөд ногдох хэсэг нь тодорхойлогдоогүй хамтран өмчлөх гэсэн хэлбэртэй бөгөөд хамтаар өмчлөх дундын өмчийн харилцаа нь гагцхүү хуульд зааснаар үүсэж, талуудад тэгш хуваагддаг журамтай.

 

Иймд, Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна, Ч.Х нар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр,  тоот хаягт байрлах орон сууцыг хуульд зааснаар үүссэн хамтран өмчлөгч нар бөгөөд тус бүр 33.33 хувийн өмчлөгчид юм.

 

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн хариуцагч Г.Бгийн шүүхэд нотлох баримтаар өгсөн нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэр зэргээс тус тус үзвэл Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нар гэрлэгчид, харин нэхэмжлэгч Ч.Х нь Лувсанцэрэнгийн Чингисийн төрсөн хүүхэд буюу Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын ач хүү нь байна /х.х-ийн 6-9, 167-169 хуудас/.

 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж, бас 126 дугаар зүйлийн 126.1Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тус тус заажээ. Тодруулбал, Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нар гэрлэгчид учир тэдгээрийн хувьд төрөөс хувьчилж авсан тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бол харин нэхэмжлэгч Ч.Х нь гэрлэгч нартай хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүнд тооцогдох боломжгүй байна.

 

Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж, мөн 3.1.5төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж тус тус зааснаас үзвэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ч.Х нь өвөө Г.Лувсанцэрэн, эмээ Хан Галина Михайловна нартай байнга хамт амьдарч байгаагүй, хэдийгээр тэрээр эмээ, өвөөтэйгээ илүү ойр-дотно байж, гэрт нь байнга очиж байсныг хамт амьдарч байсан гэж үзэхгүй юм.

 

Тухайлбал, Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нар нэхэмжлэгч Ч.Хыг байнгын асрамжиндаа авч, тэжээн тэтгэж байсан баримтгүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Ч.Х, Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын иргэний үнэмлэх болон нас барсны гэрчилгээ, мөн ХААТР-21 маягт дахь оршин суух хаягийн мэдээллээс үзвэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, 10 тоот хаягт амьдарч байгаагаагүй ажээ /х.х-ийн 26, 70, 71, 121, 122 хуудас/.

 

4.            Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, Хан Галина Михайловна 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус нас барсан ба хариуцагч буюу нотариатч Г.Б нь хариуцагч Л.Сд 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын ногдох хувийг өвлөх эрхийн тоот гэрчилгээгээр тус тус олгожээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.С-г Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын төрсөн охин мөн эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ч.Хын төрсөн аав Л.Чингисийг 1992 оны 08 дугаар сарын -ны өдөр нас барсан байсан учраас тийнхүү хариуцагч Л.Сд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна /х.х-ийн 72-75 хуудас/.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гээд 520.1.1нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж, мөн 520.1.2энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Л.С нь Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын төрсөн охин бөгөөд түүнээс өөр өв залгамжлагч байхгүй байсан тул нотариатч Г.Б нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын ногдох хувийг өвлөн авах эрхийн гэрчилгээг хариуцагч Л.Сд олгосныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хэдийгээр дээр дурдсан хуулийн 520 дугаар зүйлий 520.3Энэ хуулийн 5201, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасан боловч нэхэмжлэгч Ч.Х нь Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нартай хамт амьдарч байгаагүй, өвөө, эмээ нарын асрамжид тэдгээрийг нас барахаас өмнө 1 жилийн хугацаанд байж, тэжээн тэтгүүлдэг байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Хыг хариуцагч Л.Стой хамт Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын ногдох хувийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна.

 

5.            Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, мөн 531 дүгээр зүйлийн 531.1Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана гэж, түүнчлэн 531.2Хууль ёсны өвлөгчид өвлөх өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, өвийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах болон өвлөх эрхийн гэрчилгээ олгох зэрэг нь тус тусдаа өөр өөр ойлголтууд юм. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр хариуцагч Л.С нь аав Г.Лувсанцэрэн, ээж Хан Галина Михайловна нартай тэдгээрийг нас барах хүртэл хамт амьдарч байсан бөгөөд тэрээр зохигч нарын маргаж буй орон сууцнаас аав, ээжийнхээ ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан тухай хүсэлтийг хуульд зааснаар өв нээгдсэн буюу төрсөн аав, ээж нь нас барсан өдрөөс хойш гурван сарын дотор харъяа дүүргийн нотариатч эсхүл баг, сумын засаг даргад мэдэгдээгүй учраас хариуцагч Л.С-г өвийг хүлээн авсан гэж тооцох ба хожим нотариатч Г.Б нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түүнд 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 531.2 дахь хэсгийг зөрчихгүй байна /х.х-ийн 170 хуудас/.

 

6.            Хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан ба энэ талаар дүгнэхэд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Тодруулан хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.1Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой бус нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тоолно.

 

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тоолоход 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар тоолоход ийнхүү дууссан байх тул нотариатч Г.Бгийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

 

7.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр,  тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч Л.С нар бүртгэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Х нь тус орон сууцыг анхнаасаа орон сууц хувьчлах тухай хуульд зааснаар өмчлөн авсан бол хариуцагч Л.С нь Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна нарын хувь буюу 66.66 хувийг өв залгамжлалын журмаар өвлөж авсан өмчлөгч нь юм /х.х-ийн 52-55 хуудас/.

 

Тиймээс хариуцагч Л.С-г Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй зааснаар хууль бус гэж эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд, харин тэрээр энэхүү орон сууцны хамтран өмчлөгч мөн тул энэ хуулийн 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасны дагуу түүний эзэмшлээс уг орон сууцыг буцаан шаардах боломжгүй.

 

8.            Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгч Ч.Х нь зохигчдын маргаж байгаа орон сууцны хамтран өмчлөгч тул өөрийн өмчлөлийн зүйлийг хариуцагч Л.С-н нэгэн адил тэгш эрхтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

 

Гэтэл зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Л.С нь тухайн орон сууцыг дангаараа эзэмшиж ашигладаг, зохигчид зан харилцааны хувьд таарамжгүй байдаг учраас цаашид нэхэмжлэгч Ч.Хын хамт эзэмших /хамт амьдрах/ боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж чадахгүй байна гэсэн.

 

Үүнээс үзвэл талууд тус орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглахтай холбоотойгоор дотоод харилцаанд зөрчилтэй байдаг бөгөөд нэг хамтран өмчлөгч нь ганцаараа эзэмшиж, ашигласнаар нөгөө өмчлөгчийнхөн эрх ашиг хөндөгдөж байгаа, талууд энэ талаар тохиролцдоггүй тул зохигч нарын хамтран өмчлөх харилцааг хуульд зааснаар дуусгавар болгохгүй тохиолдолд энэ хэвээр цаашид үргэлжилсээр байх ажээ. Тийм ч учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох гэж заасан аргыг үндэслэн өмчлөгч нарын эрхийг хамгаалах нь хуульд нийцнэ.

 

9.            Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Тайлбарлавал, нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч Л.С нар маргаж буй орон сууцыг дундаа хамтран өмчилж байгаа бөгөөд уг эд хөрөнгөө хэрхэн эзэмших, ашиглах болон захиран зарцуулах буюу хувааж авах эсэх талаар тохиролцохгүй маргаж байна.

 

Энэ хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д ............................ өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах......... гэдэг нь хэсгээр өмчлөх агуулгыг илэрхийлж байгаа учир мөн хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1-д Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Х нь дундын өмчийн эрхийг дуусгавар болгох замаар өөрт ногдох хэсгийг тодорхойлох боломжтой юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Х нь 33.33 хувьд ногдох үр шимийг хүртэх эрхтэй ба тухайн орон сууцны үл хуваагдах шинж чанараас хамаарч эзэмших, ашиглах болон үр шимийг хүртэхэд хариуцагч Л.Стой маргаантай байдаг, үүний улмаас хэрэгжүүлэх боломжгүй байдаг бол дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь ийм агуулгатай тайлбарыг хэлсэн.

 

10.         Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.6Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно гэж заасан.

 

Тодруулбал, зохигч нарын маргаж байгаа хөрөнгийг тэдгээрийн хэсгээр өмчлөх хувийг үндэслэн өмчлөлийн зүйлийн үнэ, өртгийг бууруулахгүйгээр өмчлөгчдөд оногдох хэсгийн дагуу хуваах боломжгүй тул ийнхүү дуудлага худалдаагаар худалдан борлуулж, олсон орлогоос нэхэмжлэгч Ч.Хт 33.33 хувь, хариуцагч Л.Сд 66.66 хувийг олгох нь шударга байна.

 

Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг одоо тогтоох шаардлагагүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусламжтайгаар хөрөнгийн үнийг тогтоож, худалдан борлуулах нь хэргийн шийдвэрлэх цаг хугацаанаас хамаарч илүү бодит үнэ тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д ................................Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно гэж заасныг зөрчихгүй.

 

Харин хөөн хэлэлцэх хугацааны хувьд дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардах эрхэнд уг харилцаа нь дуусгавар болох хүртэлх хугацаанд үргэлжилж байдаг учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Энэ талаар Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 490.5Дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заажээ.

 

Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцыг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдан борлуулж, нэхэмжлэгч Ч.Хт 33.33 хувь, хариуцагч Л.Сд 66.66 хувийг олгохоор шийдвэрлэв.

 

11.         Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 907,950.00 төгрөгийг төлсөн ба нотариатч Г.Бд холбогдох тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар 140,400.00 төгрөгийг төлөөгүй байх тул үүнийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч Л.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд бүхэлд нь хангаагүй ба зохигч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, дундын өмчийн эрхийг хүчингүй болгож байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж заасныг үндэслэн хариуцагч Л.Сос 907,950.00 төгрөгийн тал хувь 453,975.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                               

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.6-д тус тус заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, 10 тоот хаягт байрлах Ү-2204003461 тоот улсын бүртгэлийн дугаартай 52 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, олсон орлогоос нэхэмжлэгч Ч.Хт 33.33 хувь, хариуцагч Л.Сд 66.66 хувийг тус тус олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Бгийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Хыг Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, хариуцагч Л.С-г орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 140,400.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж, хариуцагч Л.Сос 453,975.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хт олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР