Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00550

 

2023.03.15 210/МА2023/00550

Ч.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/00038 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.С, Г.Б нарт холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Л.Солонгын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, хариуцагч Л.С, түүний өмгөөлөгч Б.Баялагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие төрсөн цагаасаа эхлэн дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцанд аав, ээж болон өвөг эцэг Г.Лувсанцэрэн, эмэг эх Х.Галина нарын хамт амьдарч байсан. Миний аав Л.Чингис нь Г.Лувсанцэрэнгийн ганц хүү байсан ба 1992 оны 08 дугаар сард нас барсан. Би 16 насанд хүртлээ өвөө, эмээгийн асрамжид хамт амьдарч байсан бөгөөд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэр бүртгэлтэй байсан. Өвөг эцэг Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, эмэг эх Х.Галина 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Энэ үед би 10 жилийн сургуулийн төгсөлт, их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэх шаардлага үүсч, ээж дээрээ болон өвөөгийндөө ирж очин амьдрах болсон. Авга эгч Л.С нь эмээг нас барах хүртэл болон орон сууц хувьчлагдах үед тусдаа амьдардаг байсан боловч өвөөгийнд нүүж ирж амьдарсан ба эмээ нас барснаас хойш надаас холбоогоо тасалсан.

1.2.Хариуцагч Л.С нь Иргэний хуульд заасан өв залгамжлан авах хугацааны дотор өв нээлгэх хүсэлтээ гаргахгүйгээр 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Хариуцагч Л.С, нэхэмжлэгч Ч.Х нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхээ алдсан. Тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өвийг өвлөн авах эрхээ алдсан тул намайг 100 хувийн өмчлөгч гэж үзэхээр байна.

1.3.Хариуцагч Л.С 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн.

Иймээс нотариатч Г.Бгийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, намайг дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч Л.Солонгыг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Л.Солонгын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Миний бие эцэг Г.Лувсанцэрэн, эх Хан Галина Михайловна нарын хамт маргаан бүхий дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцанд 2005 оноос эхэлж амьдарсан. Аав, ээж хоёрын эрүүл мэндийн байдал муудсанаас шалтгаалан намайг нүүж ирэх санал гарсан ба 2006 онд албан ёсоор оршин суух хаягийн шилжилт хийлгэсэн.

2.2.Нэхэмжлэгч Ч.Х нь ээжийг нас барснаас хойш намайг түүнтэй холбоогоо тасалсан гэж худал хэлсэн байна. Нэхэмжлэгч нь ээжийг нас барснаас хойш охинд минь хань болно гээд хааяа ирж хонодог байсан, харин ч ээжийн надад үлдээсэн хэдэн төгрөгийг би тэгш хувааж түүнд өгсөн. Харин миний бие нэхэмжлэгч Ч.Хтой 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж бага зэргийн тусламж хүссэнээс хойш тэрээр надаас зай барьж хөндийрсөөр өдийг хүрсэн.

2.3.Аав, ээжийг нас барсны дараа миний бие 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хамт нотариатч Г.Б дээр очиж, өвлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авсан, үүнийг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байж худал тайлбар өгсөн байна. Ч.Х нь орон сууцны хамтран өмчлөгчийн хувиар хуулийн дагуу өв залгамжлалын ажиллагаанд гэрчээр оролцох шаардлагатай болсон учраас өөрийн биеэр оролцож, гарын үсгээ зурсан. Одоо маргаж байгаа орон сууцны шинэ гэрчилгээнд түүний нэр хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй. Нотариатын үйлдэл хуулийн дагуу хийгдсэн, үүнтэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2.4.Мөн нэхэмжлэгч Ч.Х нь орон сууцны 100 хувийн өмчлөгч биш тул хууль ёсны өмчлөх эрхтэй намайг миний амьдарч буй орон сууцнаас хөөх эрх хуулиар түүнд олгогдоогүй. Нэхэмжлэгч нь 2010 оноос 2022 он хүртэл энэхүү орон сууцны 100 хувийн өмчлөгч, аль эсхүл өвлөх эрх нь зөрчигдөж буй талаар надад болон бусад холбогдох байгууллагад гомдол, санал гаргаж байгаагүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль ёсны өмчлөгч намайг орон сууцаас минь албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Г.Бгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Y-2204003461 тоот улсын бүртгэлтэй дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Гомбосүрэнгийн Лувсанцэрэн, Хан овогтой Галина, ач хүү Чингисийн Ханхонгор нар тус тус 3/1 хувиар өмчилдөг байсан. Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, Х.Галина 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус өвчний улмаас нас барсан. Дээрх орон сууцны өмчлөгч нарын оногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өвлүүлэгч нарын төрсөн охин Л.С нь нотариатч надад гаргасан. Уг хүсэлтийн дагуу миний бие хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16, 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

3.2.Нэхэмжлэгч Ч.Хын тус орон сууцны оногдох хэсгийн өмчлөлд халдаагүй, өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Л.С нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлүүлэгч нарын төрүүлсэн охин болох нь хүсэлтэд хавсаргасан баримтуудаар тогтоогдсон тул өвийг хүлээн авсан өвлөгч гэж үзэж, эцэг Г.Лувсанцэрэн, эх Х.Галина нарын орон сууцны өмчлөлийн оногдох хувь тус бүр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.

Өвлүүлэгч нарын ач хүү болох Ч.Х нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч мөн бөгөөд дарааллын хувьд өвлөх эрх үүсээгүй өвлөгч юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг анхаарч үзэхийг хүсье гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, Ү-2204003461 тоот улсын бүртгэлийн дугаартай 52 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, олсон орлогоос нэхэмжлэгч Ч.Хт 33.33 хувь, хариуцагч Л.Сд 66.66 хувийг тус тус олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Бгийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 16, 17 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Хыг дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, хариуцагч Л.Солонгыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 140,400.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж, хариуцагч Л.Сос 453,975.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хт олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэн хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан гэж дүгнэсэн. Нотариатын үйлдэл хийгдсэнээс хойш бус, Ч.Хын тухайн орон сууцны өмчлөгчөөр хэвээр бүртгэлтэй байгаагаа мэдсэн буюу иргэн Л.Солонгын өв залгамжлалаар давхар өмчлөгчөөр бүртгэгдсэн болохыг мэдсэн ТҮЦ машины лавлагаа тодорхойлолтыг авсан өдөр болох 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хуульд нийцнэ.

5.2.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.С өвлүүлэгч нартай байнга хамт амьдарч байсан гэдэг нь тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгч Ч.Х нь өвөө, эмээтэйгээ багаасаа хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар Л.С өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор гэрчилгээ олгохыг хүссэнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй.

5.3.Хэргийн оролцогч нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч тодорхой шалтгааны улмаас нотлох баримтаа өгч чадаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гадагшаа ажилд явчихсан байсан учраас оролцож чадаагүй. Нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байгаа.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгомоор байна гэжээ.

 

6.Хариуцагч Л.Солонгын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээгүй хэдий ч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч Л.С нарын дундын өмчийн харилцааг дуусгавар болгох нь зүйтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй, хамааралгүй асуудлыг нэмж шийдвэрлэсэн. Шүүгч өөрөө санаачилгаараа маргаан бүхий орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дундын өмчийг хуваах асуудлыг тодорхойлж, шийдвэрлэж байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, хариуцагч Л.Солонгын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж, орон гэргүй болох хууль зүйн үр дагаврыг үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хуулийн 487.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах Ү-2204003461 тоот улсын бүртгэлийн дугаартай 52 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, олсон орлогоос нэхэмжлэгч Ч.Хт 33,3 хувийг, хариуцагч Л.Сд 66,6 хувийг тус тус олгохыг даалгах" шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасныг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлтэй. Нотариат 2010 онд өвлөх эрхийн гэрчилгээг Л.Солонгын нэр дээр гаргаж өгөхөд Ч.Х хамт байсан гэдэг нь тогтоогдсон. Маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.С, Ч.Х байдаг гэдгийг Ч.Х 2010 онд мэдсэн. Өвлүүлэгч нас барах хүртэл Л.С хамт амьдарч байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

7.2.Нэхэмжлэгч тал нотлох баримт шүүхэд гаргаж өгч чадаагүй, мэтгэлцэх эрх хангагдаагүй гэж гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч Ч.Х нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан, хэрэг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шийдэгдсэн. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгөх хангалттай цаг хугацаа байсан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар оролцсон ба шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт шүүхэд гаргаагүй бөгөөд шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийг орон гэргүй болгох эрх зүйн үр дагавар бий болгож байгаа. Тухайн орон сууц анхнаасаа хэний орон сууц байсныг ярих ёстой гэжээ.

 

9.Хариуцагч Г.Б зохигчдын давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Л.С, Г.Б нарт холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, хариуцагч Л.Солонгын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...16 насанд хүртлээ өвөө Г.Лувсанцэрэн, эмээ Хан Галина Михайловна нарын асрамжинд маргаан бүхий орон сууцанд хамт амьдарч байсан, авга эгч Л.С нь Иргэний хуульд заасан өв хүлээн авах хугацааны дотор хүсэлтээ гаргахгүйгээр 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль бус, мөн өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацааг зөрчиж авсан, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь өвлөх эрхээ алдсан учир намайг 100 хувийн өмчлөгч гэж үзнэ гэж,

хариуцагч Л.С татгалзлын үндэслэлээ ... эцэг Г.Лувсанцэрэн, эх Хан Галина Михайловна нарын хүсэлтээр маргаан бүхий орон сууцанд 2005 оноос эхэлж амьдарсан, 2006 онд уг хаягт бүртгүүлсэн, эцэг, эхээ нас барсны дараа 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ч.Хын хамт нотариатч Г.Бгээс өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан, нэхэмжлэгч нь орон сууцны 100 хувийн өмчлөгч биш тул хууль ёсны өмчлөгч намайг орон сууцнаас гаргах эрхгүй гэж,

хариуцагч Г.Б татгалзлын үндэслэлээ ... нотариатын үйлдлийг хуулийн дагуу явуулсан гэж тус тус тайлбарлажээ.

 

3.Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаар тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003461 дугаартай, дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр анх Г.Лувсанцэрэн, Хан Галина Михайловна, Ч.Х нар бүртгэгджээ. (хэргийн 96-99 дэх тал)

Нэхэмжлэгч нь Г.Лувсанцэрэнгийн ач хүү буюу Л.Чингисийн хүүхэд бөгөөд Л.Чингис 1992 оны 08 дугаар сард нас барсан гэж тайлбарласан.

 

4.Г.Лувсанцэрэн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, Хан Галина Михайловна 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус нас барсны улмаас дээрх орон сууцны тэдний өмчлөлийн хэсгийг охин Л.Сд өвлүүлэхээр нотариатч Г.Бгийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16, 17 тоот 2 өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож, улмаар Л.Солонгыг орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Л.С, Ч.Х нарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. (хэргийн 100-113 дахь тал)

4.1.Маргаан бүхий орон сууцанд хариуцагч Л.С 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш оршин сууж байгаа, харин нэхэмжлэгч Ч.Х уг орон сууцанд амьдарч байгаагүй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зохигчдын иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх авах өргөдөл, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр баримтуудад үндэслэн зөв тогтоосон байна. (хэргийн 103, 112, 125, 157-159, 161 дэх тал)

4.2.Хариуцагч Л.С нь эцэг, эхийгээ нас барах хүртэл нь хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч бөгөөд өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзах талаар нотариатчид мэдэгдээгүй байна. Иймээс хариуцагчийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч Ч.Х нь өвлүүлэгч нарыг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд тэдний асрамжинд байсан, мөн өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар өргөдөл гаргасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгчид тооцогдохгүй, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авсан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь өвлөх эрхээ алдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

4.3.Нотариатч Г.Б нь хариуцагч Л.Сд 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16, 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Мөн шүүх энэ хугацаанаас нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийг зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5.Анхан шатны шүүх хариуцагч Г.Бгийн олгосон 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16, 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох, хариуцагч Л.Солонгын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6.Харин шүүх ... нэг хамтран өмчлөгч нь ганцаараа эзэмшиж ашигласнаар нөгөө өмчлөгчийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа, талууд энэ талаар тохиролцдоггүй тул зохигч нарын хамтран өмчлөх харилцааг хуульд зааснаар дуусгавар болгохгүй тохиолдолд энэ хэвээр цаашид үргэлжилсээр байх ... учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох гэж заасан аргыг үндэслэн өмчлөгч нарын эрхийг хамгаалах нь хуульд нийцнэ гэж дүгнэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулж, олсон орлогоос нэхэмжлэгч Ч.Хт 33.33 хувь, хариуцагч Л.Сд 66.66 хувийг тус тус олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Л.Солонгыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар өв залгамжлалын журмаар маргаан бүхий орон сууцыг дундаа өмчлөх эрхтэй эсэхэд маргасан бөгөөд уг маргаан нь дундын өмчөөс үүсэх үүрэг буюу Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1 дэх хэсэгт заасан дундын өмчийн эрхийг хүчингүй болгох агуулгагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гарсан гэж дүгнэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчиийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

7.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/00038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 531 дүгээр зүйлийн 531.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.С, Г.Б нарт холбогдуулан гаргасан 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16, 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг дүүрэг, ....дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, хариуцагч Л.Солонгын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,695 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЗОЛЗАЯА