Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04529

 

 

 

 

 

 

2022 10 31

101/ШШ2022/04529

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Д  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Б холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2,967,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Б,

Хариуцагч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Б нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоот, 2 өрөө байрыг түрээслэх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулан, амьдарч байгаад 2021 оны 10 дугаар сард байрнаас гарсан. 2019 оны 10 дугаар сарын төлбөр 600,000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй бөгөөд 2020 оны 01, 3, 5 дугаар сард тус бүр 500,000 төгрөгийг төлж, тус тус 100,000 төгрөгийн дутуу төлөлттэй, 02, 7, 8 дугаар сард огт төлөлт хийгээгүй, 4, 6, 10, 12 дугаар сард тус бүр 600,000 төгрөгийг бүрэн төлж, 9 дүгээр сард 1,000,000 төгрөгийг төлж, 400,000 төгрөгийг илүү, 11 дүгээр сард 900,000 төгрөгийг төлж, 300,000 төгрөгийг тус тус илүү төлсөн. Ингээд 2020 онд нийт 7,200,000 төгрөг төлөхөөс 5,800,000 төгрөгийг төлж, 1,400,000 төгрөгийн үлдэгдэл дээр 2019 оны 10 дугаар сарын төлбөр 600,000 төгрөг нэмэгдэж, нийт 2,000,000 төгрөг болсноос хариуцагчийн барьцаанд өгсөн 550,000 төгрөгийг тэгшитгэн 600,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1,400,000 төгрөг гарч байгаа юм.

Иймд 2020 оны 02, 7, 8 дугаар саруудын түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөг, түрээсийн гэрээний 3.4-т заасны дагуу түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн 570 хоногийн алданги 1,567,500 төгрөг, нийт 2,967,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Р.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Р.Б нь 2019 оны 10 дугаар сард Ж.Б эгч өөрөө очих боломжгүй байна, манай нөхөрт өгөөд явуулаарай гэхээр нь нөхөр болох хүнд 600,000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Мөн 5 жилийн хугацаанд байрны урсгал зардал болох 4 гэрэл таазны, гал тогоо болон угаалтуурын гоожууруудыг сольсон, мөн гал тогооны бохирын холболтуудыг 5 удаа шинээр СӨХ-оор солиулсан, үүдний хаалганы бариул, цоож хоёрыг 2 удаа шинээр сольсон, усны 2 тоолуурын сунгалтыг 50,000 төгрөгөөр сунгасан, мөн гал тогооны шүүгээний нүүр нугас зэргийг сольж янзалсан гэх мэт зардлуудыг өөрсдийн мөнгөөр цаг тухайд нь засварлаж, ямар ч гэмтэл сэвгүйгээр байрыг хүлээлгэн өгсөн. Энэ бүрх зардлыг баталгаажуулсан зургийг Ж.Бгийн хувь чат руу бүгдийг явуулсан байдаг. Энэ бүх зардлыг байрны төлбөр 400,000 төгрөгт шингээж, хасч бодохоор тохиролцсон. Миний бие өөрийн болон нөхрийнхөө данснаас түрээсийн төлбөрийг төлдөг байсан бөгөөд бид банкны дансаа шүүж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын төлбөрийг төлсөн байсан. Тэгээд нэхэмжлэгч 1,400,000 төгрөгийг нэхэмжлэхэд нь 2020 оны төлөөгүй төлбөртэй таарч байсан, 1,400,000 төгрөгөөс барьцааны 550,000 төгрөг суутгуулах хүсэлттэй байна гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р.Бын иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, хавсралт1, Ж.Бгийн 5070056556 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэл, Г.Э, Б.Г, Ж.Б нарын иргэний үнэмлэх, 000334631 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл, Баасанжаргал Баска гэх фэйсбүүкийн чат, 2017 оны 5 дугаар сарын Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, Хавсралт1-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хариуцагч нь хариу тайлбар, мөн нэмэлт тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/24220 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр зохигчдоос нотлох баримт шаардсан ба нэхэмжлэгчээс Ж.Бгийн 5070056556 тоот Хаан банкны депозит дансны 2019, 2020 оны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас Б.Бы 5111019759 тоот Хаан банкны депозит дансны 2019 оны дэлгэрэнгүй хуулга, Р.Бын 5920167082 тоот Хаан банкны депозит дансны 2019 оны дэлгэрэнгүй хуулгыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Р.Бд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,400,000 төгрөг, алданги 1,567,500 төгрөг, нийт 2,967,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Р.Б нь 2020 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөг байгааг зөвшөөрч байна, үүнээс барьцааны 550,000 төгрөг, орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн 400,000 төгрөгийг тус тус хасуулах хүсэлттэй байна гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоот, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, 55,80 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Э, Г.Э, Э.Г нар нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдэж, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

3б. Дээрх орон сууцны өмчлөгч Г.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3 жилийн хугацаагаар, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаагаар тус тус Б.Г, Ж.Б нарт орон сууцыг хөлслүүлэх, түрээслүүлэх эрхийг олгосон байна.

 

3в. Ж.Б нь итгэмжлэлийн дагуу Р.Бтай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, түрээсийн төлбөр 550,000 төгрөг байхаар бичгээр байгуулж, үүнээс хойш талууд амаар харилцан тохирч, гэрээгээ сунгаж байгаад 2021 оны 10 дугаар сард хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээнд сарын түрээсийн төлбөрийг 550,000 төгрөг гэж тохирсон боловч талууд 600,000 төгрөг болгож, өөрчилсөн, 2019, 2020 онуудад хариуцагч нь сарын төлбөрт 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан болох нь Хаан банкны депозит дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

3г. Гэрээний 1.4-т Түрээслэгч талаас түрээсийн үүргийн биелэлтийн барьцаанд нэг сарын хөлстэй тэнцэх 400,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулна. Гэрээний хугацаа дуусгавар болоход барьцааны хөрөнгийг түрээслүүлэгч тал түрээслэгч талд буцаан олгоно гэж заасан боловч барьцаанд 550,000 төгрөгийг байршуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нэртэй байх боловч гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.

 

5. Нэхэмжлэгч Ж.Бгийн 0тоот, хариуцагч Р.Бын 0 тоот, түүний нөхөр Б.Бы 0 тоот Хаан банкны депозит дансны 2019, 2020 оны дэлгэрэнгүй хуулгуудаас үзэхэд хариуцагч Р.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 3 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 төгрөг, 5 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг, 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 900,000 төгрөг, 12 дугаар сард 600,000 төгрөг, нийт 5,800,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Бд төлж, 2020 оны төлөлтийн хувьд нийт 7,200,000 /12 х 600,000/ төгрөгийг төлөх ёстойгоор 5,800,000 төгрөгийг төлж, 1,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 02, 7, 8 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад тэрээр 2019 оны 10 дугаар сард төлөлт хийгдээгүй байсан, иймээс 2020 оны төлөгдөөгүй төлбөр 1,400,000 төгрөг дээр 2019 оны 10 дугаар сарын төлбөр 600,000 төгрөгийг нэмж, барьцаа 550,000 төгрөг боловч тэгшитгээд 600,000 төгрөгийг хасч 1,400,000 төгрөг гарсан гэж тайлбарласныг хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын төлбөрийг Ж.Бгийн гуйсанаар түүний нөхөрт нь бэлнээр өгсөн гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

 

Зохигчдын дансны хуулгаас үзэхэд 2019 оны 10 дугаар сард төлбөр төлөгдөөгүй харагдаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд 2020 оны төлөгдөөгүй төлбөрийг анх нэхэмжилсэн атлаа энэхүү төлбөрийн асуудалд 2019 оны төлөгдөөгүй төлбөр гэх зүйлийг оруулж ирж буй нь үндэслэл муутай, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

 

7. 2020 оны төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөг ба үүнээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т зааснаар гэрээ дуусгавар болсон тул барьцааны 600,000 төгрөгийг хасч 800,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй юм.

 

8. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зохицуулалтад нийсэн байна.

 

Харин нэхэмжлэгч нь 570 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 1,567,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй буюу дээр дурдсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох төлбөрийн үлдэгдэл 800,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь алдангид 400,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

9. Хариуцагч нь 5 жилийн хугацаанд байрны урсгал зардал болох таазны 4 гэрэл, гал тогоо болон угаалтуурын гоожууруудыг сольсон, мөн гал тогооны бохирын холболтуудыг 5 удаа шинээр СӨХ-оор солиулсан, үүдний хаалганы бариул, цоож хоёрыг 2 удаа шинээр сольсон, усны 2 тоолуурын сунгалтыг 50,000 төгрөгөөр сунгасан, мөн гал тогооны шүүгээний нүүр нугас зэргийг сольж янзалсан гэх мэт зардлуудыг өөрсдийн мөнгөөр цаг тухайд нь засварлаж, ямар ч гэмтэл сэвгүйгээр байрыг хүлээлгэн өгсөн. Нийт 400,000 төгрөгийн зардал гарсаныг төлбрөөс суутгуулах хүсэлтийг гаргаж байх боловч энэ хэмжээний зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн өөрийн энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хөлслөгч буюу хариуцагч Р.Б нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байх боловч мөн хуулийн 289.1.4хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх хөлсөгчийн үүргээ гүйцэтгэсэн нөхцөл байдалд хамаарахаар байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 /800,000+400,000/ төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна , 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 1,200,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 33,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Баас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,767,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Баас улсын тэмдэгтийн хураамжид 33,350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ