Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00113

 

 

 

 

 

 

 

2023 01 09 210/МА2023/00113

 

 

*** гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04529 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** д холбогдох, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт нийт 2,967,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** нь *** тоот, 2 өрөө орон сууцыг түрээслэх гэрээг 2016 оны 11 сарын 15-ны өдөр байгуулан тус түрээсийн орон сууцанд амьдарч байгаад 2021 оны 10 сард гарсан. 2019 оны 10 сарын төлбөр 600,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй бөгөөд 2020 оны 01, 03, 05 сард тус бүр 500,000 төгрөгийг төлж, 100,000 төгрөгийн дутуу төлөлттэй байгаа. Мөн 2020 оны 02, 07, 08 сард огт төлөлт хийгээгүй, 04, 06, 10, 12 сард тус бүр 600,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 09 сард 1,000,000 төгрөгийг төлж 400,000 төгрөгийг илүү төлсөн. 2020 оны 11 сард 900,000 төгрөгийг төлж 300,000 төгрөгийг илүү төлсөн. Ингээд 2020 онд нийт 7,200,000 төгрөг төлөхөөс 5,800,000 төгрөгийг төлж, 1,400,000 төгрөгийн үлдэгдэл дээр 2019 оны 10 сарын төлбөр 600,000 төгрөг нэмэгдэж, нийт 2,000,000 төгрөг болсноос хариуцагчийн барьцаанд өгсөн 550,000 төгрөгийг тэгшитгэн 600,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,400,000 төгрөг гарч байгаа. Иймд 2020 оны 02, 07, 08 саруудын түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөг, түрээсийн гэрээний 3.4-т заасны дагуу түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн 570 хоногийн алданги 1,567,500 төгрөг, нийт 2,967,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: *** нь өөрөө очих боломжгүй байна манай нөхөрт өгөөд явуулаарай гэхээр нь нөхөр болох хүнд 600,000 төгрөгийг 2019 оны 10 сард бэлнээр тоолж өгсөн. Мөн 5 жилийн хугацаанд байрны урсгал зардал болох таазны 4 гэрэл болон гал тогоо, угаалтуурын гоожууруудыг сольсон, гал тогооны бохирын холболтуудыг 5 удаа СӨХ-оор солиулсан, үүдний хаалганы бариул, цоожийг 2 удаа шинээр сольсон, усны 2 тоолуурын сунгалтыг 50,000 төгрөгөөр сунгасан, гал тогооны шүүгээний нүүр, нугас зэргийг сольж янзалсан гэх мэт зардлуудыг өөрсдийн мөнгөөр цаг тухайд нь засварлаж, ямар ч гэмтэл сэвгүйгээр байрыг хүлээлгэн өгсөн. Энэ бүх зардлыг баталгаажуулсан зургийг *** гийн хувь чат руу явуулсан. Энэ бүх зардлыг байрны төлбөр 400,000 төгрөгт шингээж, хасаж бодохоор тохиролцсон. *** нь өөрийн болон нөхрийнхөө данснаас түрээсийн төлбөрийг төлдөг байсан бөгөөд банкны дансаа шүүж үзэхэд 2019 оны 10 сарын төлбөрийг төлсөн гэж гарч ирсэн. Нэхэмжлэгч 1,400,000 төгрөгийг нэхэмжлэхэд 2020 оны төлөөгүй төлбөртэй таарч байсан тул 1,400,000 төгрөгөөс барьцааны 550,000 төгрөг суутгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *** аас 1,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** д олгож, үлдэх 1,767,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аас улсын тэмдэгтийн хураамжид 33,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: *** гийн байрыг 5 жилийн хугацаанд түрээслэн амьдрахдаа таазны 4 гэрэл болон гал тогоо, угаалтуурын гоожууруудыг сольсон, гал тогооны бохирын холболтуудыг 5 удаа СӨХ-оор солиулсан, үүдний хаалганы бариул, цоожийг 2 удаа шинээр сольсон, усны 2 тоолуурын сунгалтыг 50,000 төгрөгөөр сунгасан, гал тогооны шүүгээний нүүр, нугас зэргийг сольж янзалсан гэх мэт 400,000 төгрөгийн урсгал засварыг өөрийн хөрөнгөөр хийсэн. Үүнийг баталгаажуулсан зургуудыг *** гийн эгч рүү фейсбүүк чатаар явуулахад ...ойлгосон, энэ зардал мөнгийг байрны мөнгөнөөс хасаж бодно... гэж хэлсэн атлаа шүүх хуралдаанд тэгж хэлээгүй гэж гүтгэж байгаа нь үндэслэлгүй. Мөн анх байрыг түрээслэхдээ барьцаанд 550,000 төгрөг төлсөн боловч үүнийг буцааж өгөөгүй. 2019 оны 10 сарын байрны түрээсийн төлбөр болох 900,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр болох ***-од бэлнээр өгсөн. Гэтэл үүнийг төлөөгүй мэтээр гүтгэн доромжилж байгаад маш их гомдолтой байна. Иймд үлдэгдэл 1,200,000 төгрөгөөс байранд засвар хийсэн 400,000 төгрөгийг, мөн урьдчилгаанд төлсөн 550,000 төгрөгийг тус тус хасаж, үлдсэн 250,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн төлбөр 1,400,000 төгрөгөөс барьцаа 600,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 800,000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн алданги тооцож нийт 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,400,000 төгрөгт нэмж алданги тооцоод барьцаанд өгсөн мөнгийг хасаж тооцох ёстой байсан. Хариуцагчийн гомдолд дурдсан 400,000 төгрөгийн урсгал зардлын хувьд анх түрээсийн гэрээ байгуулахад талууд эд зүйлсийг хүлээлцээд гэрээний хавсралтад дурдсан жагсаалтаас үзэхэд шинэ, сайн, маш сайн гэсэн үнэлгээтэй эд хэрэгслүүд байсан. Тухайн орон сууцыг түрээслээд эд зүйлийг хэрэглэж байх явцад гарах эвдрэл, гэмтэл, элэгдэл зэргийг хариуцагч хариуцах ёстой. Түрээсийн гэрээнд зааснаар буцааж хэвийн байдалд оруулж өгөх үүрэгтэй. Мөн 400,000 төгрөгийн зардалтай засвар хийсэн гэх боловч хэрэгт энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Барьцаа 550,000 төгрөгийг буцааж өгөх ёстой гэсэн боловч үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид 1,400,000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч 600,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс хасуулах хүсэлтэй байна гэхэд анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2020 оны 1,400,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөгдөөгүй бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа миний тооцоотой таарч байна гэж хэлсэн. ***-од өгсөн 2019 оны 10 сарын түрээсийн төлбөр болох 600,000 төгрөгийг талуудын аль аль нь баримт гаргаж өгөөгүй учраас үндсэн төлбөрт оруулаагүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гагцхүү үндсэн төлбөрөөс барьцаа хөрөнгийг хасаж 800,000 төгрөгөөс алданги тооцож 1,200,000 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүн, хууль хэрэглээ, техникийн шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,400,000 төгрөг, алданги 1,567,500 төгрөг, нийт 2,967,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1/

Дээрх шаардлагаас хариуцагч 500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 2,467,500 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн нөхөрт 600,000 төгрөг бэлнээр өгсөн, зарим эд зүйлийг засварлаж, сольсон, үүнтэй холбоотой гарсан зардал 400,000 төгрөгийг хөлслүүлэгч орон сууцны хөлснөөс хасч тооцно гэж хэлсэн, барьцаа гэж өгсөн 550,000 төгрөгийг суутгуулна... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 19-20, 75/

 

3.   Талууд 2016 оны 11 сарын 15-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г 9 сарын хугацаатай байгуулж, уг гэрээгээр *** нь *** тоот хаягт байршилтай 55.8 м.кв талбай бүхий орон сууцыг *** ын эзэмшилд шилжүүлэх, *** нь нэг сард 550,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 4/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Хөлслөгч *** нь 2016 оны 11 сард орон сууцыг эзэмшилдээ хүлээн авч, 2021 оны 10 сард хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

5.   Нэхэмжлэгч *** нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ...түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг... гаргуулна гэж дурдсан, хариуцагч *** нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...бидний зүгээс үлдэгдэл 1,400,000 төгрөгийг өгөх шаардлагагүй гэж үзэж байна... гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...миний бодлоор 1,400,000 төгрөгийн үлдэгдэл байгаа..., ...Яг үлдэгдэл төлбөр 1,400,000 төгрөг үлдсэн байгаа... гэж тус тус дурдсанаас үзэхэд хөлслөгч нь орон сууцнаас гарах үед буюу 2021 оны 10 сард хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөг байжээ гэж дүгнэхээр байна. /хх 1, 20, 43/

Анхан шатны шүүх дээрх дүнгээс барьцаа 600,000 төгрөгийг хасч 800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан ...барьцаа гэж өгсөн 550,000 төгрөгийг суутгуулна... гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.   Түүнчлэн, хариуцагч нь ...нэхэмжлэгчийн нөхөрт 600,000 төгрөг бэлнээр өгсөн, зарим эд зүйлийг засварлаж, сольсон, үүнтэй холбоотой гарсан зардал 400,000 төгрөгийг хөлслүүлэгч орон сууцны хөлснөөс хасч тооцно гэж хэлсэн... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, энэ талаархи хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.   Харин хариуцагчаас алданги 400,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэхгүй байна.

Учир нь, талууд 2017 оны 08 сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанд орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй учраас хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,767,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

9.   Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Мөн давж заалдах шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүн, хууль хэрэглээ, техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04529 дугаар шийдвэрийн

тогтоох хэсэгт Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...232 дугаар зүйлийн 232.4-т... гэснийг ...232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт... гэж, ...1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг... гэснийг ...800,000 төгрөг... гэж, 1,767,500 гэснийг 2,167,500 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...33,350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг... гэснийг ...23,750 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 25,200 төгрөг, 8,150 төгрөг, нийт 33,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР