Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/05082

 

2022 12 05

101/ШШ2022/05082

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М Д ХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Э холбогдох

 

Даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 3,173,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Хариуцагч Э.Э,

Иргэдийн төлөөлөгч О.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Д ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Авто тээврийн даатгалын №2103007640009 тоот гэрээний даатгуулагч Б.Оын У улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг, Яармагын замд замын хөдөлгөөнд оролцож байх үед Тоёота приус 30 маркийн Уулсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана, мөн дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино гэсэн заалтыг тус тус зөрчиж манай даатгуулагчийн авто тээврийн хэрэгсэлд нийт 3,173,490 төгрөгийн хохирол учруулсан байна. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 3,173,490 төгрөгийн хохирлыг барагдуулж, Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М Д ХК нь Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ-ний дагуу шилжүүлж авсан.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар даатгуулагчийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 3,173,490 төгрөгийг Э.Эаас гаргуулж М Д ХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Э миний бие М Даас гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн осолд М Дын үйлчлүүлэгч н.Онь гүйцэж түрүүлэх хориотой газар гүйцэж түрүүлж осол гаргасан, мөн М Д нь тухайн үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн машины эд анги зурагт авагдсаны дагуу ноцтой гэмтэл гараагүй байхад бүтэн сэлбэгний үнэ болох 3,170,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Э.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай, дээр нь даатгал хийлгээгүй байсан болохоор М Даас гаргасан нэхэмжлэлийг төлөх болсон байна. Үнэлгээний газраас өндөр үнэлгээ гаргуулсан юм биш байгаа гэсэн хардалт байна. Үүнийг харгалзаад тэр М Даас нэхэмжлээд байгаа 3,172,000 төгрөгийг багасгаж өгвөл ямар юм бол гэж бодож байна гэв.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М Д ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, У улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам орчны байдал, У улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Э.Эы байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Вендо ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ, Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн гаргасан хүсэлт, хүсэлтдээ хавсарган ирүүлсэн автомашины фото зураг, хариуцагчийн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолын дагуу Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11-2/1877 дугаартай албан бичиг, мөн албаны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11-1д/674 дугаартай албан бичиг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28а-1/4801 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 28к-3/1038 дугаартай албан бичгийг шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Д ХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 3,173,490 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Э.Э нь миний бие зам тээврийн осолд буруугүй, Б.Оын машины эд ангид ноцтой гэмтэл учраагүй байхад бүтэн сэлбэгний үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Хан-Уул дүүргийн худалдааны төвийн баруун замд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тоёота приус 30 маркийн У улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчиж, Б.Оын жолоодон явсан тоёота ландкруйзер маркийн У улсын дугаартай автомашиныг мөргөж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам орчны байдал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4б. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна, 5.2-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно гэж заасан бөгөөд хариуцагч Э.Э нь замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгсэлтэй оролцож байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

4в. Тоёота ландкруйзер маркийн У улсын дугаартай автомашины эзэмшигч Б.О нь М Д ХК-тай 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээгээр даатгуулагч нь даатгалын зүйлийг гэрээнд заасан эрсдэлээс даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг хэлэлцэн тохирсны дагуу даатгуулагчид нөхөн төлөхөөр тохирсон байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар М Д ХК болон Б.О нарын хооронд даатгалын гэрээ байгуулагджээ.

 

4г. Зам тээврийн ослын улмаас Б.Оын эзэмшлийн тоёота ландкруйзер маркийн У улсын дугаартай автомашинд учруулсан хохирлын үнэлгээг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн захиалгаар Вендо ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №37627/ДД№22224224 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-г гаргажээ.

 

Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангийн хавсралтад У улсын дугаартай автомашины хойд буфер, хойд хормой эвдэрч, уг эвдрэлийг солих буюу эдгээр эд ангийн элэгдлийг тооцон хойд буферийг солих үнэ нь 711,790 төгрөг, хойд хормойг солих үнэ нь 1,613,970 төгрөг, нийт 2,325,760 төгрөгийн шууд зардал, эд анги солих зардал 150,000 төгрөг, эд анги будах зардал 700,000 төгрөг, 200 г будаг туслах материал лак 50,400 төгрөг, хойд буферийн хуулга наах зардал 690,000 төгрөг, нийт 1,590,400 төгрөгийн шууд бус зардал, нийтдээ авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн нь 3,916,160 төгрөг гэжээ.

 

5. Б.О нь даатгалын гэрээний дагуу М Д ХХК-д хандсан ба 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт 3,173,489.56 төгрөгийг М Д ХК-иас Б.Оын Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлэгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна.

 

М Д ХХК нь нөхөн төлбөрийг олгохдоо хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3,916,160 төгрөгөөс хойд буферын хуулга наах зардал 690,000 төгрөгийг хасч, энэхүү хассан үнийн дүн дээр үнэлгээний хөлс 178,000 төгрөгийг нэмж, нийт үнэлгээнээс 92,85 хувиар хувь тэнцүүлэн 3,173,489.56 төгрөгийг Б.От олгосон гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар М Д ХК нь даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагч Б.От олгожээ.

 

6. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорыг арилгуулахаар шаардах эрх нь М Д ХК-д шилжсэн байна.

 

М Д ХК нь Б.Отай 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ-г байгуулжээ.

 

7. Дээрх зам тээврийн осол гарсантай холбогдуулан хариуцагч Э.Э нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр уг ослын талаар цагдаагийн байгууллагад гэм буруугийн талаар болон машины үнэлгээний хувьд маргаж, гомдол гаргасан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй, 2-т Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана гээд 2.1-д энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор, 2.2-т энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гэж заасан байх бөгөөд хариуцагч Э.Э нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд, мөн энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд зам тээврийн осолд буруутай эсэх болон автомашинд учирсан хохирлын үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй байна.

 

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тодорхой хүсэлтийг гаргаагүй, харин зам тээврийн ослын газрын камерийн бичлэгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч энэхүү бичлэг нь зөрчлийн материалд авагдаагүй, бичлэг байхгүй болох нь Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11-2/1877 дугаартай албан бичиг, мөн албаны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11-1д/674 дугаартай албан бичиг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28а-1/4801 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 28к-3/1038 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн О.С нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч О.С нь хариуцагч Э.Эыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай, дээр нь даатгал хийлгээгүй байсан болохоор М Даас гаргасан нэхэмжлэлийг төлөх болсон байна. Үнэлгээний газраас өндөр үнэлгээ гаргуулсан юм биш байгаа гэсэн хардалт байна. Үүнийг харгалзаад М Даас нэхэмжлээд байгаа 3,172,000 төгрөгийг багасгаж өгвөл ямар юм бол гэж бодож байна гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч Э.Эыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу зам тээврийн осолд буруу гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Харин даатгуулагч Б.Оын автомашинд учруулсан хохирлын үнэлгээг өндөр байна гэх дүгнэлтийн хувьд энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч нь үнэлгээтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж, дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 65,726 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

10. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахад тэрээр гардуулсан баримт болон эрх, үүрэг танилцуулсан баримтанд гарын үсэг зурахгүй гэсний дагуу тусгай тэмдэглэл үйлдсэн болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Эаас 3,173,490 /гурван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Д ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 65,726 /жаран таван мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР