Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00525

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         13                                         210/МА2023/00525

 

 

                                   “М” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/05082 дугаар шийдвэртэй,

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Энд холбогдох,

Хохиролд 3,173,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.Эн нь Тоёота приус 30 маркийн **УБЦ улсын дугаартай автомашинаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагын замд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 1.3-т заасан журмыг зөрчин зам тээврийн осол гаргаж, манай компанийн даатгуулагч Брын өмчлөлийн *** УБУ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинд 3,173,490 төгрөгийн хохирол учруулсан.

Манай компани ослын улмаас даатгуулагчид учирсан 3,173,490 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрх нь “М ХК-д хуулиар шилжсэн. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 3,173,490 төгрөгийг Э.Энаас гаргуулж М ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие М” ХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн осолд М” ХК-ийн үйлчлүүлэгч Бр нь гүйцэж түрүүлэх хориотой газар гүйцэж түрүүлж осол гаргасан. Бр нь миний ард явж байгаад буцаж эргэх үед гүйцэж түрүүлэн урд гарч осол болсон. Тухайн машины эд анги зурагт харагдаж байгаа шиг ноцтой гэмтэл гараагүй байхад бүтэн сэлбэгийн үнэ болох 3,170,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт: Э.Эн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай, дээр нь даатгал хийлгээгүй байсан болохоор М” ХК-аас гаргасан нэхэмжлэлийг төлөх болсон байна. Үнэлгээний газраас өндөр үнэлгээ гаргуулсан юм шиг санагдаж байна. Үүнийг харгалзаад М” ХК-ийн нэхэмжлэлийн дүн 3,172,000 төгрөгийг багасгах саналтай байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч Э.Энаас 3,173,490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,726 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,726 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: *** УБУ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашины өмчлөгч Брыг гэрчээр оролцуулах, мөн Брын “М” ХК-аас авсан хохирол 3,173,490 төгрөгийг зохих хэрэгцээгээр зарцуулсан эсэх баримт нотолгоог шаардаж тайлбар гаргасан. Тухайн машины арын буферыг шинээр сольсон гэх зураг, бичлэг, захиалгын хуудас, үйлчилгээ үзүүлсэн газрын гүйлгээний баримт хэрэгт баримтаар авах ёстой байсан.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт миний бие **УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Брын *** УБУ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх тайлбартай санал нийлэхгүй байгаа. Иймээс шүүхээс шинжээч томилуулан бодит хохиролын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгох, би буруутайд тооцогдож, нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийг төлсөн тохиолдолд хуучин сольсон буферийг шаардаж авах хүсэлтэй байгаа бөгөөд хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Э.Энд холбогдуулан даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 3,173,490 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осолд буруугүй, Брын автомашинд ноцтой гэмтэл учраагүй байхад бүтэн сэлбэгийн үнэ нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

4. Даатгуулагч Бр нь “М” ХК-тай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, *** УБУ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 (Toyota Land Cruiser-200) маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан, даатгагч “М” ХК нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн гэм хорын даатгалын гэрээний харилцаа үүссэн байна. /хх6-7/

4.1 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Хан-Уул дүүргийн худалдааны төвийн баруун талын замд Тоёота приус 30 (Toyota Prius) маркийн **УБЦ улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явсан хариуцагч Э.Эн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 1.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас Брын өмчлөлийн *** УБУ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 8-9/

4.3. Дээрх зам тээврийн ослын улмаас Брын өмчлөлийн *** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,916,160 төгрөгийн хохирол учирсан нь “М” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирлоос даатгалын нөхөн төлбөрт 3,173,490 төгрөгийг даатгагч “М” ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр даатгуулагч Брт төлсөн нь ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн мэдээллээр нотлогдсоныг шүүх зөв дүгнэжээ. Иймд уг баримтаар нөхөн төлбөрийг даатгуулагч авсан гэж дүгнэнэ. /хх 15/

 

5. “М” ХК, Бр нар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Брын өмчлөлийн *** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Э.Эн нь **УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсныг “М” ХК төлж, хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авчээ. /хх14/

5.1. Даатгуулагчид учирсан гэм хорыг даатгагч нөхөн төлснөөр хохирол арилгуулахаар шаардах эрхийг гуравдагч этгээдэд гаргах эрх нь даатгагчийн эрх нь хуулиар үүсэхийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан учир даатгуулагч, даатгагч нар ийнхүү хуульд заасан зохицуулалтыг гэрээгээр шилжүүлэн авахаар тохиролцсон нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, ач холбогдолгүй боловч хууль зөрчсөн гэж үзэхгүй.

5.2. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэхийг шаардах эрх нь нэхэмжлэгч “М” ХК-д шилжсэн, тэрээр хохирлыг Э.Эас шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

6. Хариуцагч Э.Эны “хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах, үзлэг хийлгэх” хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 11490 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй атлаа өөрийн гаргасан тайлбарын ямар үндэслэлийг “шинжээч томилуулах” “үзлэг хийлгэх” хүсэлт нь нотлох, эсхүл үгүйсгэх эсэх, хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

6.1 Түүнчлэн хариуцагч осол болсонтой холбоотой “камерын бичлэг гаргуулах” хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 371 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас 11-2/1877 тоот албан бичгээр 11-1д/674 “зам тээврийн ослын нотлох баримт байхгүй, зам тээврийн осол хэргийн дүрс бичлэг байхгүй” /хх60, 62/ гэж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 28а-1/4801 тоот албан бичгээр “зөрчлийн материалд ослын газрын хяналтын камерын бичлэг авагдаагүй” /хх64/ гэж тус тус хариу ирүүлжээ. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж дүгнэж хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй үндэслэлгүй байна.

6.2. Мөн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Брыг гэрчээр оролцуулах, нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийг төлсөн тохиолдолд хуучин сольсон буферийг шаардаж авах хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж зааснаар түүний хүсэлт, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7. Шүүх хуралдаанд О.Сг иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг “Э.Эныг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу зам тээврийн осолд буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй, хохирлын үнэлгээг буруутгах дүгнэлтийг хүлээж авах боломжгүй, хариуцагч дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын  05-ны өдрийн 101/ШШ2022/05082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,694 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.НЯМБАЗАР

 

                                                     ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЭНЭБИШ