Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05218

 

 

 

 

2022 12 12

101/ШШ2022/05218

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С М ХХК холбогдох

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг арилгахад гарах зардал 36,912,840 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 6,673,437 төгрөг, нийт 43,586,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт, мөн зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг тус тус гаргасны дагуу нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Мминий бие 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл С М ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд бүсэлхийн 4, 5 дугаар нугаламын жийргэвчийн цүлхийлт, үений суулт үүсэх нурууны мурийлт зэрэг гэмтлийг авч, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоож, G54-1 Бүсэлхий- ууцны сүлжээний эмгэг гэсэн онош тавигдсан болно. Үүнээс хойш 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 25-ныг хүртэл тус тус үйлдвэрлэлийн осол гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар сунгаад байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 25-наас 2020 оны 3 дугаар сарын 25-ныг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь хүртэл буурсан байна хэмээн 0186671 дугаар бүхий актаар тогтоосон. Иймд Б.Мминий бие 60 хувь хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан. Би 2014 оноос эхлэн С М ХХК-иас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлагыг минь хүлээж аваагүй учраас 2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Осол гэмтэл гарсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийг хянаж үзээд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 101/ШШ2016/01957 дугаар шийдвэрээр намайг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл С М ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан болохыг шүүх тогоосон. Миний бие нуруундаа гэмтэл авсан шалтгаан нь С М ХХК-д ажиллаж байхдаа 50 кг гурил машинаас өөрийн биеэр буулгаад 6 алхмын цаана агуулахад хийгээд эргүүлээд зуурсны дараа 2 хувааж таслаж уутлаад нэг давхраас 2 дахь давхрын шат дамжлага руу аваачиж шарах ажлыг 24/24 цагийн давтамжтайгаар хийдэг байсанд байгаа юм. Тухайн үед нуруу өвдөж чөлөө авах тухайгаа удирдлагадаа хандахад чөлөө өгөхгүй, чиний оронд ажиллах хүнгүй гээд ажлаас гаргахгүйгээр хаалга түгжчихдэг байсан. С М ХХК нь намайг илүү цагаар ажиллуулдаг байсан нь Баянзүрх үүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 28-06-199/166 дугаар актаар тогтоогдох бөгөөд 2013 оны 12 дугар сар, 2014 ны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад илүү цаг ажилласны хөлсийг нөхөн төлүүлэхээр шйдвэрлэж байсан юм. С М ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу хориглосон хэм хэмжээг зөрчин намайг илүү цагаар ажиллуулсан мөн хуулийн 74.3-т заасны дагуу ээлж дараалан илүү цагаар ажиллуулсан. Мөн Монгол Улсын МNS4970-2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын дээд хэмжээ стандартын 1.8-д заасны дагуу ганцаараа 20м хүртэл зайд тэгш хөндлөн гадаргуугаар хүнд ачаа зөөвөрлөхөд ачааны жин 18 наснаас дээш насны эмэгтэйчүүдэд 20 кг-аас илүүгүй гэсэн заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасны дагуу тогтоосон хэмжээнээс хүнд ачааг эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөлгүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн буруутай үйлдлүүдээс болж миний эрүүл мэндэд хохирол учраад байна.

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Т, Ц.О, Т.Ч нарын дүнэлтэнд 7 сарын хугацаанд 24 цаг ажиллаад 24 цаг амардаг 50 кг гурилыг олон удаагийн давтамжтай үүрч зөөхөд дээрхи бүсэлхийн 4, 5 дугаар нугаламын жийргэвчийн цүлхийлт, үений суулт үүсэх нурууны мурийлт зэрэг эмгэг өөрчлөлт үүсэх боломжтой гэх мөн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Б.Мгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохдоо түүний биед учирсан гэмтлийг G54.1 Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг гэж оношилсон нь үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШТ2019/00236 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд шинжээч томилж Б.Мгийн биед үүссэн эмгэг /G54.1/ гадны нөлөөллийн улмаас үүсэн эсэх, эсхүл бусад өвчний улмаас үүссэн эсэх шалтгааныг тогтоож дүгнэлтийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний дотор шүүхэд бичгээр ирүүлэх тухай даалгасан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2163 тоот албан бичгийг үндэслэн Анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч Д.Б, Гэмтэл согог заслын эмч анагаах ухааны доктор А.Э Дүрс оношилгооны эмч, анагаах ухааны доктор Д.Т нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилсон бөгөөд дараах дүгнэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Дүгнэлтэд Б.М хувьд дээрх эмгэг нь нуруунд үргэлжилсэн ачаалал нөлөөлсөний улмаас бүсэлхий нурууний жийргэвч шахагдсан байх боломжтой гэж дүгнэж байна. Нурууны жийргэвчний гэмтлийн /ивэрч гарах/ үндсэн шалтгааны нэгд олон давталттай хүнд юм өргөх нөлөөлөл багтдаг. Нурууны бусад хэсэгт цочмог үүссэн гэмтэл бие даасан эмгэг үгүй хэмээн дүгнэсэн нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажиллаж байсан хөдөлмөрийн орчин, хийж байсан ажил үүрэгтэй холбоотойгоор үүссэн гэдгийг нотолж байна. Миний бие одоогоор байнгын эмчийн хяналтанд эмнэлэг сувилалаар эмчлүүлж байгаа хэдий ч эрүүл мэнд сайжрахгүй байна. Одоог хүртэл би 50 хувиас 60 хувь хүртэл хөдөлмөрийн чадвар буурснаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. Гранд мед эмнэлэг нь анх 2016 оны 8 дугаар сарын 18-ны №16/161 тоот бүхий тодорхойлолтондоо:

1. Хагалгааны төлбөр- Fusion хагалгаа 2 төвшинд 12000$ /тухайн өдрийн монгол банкны ханш/,

2. Ор хоног: дунджаар 11 хоног /4 ортой өрөө 33,000-хамгийн хямд/ 363,000 төгрөг, 3. Хоолны мөнгө - өдрийн 3 хоол 2 цайтай 19,000* 11 хоног 209,000 төгрөг,

4. Лаборторын шинжилгээ- 224,100 төгрөг /дунджаар/,

5. Дүрс оношлогоо: Рентген зураг /уушиг 2 байрлалаар нэг удаа 38,000 төгрөг, бүсэлхий нуруу 2 удаа 76,000 төгрөг/, СТ /компьютер томограф/ тодосгогчтой 290,000 төгрөг, МRI бүтэн нуруу /шаардлагатай бол/ 450,000 төгрөг,

6. Хагалгааны дараах эмийн эмчилгээ 700,000 төгрөг /дунджаар/ гэх мэтчилэн тухайн үеийн зардлыг дунджаар тооцон гаргасан тэгвэл 2019 оны байдлаар тооцож үзэхэд нийт төлбөр /дунджаар/ хагалгаа 12000$ * 2,685.97 төгрөг = 34,562,740 төгрөг Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хаалтын ханш/, Бүгд нийт 36,912,840 төгрөг байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасны дагуу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нурууны жийргэвч солих хагалгааны зардалд нийт 36,912,840 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 6,673,437 төгрөг, нийт 43,586,277 төгрөгийг гаргуулхаар Иргэний хуульд заасны дагуу гэм хорыг арилгуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэмэлт тайлбар: Эмийн эмчилгээ болон лаборторын шинжилгээ нь тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан харилцан адилгүй хэлбэлзэнэ. Мөн хагалгаанаас хойшхи хяналтын 6 сарын эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр багтаагүй болно гэжээ.

 

2. Хариуцагч С М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдаад байгаа хугацаанд хариуцагч компанид Б.Мнь ажил үүрэг гүйцэтгэж, хөдөлмөрийн харилцаатай байсан гэдэгт маргахгүй бөгөөд 50 кг гурил үүрүүлсэн зүйл байдаг байсан гэж бичсэн байгаа боловч тийм асуудал байхгүй юм. Ийнхүү ажиллаж байсан хугацаандаа нуруундаа гэмтэл бэртэл авсан гэж маргаад байдаг. Нэхэмжлэгч нь манай компанид ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэх талаарх тогтоол, акт гараагүй байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үйлдвэрлэлийн осол биш, ажиллаж байх хугацаандаа гэмтэл бэртэл авсан гэж байгаа. Манай ажил дээр бол үйлдвэрлэлийн осол болоогүй. Бид өнгөрсөн хугацаанд өвчин зовлон, эм тариатай холбоотой асуудлаар хоёр ч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг өгсөн. Үйлдвэрлэлийн осол манай дээр гараагүй учраас үйлдвэрлэлийн осолтой холбоотой эмчилгээний зардал, тэтгэмжийн асуудал, бусад зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Үйлдвэрлэлийн осол гэдгийг хууль тогтоогч маш ойлгомжтой байдлаар хууль тогтоомжид тусгаж өгсөн. Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын актад үйлдвэрлэлийн ослын улмаас гэж бичсэн байдаг. Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэхгүй, өөр байдлаар үйлдвэрлэлийн осолтой холбоотой акт, шийдвэр байхгүй. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаа сунгагдаагүй, үүнээс хойш сунгалт хийгдээгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, 2014 оны 9 дүгээр сарын 25, 2015 оны 3 дугаар сарын 26, 2016 оны 3 дугаар сарын 24, 2017 оны 3 дугаар сарын 23, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, Б.Мгийн иргэний үнэмлэх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 дугаартай шийдвэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 28-06-199/166 дугаартай Шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцож, илүү цагийн хөлс олгуулах тухай акт, БЗД-ийн Улсын байцаагчийн 2014.08.22-ны 28-06-199/166 тоот актын дагуу илүү цаг, амралтын мөнгө болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн тухай албан мэдэгдэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаартай албан бичиг, Гранд мед эмнэлэг ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1090 дугаартай нэхэмжлэх, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 105/01 дугаартай эмчилгээний зардал тодруулах тухай, Гранд мед эмнэлэг-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16/378 дугаартай албан тоотын хариу, мөн өдрийн 16/161 дугаартай тодорхойлолт, Receipt of medical expenses, тодорхойлолт, 3043119 болон 499783 дугаартай Б.Мгийн дэвтэр, нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэл /зөвтгөсөн/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 271 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

С М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02149 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00165 дугаартай тогтоол, хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч С М ХХК-д холбогдуулан анх гэм хор учруулсаны төлбөрт нурууны жийргэвч солиулах хагалгааны зардалд 31,944,220 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 7 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 5,190,145 төгрөг, нийт 37,134,365 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дараах байдлаар нэмэгдүүлжээ. Үүнд:

         Хагалгааны төлбөр 12,000 ам.доллар х 2685,97=34,562,740 төгрөг,

         Ор хоног дундажаар 11 хоног 363,000 төгрөг,

         Хоолны мөнгө 19,000 х 11 хоног=209,000 төгрөг,

         Лабораторын шинжилгээ 224,100 төгрөг /дундажаар/,

         Дүрс оношлогоо

- рентген зураг: уушиг 2 байрлалаар нэг удаа 38,000 төгрөг, бүсэлхий нуруу 2 удаа 76,000 төгрөг,

- СТ /компьютер томограф/ тодосгогчтой 290,000 төгрөг,

- МRI бүтэн нуруу /шаардлагатай бол/ 450,000 төгрөг,

         Хагалгааны дараах эмийн эмчилгээ 700,000 төгрөг /дундажаар/,

         Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 6,673,437 төгрөг, нийт 43,586,277 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хагалгааны төлбөр 12,000 ам.долларыг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ханш 2685,97 төгрөгөөр тооцож 34,562,740 төгрөг гэж нэхэмжилсэн боловч 32,231,640 төгрөг гарч байна.

 

2. Хариуцагч нь манай компанид Б.Мг ажилласаны хувьд маргахгүй, харин манай компанид ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн осолд өртсөн талаарх тогтоол байхгүй, 2020 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоолгосон эсэх нь тодорхойгүй, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад Б.Мгийн өвчнийг ердийн өвчний ангилалд хамааруулсан зэргээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн гаргасан Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг арилгахад гарах зардал 36,912,840 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 6,673,437 төгрөг, нийт 43,586,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч Б.Мнь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч С М ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4б. Б.Мнь G54.1 буюу бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор ердийн өвчнөөр 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 6 сараар түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тус тус тогтоосон болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 9 дүгээр сарын 25, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна.

 

4в. Ийнхүү Б.Мнь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгож, улмаар тэрээр шүүхэд осол гэмтэл гарсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 дугаар шийдвэрээр Б.Мнь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл С М ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллахдаа нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

4г. Дээрх шүүхийн шийдвэр гарсаны дараа Б.Мг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл G54.1 буюу бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор ердийн өвчний жагсаалтын 1-4-31Б заалтаар, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл G54.1 буюу бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор ердийн өвчний жагсаалтын 1-4-24-2 заалтаар, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл G54.1 буюу бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор ердийн өвчний жагсаалтын 1-4-24-2 заалтаар тус тус хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, сунгасан байх ба эдгээр 3 актад хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг Үйлдвэрлэлийн осол гэж тодорхойлсон болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 3 дугаар сарын 24, 2017 оны 3 дугаар сарын 23, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна.

 

4д. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл М54.1 буюу радикулопати оношоор ердийн өвчний жагсаалтын 1-4-24-2 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, сунгасан байх ба хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг Үйлдвэрлэлийн осол гэж тодорхойлжээ.

 

4е. Нэхэмжлэгч Б.Мнь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа дахин тогтоолгосон болох нь баримтаар тогтоогдоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

5. Б.Мнь Үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, тэтгэвэр, цалингийн зөрүү, эмчилгээний зардалд нийт 32,474,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02149 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 271 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна.

 

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно. Мөн дурдсан хугацаанд Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм хүчинтэй мөрдөгдөж байжээ. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд хариуцагч С М ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан нөхцөл байдлыг хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн хянан үзэхэд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой боловч осол гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, үйлдвэрлэлийн ослын үед үйлдвэрлэлийн тодорхой хүчин зүйлийн үйлчлэлээр ажилтны эрүүл мэндэд хохирол шууд илрэх бөгөөд биеийн гадна, дотно авсан гэмтэл, бэртэл, түлэгдэлт зэрэг хэлбэрээр илэрдэг ба тийм ч учраас үйлдвэрлэлийн ослыг тэр даруйд нь тогтоодог байна. Иймд нэхэмжлэгч нуруундаа гэмтэл авсан байдлыг үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна... гэж дүгнэжээ.

 

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаартай Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр Б.Мгийн онош нь ... мэргэжлээс шалтгаалах өвчин-д хамаарахгүй тухай хариуг өгсөн байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Б.Мг үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын акт байхгүй байна.

 

6. Б.Мнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажиллаж байсан хөдөлмөрийн орчин, хийж байсан ажил үүрэгтэй холбоотойгоор гэмтэл үүссэн гэдгийг нотолсон, одоогоор байнгын эмчийн хяналтанд эмнэлэг сувилалаар эмчлүүлж байгаа хэдий ч эрүүл мэнд сайжрахгүй, одоог хүртэл 50 хувиас 60 хувь хүртэл хөдөлмөрийн чадвар буурснаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Б.Мгийн нурууны гэмтлийг зайлшгүй хагалгаанд орж эмчлэгдэх талаарх албан ёсны баримт, эмнэлгийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нурууны жийргэвч солих хагалгааны зардалд нийт 36,912,840 төгрөгийн зардал орно гэж үзэж холбогдох баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Гранд мед эмнэлгийн мэс заслын эмч Б.Н гэж гарын үсэг зурсан байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй, албан бичиг болон санхүүгийн албаны эмчилгээний үнэ төлбөрийн тарифын тооцоо гэх эдийн засагч Н.Б гарын үсэг зурсан, Итгэлт-Эстимэйт ХХК-д хаяглагдсан баримт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэж, улмаар анхан шатын шүүхийн шийдвэр хүчингүй болж, хэрэг дахин хэлэлцэгдэхээр тус шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш энэхүү шаардлагатай холбоотой шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 6,673,437 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02149 дугаартай шийдвэрээр Б.Мгийн хөдөлмөрийн чадвар алдалт нь үйлдвэрлэлийн ослын дүгнэлтээр тогтоогдоогүй тул 7 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 5,190,145 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалт байхад Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх зохицуулалтад хамааруулан хууль зүйн үндэслэлийг тодорхойлж буй нь үндэслэлгүй юм.

 

8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар тус шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/115 дугаартай Дэд жагсаалт батлах тухай тушаалын хавсралтаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг нэр бүхий иргэдийг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулахаар баталж, жагсаалтад заасан иргэн Э.Эрдэнэ-Уулд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрөө гардан авсан боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүй шийдвэрлэхэд татгалзахгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг тус тус гаргаж байх тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн, энэхүү хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг хийв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө гэж зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2018/16725 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Мгийн Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг арилгахад гарах зардал 36,912,840 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 6,673,437 төгрөг, нийт 43,586,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2018/16725 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Мнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР