Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/03175 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-гийн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 43 586 277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::

Би 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “С” ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд бүсэлхийн 4, 5 дугаар нугаламын жийргэвчийн цүлхийлт, үений суулт үүсэх нурууны мурийлт зэрэг гэмтэл авч, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссоос 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоож, G54-1 бүсэлхий ууцны сүлжээний эмгэг гэсэн онош тавигдсан болно. Үүнээс хойш 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 3 дугаар сард тус тус үйлдвэрлэлийн осол гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар сунгаад байна. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяа, Ц.Оюун-Эрдэнэ, Т.Чимэд-Очир нарын дүгнэлтэд 7 сарын хугацаанд 24 цаг ажиллаад 24 цаг амардаг 50 кг гурилыг олон удаагийн давтамжтай үүрч зөөхөд дээрх бүсэлхийн 4,5-р нугаламын жийргэвчийн цүлхийлт, үений суулт үүсэх нурууны мурийлт зэрэг эмгэг өөрчлөлт үүсэх боломжтой гэх мөн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Б.М-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохдоо түүний биед учирсан гэмтлийг G54-1 бүсэлхий ууцны сүлжээний эмгэг гэж оношилсон нь үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаар бүхий Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд шинжээч томилж Б.М-гийн биед үүссэн эмгэг /G54-1/ гадны нөлөөллийн улмаас үүссэн эсэх, эсхүл бусад өвчний улмаас үүссэн эсэх шалтгааныг тогтоож дүгнэлтийг ирүүлэхийг даалгасан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч Д.Бямбасүрэн, гэмтэл согог заслын эмч А.Эрдэнэбилэг, дүрс оношилгооны эмч Д.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд: Б.М-гийн хувьд дээрх эмгэг нь нуруунд үргэлжилсэн ачаалал нөлөөлсний улмаас бүсэлхий нурууны жийргэвч шахагдсан байх боломжтой гэж дүгнэж байна. Нурууны жийргэвчний гэмтлийн /ивэрч гарах/ үндсэн шалтгааны нэгд олон давталттай хүнд юм өргөх нөлөөлөл багтдаг. Нурууны бусад хэсэгт цочмог үүссэн гэмтэл бие даасан эмгэг үгүй хэмээн дүгнэсэн нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажиллаж байсан хөдөлмөрийн орчин, хийж байсан ажил үүрэгтэй холбоотойгоор үүссэн гэдгийг нотолж байна. Миний бие одоогийн байдлаар эмчийн хяналтад эмнэлэг сувиллаар эмчлүүлж байгаа хэдий ч эрүүл мэнд сайжрахгүй байна. Одоог хүртэл би 50 хувиас 60 хувь хүртэл хөдөлмөрийн чадвар буурснаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. Гэмнэлэг нь анх 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр №16/161 тоот тодорхойлолтдоо: хагалгааны төлбөр-Fusion хагалгаа 2 төвшинд 1 200 доллар /тухайн өдрийн ханш/, ор хоног дунджаар 11 хоног /4 ортой өрөө 33 000 төгрөг хамгийн хямд/-363 000 төгрөг, хоолны мөнгө өдрийн 3 хоол 2 цайтай 19 000х11 хоног=209 000 төгрөг, лабораторийн шинжилгээ-224 100 төгрөг /дунджаар/, дүрс оношилгоо рентген зураг уушги 2 байрлалаар нэг удаа 38 000 төгрөг, бүсэлхий нуруу 2 удаа 76 000 төгрөг, СТ /компьютер томограф/ тодосгогчтой 290 000 төгрөг, MRI бүтэн нуруу /шаардлагатай бол/ 450 000 төгрөг, хагалгааны дараах эмийн эмчилгээ-700 000 төгрөг /дунджаар/ гэх мэтчилэн тухайн үеийн зардлыг дунджаар тооцон гаргасан. Тэгвэл 2019 оны байдлаар тооцож үзэхэд нийт төлбөр дунджаар хагалгаа 1 200 доллар 2 685.97 төгрөг=34 562 740 төгрөг /Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хаалтын ханш/

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нурууны жийргэвч солих хагалгааны зардалд нийт 36 912 840 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 6 673 437 төгрөг нийт 43 586 277 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуульд заасны дагуу гэм хорыг арилгуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-гаар манай байгууллага нь хүнд ажил хийлгээгүй гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт тус бүр дээр тухайн хүнийг хүнд хүчир ажил олон удаагийн давтамжтай хийсэн гэдгийг нотолсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид үүссэн гэмтэл нь мэдрэлийн гаралтай болон гэмтлийн гаралтай гэж хоёр төрөл байдаг. Хариуцагч талаас уг гэмтэл нь гэмтлийн гаралтай болон мэдрэлийн гаралтай эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасан. 2016 оны болон 2019 оны шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн гаралтай гэдгийг нь тогтоосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-г нэхэмжлэлдээ байнгын асаргаанд байх шаардлагатай талаар дурдсан байна. Байнгын асаргаанд байх асуудлаар хороо дүүргийн нийгмийн халамжид хандаж байсан эсэх гэсэн байгаа. Бид хороо, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаад 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр халамжийн 125 000 төгрөг авдаг байсан. Шүүхийн шийдвэрээр 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “С” ХХК-д ажилласнаас болоод гэмтэл учирсан гэдгийг тогтоосон. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон учир нийгмийн даатгалаас мөнгө авсан. Хариуцагч тал 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна. түүнээс хойш сунгасан бол баримтаа гаргаж өг гэсэн. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар сунгасан. Уг актыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талаас гэмтлийн гаралтай гэдэг нь эргэлзээтэй байна. Ердийн мэдрэлийн гэмтлийг манай байгууллага руу нялзаагаад байна гэсэн. Ердийн мэдрэлийн өвчин байсан бол нэхэмжлэгч талаас өдийг хүртэл ингэж явахгүй байсан. 2016 он болон 2019 оны шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн гаралтай гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан байна. Цаашид нэхэмжлэгчийн эрүүл мэнд нь дахин дордохоос бид урьдчилан сэргийлэхээр 43 000 000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.М-гийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол болон нөхөн төлбөр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргана. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 сарын хооронд нэхэмжлэгч Б.М- “С” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа нуруундаа гэмтэл авсан гээд маргаан үүссэн. Гэмтэл авсан эсэх талаар шүүхийн тогтоол байгаа. Ажиллаж байх хугацаандаа гэмтэл авсан болохыг тогтоож байгаа боловч энэ нь үйлдвэрийн осол мөн эсэхийг тогтоогоогүй. Энэ хэрэг олон жил шүүхээр хянагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн осол гэж үзэж байсан. Харин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ гэм хорын хохирол нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан үйл баримт, болж өнгөрсөн үйл баримт өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах бүрэн боломж байсан. Нэхэмжлэлийг дахин дахин хүлээж авч байгааг гайхаж байна. Шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол гэдгийг тогтоогоогүй зөвхөн нуруундаа гэмтэлтэй байна гэж тогтоогдсон. 21 настай эмэгтэйгээр өдөр бүр 50 кг гурил зөөж байгаа гэж бодсон шинжээчээс ямар дүгнэлт гарах вэ. Уг шинжээч өдөр бүр 50 кг гурил өргөсөн хүнд ийм гэмтэл үүснэ гэсэн байгаа болохоос гарцаагүй тийм гэмтэл үүссэн нь нотлогдсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө тэгж тодорхойлдог. Шинжээч нарын дүгнэлт гэмтэл үүсэх боломжтой байдлаар тодорхойлсон. Олон удаагийн давтамжаар тэр үйлдлийг хийвэл ийм гэмтэл авна мэдээлэл шинжээчид очдог. Гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна. Гэм хорын хохирол шаардаж байгаа бол гэм хор учирсан байх, эрүүл мэндэд нь бодитой хохирол учирсан байх, гэм буруутай гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Эдгээрийн хороонд шалтгаант холбоо байх ёстой юм. Манай компанийн үйл ажиллагаанаас болоод нуруундаа гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрт өнгөрсөн хугацаанд давж заалдаагүй. Бид өмнөх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж 2 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан үйл баримт яригдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, мөн хуулийн 65 дугаар зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “С” ХХК-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 43 586 277 төгрөг гаргуулах тухай Б.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.О нар давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3175 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1957 тоот шүүхийн шийдвэрт 135.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М- нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл "Суман гүн трейд" ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллахдаа нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 42 тоот бүхий шинжээчийн дүгнэлт, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх шинжээчийн дүгнэлт, зэрэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүхий байгааг нотолж байна.

Гэмнэлгийн урьдчилсан тооцоо гаргасан эдийн засагч Н.Б-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн №16\161 тоот бүхий тодорхойлолт, Гэмнэлгийн мэс заслын их эмч Б.Нурбек-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №16\378 тоот бүхий албан тоотын хариу, зэрэг нотлох баримтууд нь иргэн Б.М-г яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай бөгөөд хагалгаанд оруулахад шаардагдах үнийн дүнг урьдчилсан тооцоог тооцоолж өгсөн байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Энхмаа, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч С.Очирбат нарын гарын үсэгтэй 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 28-06-199X166 тоот актын дагуу илүү цаг, амралтын мөнгө болон нийгмийн даатгалын, шимтгэлийн нөхөн төлөлтийн тухай албан мэдэгдэл, гэх нотлох баримтад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалж цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох талаар дурдаж өгсөн байдаг. 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хөдөлмөр чадвар алдалт 50 хувь, хөдөлмөр чадвар алдсан шалтгаан үйлдвэрлэлийн осол хэмээн тогтоосон 0045008 дугаар бүхий акт, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хөдөлмөр чадвар алдалт 60 хувь, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан үйлдвэрлэлийн осол хэмээн тогтоосон 0214233 дугаар бүхий актаар тус бүр Мөнхзаяагийн хөдөлмөр чадвар алдалтын хэмжээг тогтоож өгсөн байх бөгөөд ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу Б.М- нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан тул 7 сарын цалинг Суман Гүн трейд Б.М-д нөхөн төлөх үүрэгтэй байсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хөдөлмөр чадвар алдалт 60 хувь алдсан байна хэмээн тогтоосон тул 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний мөнгийг нөхөн олгоно гэж зааснаар 6,673,437 төгрөг “С” ХХК нь Б.М-д төлөх үүрэгтэй байна. 60 хувь гэж тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан, хуулийг буруу тайлбарласан байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “С” ХХК-д ажиллаж байгаад нуруундаа гэмтэл авсан гэдгийг 2 удаагийн шүүхийн шинжээчийн дүгнэлт мөн 2 удаагийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт зэрэг нотлох баримт, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2016/01957 дугаар шийдвэр зэргээр нотлогдоно. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “С” ХХК нь төлөх үүрэг хүлээнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс хамааруулан тодорхой хугацааны цалинтай тэнцэх нөхөн төлбөр хэлбэрээр хохирлыг барагдуулахаар хуульчилсан. Гэвч хуулийг буруу тайлбарласан нотлох баримтаа гаргаж өгсөн байхад түүнийг үнэлээгүй зэрэг шүүхийн шийдвэр хуулийн дагуу бус байх бөгөөд үндэслэлгүй шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг арилгахад гарах зардал 36 912 840 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 6 673 437 төгрөг, нийт 43 586 277 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “С” ХХК-д ажиллах явцад хүнд ачаа өргөж нурууны нугалмын жийргэвч цүлхийж, үений суулт үүссэн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг гэмтлийг мэс заслаар эмчлэх шаардлагатай гэж Гэмнэлгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16/161 тоот тодорхойлолтыг баримтаар гаргасан.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч Б.М-гийн нурууны гэмтлийг зайлшгүй хагалгаанд орж эмчлэгдэнэ гэх эмнэлгийн албан ёсны баримт дүгнэлт хэрэгт авагдаагүй байна. Шүүх Гэмнэлгийн мэс заслын эмч Б.Нурбек гэж гарын үсэг зурсан байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй, албан бичиг болон санхүүгийн албаны эмчилгээний үнэ төлбөрийн тарифын тооцоо гэх эдийн засагч Н.Батмядаг гарын үсэг зурсан, “Итгэлт-Эстимэйт” ХХК-д хаяглагдсан баримтыг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцэхээс гадна эмнэлгийн албан ёсны дүгнэлт гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /хх21-23/

 

            Мөн хөдөлмөрийн чадвар алдалт нь үйлдвэрлэлийн ослын дүгнэлтээр тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр олгох үндэслэлгүй талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02149 дугаар шийдвэрээр нэгэнт дүгнэсэн тул уг үндэслэлээр шаардсан 6 673 434 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зөв, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/03175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ