Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00208

 

 

 

 

 

2023 01 16

181/ШШ2023/00208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О-ын,

 

Хариуцагч:  С ХХК ,

 

Хариуцагч: Б.Н нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд:  Х ХХК -ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч С.О , түүний өмгөөлөгч Г.Н,

хариуцагч Б.Н , түүний өмгөөлөгч Ц.Э,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч У.А , түүний өмгөөлөгч В.Б,

гэрч Б.Т , В.Ө ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

(Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Б.Л-с тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С ХХК болон Б.Н нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...миний бие 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С ХХК-тай №МА21-12/22-001 дүгээр Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын 45.81 м.кв 2 өрөө К айлын орон сууцыг захиалж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Ингэхдээ С ХХК, иргэн Б.Н бид нар харилцан тохиролцож С ХХК-тай байгуулсан Б.Н гийн Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг цуцалж уг гэрээг байгуулсан.

Өмнөх орон сууц захиалагч Б.Н гийн Хаан банк дахь 5084097510 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 27,707,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 39,050,000 төгрөг болон 37,222,000 төгрөг, Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-р 21,000 төгрөгийг шилжүүлж нийт 104,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм.

Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мөн гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч С ХХК нь орон сууц ашиглалтад орох болсонтой холбоотойгоор гэрээнд заагаагүй, тодорхой бус байдлаар орон сууцыг өгөхгүй байх үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын 45.81 м.кв 2 өрөө К айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч С ХХК болон иргэн Б.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг тус тус гаргасан. Үүнд:

2.1. Хариуцагч С ХХК-иас:

...С ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн ерөнхий хот байгуулалт, хөгжлийн газрын даргын МЗХ2021/09-052 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавартай "Москва Апартмент -I,II,III буюу нийт 765 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж, гүйцэтгэл явагдаж байна.

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүхэд дуудан ирүүлэх хуудас, түүний Нэхэмжлэгч С.О иргэний нэхэмжлэлийн агуулгатай танилцсан бөгөөд хариу тайлбарыг үүгээр мэдэгдэж байна.

Тус худалдан авагч нь манай компанитай бетон зуурмаг нийлүүлэх Х ХХК-тай байгуулагдсан гэрээний дагуу бартераар олгогдсон 2022 оны 7 дугаар сард ашиглалтад орох Москва Апартмент-II төслийн А блок 2 давхрын 45.81 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг тус компанийн албан бичиг хүсэлтийг үндэслэн бид орон сууц захиалгын гэрээг 1 дүгээр худалдан авагч Б.Н иргэнээс 2 дахь худалдан авагч С.О ын нэр дээр гэрээ байгуулж бүртгэл хийгдсэн.

Х ХХК-ийн зүгээс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бидэнд өгсөн №1/04 дүгээр албан бичгийн агуулга нь дараах байдалтай байна. Үүнд:

а. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн МА21-6/30-009 дүгээр гэрээний 4 дэх хэсгийн 4.1.2, 4.1.3, 4.1.5-д заагдсан худалдан авагч С.О ын 1 орон сууц болон худалдан авагч Л.Гэрэлмаагийн 2 орон сууцны захиалгын гэрээг цуцлах тухай,

б. 2021 оны 7 дугаар сарын 15-ны үед тамга түших эрхгүй этгээдэд компанийн болон санхүүгийн тамгаа алдсан бөгөөд компанийн тамга ЭТА4423, санхүүгийн тамга ЭТА4424 дугаартай тамгууд ногоон биш улаан өнгийн болж өөрчлөгдсөн. Бид тус худалдан авагч нараас орон сууцны төлбөрийг аваагүй бөгөөд Компанийн захирлуудын хоорондын маргаан шүүхээр хэлэлцэж байгаа гэх тайлбар бидэнд мэдэгдсэн.

С ХХК-ийн зүгээс тус бетон зуурмагийн Х ХХК-д тавьж буй бидний шаардлага нь хоорондын маргаанаа эцэслэж ирэх, хэн нь компанийн захирал үнэн болохыг нотлож ирэх, шүүхийн эцсийн шийдвэр, албан бичгийг манайд өгтөл тухайн байр нь С.О ын нэр дээр бүртгэгдсэн хэвээр байх буюу ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээдийн нөлөөлөлд бид автахгүй, орон сууц захиалгын гэрээнд дахин өөрчлөлт, хөдөлгөөн хийгдэхгүй болохыг мэдэгдсэн.

Одоогоор нэхэмжлэгч С.О худалдан авагчийн нэр дээрх орон сууц захиалгын гэрээ манайд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа бөгөөд бид тус худалдан авагчид орон сууцыг нь өгөхгүй гэж огт дурдаагүй, тухайн маргаан нь хуулиар эцэслэгдэж дуустал гэрээнд дахин өөрчлөлт хийгдэхгүй болох тухай иргэнд өөрт нь мэдэгдсэн.

Тиймээс бидний зүгээс худалдан авагч С.О нь бартерийн байр худалдан авснаар, тухайн бартерийн компанийн захирлууд хоорондын маргаантай асуудлаас үүдэж иргэн хохирч болохгүй гэх ойлголттой байгаа бөгөөд шүүх болон худалдан авагч С.О ын талд байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна.

Иймд цаашид С ХХК-ийн зүгээс тус иргэдийн гомдолтой байгаа асуудал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хариу эцэслэн гартал маргаантай холбоотой дахин шүүхэд дуудахад очих шаардлагагүй, мөн бид аль нэг талыг харсан үйлдэл гаргахгүй бөгөөд шүүхийн гаргасан шийдвэрээс татгалзахгүй болохыг мэдэгдэж байна. гэжээ.

 

2.2. Хариуцагч Б.Н гаас:

...миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн Москва Апартмент-II төслийн орон сууцны барилгын ажилд С ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн Х ХХК-д 2020 оны 7 дугаар сард 2 ширхэг миксер автомашинаа худалдахаар амаар тохиролцсон бөгөөд тус автомашины төлбөрт Х ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлсэн хөлсөндөө тооцож, С ХХК-иас авсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок, 2 давхрын К айлын 45.81 м.кв орон сууцыг хариуцагч С ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр №МА21-7/5-006 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-г байгуулж авсан юм.

С ХХК, нэхэмжлэгч С.О бид нар харилцан тохиолцож, С ХХК-тай байгуулсан Б.Н миний Орон сууц захиалах, худалдан борлуулах гэрээг цуцалж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С ХХК-тай №МА21-12/22-001 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг шинээр С.О той байгуулсан ба хариуцагчийн хувьд дээрх 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй ба өнөөдрийн байдлаар хуулийн дагуу өмчлөх эрх нэхэмжлэгч С.О од үүссэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, би өөрийн нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийг Х ХХК-ийн гүйцэтгэх захирал У.А аас өөрөөс нь очиж авч, С ХХК-д хүргүүлсэн. Энэхүү албан бичгийг авснаараа надад захиран зарцуулах эрх үүссэн гэж үзэж байна. Дараа нь С.О ын нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг Х ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Тэгшбаяраас өөрөөс нь авч байсан. Гэтэл одоо гүтгэх гэж байна. Х ХХК нь 1 жил 6 сарын хугацаанд миксер автомашинуудыг үйл ажиллагаандаа ашиглаж хангалттай орлого олсон атлаа одоо орон сууцаа өгөхгүй хаалт хийгээд байна. Тухайн үед миксер автомашинаа шилжүүлж ав гэхээр компани өр төлбөртэй, бичиг баримтгүй байгаа гэх зэрэг шалтгаанаар хүлээлгэсэн. Одоо ав гэхээр торгуулийн асуудлаа шийд, автомашины эвдрэлтэй холбоотой 20 гаруй сая төгрөгийг төл гэдэг. Угтаа тухайн миксер автомашинуудыг өөрсдөө ашиглах явцдаа торгуулж, нэг автомашиныг нь осолдуулсан тул бид дахин мөнгө төлөхгүй. Орон сууцтай холбоотой гэрээний асуудал дуусгавар болсон учир бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүсээд буй маргааны хувьд үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор надад өс хонзон санаж ийм үйл ажиллагаа явуулаад байна. ... гэв.

3. Гуравдагч этгээд Х ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч У.А бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...манай Х ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд С ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр МА21-5/10-1 дүгээр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 10000 м.куб бетон зуурмагийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн болно.

Гэрээний төлбөрийг бартераар тооцохоор тохиролцсоны дотор тус компанийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Москва Апартмент-2 төслийн барилгын А блокоос 45.43 м.кв-46.82 м.кв талбайтай 2 өрөө 5 ширхэг орон сууц (А, К, I, А, С тоот)-ыг төлбөрт тооцон өгөхөөр тохиролцож 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дүгээр Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг С ХХК-тай байгуулсан юм.

Манай компани нь С ХХК-иас өгөхөөр тохиролцсон дээрх бартерийн байруудаас худалдан борлуулах зорилгоор иргэн Б.Н тай аман тохиролцоо хийж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр түүний нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай албан бичгийг С ХХК-д хүргүүлсэн.

Намайг түр эзгүй байх хугацаанд бөөн үймээн самуун гарсан байсан бөгөөд Б.Н нь 2 миксер автомашинаа шилжүүлээгүй байсныг олж мэдсэн. Улмаар С ХХК-д хандан Б.Н тай байгуулсан захиалгын гэрээг цуцлах гэхэд С.О гэх хүний нэр дээр шилжүүлсэн байсан. С.О нь тухайн орон сууц манай компанийн өмч гэдгийг мэдэх боломжгүй. Б.Н нь өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа С.О ын нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байна.

Нөгөөтээгүүр, С ХХК нь манай компанийн зөвшөөрөл бүхий албан бичгийг шаардаад байгаа нь тухайн орон сууц бидний өмчлөлийнх гэдгийг нотолж байгаа юм.

Б.Н гаас өгсөн 2 миксер автомашин нь Монгол хурд ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд одоо түүний өөрийн Скай конкрет бюлдинг материалс ХХК-ийн хашаанд байгаа.

Бид 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/04 дүгээр албан бичгээр С.О той байгуулсан гэрээг цуцлуулах тухай мэдэгдлийг "С ХХК-д хүргүүлсэн.

Иймд С.О ын нэхэмжилж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-2 төслийн байрны А блок-2 давхрын 45,81 м.кв талбайтай 2 өрөө К айлын орон сууц нь Х ХХК-ийн өмч болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

4.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, С ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №MA21-12/22-001 дүгээр Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээний хуулбар, Хаан банк дахь Б.Н гийн 5084097510 дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр /27,707,000+39,050,000+37,222,000+21,000/ нийт 104,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, дансны хуулга, Москва Апартмент II, III төслийн барилгын зурагт хуудас, танилцуулга /хх 4-16/ зэргийг,

4.2. Хариуцагч Б.Н гаас нотлох баримтаар: В.Ө ын тус шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан мэдүүлэг, Х ХХК-иас Сүмсүндэр БГБХН болон иргэн Б.Н нарт хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 21/102 дугаар Хариу өгөх тухай албан бичгийн хуулбар, Монгол хурд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 07/165 дугаар тодорхойлолт, иргэн С.О од хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09/26 дугаар албан бичиг, Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем /Smartcar/-ээс татсан 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн торгуулийн мэдээлэл, зөрчлийн 2110001222 дугаартай хэргээс хуулбарласан эрх бүхий албан тушаалтны 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, мөн өдрийн баримт бичиг хураан авах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч Т.Эрдэнэцогт, хохирогч С.Баатарсүх нарын иргэний үнэмлэхийн болон жолоодох эрхийн лавлагаа, тэдгээрийн өгсөн мэдүүлэг, Стандартхолдинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компаниас гаргасан хүсэлт, 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6025 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягтууд, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 0007663 дугаартай шийтгэлийн хуудас, торгууль төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол /хх 75-76, 110, 127-171/ зэрэг баримтуудыг,

4.3. Гуравдагч этгээдээс нотлох баримтаар: Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, С ХХК-д хүргүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/04 дүгээр Захиалгын гэрээ цуцлах тухай албан бичиг, С ХХК-тай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №МА21-3/10-1 дүгээр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №МА21-6/30-009 дүгээр Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ, С ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/108 дугаар хүсэлт бүхий албан бичиг /хувилсан хувь/, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/108 дугаар Орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэх тухай албан бичиг /хувилсан хувь/, Сүмсүндэр БГБХН-өөс ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 85 дугаар хүсэлт бүхий албан бичгийн хуулбар, У.А ын нэр дээрх /өмнө өмчилж байсан болон одоо байгаа/ тээврийн хэрэгслийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 200 дугаартай лавлагаа, 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн лавлагаа, Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захирлаар Б.Т ыг томилох тухай шийдвэрийн хуулбар, гүйцэтгэх захирлын мөн өдрийн 21/35 дугаар Компанийн албан баланк стандарт мөрдүүлэх тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1 дүгээр хавсралт, Скай конкрет бюлдинг материалс ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн одоо байрлаж байгаа гэх газрыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 36-49, 80-81, 111-116, 172-174, 210-216/ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

4.4. Хариуцагч С ХХК-иас нотлох баримт шүүхэд гаргаагүй.

4.5. Шүүхийн журмаар: Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 479 дүгээр лавлагаа, 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн лавлагаа /хх 124-126/ зэргийг,

- гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр Х ХХК-ийн захирал У.А аас Л.Дашийхүү, Ц.Энхтуяа нартай харилцсан Ви чат /Wechat/-д 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Х ХХК-иас С ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/108 дугаар хүсэлт бүхий албан бичгийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/108 дугаар Орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байрлаж байгаа газарт 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Т , В.Ө нарын мэдүүлэг /хх 98-102, 107-108, 226-245/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С ХХК болон иргэн Б.Н нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Харин гуравдагч этгээд Х ХХК нь эс зөвшөөрч ...тухайн орон сууц манай компанийн өмч бөгөөд Б.Н нь өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар манай компанийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлсэн... хэмээн маргаж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бие даан гаргасан байна.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1. С ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва Апартмент-II төслийн байрны барилгын ажилд Х ХХК нь тус компанитай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн МА21-3/10-1 дүгээр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний дагуу 10,000 м.куб бетон зуурмагийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн гэх бөгөөд С ХХК нь бетон зуурмагийн төлбөрт тооцон уг байрны А блок 2 давхарын 45,81 м.кв талбай бүхий 2 өрөө К айл /цаашид К айл гэх/-ын ... зэрэг 5 орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дүгээр Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-г байгуулжээ. /хх 42-49/

7.2. Х ХХК нь захиалгын гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авахаар болсон 5 орон сууцны 1 болох А блок 2 давхарын 45,81 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцыг Б.Н гаас 2020 оны 7 дугаар сард худалдан авахаар тохирсон 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай миксер автомашинуудын төлбөрт тооцож өгөхөөр амаар тохирсны дагуу түүний нэр дээр С ХХК-тай Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-г байгуулжээ. /хх 107-108/

7.3. Улмаар Б.Н нь дээрх Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-ний дагуу өмчлөх эрхийг олж авахаар тохирсон орон сууцыг С.О од 104,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч, мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн дансаар шилжүүлэн авч, Х ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Тэгшбаярын гэх 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг С ХХК-д хүргүүлснээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр МА21-12/22-001 дүгээр Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-г С.О , С ХХК нар байгуулсан байна. /хх 5-12, 107-108/

8.Тогтоогдсон дээрх үйл баримтаас дараах хууль зүйн дүгнэлтэд хүрэв.

8.1. С ХХК болон Х ХХК-ийн хооронд хөрөнгийг хөрөнгөөр солилцох замаар харилцан өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх агуулга бүхий Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба талуудын хэн аль нь гэрээний үүргийн биелэлтэд маргаагүй болно.

Арилжааны гэрээний төлбөрт С ХХК нь 5 орон сууцыг өмчлөх эрхийг олж авах захиалгын гэрээг Х ХХК-тай байгуулж, өмчлөх эрхийг түүнд болон түүний зөвшөөрсөн этгээдэд шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг Иргэний хуулийн 211 дүгээр зүйл, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон байна.

8.2. Харин Х ХХК болон Б.Н нарын хувьд бичгээр гэрээ байгуулаагүй боловч гэрээний гол нөхцлийг тохирч, тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үйлдлийг бодитоор хийсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тэдгээрийн хооронд мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болдог.

Х ХХК нь арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, К айлын орон сууцыг өмчлөх эрхийг олж авах Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-ний шаардах эрхээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан журмын дагуу Б.Н д шилжүүлсэн боловч Б.Н нь 31-94 УНД, 31-97 УАК улсын дугаартай миксер автомашинуудыг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тэдгээр миксер Монгол хурд ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа тухай Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 200 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 479 дүгээр лавлагаа, тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх 110, 113-114, 116, 124-127, 226-245/

 

Энэ үйл баримтаас үзвэл, Х ХХК болон Б.Н нарын хооронд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан хууль зүйн үр дагавар үүссэн буюу К айлын орон сууцыг өмчлөх эрх Б.Н д үүсэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

8.3. Б.Н -С.О од нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Манай тохиолдолд С.О нь 104,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон боловч К айлын орон сууцыг өмчлөх эрх Б.Н д үүсээгүй тул худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн түүний үүрэг биелэгдэх ямар ч үндэслэлгүй юм.

Иймд С.О нь К айлын орон сууцыг өмчлөх эрхгүй Б.Н гаас уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

Хэдийгээр Б.Н гаас С ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-ний шаардах эрхээ С.О од шилжүүлсэн мэт үйл баримтыг нотлох ...С.О ын нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/108 дугаар албан бичиг хэрэгт авагдсан байх боловч энэ нь Х ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний үүргээ биелүүлээгүй Б.Н д К айлын орон сууцыг өмчлөх эрхийг үүсгэх үндэслэл болохгүй, маргаанд чухал ач холбогдолтой биш боловч хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хуурамч болох нь тогтоогдсоныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: Сүмсүндэр БГБХН-өөс ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 85 дугаар хүсэлт бүхий албан бичгийн хуулбар, Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захирлаар Б.Т ыг томилох тухай шийдвэрийн хуулбар, гүйцэтгэх захирлын мөн өдрийн 21/35 дугаар Компанийн албан бланк стандарт мөрдүүлэх тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1 дүгээр хавсралт /хх 111, 172-174/,

шүүхийн журмаар бүрдүүлсэн Х ХХК-ийн захирал У.А аас Л.Дашийхүү, Ц.Энхтуяа нартай харилцсан Ви чат /Wechat/-д 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийсэн ...2022.01.12 19:53 Энэ тамгаа ч ав, надад хэрэггүй Тэгшээг гарын үсэг зурж болохгүй гэсэн шүү гэсэн гэж ярьж байна лээ. Би юун дээр ч дарах юм мэдэхгүй. Гарын үсэггүй тамгаар ч яах юм билээ дээ Анхбаяраа. ... 2022.1.17 10:51 Аан 10 бланк байгаа Тэгшээг ирээд авчих гээрэй... гэсэн тэмдэглэл, Х ХХК-иас С ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/108 дугаар хүсэлт бүхий албан бичгийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/108 дугаар Орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, гэрч Б.Т ын өгсөн ...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/108 дугаар албан бичигт зурсан гарын үсэг минийх мөн. Гэвч утгыг нь би огт харж байгаагүй. Энэ бланк манай байгууллагын албан ёсны бланк биш. Учир нь, манай байгууллагын ажилтан Ц.Энхтуяа хоосон бланкууд дээр надаар гарын үсэг зуруулж авч үлдэж байсан. Ингэхдээ би юунд ашиглах гэж байгааг нь мэдэх боломжгүй, дараа нь таних зорилгоор бланк дээрх Hard Concrete гэсэн бичгийн сүүлийн e үсгийг зориуд авч хаясан юм... гэсэн мэдүүлэг /хх 98-102, 107-108/ зэргийг хариуцагч Б.Н гаас няцаан үгүйсгэж чадаагүй зэрэг болно.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр С.О нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 45,81 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өөртөө шилжүүлэхийг Б.Н гаас шаардах эрхгүй тул шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ Б.Н биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тул Х ХХК нь гэрээнээс татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 45,81 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөх эрхийг буцаан шаардах эрхтэй, гэхдээ орон сууц Б.Н гийн өмчлөлд бус харин С ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тэдгээрийн хооронд байгуулагдсан арилжааны гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдэж дуусгавар болсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Х ХХК-ийн бие даасан шаардлагыг хангав.

Нэхэмжлэгч С.О нь өөрт учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

10. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,000 төгрөг, гуравдагч этгээд Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 2000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж гуравдагч этгээдэд,

хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 616,050 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгохоор хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Н болон С ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 45,81 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн С.О ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 45,81 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,000 төгрөг, гуравдагч этгээд Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 2000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж гуравдагч этгээдэд,

хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 616,050 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.БИЛГҮҮН