Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2023/00705

 

 

 

 

 

 

 

 

2023 04 03 210/МА2023/00705

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00208 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ын хариуцагч С ХХК , Б.Н нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, түүний өмгөөлөгч Г.Н, Л.Б, хариуцагч Б.Н , түүний өмгөөлөгч Ц.Э, В.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч У.А, түүний өмгөөлөгч В.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С ХХК -тай №МА21-12/22-001 дүгээр орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж, Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын * м.кв 2 өрөө К айлын орон сууцыг захиалж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ С ХХК , Б.Н бид нар харилцан тохиролцож С ХХК -тай байгуулсан Б.Н гийн орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг цуцалж уг гэрээг байгуулсан. Өмнөх орон сууцны захиалагч Б.Н гийн Хаан банк дахь 5084097510 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 27,707,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 39,050,000 төгрөг болон 37,222,000 төгрөг, 21,000 төгрөг, нийт 104,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мөн гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч С ХХК нь орон сууц ашиглалтад орох болсонтой холбоотойгоор гэрээнд заагаагүй, тодорхой бус байдлаар орон сууцыг өгөхгүй байх үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын * м.кв 2 өрөө К айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Тус худалдан авагч нь манай компанитай бетон зуурмаг нийлүүлэх Х ХХК -тай байгуулагдсан гэрээний дагуу бартераар олгогдсон 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орох Москва Апартмент-II төслийн А блок 2 давхрын * м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг тус компанийн албан бичиг хүсэлтийг үндэслэн бид орон сууц захиалгын гэрээг 1 дүгээр худалдан авагч Б.Н аас 2 дахь худалдан авагч С.О-ын нэр дээр гэрээ байгуулж бүртгэл хийгдсэн. Х ХХК -ийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидэнд өгсөн №1/04 дүгээр албан бичгийн агуулга нь дараах байдалтай байна. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн МА21-6/30-009 дүгээр гэрээний 4.1.2, 4.1.3, 4.1.5-д заагдсан худалдан авагч С.О-ын 1 орон сууц болон худалдан авагч Л.Гэрэлмаагийн 2 орон сууцны захиалгын гэрээг цуцлах тухай, 2021 оны 07 дугаар сарын 15-ны үед тамга түших эрхгүй этгээдэд компанийн болон санхүүгийн тамгаа алдсан бөгөөд компанийн тамга ЭТА4423, санхүүгийн тамга ЭТА4424 дугаартай тамгууд ногоон биш улаан өнгийн болж өөрчлөгдсөн. Бид тус худалдан авагч нараас орон сууцны төлбөрийг аваагүй бөгөөд Компанийн захирлуудын хоорондын маргаан шүүхээр хэлэлцэж байгаа гэх тайлбар бидэнд мэдэгдсэн. С ХХК -ийн зүгээс тус бетон зуурмагийн Х ХХК -д тавьж буй бидний шаардлага нь хоорондын маргаанаа эцэслэх, хэн нь компанийн захирал үнэн болохыг нотолж ирэх, шүүхийн эцсийн шийдвэр, албан бичгийг манайд өгтөл тухайн байр нь С.О-ын нэр дээр бүртгэгдсэн хэвээр байх буюу ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээдийн нөлөөлөлд бид автахгүй, орон сууц захиалгын гэрээнд дахин өөрчлөлт, хөдөлгөөн хийгдэхгүй болохыг мэдэгдсэн. Одоогоор нэхэмжлэгч С.О- худалдан авагчийн нэр дээрх орон сууц захиалгын гэрээ манайд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа бөгөөд бид тус худалдан авагчид орон сууцыг нь өгөхгүй гэж огт дурдаагүй, тухайн маргаан нь хуулиар эцэслэгдэж дуустал гэрээнд дахин өөрчлөлт хийгдэхгүй болох тухай иргэнд өөрт нь мэдэгдсэн. Тиймээс бидний зүгээс худалдан авагч С.О- нь бартерын байр худалдан авснаар, тухайн бартерын компанийн захирлууд хоорондын маргаантай асуудлаас үүдэж иргэн хохирч болохгүй гэх ойлголттой байгаа бөгөөд шүүх болон худалдан авагч С.О-ын талд байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Иймд бид аль нэг талыг харсан үйлдэл гаргахгүй бөгөөд шүүхийн гаргасан шийдвэрээс татгалзахгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Н гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний зүгээс * дүүргийн Москва Апартмент-II төслийн орон сууцны барилгын ажилд С ХХК -д бетон зуурмаг нийлүүлсэн Х ХХК -д 2020 оны 07 дугаар сард 2 ширхэг миксер автомашинаа худалдахаар амаар тохиролцсон бөгөөд тус автомашины төлбөрт Х ХХК -ийн бетон зуурмаг нийлүүлсэн хөлсөндөө тооцож, С ХХК -аас авсан * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок, 2 давхрын К айлын * м.кв орон сууцыг хариуцагч С ХХК -тай 2021 оны 07 дугаар сарын 5-ны өдөр №МА21-7/5-006 дугаар орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж авсан. С ХХК , нэхэмжлэгч С.О- бид нар харилцан тохиролцож, С ХХК -тай байгуулсан Б.Н миний орон сууц захиалах, худалдан борлуулах гэрээг цуцалж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С ХХК -тай №МА21-12/22-001 дугаар орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг шинээр С.О-той байгуулсан ба хариуцагчийн хувьд дээрх 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй ба өнөөдрийн байдлаар хуулийн дагуу өмчлөх эрх нэхэмжлэгч С.О-од үүссэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, би өөрийн нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийг Х ХХК -ийн гүйцэтгэх захирал У.А аас өөрөөс нь очиж авч, С ХХК -д хүргүүлсэн. Энэхүү албан бичгийг авснаараа надад захиран зарцуулах эрх үүссэн гэж үзэж байна. Дараа нь С.О-ын нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг Х ХХК -ийн гүйцэтгэх захирал У.Т-аас өөрөөс нь авч байсан. Гэтэл одоо гүтгэж байна. Х ХХК нь 1 жил 6 сарын хугацаанд миксер автомашинуудыг үйл ажиллагаандаа ашиглаж хангалттай орлого олсон атлаа одоо орон сууцаа өгөхгүй хаалт хийгээд байна. Тухайн үед миксер автомашинаа шилжүүлж ав гэхээр компани өр төлбөртэй, бичиг баримтгүй байгаа гэх зэрэг шалтгаанаар хүлээлгэсэн. Одоо ав гэхээр торгуулийн асуудлаа шийд, автомашины эвдрэлтэй холбоотой 20 гаруй сая төгрөгийг төл гэдэг. Угтаа тухайн миксер автомашинуудыг өөрсдөө ашиглах явцдаа торгуулж, нэг автомашиныг нь осолдуулсан тул бид дахин мөнгө төлөхгүй. Орон сууцтай холбоотой гэрээний асуудал дуусгавар болсон учир бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: С ХХК -тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МА21-5/10-1 дүгээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 10000 м.куб бетон зуурмагийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн. Гэрээний төлбөрийг бартераар тооцохоор тохиролцсоны дотор тус компанийн барьж буй * дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Москва Апартмент-2 төслийн барилгын А блокоос * м.кв , * м.кв талбайтай 2 өрөө 5 ширхэг орон сууц (А, К, I, А, С тоот)-ыг төлбөрт тооцон өгөхөөр тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дүгээр орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг С ХХК -тай байгуулсан. Манай компани нь С ХХК -аас өгөхөөр тохиролцсон дээрх бартерын байруудаас худалдан борлуулах зорилгоор иргэн Б.Н тай аман тохиролцоо хийж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түүний нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай албан бичгийг С ХХК -д хүргүүлсэн. Намайг түр эзгүй байх хугацаанд Б.Н нь 2 миксер автомашинаа шилжүүлээгүй байсныг олж мэдсэн. Улмаар С ХХК -д хандан Б.Н тай байгуулсан захиалгын гэрээг цуцалж, С.О-ын нэр дээр шилжүүлсэн. С.О- нь тухайн орон сууц манай компанийн өмч болохыг мэдэх боломжгүй. Б.Н нь өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа С.О-ын нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байна. С ХХК нь манай компанийн зөвшөөрөл бүхий албан бичгийг шаардаад байгаа нь тухайн орон сууц бидний өмчлөлийнх гэдгийг нотолж байгаа. Б.Н гаас өгсөн 2 миксер автомашин нь М ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд одоо түүний өөрийн Скай конкрет бюлдинг материалс ХХК-ийн хашаанд байгаа. Бид 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/04 дүгээр албан бичгээр С.О-той байгуулсан гэрээг цуцлуулах тухай мэдэгдлийг "С ХХК -д хүргүүлсэн. Иймд С.О-ын нэхэмжилж буй * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-2 төслийн байрны А блок-2 давхрын 0 м.кв талбайтай 2 өрөө К айлын орон сууц нь Х ХХК -ийн өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Н болон С ХХК -д холбогдох * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 0 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн С.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х ХХК -ийг * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхрын 0 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,000 төгрөг, гуравдагч этгээд Х ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 2000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж гуравдагч этгээдэд, хариуцагч С ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 616,050 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Х ХХК нь гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй нь хэрэгт авагдсан М ХХК -ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09/26 дугаар албан бичигт хариуцагч Б.Н гийн хүсэлтийн дагуу манай компанийн зүгээс УНД , УАК улсын дугаартай миксер 2 автомашины бүртгэлийг Х ХХК -д шилжүүлэх боломжтой гэсэн баримт хэрэгт авагдсан боловч Х ХХК нь 2 автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж үзлэг оношилгоонд 2 жилийн хугацаанд ороогүй, торгуультай энэ зөрчлөө арилсны дараа шилжилт хөдөлгөөнийг хийхэд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд удаа дараагийн шүүх хуралдаанд хариуцагч талаас тухайн автомашиныг шилжүүлэн өгөхөд авахад татгалзах зүйл байхгүй гэдгийг хэлж байсан төдийгүй Х ХХК -ийн зүгээс автомашиныг ашиглаж, эзэмшиж байсан талаар маргаагүй, тээврийн хэрэгслийн лавлагаагаар хэдийгээр М ХХК -ийн өмчлөлд байгаа боловч бодит байдалд гуравдагч этгээд ашиглаж, эзэмшиж байхдаа 0 автомашиныг Х ХХК -ийн жолооч зам тээврийн осолд орж 29,000,000 төгрөгийн хохирол учирсан. Түүнчлэн, дээрх үйл байдалтай хамааралтайгаар өнөөдрийг хүртэл автомашиныг Стандарт Холдинг ХХК-ийн хашаанд хадгалж байгаа бөгөөд тус үйл байдлыг тодруулахаар шүүхээс үзлэг хийсэн, эвдрэл гэмтэлтэй, торгууль, хохирол учирснаас болж гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаа төдийгүй бодитоор 2 автомашин Х ХХК -д шилжүүлж өгсөн, УАК автомашиныг 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эзэмшиж ашигласан, УНД автомашиныг 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ашиглаж, эзэмшиж байсан учраас арилжааны гэрээний дийлэнх хэсэг биелэгдсэн гэж үзэж байгаа тул гэрээнээс татгалзах боломжгүй.

Шүүх С.О- нь К айлын орон сууцыг өмчлөх эрхгүй Б.Н гаас уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1 болон Х ХХК -ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21/108 дугаар С ХХК -д явуулсан албан бичгээр * м.кв К айл орон сууцыг Б.Н гийн нэр дээр захиалгын гэрээг хийж өгнө гэж хүсэлт гаргаж байсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу С ХХК -тай байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч С.О- нь С ХХК -тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалан, худалдан борлуулах №МА21-12/22001 гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр учраас гэрээний харилцааг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй орхигдуулсан нь хууль заасны дагуу шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Шүүх хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Н , түүний өмгөөлөгч нарын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс С ХХК -д явуулсан албан бичгийг хуурамч гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн зүгээс уг баримтуудыг гаргаж өгсөн. Гэрчээр У.Тэгшбаяр өөрөө оролцож, гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар У.Т-ын гарын үсэг бүхий баримт нь хуурамч биш, жинхэнэ баримт болох нь хангалттай үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг С ХХК , Б.Н нар хүлээн авч, хүчин төгөлдөр болсон тул С.О- болон С ХХК -тай гэрээ байгуулдаг. Энэхүү хүсэл зорилго хүчин төгөлдөр болж гэрээ байгуулагдсанаар Б.Н , Х ХХК , С нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэлтэй холбоотой үүрэг нь С.О- хамааралгүй, тусдаа асуудал юм. Хариуцагч Б.Н болон гуравдагч этгээд Х ХХК -ийн хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэх арилжааны гэрээ байгуулагдаж, гэрээ дуусгавар болсон. Учир нь 2 тээврийн хэрэгслийг Х ХХК нь авч, үйл ажиллагаанд ашиглаж байх хугацаандаа автомашины жолооч нь зам тээврийн осол гаргаж мөргөсөн, нөгөө машин нь эвдэрч ашиглах боломжгүй болсноор нэр нь бусдын өмчлөлд байгаа гэх шалтгаанаар өөрсдөө ашиглаж байж, авахгүй гэж маргасан. Уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь өөр этгээдийн нэр дээр байгаа боловч бодитоор эзэмшиж, өмчилж байхад аваагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн гэрч В.Өлзийбаяр тухайн тээврийн хэрэгслийг Х ХХК нь бүртгэж байсан, бүртгэлийн талаар У.А захирал өөрөө хэлж байсан гэж мэдүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн, манай компанийн өмчлөх ёстой байсан хөрөнгийг бусдад зараад дундаас нь мөнгийг авч, завшиж үрэгдүүлсэн гэж үзвэл энэ талаар тусдаа хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах эрх нь нээлттэй байгаа. Анхан шатны шүүх хариуцагч Б.Н д эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцуулаагүй нь хуулиар олгосон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн талууд хоорондоо амаар хийгдсэн хэлэлцээрт тохиролцоо байсан эсэхийг шүүх хэрэгт авагдсан ямар баримтаар үнэлсэн нь тогтоогдохгүй байна. Шүүх бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа С.О- болон С ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр, тус гэрээний биелэлтийг нэхэмжлэгч шаардсан, хариуцагч хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК -ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Анхнаасаа нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд худал байдлаар оролцсон. 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл автомашиныг ашиглаж, тэр даруй хариу төлбөрийг төлсөн нь гэрч В.Өлзийбаярын мэдүүлгээр нотлогддог. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бусдын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж осол гарсан. Б.Н д итгэж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны өмчлөлийг түр шилжүүлсэн. Харин Б.Н 2 автомашиныг шилжүүлэн өгөх ёстой байсан. Гэтэл уг автомашины Б.Н гийн нэр дээр биш М ХХК -ийн өмчлөлд байсан. Гуравдагч этгээд, хариуцагч нар хэрэгт авагдсан тухайн 2 албан бичгийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж байна. Гэтэл Ц.Э, Л.Д нар нь тамга дарсан гарын үсэгтэй бланкийг авч, С ХХК -д өгсөн талаарх нөхцөл байдлыг тогтоолгохоор Ви чат /Wechat/-д үзлэг хийлгэсэн. Мөн 2 автомашиныг хариуцагч талд өгсөн гэдэг боловч бодит байдалд Скай конкрет бюлдинг материал ХХК-ийн хашаанд байгаа болохыг шүүхийн журмаар үзлэг хийж, тэмдэглэл болон фото зургууд хэрэгт авагдсан. Гэтэл давж заалдах гомдолд нөгөө 2 автомашиныг С ХХК -ийн хашаанд байгаа мэт шүүхэд буруу ташаа мэдээлэл өгөх боломжгүй. Харин 2 автомашиныг авсан тухай М ХХК -ийн албан бичиг байдаг болохоос биш бодитой байдалд Скай конкрет бюлдинг материал ХХК-ийн хашаанд байж байгаа. М ХХК -аас ирсэн албан бичгээр шууд дүгнэх боломжгүй. Шүүхийн журмаар материал гаргуулан үзсэн, бусдын эзэмшилд байгаа хөрөнгийг гуравдагч этгээд авах боломжгүй. Нөгөө талаар зам тээврийн осолд хохирол учруулсан гэж тайлбарладаг. Нэгэнт М ХХК -ийн өмчлөлд байгаа автомашинд хохирол учирсан байгаа тохиолдолд 29,000,000 төгрөгийг гуравдагч этгээд Х ХХК нь хэн нэгнээс нэхэмжлэх боломж байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг тал бүрээс нь бодиттойгоор үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч С ХХК тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч С ХХК , Б.Н нарт холбогдуулан * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 0 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК нь С ХХК -ийн барьж буй * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын 0 м.кв талбайтай 2 өрөө К айлын орон сууц нь Х ХХК өмч болохыг тогтоолгох шаардлага гаргасныг зохигчид эс зөвшөөрч маргажээ.

5. С ХХК , Х ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Х ХХК нь Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн бетон зуурмагийн үйлдвэрээс Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй С ХХК -ийн барилгад чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 1.4-т зааснаар бетон зуурмагны үнэд * дүүргийн 29 дүгээр хороо, Москва хотхоны А, Б байрны 1 м.кв-ын үнэлгээг 2,000,000 төгрөгт тооцон орон сууцыг бартераар шилжүүлэхээр тохиролцсон байх ба талууд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дүгээр орон сууц захиалан худалдан борлуулах гэрээний 4.1-д заасан * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент II төслийн байрны А блок 2, 4, 13 давхарын 2 өрөө бүхий 5 орон сууцыг бетон зуурмагийн төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна./хх42-45, 46-49/

5.1. Х ХХК -ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21/108 дугаар тоот албан бичигт ...манай компани нь С ХХК -тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үндсэн дээр бартерт нь авсан бөгөөд маргаан бүхий орон сууцыг Б.Н гийн нэр дээр захиалгын гэрээ байгуулж өгнө үү гэх /хх 107-108/ хүсэлтийг үндэслэн С ХХК нь Б.Н тай орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт УНД , 0 улсын дугаартай миксер автомашинуудыг төлбөрт тооцохоор тохиролцжээ. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн гэж тус тус үзэх үндэслэлтэй.

5.2. Улмаар орон сууцны өмчлөх эрхийг хууль болон гэрээний дагуу олж авсан Б.Н нь маргаан бүхий орон сууцыг С.О-од худалдан борлуулахыг зөвшөөрсөн бөгөөд С ХХК , С.О- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 0 м.кв 2 өрөө К айлын орон сууцны үнэ м.кв нь 2,000,000 төгрөг НӨАТ ороогүй нэрлэсэн үнээр тооцогдох ба бартерын нөхцлөөр харилцан тохиролцсон байна./хх5-8/

5.3. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

5.4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт тус тус заасан худалдах, худалдан авах гэрээ болон арилжааны гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

6. Нэхэмжлэгч С.О- нь тус орон сууцны үнэд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 27,707,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 39,050,000 төгрөг, 37,222,000 төгрөг, 21,000 төгрөг, нийт 104,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон/хх9-12/ бөгөөд тэрээр гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн учраас маргааны зүйл болж буй А блок 2 давхарын * м.кв 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

7. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч С.О-ыг * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 0 м.кв 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

8. Х ХХК , Б.Н нарын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй боловч Б.Н гийн хүсэлтийн дагуу С ХХК -ийн зүгээс УНД , УАК улсын дугаартай миксер 2 автомашины бүртгэлийг Х ХХК -д шилжүүлэх боломжтой гэсэн баримт, гэрч В.Ө-ын ...хагас жилийн баланс гарахад бүртгэлд орсон, машин компанийн нэр дээр шилжээгүй байсан. Энэ 2 машины оронд байр өгсөн гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдийн эзэмшлийн лавлагаа зэргээс дүгнэвэл Х ХХК нь уг 2 автомашиныг эзэмшиж, ашигласан байх тул арилжааны гэрээний дийлэнх хэсэг биелэгдсэн, гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

8.1. Гэвч Х ХХК нь өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд уг автомашинууд нь М ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул уг арилжааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Иймээс уг арилжааны гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа нь хариуцагч С ХХК -тай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч С.О-ын шаардах эрхэд хамаарахгүй.

9. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК -ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Мөн нэхэмжлэлийн хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ыг * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 0 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул * дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 0 м.кв талбай бүхий 2 өрөө К айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын ...этгээдэд гэсний дараа ...хариуцагч С ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 677,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-од олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 678,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН