Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/00110

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 30

101/ШШ2023/00110

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Энэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХКхолбогдох

 

Баянзүрх дүүрэг, ******* хороо, 0тоот, 1 өрөө 37,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, гэрээний алдангид 1,079,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, Э.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Э нь Д ХХК-тай Баянзүрх дүүрэг, ******* ороо 0тоот 1 өрөө 37,6 мкв талбайтай орон сууц захиалан 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр №ОСЗГ-2012 дугаартай гэрээг байгуулсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн үүрэг болох 37,224,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээ ёсоор байр маань 2021 оны 02 дугаар улиралд өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 30-нд ашиглалтад орох байсан. Гэтэл байр одоо 2022 оны 6 дугаар сард улсын комисст өгч айлууд нь нүүж орж байна. Намайг түлхүүрээ авахаар очиход мөнгө нэмж төл гээд өгөхгүй байна. Би гэрээ байгуулсаны дараа ажлын 3 өдөрт багтаан бүх мөнгөө төлсөн. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр хүсэлтээ шуудангаар явуулсан. Мөн гэрээний 5.1.9 -д заасны дагуу товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,01 хувийн алдангийг надад төлөх ёстой. Байр маань гэрээнд заасан хугацаанаас 60 хоногийг хасаад 290 хоног хугацаа хэтрүүлсэн тул 37,224,000 төгрөгийн 0,01 хувь нь 3.722 төгрөг, 290*3,722 төгрөг = 1,079,496 төгрөг болж байна. ******* овогтой ******* нь нэхэмжлэгч Г.Эийн төрсөн охин бөгөөд төлбөрийг шилжүүлсний дараа Г.Э нь хариуцагч компани дээр очиж, тодорхойлолт хийлгэж авсан байдаг. Хариуцагч нь гэрээгээ цуцалж байна гэх тайлбар нь үндэслэлгүй, би буцаан шилжүүлсэн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Бгийн данснаас буцаагаад шилжүүлсэн байгаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн ******* ороо 0тоот 1 өрөө 37.6 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Д ХХК-д байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, гэрээгээр товлосон хугацаандаа байр ашиглалтад оруулаагүй тохиолдолд төлөх ёстой алданги 1,079,500 төгрөгийг Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.Г, Э.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д ХХК нь барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Барилгын бараа материалын үнэ огцом нэмэгдсэн учир бидний зүгээс захиалагчдыг дуудан уулзаж материалын нэмэгдэлтэй холбоотой орон сууцны захиалгын үнэд нэмэгдэл үүсэх болсныг танилцуулж нэмэлт гэрээг байгуулсан. Мөн Хаан банкнаас нэмэлт зээл авч барилгын ажлыг гүйцэтгэж дууссан билээ. Нэхэмжлэгчтэй удаа дараа утсаар ярьж бий болоод буй зүйлийг тайлбарлаж, ирж уулзах хүсэлтийг олон удаа тавьсан. Нэхэмжлэгч нь уулзаагүй бөгөөд орон сууц ашиглалтад ороход ирж байраа авах талаар ярьсан. Бараа материалын үнэ нэмэгдснээс үүдэн бидний зүгээс 37,224,000 төгрөгт орон сууцыг барьж хүлээлгэж өгнө гэдэг санхүүгийн хувьд боломжгүй болсон. Орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаа болон бараа материалын үнийн нэмэгдэл нь манай компанийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ОСЗГ-2012 дугаар Орон сууц захиалгын гэрээ-р захиалагч Г.Э нь гэрээний 3.1-д зааснаар орон сууцны үнэ болох 37,224,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж оролцсон байдаг. Тухайн үед захирал Э.Мын Голомт Банкны 0тоот дансанд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 19,224,000 төгрөг, мөн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 18,000,000 төгрөгийг 0 тоот данснаас шилжүүлсэн байсныг манай компани ноцтой андуурч захиалагч Г.Эийг шилжүүлсэн гэж ойлгож байсан. Гэтэл төлөөлөгч, өмгөөлөгч бид хэргийн материалтай танилцахад хавтаст хэргийн 12,13 дугаар талд авагдсан Голомт банкны баримтаар 2020 оны 5 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд нийт 37,224,000 төгрөгийг ******* овогтой ******* гэх хүнээс шилжүүлсэн болохыг олж мэдлээ. Өөрөөр хэлбэл манай компани нь орон сууцны үнийг Г.Э төлсөн гэж ойлгож байсан боловч гэрээний оролцогч бус Б.Б гэх хүн /ямарч хамааралгүй/ мөнгийг шилжүүлсэн байсныг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас олж мэдсэн. Компанийн зүгээс буюу гүйцэтгэх захирал Э.М нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээр дурьдсан 0 тоот дансанд 19,224,000 төгрөг, мөн 18,000,000 төгрөг, нийт 37,224,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2-т зааснаар үнийг хугацаанд нь бүрэн төлсөнөөр өмчлөх эрх олж авах эрх үүсдэг. Гэтэл захиалагч Г.Эийг төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Бид гэрээгээ цуцалсан тул төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлээр захиалагч Г.Э нь төлбөр төлсөн нь нотлогдохгүй, нэгэнт компанийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан ОСЗГ-2012 гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч талын шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, монгол шуудангийн баримт, 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ОСЗГ-2012 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны план зураг, Г.Эийн иргэний үнэмлэх, Д ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20/08 дугаартай тодорхойлолт, Голомт банкны 2020 оны 5 дугаар сарын 04,05-ны өдрийн мемориалын баримт, нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл, Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн баримт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2558 дугаартай тодорхойлолт, Б.Бгийн төрсний гэрчилгээ, Б.Бгийн иргэний үнэмлэх, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б.Бгийн тодорхойлолтыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэл, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/202146635614 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/202146635614, БГҮ/202146635614 дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээний хавсралт2, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, Д ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/99 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, иргэн И.Амарзаяагийн өргөдөл, Д ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21/101 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ОСЗГ-2007/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, Д ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21/102 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, иргэн Ч.Мөнхзулын хүсэлт, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ОСЗГ-2003/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21/104 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ОСЗГ-2031/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21/105 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ОСЗГ-2023/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, уг гэрээний хавсралт 1, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21/106 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, иргэн Б.Бийн хүсэлт, тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 21/125 дугаартай Хариу хүргүүлэх нь албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ОСЗГ-2005/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, уг гэрээний хавсралт 1, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21/108 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-2015/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21/107 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ОСЗГ-2016/02 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, уг гэрээний хавсралт 1, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21/109 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, Д.Угийн өргөдөл, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/114 дугаартай Хариу хүргүүлэх нь албан бичиг, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21/110 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/113 дугаартай Хариу хүргүүлэх нь албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-2017/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/111 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ОСЗГ-2014/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, иргэн А.Бгийн хүсэлт, тус компанийн 2021 оны 7 дугаар сарын 21,22-ны өдрийн 21/115, 21/116, 21/117 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, иргэн Г.Гын өргөдөл, тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/128 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, иргэн Р.Агийн хүсэлт, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ОСЗГ-2013/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, уг гэрээний хавсралт 1, тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 09,25-ны өдрийн 21/129, 21/148 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ОСЗГ-2019/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 21/179 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ОСЗГ-2011/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 21/180 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ОСЗГ-2006/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, уг гэрээний хавсралт 1, иргэн Б.Бийн хүсэлт, тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21/197 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ОСЗГ-2009/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, иргэн О.Оийн хүсэлт, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ОСЗГ-2001/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ОСЗГ-2010/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, уг гэрээний хавсралт 1, иргэн Т.Мны хүсэлт, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ОСЗГ-2025/01 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нэмэлт, иргэн П.ийн хүсэлт, И эл би партнерс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/626 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/17 дугаартай Мэдэгдэлд хариу хүргүүлэх нь албан бичиг, иргэдийн хүсэлт, С.О, Б.Г өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэл, Голомт банкны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөрийн баримтууд, 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ОСЗГ-2012 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, Д ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/98 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай нь албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Г.Эийн хүсэлт, Э.Т өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хариуцагчийн нэмэлт тайлбар, монгол шуудангийн баримт, Д ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 619 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг, Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн баримтыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/******* дугаартай захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БА-171/20*******тай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ийг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д ХХК холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, 0тоот, 1 өрөө 37,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, гэрээний алдангид 1,079,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Д ХХК нь Г.Эийг төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй тул бид гэрээгээ цуцалж, төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Д ХХК болон Г.Э нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ОСЗГ-2012 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч Г.Э нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, 0 тоот, 12 дугаар давхарт байрлах, 37,6 мкв талбайтай, 1 өрөө, 1 мкв-ын үнэ нь 990,000 төгрөг ба нийт 37,224,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захиалж, гүйцэтгэгч Д ХХК нь 2021 оны 02 дугаар улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4б. Дээрх гэрээний 3.3-т гэрээ байгуулсан өдөр Хаан банкны 2 тоот дансанд төлбөрийг төлөхөөр зааж, Гэрээ байгуулсан хэсгийн доод талд Э.Мөнхбаярын эзэмшлийн Хаан банкны 0 тоот дансны дугаарыг бичжээ.

 

4в. Д ХХК болон Г.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ОСЗГ-2012 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-г зохигчид хэн хэн нь хэргийн материалд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрээний Гэрээ байгуулсан хэсгийн доод талд гараар Э гэсэн бичиглэл байх бөгөөд энэхүү дансанд төлбөрийг шилжүүлээрэй гэсний дагуу Г.Эийн төрсөн охин ******* овогтой ******* нь өөрийн 0 тоот данснаас 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 18,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 19,224,000 төгрөг, нийт 37,224,000 төгрөгийг Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мын ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Б.Бгийн төрсний гэрчилгээ, Б.Бгийн иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

 

4г. Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Э томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000203071 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

4д. Ийнхүү Г.Э нь дээрх төлбөр төлсөн баримтыг Д ХХК-д үзүүлж, улмаар Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20/08 дугаартай тодорхойлолтоор Манай байгууллага нь иргэн Г.Э /РД:0/-тай ОСЗГ 20/12 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд захиалагч Г.Э нь 2020.05.05-ны өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлж, тооцоогүй болох нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг Г.Эт гаргаж өгсөн байна.

 

4е. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д Компани нь орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заасан байх бөгөөд иргэн Э.М, Д ХХК-ийн захиалгатай Баянзүрх дүүргийн ******* хороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 13 давхар 1 блок хүчин чадал бүхий 16 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 108 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт БА-171/20*******тай 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байна.

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Г.Э нь гэрээгээр тохирсон төлбөр болох 37,224,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлж, үүргээ биелүүлсэн байна.

 

5а. Харин хариуцагч Д ХХК нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцсаны дүнд ... 2020 оны 5 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд нийт 37,224,000 төгрөгийг ******* овогтой ******* гэх хүнээс шилжүүлсэн болохыг олж мэдсэн, манай компани нь орон сууцны үнийг Г.Э төлсөн гэж ойлгож байсан боловч гэрээний оролцогч бус Б.Б гэх хүн /ямарч хамааралгүй/ мөнгийг шилжүүлсэн байсныг гүйцэтгэх захирал Э.М нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр андуурсан гүйлгээ гэж буцаан шилжүүлсэн гэж маргаж, тайлбар гаргаж байна.

 

6. Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М нь өөрийн ******* тоот данснаас Б.Бгийн 0тоот дансанд Андуурсан гүйлгээ гэсэн утгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг болон 19,224,000 төгрөгийг шилжүүлсэн, Б.Б нь өөрийн данснаас 37,224,000 төгрөгийг Эг С блок 3 дугаар байр G тоот 12 давхар гэсэн утгаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлснийг Э.М нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Эн гэрээ цуцалсны буцаалт гэсэн утгаар 37,224,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Эийн хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхад хариуцагч Д ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Г.Эийн төлсөн төлбөрийг андуурсан гүйлгээ гэсэн утгаар шилжүүлж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 619 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх нь гэсэн мэдэгдлийг Г.Эт өгч буй нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

 

8. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-т Энэхүү орон сууцны захиалгын үнийг барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ /НӨАТ багтаагүй/. Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд компани захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасан байх бөгөөд Д ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/98 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай нь албан бичгийг Иргэн Г.Э-т явуулсан байх боловч Г.Э хүлээн авсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т нь Д ХХК-ийн фэйсбүүк групп чатад үнийн өсөлттэй холбоотойгоор гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах талаар нийтэд чиглэсэн байдлаар мэдэгдлийг хүргүүлсэн, мөн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрт давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар хандсан боловч хариу нь гараагүй байна гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр барилгын материалын үнийн өсөлт, ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд эхлээд гэрчилгээгээ гаргуулж, нөхцөл байдлаа гэрээний нөгөө талдаа ойлгуулж, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй байсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ Г.Э нь гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн байх тул Баянзүрх дүүрэг, ******* хороо, 0тоот, 37,6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Эийг тогтоох нь зүйтэй байна.

 

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгч Д ХХК нь орон сууцыг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БА-171/20*******тай комиссын дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байх тул дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

11. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.1.9-д Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги тооцож захиалагч талд олгоно... гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Гэрээний 4.1-д зааснаар хариуцагч нь орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирсон бөгөөд дээр дурдсанчилан 1 жилийн дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад оруулсан буюу 60 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн, ийнхүү хугацаа хэтрүүлсэн шалтгаантай холбоотой баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 290 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, нийт төлбөр болох 37,224,000 төгрөгийн 0,01 хувиар тооцон /1 өдрийн алданги 3722.4 төгрөг/ 1,079,496 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бд шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцож буй оролцогч нар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн ба хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 444,728 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүрэг, ******* хороо, 0тоот, 37,6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Эийг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Г.Эт гаргаж өгөхийг хариуцагч Д ХХК-д даалгаж, хариуцагч Д ХХК-иас алданги 1,079,496 /нэг сая далан есөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 444,728 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ