Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00631

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00631

 

                                               

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/00110 дугаар шийдвэртэй Г.Э-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, алдангид 1,079,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие “Д” ХХК-тай Баянзүрх дүүрэг, 22 дугаар ороо Дэлгэрэх Апартмент С блок, 3 дугаар байрны 12 давхарт G тоот 1 өрөө 37,6 м.кв талбайтай орон сууц захиалан 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №ОСЗГ-2012 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 37,224,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээ ёсоор байр 2021 оны 02 дугаар улиралд буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орох байсан. Гэтэл байр 2022 оны 06 дугаар сард улсын комисст өгч айлууд нь нүүж орж байна. Намайг түлхүүрээ авахаар очиход мөнгө нэмж төл гээд өгөхгүй байна. Би гэрээ байгуулсны дараа ажлын 3 өдөрт багтаан бүх мөнгөө төлсөн. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр хүсэлтээ шуудангаар явуулсан. Мөн гэрээний 5.1.9-д заасны дагуу товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,01 хувийн алдангийг надад төлөх ёстой. Гэрээнд заасан хугацаанаас 60 хоногийг хасаад 290 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул 37,224,000 төгрөгийн 0,01 хувь нь 3,722 төгрөг, 290*3,722 төгрөгөөр тооцоход 1,079,496 төгрөг болж байна. Борхүү овогтой Болортуяа нь нэхэмжлэгч Г.Э-ийн төрсөн охин бөгөөд төлбөрийг шилжүүлсний дараа Г.Э- нь хариуцагч компани дээр очиж, тодорхойлолт хийлгэж авсан байдаг. Хариуцагч нь гэрээ цуцалж байна гэх тайлбар нь үндэслэлгүй, би буцаан шилжүүлсэн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Б-гийн данснаас буцаагаад шилжүүлсэн болно.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар ороо Дэлгэрэх Апартмент С блок 3 дугаар байрны 12 давхарт G тоот 1 өрөө 37.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, гэрээний алдангид 1,079,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:Д” ХХК нь барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Барилгын бараа материалын үнэ нэмэгдсэн учир бидний зүгээс захиалагчдыг дуудан уулзаж материалын нэмэгдэлтэй холбоотой орон сууцны захиалгын үнэд нэмэгдэл үүсэх болсныг танилцуулж нэмэлт гэрээг байгуулсан. Мөн Хаан банкнаас нэмэлт зээл авч барилгын ажлыг гүйцэтгэж дуусгасан. Нэхэмжлэгчтэй удаа дараа утсаар ярьж бий болоод буй зүйлийг тайлбарлаж, ирж уулзах хүсэлтийг олон удаа тавьсан ч нэхэмжлэгч ирж уулзаагүй бөгөөд орон сууц ашиглалтад ороход ирж байраа авах талаар ярьсан. Бараа материалын үнэ нэмэгдсэнээс үүдэн бидний зүгээс 37,224,000 төгрөгт орон сууцыг барьж хүлээлгэж өгнө гэдэг санхүүгийн хувьд боломжгүй болсон. Орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаа болон бараа материалын үнийн нэмэгдэл нь компанийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ОСЗГ-2012 дугаар орон сууц захиалгын гэрээгээр захиалагч Г.Э нь гэрээний 3.1-д зааснаар орон сууцны үнэ 37,224,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Тухайн үед захирал Э.М-ын Голомт Банкны 1235116097 тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19,224,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18,000,000 төгрөгийг 1105054498 тоот данснаас шилжүүлснийг манай компани ноцтой андуурч захиалагч Г.Э-ийг шилжүүлсэн гэж ойлгож байсан. Гэтэл бид материалтай танилцахад хэргийн 12,13 дугаар талд авагдсан Голомт банкны баримтаар 2020 оны 05 дугаар сарын 04,05-ны өдөр нийт 37,224,000 төгрөгийг Борхүү овогтой Болортуяа гэх хүнээс шилжүүлсэн болохыг мэдлээ. Өөрөөр хэлбэл, манай компани орон сууцны үнийг Г.Э төлсөн гэж ойлгож байсан боловч гэрээний оролцогч бус Б.Болортуяа /ямар ч хамааралгүй/ мөнгийг шилжүүлснийг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас мэдсэн. Компанийн гүйцэтгэх захирал Э.М нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээр дурдсан 1105054498 тоот дансанд 19,224,000 төгрөг, мөн 18,000,000 төгрөг, нийт 37,224,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар үнийг хугацаанд нь бүрэн төлснөөр өмчлөх эрх олж авах эрх үүсдэг. Гэтэл захиалагч Г.Э-ийг төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Бид гэрээгээ цуцалсан тул төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн.

Иймд дээрх үндэслэлээр захиалагч Г.Э төлбөр төлсөн нь нотлогдохгүй, компанийн зүгээс ОСЗГ-2012 тоот гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч талын шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 3 дугаар байр, 12 давхар, G тоот, 37,6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Э-ийг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Г.Э-т гаргаж өгөхийг хариуцагч “Д” ХХК-д даалгаж, хариуцагч “Д” ХХК-аас алданги 1,079,496 /нэг сая далан есөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 444,728 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-т олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан "Орон сууц захиалгын гэрээ" хүчин төгөлдөр эсэх, талууд гэрээг цуцалсан эсхүл гэрээнээс татгалзсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны гол зүйл нь төлбөр төлөгдсөн эсэх, гэрээнээс татгалзсан гэж талууд мэтгэлцэж байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан ОСЗГ-2012 дугаартай орон сууц захиалгын гэрээний захиалагч Г.Э тохиролцсон дансанд төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч тухайн дансанд төлбөр төлөөгүй. Гэрээний нэг тал биш этгээдийн дансанд төлбөр төлсөн, шүүх шийдвэр гаргах цаг хугацаанд гэрээний төлбөр төлөгдөөгүй байхад шүүх төлбөр бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзнэ. Г.Э-ийг 37,224,000 төгрөгийг төлсөн гэж ойлгож байсан боловч нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч хэргийн материалтай танилцах явцад /хэргийн 12, 13 талд/ уг төлбөрийг Б.Б гэгч этгээд төлсөн байсныг мэдсэн. Б.Б нь ОСЗГ-2012 дугаартай орон сууц захиалгын гэрээний нэг тал биш учраас хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Болортуяагийн харилцах дансанд 37,224,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдоно. Энэ нөхцөл байдал нь Г.Э болон "Д" ХХК-ийн хооронд гэрээ хэлбэрийн хувьд байгуулагдсан боловч агуулгын хувьд бодит байдалд хэрэгжээгүй байхад ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Шүүхээс Б.Б нь өөрийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлснийг Э.М нь 2022 оны 12 дугаар сарын сарын 29-ний өдөр "Энхтунгалагийн гэрээ цуцалсны буцаалт” гэсэн утгaap 37,224,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэчихэд төлбөр бүрэн төлөгдсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх төлбөрийг буцаан шилжүүлсэн буюу төлбөр бодитоор төлөгдөөгүй гэж дүгнэлт хийж Г.Э-ийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байхаас гадна хоорондоо зөрүүтэй, хоёрдмол утгатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай байдаг ба өмчлөх эрх гэрээ хэлцлийн үндсэн дээр эсхүл хуульд заасан аргаар үүсдэг. Энэ тохиолдолд өмчлөх эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүссэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч гэрээний төлбөр төлөх үүрэг биелэгдээгүй гэж үзэхээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт хэсэгт заасны дагуу үнэ төлөгдөөгүй байхад үнийг төлсөн гэж хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалгын гэрээ"-г хүчин төгөлдөр эсэх талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний оролцогч биш Б.Б-ийн шилжүүлсэн 37,224,000 төгрөгийг андуурсан гүйлгээ гэсэн утгаар буцаан шилжүүлж Г.Э-т "Гэрээ цуцлах мэдэгдэл"-ийг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн гэвч мэдэгдлийг хүлээн авсан талаар баримт хэрэгт авагдаагүй гэж шүүх дүгнэсэн боловч түүнийг гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн аваагүй гэж зөвтгөх үндэс болохгүй. Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт хэсэгт заасныг анхаараагүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч барилгын м.кв-н үнийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй буюу нэмэлт гэрээ байгуулахаас татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 220.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч гэрээс татгалзах эрхтэй ба хуульд заасан зохих журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан үйл баримт нотлогддог. Ковид-19 цар тахлын улмаас төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон нь Иргэний хуульд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд тооцогдох тул талуудын хэн аль нь гэрээгээр тогтоосон алданги, торгууль төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөхөөр байхад шүүх огт анхаараагүйд гомдолтой. Мөн 2020 оны 03 сараас хойш барилгын салбарт бараа, материалын үнэ өссөн эсэх, барилгын гол нэрийн бараа болох арматур төмөр, бетон зуурмаг, хайрга, элсний үнэ өссөн эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоох шаардлага үүсэж байгаа тул уг асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байсан ба бараа материалын үнийн өсөлттэй холбоотой баримтууд нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, цуглуулсан гэж үзэхээр байх ба хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлох баримтуудыг гарган өгөх боломжийг шүүх хязгаарлаж шүүх хуралдааныг хийсэн нь буруу.

Нөгөөтэйгүүр "Д" ХХК-ийн фэйсбүүк групп чатад үнийн өсөлттэй холбоотойгоор гэрээндээ өөрчлөлт оруулах талаар нийтэд чиглэсэн байдлаар мэдэгдлийг хүрүүлж байсан. Үүний дагуу нэр бүхий захиалагч нар гэрээндээ өөрчлөлт оруулсныг дурдах нь зүйтэй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/00110 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний үйлчлүүлэгч одоо 65 нас хүрч байгаа, тэтгэврийн насны, ганц бие хүн. Хүүхдүүд нь ээждээ орон сууц авч өгөхөөр болж ээж нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин нь мөнгийг шилжүүлсэн. Орон сууцаа авахаар очиход “та мөнгө төл” гэсэн бөгөөд манай талд мэдэгдэл өгсөн, утсаар ярьсан, удаа дараа мэдэгдсэн гэх боловч шүүх энэ бүгдийг нэг бүрчлэн асууж тодруулахад Г.Э мэдэгдэл өгсөн гэх баримтгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлбөрөө төлсөн байхад хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буцаан шилжүүлсэн. Хариуцагч тал гэрээний оролцогч биш н.Б мөнгө шилжүүлсэн гэж маргадаг. Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр зүйлд Б.Б нь нэхэмжлэгч Г.Э-ийн төрсөн охин гэдгийг тогтоосон. Б.Ба өөрийн тайлбар болон төрсний гэрчилгээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг гаргаж өгсөн. Хариуцагч тал гэрээнээс татгалзаж байгаа бол нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой энэ талаар баримтгүй, хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргах байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн дагуу үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, алдангид 1,079,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ОСЗГ-2012 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулагдаж, захиалагч Г.Э нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 3 дугаар байрны G тоот, 12 дугаар давхарт байрлах, 37.6 м.кв талбайтай, 1 өрөө, 37,224,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захиалж, гүйцэтгэгч “Д” ХХК нь 2021 оны 02 дугаар улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Э гэрээний үүргийг бүрэн биелүүлж 37,224,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй. Тодруулбал, орон сууцны үнэ 37,224,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Г.Э-ийн охин Б.Б нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Э.М-ын дансанд шилжүүлснийг хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Э-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох бөгөөд нэхэмжлэгч Б.Э-гийн өмнөөс Б.Б гэрээний төлбөр төлснийг үүргээ гүйцэтгэж биелүүлсэнд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Э-ийн өмнөөс Б.Б төлбөр төлснийг гүйцэтгэвэл зохих этгээд төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийгээгүй боловч үйл баримтыг зөв тогтоосон гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Иймд гэрээ байгуулагдсан боловч хэрэгжээгүй гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Мөн орон сууцны захиалгын гэрээний 3.2-т “...орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орсон тохиолдолд компани захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч талаас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/98 дугаартай “орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орох тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотолж чадаагүй, нэхэмжлэгч Г.Э-т уг мэдэгдлийг хүргүүлсэн гэх байдал  хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд талууд орон сууц захиалгын гэрээний нөхцөлийг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг харилцан шаардах эрхтэй, энэ энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нь гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн гэрээ цуцалсан гэх гомдлын үндэслэлийг хүлээн авч боломжгүй.

4.3. Алданги гаргуулах нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигч гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, уг үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр бичгийн гэрээгээр тохиролцсон эсэх, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон эсэх үйл баримтыг тогтооно.

Орон сууцны захиалгын гэрээний 5.1.9-д талууд алдангийн талаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн БА-171/2022 дугаартай комиссын дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байх тул энэ хугацааны алдангийг тооцон 1,079,496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Ковид-19 цар тахлын улмаас төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон нь Иргэний хуульд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд тооцогдох тул талуудын хэн аль нь гэрээгээр тогтоосон алданги, торгууль төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн ч талууд энэ талаар гэрээндээ тусгаагүй төдийгүй гэрээг цар тахал гарснаас хойш буюу 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан байх тул гэрээ байгуулах үед мэдэгдээгүй, эсхүл мэдэгдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “2020 оны 03 дугаар сараас хойш барилгын салбарт бараа материалын үнэ өссөн эсэх асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэсэн байх боловч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Мөн “хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлох баримтуудыг гарган өгөх боломжийг шүүх хязгаарласан” гэх гомдолд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг үндэслэсэн нь оновчгүй болжээ. Тус зохицуулалтад эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих асуудлыг зохицуулсан байх ба ажил гүйцэтгэх гэрээний хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж нарийвчлан зохицуулсан байна. Иймд хууль хэрэглээний зарчмаар тухайн маргаантай харилцааг илүү нарийвчлан зохицуулсан заалтыг баримтлах нь оновчтой юм.

 6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/00110 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “112 дугаар зүйлийн 112.1,” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА                            

                                           ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР                         

                                                                                               Д.БЯМБАСҮРЭН