Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00141

 

 

 

 

 

 

 

2023 01 02

101/ШШ2023/00141

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н ХХК /регистрийн дугаар 5790883/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я.Ц холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,992,144.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.Ц /регистрийн дугаар ЧР68082061/,

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагч Я.Ц,

Гуравдагч этгээд Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ББСБ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Я.Цтэй №ЗГ-1240001307 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №БГ-1240001307 тоот барьцааны гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а гудамж 30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 100 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0дугаартай 600 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий өмчлөх эрх бүхий газрыг тус тус барьцаалан Улсын бүртгэлийн газарт хуульд заасан холбогдох журмын дагуу бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс огт төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлээс 8,000,000 төгрөг, хүү 9,930,691.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,061,453.04 төгрөг, нийт 18,992,144.70 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Я.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Я.Ц миний бие 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н ББСБ ХХК-иас өөрийн хийж байгаа ажилдаа хөрөнгө оруулах зорилгоор 8,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан юм. Зээлээ төлж барагдуулах үүргээ сайн дураар ухамсарлаж байгаач олон нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн болно. Тухайн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Богд ар хороололд иргэн н.Хосбаярын өмчлөлийн орон сууцыг түрээслэн үсчин, гоо сайханы салон ажиллуулж, өөрийн хөрөнгөөр тохижуулан ажиллаж эхэлсэн. Шинээр эхэлж байгаа үйлчилгээний газар хүнээ татаж, ажил жигдэртэл 6 сараас 1 жилийн хугацаа шаардлагатай байдаг болохоор хэсэг хугацааны дараа орлого сайжрахыг тэвчээртэй хүлээж, тухайн үеийн хямралыг даван туулж, ажиллаж байсан. Зээлийн зарцуулалт 5,000,000 төгрөгийг түрээсийн өрөнд, 2,000,000 төгрөгийг барьцааны хөрөнгийг суллаж төлсөн, өмчлөгчийн хэрэгцээнд, 1,000,000 төгрөгийг зээл авахад төлсөн зардал. Зээл төлөгдөхгүй удсан нөхцөл байдлын хувьд шинээр үүд хаалгаа нээсэн үйлчилгээний газрын орлого бага, хүнээ татах, ажилчидаа тогтоон ажиллуулах гэх мэтийн саад бэрхшээл их байсан. Мөн миний аав 2019 оны 11 дүгээр сараас бие нь өвдөж хүнд өвчин туссан нь оношлогдсон. Тиймээс миний бие аавыгаа асрах болж, ажлаа хийж чадахгүйд хүрч, түрээслэн ажиллаж байгаа ажилдаа анхаарал тавьж чадахгүй болсон. 2020 оны 02 дугаар сараас байрны түрээслэгч н.Хосбаяр өөрийн охин эмнэлэг байгуулан ажиллах болсон тул ажлын байрыг суллаж өгөхийг шаардсан. Үүнээс шалтгаалан суудал түрээслэн ажиллаж байсан түрээслэгчид түрээсээ өгөлгүй өр тавьж гарсан. 2020 оны 3 дугаар сарын 01-нээс түрээсийн байрыг суллаж хүлээлгэн өгсөн. Өөрийн хөрөнгөөр 29,000,000 төгрөгөөр засаж тохижуулсан тохижилтыг тухайн түрээслэгчид үлдсэн. Бусад тоног төхөөрөмж эд хэрэгсэл тавилга, сандал ширээнүүд, ханын тавиур полк зэргийг мэргэжил нэгт н.Цд гэрээ хийж өгсөн боловч өдийг хүртэл авч чадаагүй байна. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрч, миний ажиллаж байгаа салбар /үйлчилгээний/ хамгийн түрүүнд хөл хорионд орж, хамгийн сүүлд хөл хорио цуцлагдаж байсан. 2021 оны 02 дугаар сард түрээсийн ширээ түр ажиллаж эхэлсэн боловч орлого багатай зээлээ төлөх ямарч боломж байгаагүй. Миний бие зээлээ төлөх зорилгоор тухай тухай үед нь хэд хэдэн удаа хүмүүстэй хамтарч юм хийсэн боловч амжилт олоогүй, харин ч алдагдалд орсон. Энэ бүх нөхцөл байдлаа эдийн засагчидаа хэлж зээлийн хүүг зогсоож өгөхийг гуйж байсан. Тодорхой үнээр зээл төлөх хүсэлт тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй учир 2022 оны эхээр шүүхэд өгч энэ хүүг зогсоохыг гуйж, шаардаж хүртэл хэлсэн. Зээл авахад барьцаа хөрөнгөнд нь өөрийн үеэл ах болон бэр эгчтэйгээ ярилцаж, тэдэнд хэрэгтэй байгаа мөнгийг зээлээс гаргаж өгсөн. Зээлийн хугацаанд хэрэглэсэн мөнгөнийхөө дүнгээр төлөхөөр тохиролцсон байсан боловч үеэл ах минь гэнэт өвчнөөр нас барсан. Ингээд ганц бие, бие муутай бэр эгч минь үлдэж, зээлээ төлөх боломжгүй байсан. Ингээд би бэр эгчийгээ гудамжинд гаргахгүйн тулд өөрөө төлж барагдуулах болсон.

Иймд дээрх миний ар гэрийн гачигдал болон дэлхийн нийтийг хамарсан цах тахлын улмаас хөл хорионд орсон давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдлыг харгалзан үзэж тус байгууллагаас нэхэмжилж байгаа зээлийн дүнг 2,5 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасч төлүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч тайлбар гаргаж байна гэв.

 

3. Гуравдагч этгээд Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагчийн тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Зээлийн барьцаанд орон гэрээ тавьсан, хураалгахгүй байх хүсэлтэй байна. Зээлийн хүүгээс нь багасгаад өгвөл дүүтэйгээ нийлээд төлчихмөөр байна гэв.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Я.Цийн зээлийн тооцоолол, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-1240001307 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БГ-1240001307 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-нүүд, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлүүд, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 000401806 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 000529735 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаалбар, Я.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ц.Цийн иргэний үнэмлэх, Я.Цийн зээлийн дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбар ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гуравдагч этгээдийн хувьд бичгийн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/26855 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ц.Цийн гаргасан өргөдөл, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Я.Цийн гаргасан хүсэлт, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, эд хөрөнгийн жагсаалт гэсэн баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Я.Цэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,930,691.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,061,453.04 төгрөг, нийт 18,992,144.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Я.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс тодорхой хэмжээнд хасч тооцуулах тайлбар гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд түүний тайлбарыг дэмжиж оролцож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Н ББСБ ХХК нь Я.Цтэй 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ-1240001307 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг сарын 3,80 хувь байхаар, бизнесийн зээлийн зориулалтаар зээлж, хариуцагч нь зээлийг хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ биелүүлээгүй буюу нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй болох нь зохигчдын тайлбар, Я.Цийн зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

3б. Дээрх зээлийн гэрээний үндсэн хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусахаар байхад зээлдэгч Я.Ц нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн эргэн төлөлт хийх хугацааг 2020 оны 9 дүгээр сар хүртэл сунгаж өгөх хүсэлтийг Н ББСБ ХХК-д гаргаж байсан байна.

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

4а. Хариуцагч нь зээлийн төлөлтийг гэрээнд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-т зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 3,80 хувь байхаар тохирсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад нийцсэн, энэхүү агуулгаараа 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл гэрээний үндсэн хугацааны, мөн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойшхи шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд тус тус 9,930,691.66 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

4б. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т Нэмэгдүүлсэн хүү: 30 хоногт хүүний 20 хувь /нэмэгдүүлсэн хүүг хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно гэж, 4.2.1/Б-д Энэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй, дуусгавар болсон тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцож төлүүлэх эрхтэй гэж тохирсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Учир нь нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй буюу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй тохиолдолд зээлдэгч Я.Цээр үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү дээр нэмж төлүүлэх, гэрээгээр тодорхойлсон хариуцлага ба ийнхүү нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үндсэн гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй юм.

 

Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээний тохиролцооноос үзэхэд сар бүрийн төлөлтөө хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор, эсхүл гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдүүлсэн тооцохоор буюу хоёрдмол агуулгаар гэрээнд тусгагдсан, энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1,061,453.04 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

5. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар хариуцагч Я.Ц нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хугацаандаа гүйцэтгээгүй, энэхүү нөхцөл байдал нь анхнаасаа ойлгомжтой байсан байх ба гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ хууль болон гэрээнд зааснаар даруй шаардаагүйгээс хариуцагчийн төлөх хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр ийм нөхцөл байдал байгаа боловч хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд төлж, эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй байна.

 

6. Хариуцагч Я.Цийн хувьд тодорхой шалтгаануудыг дурдаж зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулж байсан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

7. Н ББСБ ХХК нь Я.Цтэй 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр БГ-1240001307 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-1240001307 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулж, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлалтай, 600 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн газар, мөн хаягт байрлалтай, 100 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг барьцаалж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

7а. Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлалтай, 600 мкв талбайтай, нэгж талбарын 1 дугаартай, улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн газар, мөн хаягт байрлалтай, 100 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн хувийн сууц нь Ц.Цийн өмчлөлийнх болох нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээр тогтоогдож байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах зэрэг эрхийг Ц.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар Я.Цэд олгосон байх боловч барьцааны гэрээнүүдэд өмчлөгч Ц.Ц нь гэрээний оролцогчийн хувиар гарын үсэг зурсан байна.

 

7б. Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,930,691.66 төгрөг, нийт 17,930,691.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1,061,453.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 317,803 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүх хүлээн авч, хангасан боловч тэрээр өмгөөлөгчөө сонгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Цээс зээлийн гэрээний үүрэгт нийт 17,930,691.66 /арван долоон сая есөн зуун гучин мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1,061,453.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Я.Ц нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох гуравдагч этгээд Ц.Цийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлалтай, 600 мкв талбайтай, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн газар, мөн хаягт байрлалтай, 100 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 317,803 /гурван зуун арван долоон мянга найман зуун гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ ХХКолгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ