Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00561

 

 

 

2023 03 17 210/ШЗ2023/00561

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00141 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Ц д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 18,992,144.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Я.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Н ХХК нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр Я.Ц тэй *** тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *** тоот барьцааны гэрээ байгуулан *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн 100 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын *** дугаартай 600 м.кв талбай бүхий өмчлөх эрх бүхий газрыг тус тус барьцаалан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 9,930,691.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,061,453.04 төгрөг, нийт 18,992,144.70 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 09 сарын 23-ны өдөр Н ХХК-аас 8,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Зээлээ төлж барагдуулах үүргээ сайн дураар ухамсарлаж байгаа ч олон нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн болно. Мөн эцэг маань 2019 оны 11 сараас эхлэн бие нь өвдөж, хүнд өвчнөөр оношлогдсон. Түүнчлэн, тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрч, миний ажиллаж байгаа салбар хамгийн түрүүнд хөл хорионд орж, хамгийн сүүлд хөл хорионоос цуцлагдаж байсан. Зээлээ төлөх зорилгоор хэд хэдэн удаа хүмүүстэй хамтарч юм хийсэн боловч амжилт олоогүй, харин ч алдагдалд орсон. Энэ бүх нөхцөл байдлаа банкны эдийн засагчид хэлж, зээлийн хүүг зогсоож өгөхийг гуйсан боловч тохиролцоонд хүрээгүй. Зээл авахад барьцаанд нь өөрийн үеэл ах болон бэр эгчтэйгээ ярилцаж, тэдэнд хэрэгтэй байгаа мөнгийг зээлээс гаргаж өгсөн. Иймд дээр дурдсан ар гэрийн гачигдал болон дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионд орсон давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн дүнг 2,5 дахин нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Ц ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 17,930,691.66 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдэх 1,061,453.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Ц нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох гуравдагч этгээд Ц.Ц ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлалтай, 600 м.кв талбайтай, нэгж талбарын *** дугаартай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн газар, мөн хаягт байрлалтай, 100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 317,803 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2019 оны 09 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн хүүг зогсоохыг хүсэж, удаа дараа хүсэлт гаргахад зогсоогоогүй, мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэргийг харгалзалгүйгээр үндсэн зээлээс давсан хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд үндсэн хүүг 50%-аар багасгаж 4,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд үндсэн зээл болон ашигласан хугацааны хүү тооцохоор тохиролцсон. Хариуцагч Ковид-19 цар тахал гарсантай холбоотой зээлийн төлөлтийг зогсоож өгөх тухай хүсэлт гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Тухайн үед Я.Ц нь хүү зогсоох талаар яриагүй, дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлтийг л гаргаж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Я.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 9,930,691.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,061,453.04 төгрөг, нийт 18,992,144.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1-2/

 

Хариуцагч Я.Ц нь дээрх шаардлагаас үндсэн зээлийг төлж барагдуулахыг зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ...Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, эцэг нь хүнд өвдсөн учир асрах шаардлагатай болсон, зээлийн хүүг зогсоолгох талаар удаа дараа хүсэлт тавьсан... үндэслэлээр хасуулна гэж маргасан. /хх 52-53/

 

3. Талууд 2019 оны 09 сарын 23-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь 8,000,000 төгрөгийг 30 хоногт 3,8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Я.Ц нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 13-14/

 

Мөн өдөр нэг талаас Н ХХК, нөгөө талаас Я.Ц, Ц.Ц нар *** тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Ц ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 100 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг *** тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан, барьцаалуулсан байна. /хх 15-16, 17-18/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4. Зээлдүүлэгч Н ХХК-аас зээлдэгч Я.Ц ийн өмчлөлд 2019 оны 09 сарын 24-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 8,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч Я.Ц нь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 26-29/

 

5. Нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хариуцагч Я.Ц ээс шаардах эрхтэй. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд, *** тоот Зээлийн гэрээ-нд тусгагдсан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зохицуулалтад нийцээгүй тул анхан шатны шүүхээс холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

Иймд хариуцагч Я.Ц ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 9,930,691.66 төгрөг, нийт 17,930,691.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

6. Хариуцагч талын хариу тайлбар, давж заалдах гомдолд дурдагдсан ...эдийн засаг, эрүүл мэнд, цар тахлын нөхцөл байдал... нь хууль, гэрээний дагуу хүлээсэн үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Өмнө дурдсанчлан, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР