Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/00271

 

2023 01 09

101/ШШ2023/00271

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б холбогдох

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 9,485,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.А,

Хариуцагч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.А, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өглөөний 0750 цагийн үед Саруул хорооллын нүхэн гарцаар гараад, ажил руу алхаад Нарны замын явган хүний гарцаар гарч дуусах үед миний баруун талаас нэг машин хүчтэй мөргөж, би шидэгдэн газар унаж хэсэг хугацаанд ухаан алдсан. Намайг гарцаар гарч явахад баруун талаас ирж яваа машин их хол харагдаж байсан, тэр машины жолооч гар утсаар яриад, намайг хараагүй явсан байна гэж бодсон. Тэгээд 103 түргэний машин ирж, намайг үзээд, дараа нь гэмтлийн эмнэлэгт очиж, цус их алдаж, толгойд оёо тавиулж, компьютор томографид харуулсан. Баруун гар хөл хөдөлж чадахгүй байсан. Гэмтлийн эмч яс хугараагүй тул гэртээ 2 хоног биеэ ажиглаад, дахиж үзүүлээрэй гэсэн. Тэгээд гэртээ хэвтрийн дэглэм барьж, дараа нь 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гарсаны дараа дор хаяж, 1 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барьж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсний дагуу ажлаас чөлөө хүссэн. Жолооч эмнэлэгт хэвтэж байхад 1 удаа эргэж ирсэн, 4 дүгээр сарын 25-нд эмнэлгээс гарсаны дараа уулзсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоосон ба Замын цагдаа осол болсон хэргийг шалгаад Л.Бгийн буруутай үйлдэлд 100,000 төгрөгөөр торгож, 5 оноо хассан. Прокурор иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг тогоолдоо зааж өгсөн. Эмчилгээ, цалин мөнгөтэй холбоотойгоор 9,1 сая гаруй төгрөгийн зардал гарсан талаараа хэлж, өөрт байгаа баримтуудаа өгсөн. Уулзахаас өмнө эмчилгээндээ хэрэглэ гэж нэг ч төгрөг шилжүүлээгүй бөгөөд уулзаж баримтууд өгөхөд танд 5,0 сая төгрөг өгье гэсэн. Би зах дээр наймаа хийж байгаа биш, надаас ийм зардлууд гарсан байна, намайг амьд байгаад баярла, 2 секундны өмнө байсан бол би өнөөдөр амьд байхгүй байсан, чиний гэр бүлд байгаа асуудал надад ямар ч хамаагүй гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөгийг эмчилгээний зардалд гэж миний дансанд шилжүүлсэн. Дараа нь 5 дугаар сарын 31-нд даатгалаас 761,633 төгрөгийг бодь даатгал, нөхөн төлбөр гэж дансанд шилжүүлсэн байсан. Үүний дараа жолоочтой утсаар холбогдож хохирол барагдуулах талаар ярихад ..., би таныг мөргөе гээд мөргөсөн биш, машин мөргөсөн бол хямд зардал гарах байж гэж ёс зүйгүй харьцсан тул шүүхэд хандаж, зардлуудыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөргүүлсэнээс хойш толгой байнга өвдөж, хурдан ядарч, бөөр, нуруу чилж, удаан суухад хэцүү болсон. Тэрнээс гадна дархлаа муудаж, байнга ханиад хүрч, үе мөч өвдөж, гарын тохой, хуруунууд өвдөж, хавдсан байдалтай байгаа. Авсан эм, тариануудын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 761,708 төгрөгийн зардал гарсан. Мөн барагшун 150,000 төгрөг, лиотон мазь 2 ширхэг 59,440 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд 8000 төгрөг, осолд ороход өмсөж яваад бохирдсон хувцсаа хими цэвэрлэгээнд цэвэрлүүлсэн зардалд 68,600 төгрөг, эмнэлэгт 1 хоногт 25,000 төгрөгөөр 10 хоногийн ор хоногийн төлбөр 250,000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд өгсөн шинжилгээнүүдийн зардал 112,500 төгрөг, ковидын шинжилгээний зардал 37,500 төгрөг, авбал зохих цалин 2,505,000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжид авсан 1,135,639 төгрөгийг хасч /2022.01.26-02.18/ зөрүү нь 1,369,361 төгрөг, 2022 оны 3 дугаар сард цалингүй 1 сарын чөлөө авсан тул ажилгүй байх хугацааны авах ёстой үндсэн цалин 2,505,000 төгрөг, эмнэлэгт 10 хоног хэвтэхэд хоол зөөх хүнгүй байсан тул захиалгын хоолны зардал 100,000 төгрөг, тархины MRI шинжилгээ хийлгэсэн 340,000 төгрөг, тархины MRI CD-г Солонгос улс руу хувь хүнээр явуулж уншуулж, хариу авсан төлбөрт 130,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх зэрэгт шатахуун зарцуулсан зардалд 120,000 төгрөг, цээж, тохойн зураг авахуулсан зардалд 65,000 төгрөг, нурууны бариа хийлгэсэн 450,000 төгрөг, компьютер томографи 120,000 төгрөг, нийт 6,647,109 төгрөг болсон. Нүүрэнд үүссэн сорвинууд 6 сар гаруй болж байхад одоо хүртэл арилаагүй, сорвины эмчилгээ хийлгэхэд өртөг өндөр, гүйцэд арилах эсэх нь тодорхойгүй гэж эмч хэлсэн. Сорвины эмчилгээ хийлгэхэд ямар зардал гарах талаар 2,3 гоо сайхны эмнэлгээр явж үзүүлээд, зөвлөгөө авч, үнийн саналыг нь авсан. Дунджаар 4,800,000 төгрөгийн сорвины эмчилгээний зардал гарна гэсэн тул ирээдүйд хийлгэх сорвины эмчилгээний зардал 4,800,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд дээрх жагсаасан нийт эм тариа, эмчилгээ, шинжилгээний зардал, бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 6,647,109 төгрөгийн хохирол учирсан бөгөөд жолоочоос 1,200,000 төгрөг, даатгалаас 761,633 төгрөг буюу нийт 1,961,633 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг хасч, 4,685,476 төгрөг, үүн дээр сорвины эмчилгээний зардалд гарах зардал 4,800,000 төгрөг, нийт 9,485,476 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвийн урд байрлах гэрээсээ гарч яван өглөөний 0730-0750 цагийн хооронд нарны замаар ажил руугаа явж байх замд замын цагдаагийн урд 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээрүү шилжих үйлдэл хийх гэж байхад гэнэт машины баруун талд юм сааралтан харагдаж тормосоо гишгэсэн боловч нэхэмжлэгч А.Аыг машинаараа шүргэж, түүний биед хөнгөн гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан. Миний энэхүү үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, болгоомжгүйгээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоож, надад оноо хасах болон торгох шийтгэлийг ногдуулсан. Уг зөрчлийн хэргийг хянан шалгах явцад мөрдөгч нь шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г нь нэхэмжлэгч А.Аын биед үзлэг хийж, түүний биед духны няцарсан шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн гуя өвдөгний цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2393 дугаартай дүгнэлтийг үйлдсэн. Автомашины осол гарсан 01 дүгээр сарын 26-ны өдөр миний бие нэхэмжлэгч А.Аыг даган ахтай нь хамт ГССҮТ-ийн хүлээн авах тасаг руу явсан бөгөөд эмнэлгийн үүдэнд ар гэрийн нэг хүнийг оруулах шаардлага тавьтал ах нь хамт орно гэж, эмчид үзүүлэн толгойн КТГ хийлгэн, тусламж авсан. Тухайн үед эмнэлгээс гарч ирээд түүний ар гэр болон өөрөө юу ч ярилгүй гарсан бөгөөд миний бие даган гарч машиных нь цонхыг тогшин өөрийгөө эмч мэргэжилтэй болохоо хэлж, эмнэлгийн тусламж авахад туслах боломжтой болохоо илэрхийлсэн. Мөн өөрийн ажилладаг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх, гаднаас шаардлагатай эм тариаг нь авч өгч, өглөө, оройдоо хоол цайг нь зөөж өгье гэдгээ хэлж байсан боловч түүний ах н.Амгалан гэх хүн би ар гэрийнхэнтэй нь ярилцья, ямартай ч 2 хоног гэртээ ажигла гэж эмч хэлсэн гэж хэлээд миний саналыг хүлээж аваагүй. Тэр өдрийнхөө үдээс хойш ахтай нь утсаар холбогдон асуухад ар гэрийнхэн нь мэднэ" гэж хариу өгч байсан. А.А эгч рүү мөн утсаар залгахад авахгүй байсан тул мессеж бичиж, туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан боловч огг холбогдохгүй байсан. Түүнээс хойш ч гэсэн удаа дараа утсаар холбогдож, мессеж бичиж, уулзан туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан боловч миний саналыг огт хүлээж аваагүй, утсаа ч авахгүй байсан бөгөөд нэг удаа холбогдохдоо би дүүргийн эмнэлэгт хэвтдэг хүн биш гэж хэлэн татгалзаж, миний саналыг хүлээж аваагүй хирнээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ огт уулзах оролдлого хийгээгүй, төлбөрт ямар ч мөнгө өгөхгүй гэж хэлсэн мэтээр бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд түүний биед дээр дурдсан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан бөгөөд гэмтлээс шалтгаалсан мэдрэлийн ямар нэгэн өвчин эмгэгт хүргээгүй байхад тэрээр өөрийн хүсэлтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасагт Люмбошалгия- мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг гэсэн үндсэн оноштойгоор, Посттравмат головная боль- Гэмтлийн дараахи толгой өвдөлт гэсэн хавсарсан оноштойгоор 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаанд

хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл энэхүү онош нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр байгаа болно. Мөн түүний хэвтэн эмчлүүлэх буюу зайлшгүй хийлгэх шаардлагатай эмнэлгийн туслалцаа авах хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоож өгсөн. Тухайн хугацаа дууссанаас хойш тэрээр өөрийн хүсэлтээр буюу эмчийн зөвлөгөө магадлагаагүйгээр сайн дурын үндсэн дээр ажлаасаа чөлөө хүсэж, тухайн ажиллаагүй хугацааныхаа цалин, хөдөлмөрийн хөлс хэмээн 2,505,000 төгрөгийг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ түүний ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөө авсан хугацаанд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг эмч, эмнэлгийн байгууллагаас тогтоосон бол энэ талаарх хохирлыг гаргаж өгөх боломжтой байсан. Миний бие нэхэмжлэгч А.Ад хохирол, төлбөрийг төлөхөө тухай бүр илэрхийлж, тодорхой хэмжээний төлбөрийг ч өмнө өгч байсан. Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөгийг, мөн оны 5 дугаар сарын 31-ний өдөр 761,633 төгрөгийг даатгалаас тус тус төлж байсан. Үүнээс гаднах зардлын тухайд ч мөн төлнө гэдгээ хэлж байсан бөгөөд холбогдох эмчилгээ хийлгэсэн талаарх баримтуудаа надад үзүүлэх хэрэгтэй байна гэхэд огт баримт үзүүлэхгүйгээр чи надад 5,000,000 төгрөг өг гэж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт эргэж очих үед шаардсан. Энэ мэтээр надаас огт баримт байхгүйгээр зардал гарсан эсэх нь тодорхойгүй байхад илт их хэмжээний мөнгийг шаардаж байсан билээ. Нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлдээ дурдсан төлбөрүүдээс дараах хэмжээнд төлөх боломжтой болно. Үүнд:

Огноо

Нэхэмжилсэн

Олгох

Татгалзсан

Тайлбар

1

2022.01.26

32,050

32,050

-

Миг400, тароментин

2

2022.01.27

28,460

8460

20,000

Колдвон сироп-ханиадны эм гэмтлийн оношинд хамаарахгүй

3

2022.02.19

35,386

35,386

 

Лиотон, магни В6

4

2022.04.12

102,000

 

102,000

Герак-үе мөчний шингэн нөхөх

5

2022.03.08

31,500

 

31,500

Терафлю-ханиадны эм

6

2022.03.20

15,470

15,470

 

Нүүрсэн эм мелатонин

7

2022.03.17

24,000

 

24,000

Гроприносин-вирусын эсрэг эм, синупрет-гэмтлийн оношинд хамаарахгүй

8

2022.02.04

4800

4800

 

Диклоденк

9

2022.02.19

9750

9750

 

Тэхийн шээг, ибупрофен, нитроксолин

10

2022.02.23

9200

9200

 

Нохойн хошуу

11

2022.03.15

5500

 

5500

Ацикловир-вирусын эсрэг эм, гэмтлийн оношинд хамаарахгүй

12

2022.02.04

45,800

 

45,800

Терафлю, ланавир-ханиад, вирусны эм, хамаарахгүй

13

2022.01.27

5000

 

5000

Тодорхойгүй

14

2022.03.29

17,250

 

17,250

синупрет-хамрын дайвар хөндийн үрэвслийн эсрэг эм, гэмтлийн оношинд хамаарахгүй

15

2022.01.27

6000

6000

 

Натри хлорид

16

2022.04.11

7000

 

7000

Снип-ханиадын эм

17

2022.04.09

43,250

 

43,250

Гроприносин-вирусын эсрэг эм, синупрет экстракт-хамрын дайвар хөндийн үрэвслийн эсрэг эм

18

2022.03.28

100,000

 

100,000

Хувь хүний данс

19

2022.02.23

18,500

18,500

 

Диклоденк

20

2022.04.25

14,860

 

14,860

АЦЦ-цэр ховхлох, витагрипп-ханиад

21

2022.04.26

41,850

 

41,850

Королд-ханиад, АЦЦ-цэр ховхлох, Гроприносин-вирусын эсрэг эм

22

2022.05.12

29,659

 

29,659

Симпле линтус сируп-хуурай цэртэй ханиадны эм, денк эйр 10 мг /монтелукаст/-гуурсан хоолой тэлэх эм, хамаарахгүй

23

2022.05.17

7380

 

7380

Терафлю-ханиадны эм,

24

2022.05.19

43,536

 

43,536

Амоксиклав-үрэвслийн эсрэг антибиотик, натур плас-хэвийн бичил биетэн, хамаарахгүй

25

2022.05.18

50,590

 

50,590

Цистон 1 хайрцаг, бөөр хамгаалах бэлдмэл, экосPH-ус, гропиносин-вирусын эсрэг, амоксиклав-үрэвсэлийн эсрэг антибиотик, терафлю-ханиадны эм

26

2022.06.03

32,900

 

32,900

Цистон 2 хайрцаг, бөөр хамгаалах бэлдмэл, вэллфрейш тийрс-нүд чийгшүүлэх, хиймэл нулимс, гропиносин-вирусын эсрэг, амоксиклав-үрэвсэлийн эсрэг антибиотик, хамаарахгүй

27

Барагшун

150,000

 

150,000

Хувь хүний дансанд шилжүүлсэн

28

Лиотон 2 ширхэг

59,440

59,440

 

Баримт байхгүй, хөхрөлт арилгадаг учир төлнө

 

29

Шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал

8000

8000

 

Төлөх саналтай

30

Хувцасны хими цэвэрлэгээ

68,600

68,600

 

Төлөх саналтай

31

Эмнэлэгт хэвтэх шинжилгээ

112,000

112,000

 

Төлөх саналтай

32

Эмнэлгийн ор хоногийн төлбөр

250,000

250,000

 

 

33

Ковидийн шинжилгээ

37,500

37,500

 

 

34

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны зөрүү

1,369,361

1,369,361

 

Төлөх саналтай

35

Ажлаас чөлөө авсан хугацааны цалин

2,505,000

 

2,505,000

Өөрийн саналаар чөлөө авсан

36

Захиалгат хоолны төлбөр

100,000

 

100,000

Баримтгүй

37

Тархины MRI

340,000

 

340,000

Баримтгүй

38

Тархины MRI, СД Солонгос улс руу уншуулсан, төлбөр

130,000

 

130,000

Баримтгүй

39

Эмнэлэгт үзүүлэх үед гарсан шатахууны зардал

120,000

120,000

 

Төлөх саналтай

40

Цээж тохойн зураг авахуулсан зардал

65,000

 

65,000

Баримтгүй-эмчийн заалт байгаа эсэх

41

Нурууны бариа хийлгэсэн

450,000

 

450,000

Зөөлөн эдийн гэмтлийн үед бариа нь эсрэг заалттай, баримтгүй, хувь хүний дансанд шилжүүлсэн

42

Толгойн КТГ

120,000

120,000

 

Шаардлагатай шинжилгээ болно

 

Нийт төлөх

2,284,517

 

 

 

Түүнчлэн миний бие Бодь даатгал ХК-д жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байсан бөгөөд жолооч миний бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг тухайн даатгалын байгууллага хариуцан арилгах, төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг. Энэ хүрээнд нэхэмжлэгч А.Аын эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбогдон үүссэн төлбөрийг даатгалаас гаргуулан түүнд төлөх боломжтой болохоо илэрхийлж байсан боловч тэрээр чи даатгалаасаа л мөнгө авч өгөх гээд байна, өөрөөсөө юу ч гаргахгүй байх санаатай байна гэж байсан. Улмаар Бодь даатгал ХК-д өөрийн биед учирсан хохирол болоод цаашид хийлгэх эмчилгээний зардалтай холбоотой бүхий л баримтуудыг гаргаж өгсний дагуу тухайн даатгалын байгууллагын эмч нар холбогдох баримтад тулгуурлан дүгнэлт хийн, түүнд учирсан бодит хохирол 761,633 төгрөг болохыг тогтоон, тухайн төлбөрийг түүний дансанд шилжүүлсэн. Гэтэл одоо тухайн үед даатгалын байгууллагад гаргаж өгөөгүй, даатгалын байгууллагаас гаргуулан авах боломжтой байсан зардлуудыг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Даатгалын байгууллагаас иргэн надтай байгуулсан гэрээний дагуу дээд хэмжээ болох 5,000,000 хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг гаргах боломжтой байдаг бөгөөд ийнхүү гаргахдаа мэргэжлийн эмч нар холбогдох бүхий л баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, бэртэл зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгсөний хүрээнд нөхөн төлбөрийг төлдөг.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Аын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, баримтаар тогтоогдсон хэмжээнд хохирлыг төлж барагдуулах боломжтой бөгөөд баримтгүйгээр буюу үндэслэлгүйгээр, их хэмжээгээр нэмэгдүүлэн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, А.Аын иргэний үнэмлэх, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай А.Ад чөлөө олгох тухай тушаал, мөн сангийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/157 дугаартай тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012202090210 болон №11012202220130, ЗБДСанд ажиллаж буй даатгуулагчдад 2022 оны 2 дугаар сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, А.Аын фото зургууд, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0026597 дугаартай шийтгэлийн хуудас, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хавтас, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, Тээврийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/635 дугаартай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Л.Бгээс авсан гэрчийн мэдүүлэгийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А.Ааас авсан гэрчийн мэдүүлэгийн тэмдэглэл, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2393 дугаартай шинжээчийн дүгнэлт, Л.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Л.Бгийн жолоочийн лавлагаа, мэдээлэл болон жолоочийн эрхийн лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 9909-0002 утасны мессеж, Л.Бгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлт, мөн өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл, мөн өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32,050 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28,460 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35,386 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 31,500 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15,487 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 24,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4800 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 9750 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9200 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45,800 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17,250 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 43,250 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18,500 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14,860 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 41,850 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 29,659 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7380 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 43,536 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 50,590 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 32,900 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68,600 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 37,500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 112,500 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 65,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14,000 төгрөгийн ибаримтууд, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн СТМ мед ХХК-ийн 120,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100,000 төгрөг, 3 дугаар сарын 18-ны өдрийн 110,000 төгрөг, 02 дугаар сарын 21-ний өдрийн 250,000 төгрөг, 02 дугаар сарын 11-ний өдрийн 40,000 төгрөг, 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120,000 төгрөг, 4 дүгээр сарын 04-ний өдрийн 60,000 төгрөг, 01 дүгээр сарын 09-ний өдрийн 120,000 төгрөг, 8 дугаар сарын 01-ний өдрийн 50,000 төгрөг, 7 дугаар сарын 06-ны өдрийн 100,000 төгрөгийн А.Аын шилжүүлгийн мэдээллийн баримтууд, А.Аын Хаан банкин дахь 0 тоот депозит дансны хуулга, DermaEsthetic-ийн зөвлөгөөний хуудас, А.Аын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Люкс медийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн баруун талы тохойн үений 2 байрлалын рентген зурагт, ШУГТЭ-ийн гарах үеийн эпикриз, Ай ти лабораторийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шинжилгээ, мөн өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэв авиан оношилгоо, Лазер мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээ, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5112/150 дугаартай Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, А.Аын Хаан банкин дахь 0 тоот депозит дансны хуулгыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч нь хариу тайлбар, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай А.Ад чөлөө олгох тухай тушаал, 9909-0002 утасны мессеж, Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1,200,000 төгрөгийн Л.Бгийн шилжүүлгийн мэдээлэл, Нөхөн төлбөрийн тухай баримтыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

/Жич: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж, нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн байна/

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/22337 дугаартай захирамжийн дагуу Бодь даатгал ХК-иас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/0948 дугаартай албан бичгээр нийт 2 хуудас баримт ирсэн ба А.Аын өргөдөл, Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн даатгалын нөхөн төлбөрт 761,633 төгрөгийг шижлүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримтыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Л.Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 9,485,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын задаргааны хувьд нийт эм тариа, эмчилгээ, шинжилгээний зардал, бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 6,647,109 төгрөгийн хохирол учирсан ба хариуцагчаас 1,200,000 төгрөг, даатгалаас 761,633 төгрөг, нийт 1,961,633 төгрөг шилжүүлснийг хасч, 4,685,476 төгрөг, мөн сорвины эмчилгээний зардалд гарах 4,800,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нь нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч Л.Б нь гэм буруугийн хувьд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учруулсан, эм, тариа, эмчилгээний болон бусад зардлын хувьд баримтаар тогтоогдож буй төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, харин ханиад, үе мөч, бөөрний зэрэг эм авсаны төлбөрийг нэхэмжилж байгаа нь ослын улмаас гэмтсэн гэмтлийн оношинд хамааралгүй, зарим баримтын хувьд хувь хүний данс руу шилжүүлсэн төлбөр, мөн ирээдүйд гарах зардлыг нэхэмжилж байх боловч баримтаар тогтоогдохгүй байна зэргээр маргаж байна.

 

3. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Аын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Их наяд дэлгүүрийн зүүн хойд замд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0753 цагийн орчимд хариуцагч Л.Б нь тоёота харьер маркийн 02-11 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Л.Бгийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна гэж үзэж, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан болох нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4б. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2393 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Аын биед духны няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

 

4в. А.А нь Хан-Уул эрүүл мэндийн төвд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн болох нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012202090210 болон №11012202220130 баримтаар тогтоогдож байна.

 

4г. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэс Л.Бгийн гаргасан дээрх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Л.Бгийн жолоодох эрхийн оноог хасч, 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0026597 дугаартай шийтгэлийн хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4д. Бодь даатгал ХК-иас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт 761,633 төгрөгийг, мөн Л.Б нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийг тус тус А.Ад шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

5. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Аын биед духны няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдож, хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх бөгөөд А.А нь уг ослын улмаас биед доргилт үүсэж, дархлаа муудан байнга ханиад хүрч, бөөр өвдөх болсон тул эдгээрийг эмчлэх үүднээс эм авч, эмчилгээ хийлгэсэн гэх тайлбар гаргаж буйг буруутгах үндэслэлгүй, шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Эдгээрээс дүгнээд хариуцагчийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн оношинд хамаарахгүй гэж татгалзаж буй ханиад, үе мөч, бөөр зэргийг эмчлүүлсэнтэй холбоотой эмчилгээний зардлыг дараах байдлаар тооцон гаргах нь зүйтэй байна.

 

Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20,000 /28,460 төгрөгөөс 8460 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн/ төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 31,500 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 24,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45,800 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17,250 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 43,250 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100,000 төгрөг /витамин/, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14,860 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 41,850 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 29,659 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7380 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 43,536 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 50,590 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 32,900 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 150,000 төгрөг /барагшун/, нийт 772,075 төгрөг.

 

5а. Хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зөвшөөрч буй хэсэг нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32,050 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28,460 төгрөгөөс 8460 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35,386 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15,470 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4800 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 9750 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18,500 төгрөг, лиотин 2 ширхэг 59,440 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 8000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68,600 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 37,500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 112,000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 250,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар тзр алдсаны цалингийн зөрүү 1,369,361 төгрөг, шатахууны зардал 120,000 төгрөг, толгойн КТГ 120,000 төгрөг, нийт 2,284,517 төгрөг ба тэрээр энэхүү төлбөрөөс даатгалын нөхөн төлбөрт олгосон 761,633 төгрөг, эмчилгээний зардалд шилжүүлсэн 1,200,000 төгрөг, нийт 1,961,633 төгрөгийг хасч, 322,884 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн төлбөр болох 322,884 төгрөг, ослын улмаас нэхэмжлэгчийн биед доргилт үүсэж, дархлаа муудан байнга ханиад хүрч, бөөр зэрэг нь өвдөх болсонтой холбоотой эмчилгээний зардалд 772,075 төгрөг, нийт 1,094,959 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5б. А.А нь Зээлийн батлан даалтын санд газрын даргаар ажилладаг байх бөгөөд тэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр чөлөө хүссэний дагуу тус сангийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар мөн өдрөөс 45 хоногийн чөлөөг цалингүй олгосон байх ба түүний нэг сарын үндсэн цалин нь 2,505,000 төгрөг болох нь Б/21 дугаартай тушаал, сангийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/157 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Ийнхүү нэхэмжлэгчийн 45 хоногийн цалингүй чөлөө авсаныг зам тээврийн ослын улмаас эмчилгээ хийлгэх шаардлага үүссэнтэй холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэг сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 45 хоногийн чөлөө авч, уг хугацаанд зам тээврийн осолтой холбоотойгоор зайлшгүй хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэх эмчийн дүгнэлт, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь энэ талаар эмч зөвлөөгүй, өөрийн хүсэлтээр чөлөө авсан болохоо тайлбарлаж байна.

 

5в. Нурууны бариа хийлгэсэн төлбөрт нэхэмжлэгч нь 450,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан Хаан банкиар барианы төлбөрт шилжүүлсэн баримтуудыг шинжлэн судлахад зам тээврийн осол гарахаас өмнө барианы төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлснээс үзвэл А.А өмнө нь нурууны бариа хийлгэдэг байсан байх ба зам тээврийн ослын улмаас бариа хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь сорвины эмчилгээний зардалд гарах 4,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Тодруулбал, сорвины эмчилгээ хийлгэхэд ямар зардал гарах талаар 2, 3 гоо сайхны эмнэлгээр явж үзүүлээд, зөвлөгөө авч, үнийн саналыг нь авахад дундажаар 4,800,000 төгрөгийн сорвины эмчилгээний зардал гарна гэж хэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй, хэрэгт ирүүлсэн DermaEsthetic-ийн зөвлөгөөний хуудас гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уг шаардлагыг нотлох баримт гэж үзэх үндэслэл ч тогтоогдохгүй байна.

 

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар тус шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай Дэд жагсаалт батлах тухай тушаалын хавсралтаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг нэр бүхий иргэдийг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулахаар баталж, жагсаалтад заасан иргэдтэй холбогдоход ихэнх нь боломжгүй гэх хариу өгсөн, харин иргэн Х.Сэвжидмаа оролцохоор болж, түүнд шүүх хуралдааны товыг 9556-9958 дугаарын утсаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу хэргийн оролцогчид шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг тус тус гаргаж байх тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 30,829 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Бгээс хохиролд 1,094,959 /нэг сая ерэн дөрвөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,390,517 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 30,829 /гучин мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Б.УНДРАА