Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00575

 

 

 

 

 

 

2023 03 17 210/МА2023/00575

 

 

 

А.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00271 дугаар шийдвэртэй

А.Б ын нэхэмжлэлтэй, Б.В д холбогдох

Гэм хорын хохиролд 9,485,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б , хариуцагч Б.В , хариуцагчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2022 оны 01 сарын 26-ны 07 цаг 50 минутын үед Нарны замын явган хүний гарцаар гарахдаа баруун талаасаа автомашинд хүчтэй мөргүүлэн ухаан алдсан. Тэгээд түргэн тусламж ирж намайг үзсэний дараа гэмтлийн эмнэлэгт очсон ба цус их алдаж, толгойдоо оёдол тавиулж, компьютор томографид харуулсан.

Миний баруун гар, хөл хөдөлж чадахгүй байсан. Гэмтлийн эмч яс хугараагүй тул гэртээ 2 хоног биеэ ажиглаад, дахиж үзүүлээрэй гэсний дагуу гэртээ хэвтрийн дэглэм барьж, дараа нь 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн.

Эмнэлгээс гарсаны дараа 1 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барьж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул ажлаасаа чөлөө хүссэн.

1.2. Намайг эмнэлэгт хэвтэж байхад мөргөсөн автомашины жолооч 1 удаа эргэж ирсэн ба эмнэлгээс гарсаны дараа уулзсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоосон ба Замын цагдаагийн газраас хэргийг шалгаад Б.В г 100,000 төгрөгөөр торгож, 5 оноо хассан.

Намайг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг прокурор тогоолдоо зааж өгсөн. Б.В надтай уулзахаасаа өмнө эмчилгээний төлбөр шилжүүлээгүй ба эмчилгээ, цалин мөнгөтэй холбоотойгоор 9,100,000 гаруй төгрөгийн зардал гарсан талаар Б.В д хэлж, өөрт байгаа баримтуудаа өгөхөд 5,000,000 төгрөг өгье гэсэн.

Б.В миний эмчилгээний зардалд 2022 оны 05 сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөг, 05 сарын 31-ний өдөр А ХХК-аас нөхөн төлбөр 761,633 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

1.3. Б.В гийн жолоодож явсан автомашинд мөргүүлсэнээс хойш толгой байнга өвдөж, хурдан ядарч, бөөр, нуруу чилж, удаан суухад хэцүү болсон. Мөн дархлаа муудаж, байнга ханиад хүрч, үе мөч, гарын тохой, хуруунууд өвдөж, хавдсан байдалтай байна.

Миний бие 2022 оны 01 сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл эм тарианд 761,708 төгрөгийн зардал гаргасан. Мөн барагшун 150,000 төгрөг, лиотон мазь 2 ширхэг 59,440 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд 8,000 төгрөг, осолд ороход өмсөж яваад бохирдсон хувцсаа хими цэвэрлэгээнд цэвэрлүүлсэн зардал 68,600 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 250,000 төгрөг /1*25,000/, шинжилгээний төлбөр 112,500 төгрөг, ковидын шинжилгээний төлбөр 37,500 төгрөг, авбал зохих цалин 2,505,000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжид авсан 1,135,639 төгрөгийг хасч зөрүү 1,369,361 төгрөг, 2022 оны 03 сард цалингүй 1 сарын чөлөө авсан тул ажилгүй байх хугацааны авах ёстой үндсэн цалин 2,505,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд захиалгын хоолны зардал 100,000 төгрөг, тархины MRI шинжилгээ хийлгэсэн 340,000 төгрөг, тархины MRI CD-г Солонгос улс руу хувь хүнээр явуулж уншуулж, хариу авсан төлбөр 130,000 төгрөг, шатахуун зарцуулсан зардалд 120,000 төгрөг, цээж, тохойн зураг авахуулсан зардал 65,000 төгрөг, нурууны бариа хийлгэсэн 450,000 төгрөг, компьютер томографи 120,000 төгрөг, нийт 6,647,109 төгрөгийн зардал гаргасан.

Нүүрэнд үүссэн сорвинууд 6 сар гаруй болж байхад одоо хүртэл арилаагүй тул 2,3 гоо сайхны эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авахад сорвины эмчилгээнд дунджаар 4,800,000 төгрөгийн зардал гарна гэсэн тул ирээдүйд хийлгэх сорвины эмчилгээний зардал 4,800,000 төгрөг нийт 9,485,476 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2022 оны 01 сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутаас 07 цаг 50 минутын орчимд нарны замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа А.Б ыг шүргэж, түүний биед хөнгөн гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан.

Автомашины осол гарсан өдөр А.Б , түүний ахтай хамт ГССҮТ-ийн хүлээн авах тасаг руу явсан ба тэрээр эмчид үзүүлж толгойн КТГ хийлгэн, тусламж авсан. Тухайн үед эмнэлгээс гараад түүний ар гэр болон өөрөө юу ч яриагүй бөгөөд миний бие өөрийгөө эмч мэргэжилтэй болохоо хэлж, эмнэлгийн тусламж авахад туслах боломжтой болохоо илэрхийлсэн.

Мөн өөрийн ажилладаг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх, гаднаас шаардлагатай эм тариаг нь авч өгч, өглөө, оройдоо хоол цайг нь зөөж өгье гэдгээ хэлж байсан боловч түүний ах ... би ар гэрийнхэнтэй нь ярилцья, ямартай ч 2 хоног гэртээ ажигла гэж эмч хэлсэн гэж хэлээд миний саналыг хүлээж аваагүй.

Тэр өдрийнхөө үдээс хойш ахтай нь утсаар холбогдон асуухад ...ар гэрийнхэн нь мэднэ" гэж хариу өгсөн. А.Б руу залгахад утсаа авахгүй байсан тул мессеж бичиж, туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч холбогдохгүй байсан.

Түүнээс удаа дараа туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан боловч миний саналыг хүлээж аваагүй, утсаа ч авахгүй байсан бөгөөд нэг удаа холбогдохдоо ...би дүүргийн эмнэлэгт хэвтдэг хүн биш гэж хэлээд миний саналыг хүлээж аваагүй.

2.2. Миний энэхүү үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, болгоомжгүйгээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоож, надад оноо хасах болон торгох шийтгэлийг ногдуулсан.

Уг зөрчлийн хэргийг хянан шалгах явцад мөрдөгч нь шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г нь нэхэмжлэгч А.Б ын биед үзлэг хийж, түүний биед духны няцарсан шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн гуя өвдөгний цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болохыг тогтоож, 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 2393 дугаартай дүгнэлтийг үйлдсэн.

Миний бие А.Б ыг гэмтлээс шалтгаалсан мэдрэлийн ямар нэгэн өвчин эмгэгт хүргээгүй байхад тэрээр өөрийн хүсэлтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасагт Люмбошалгия-мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг гэсэн үндсэн оноштойгоор, Посттравмат головная боль-Гэмтлийн дараахи толгой өвдөлт гэсэн хавсарсан оноштойгоор 2022 оны 02 сарын 09-ний өдрөөс мөн оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн.

Мөн түүний хэвтэн эмчлүүлэх буюу зайлшгүй хийлгэх шаардлагатай эмнэлгийн туслалцаа авах хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоож өгсөн. Тухайн хугацаа дууссанаас хойш тэрээр өөрийн хүсэлтээр буюу эмчийн зөвлөгөө магадлагаагүйгээр сайн дурын үндсэн дээр ажлаасаа чөлөө хүсэж, тухайн ажиллаагүй хугацааныхаа цалин, хөдөлмөрийн хөлсөд 2,505,000 төгрөгийг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Миний бие А.Б д хохирол, төлбөрийг төлөхөө тухай бүр илэрхийлж, 2022 оны 05 сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөгийг, мөн оны 05 сарын 31-ний өдөр 761,633 төгрөгийг даатгалаас тус тус төлсөн.

Түүний 2022 оны 02 сарын 18-ны өдөр эмнэлэгт эргэж очих үед надад эмчилгээний баримт үзүүлэхүйгээр 5,000,000 төгрөг өгөхийг шаардсан.

Нэхэмжлэгч А.Б ын нэхэмжлэлийн шаардлагаас 2,284,517 төгрөгийг төлөх боломжтой болно гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.В гээс хохиролд 1,094,959 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,390,517 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.В гээс улсын тэмдэгтийн хураамжид 30,829 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх шийдвэртээ миний хөдөлмөрийн чадвараа түр алдсаны цалингийн зөрүү 1,369,361 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

5.2. Мөн хариуцагч сорвины эмчилгээний зардалд гоо сайхны эмнэлгээс авсан 4,800,000 төгрөгийн баримтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлэхэд Б.В өөрөө судлаад 3,300,000 төгрөгийг төлнө гэсэн.

Иймд хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нийт 4,669,361 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон 2,284,517 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ дурдсан.

2,284,517 төгрөгт давж заалдах гомдолд дурдсан 1,369,361 төгрөг багтсан. Гоо сайхны эмнэлгээс авсан 4,800,000 төгрөгтэй холбоотой хэсгээс 3,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэх гомдлын хувьд анхан шатны шүүх хуралдаанд талуудын эвлэрэн хэлэлцэх саналыг тодруулахад гоо сайхан сорив арилгах эмчилгээнд орсон тухай баримтыг үндэслэж тэр хүрээнд тухай бүрт төлбөрийг төлөх боломжтой гэж яригдсан.

Нэхэмжлэгч 3,300,000 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй 4,800,000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарласан тул эвлэрэн хэлэлцэх санал цааш үргэлжлээгүй.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч цаашид сорвины эмчилгээ болон бусад эмчилгээ хийлгэсэн тохиолдолд Б.В баримтыг үндэслэж хохирлыг барагдуулах боломжтой гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Энэхүү шийдвэр гарснаар дахин гэм хор учирсантай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг хязгаардахгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд эм тариа, эмчилгээний болон бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин, албал зохих цалингийн зөрүү 4,685,476 төгрөг, сорви арилгах эмчилгээний зардал 4,800,000 төгрөг нийт 9,485,476 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 2,284,517 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.В нь 2022 оны 01 сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их наяд дэлгүүрийн зүүн хойд замд 00-00 БББ улсын дугаартай, тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ А.Б ыг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

3.1. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын зөрчил шалгах хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Б.В гийн уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэжээ. /хх11/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдэл шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В гийн гэм буруутай үйлдэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо түүнээс шаардах эрхтэй.

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд А.Б ын биед духны няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгарал, баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн гуя, өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тодорхойлжээ. /хх31-33/

 

4.1. Нэхэмжлэгч А.Б ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч Б.В гээс 1,200,000 төгрөг, А ХК-аас 761,633 төгрөг нийт 1,961,633 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Хариуцагч Б.В нэхэмжлэлийн шаардлагын 2,284,517 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн ба үүнд нэхэмжлэгч А.Б ын давж заалдах гомдолд дурдсан авбал зохих цалингийн зөрүү 1,369,361 төгрөг хамаарч байгаа талаар хариуцагч тайлбартаа дурдсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.В гийн төлөхийг зөвшөөрсөн 2,284,517 төгрөгт хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 1,369,361 төгрөгийг оруулан тооцсон байх бөгөөд нэхэмжлэгч А.Б д шилжүүлсэн 1,961,633 төгрөгийг хасаж, үлдэх 322,884 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

4.2. Хэргийн 43-80 дахь талд авагдсан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Б.В гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Б ын хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний зардал болон эм тарианы үнэтэй холбоотой зардалд нийт 772,075 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Б нь 45 хоногийн цалингүй чөлөө авсан тул 1 сарын цалин 2,505,000 төгрөг, нурууны бариа хийлгэсэн 450,000 төгрөг зэргийг нэхэмжилснийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардалд оруулан тооцож хариуцагч Б.В гээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч А.Б ын эмчилгээний зардалтай холбоотой 772,075 төгрөг, хариуцагч Б.В гийн төлөхийг зөвшөөрсөн 322,884 төгрөг нийт 1,094,959 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

5. Нэхэмжлэгч нь сорвины эмчилгээний зардал 4,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

5.1. Түүнчлэн, хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцож сорвины эмчилгээний зардлыг тухай бүрд нь өгөх боломжтой гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч нь сорвины эмчилгээний зардал 4,800,000 төгрөг төдийгүй өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцагчаас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч болон гуравдагч этгээдээс иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ