Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00094

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 27

101/ШШ2023/00094

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК холбогдох

 

Шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие ХХХК-д ажиллаж байсан бөгөөд тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 067/2015 тоот тушаалаар намайг ажлаас халсан ба уг тушаал нь илт хуүль зүйн үндэслэлгүй, мөн зөрчил гаргаагүй байхад гаргасан мэт алдаатай шийдвэр үйлдэж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрээр намайг ажлаас халсан компанийн тушаал, шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож урьд эрхэлж байсан усны тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ХХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж намайг ажилд эргүүлэн аваагүй, энэ тухай үндэслэлээ тайлбарлахдаа бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэ асуудлаар давж заалдах гомдол гаргасан гэж тухайн үед хэлж байсан. Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болж шүүхийн шийдвэр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр гарсан байдаг. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардан авч танилцсан байдаг. Шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргасан эсэхийг анхан шатны шүүхээс тодруулахад давж заалдаагүй. Сүүлд давж заалдах гомдол гаргасан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа ажилдаа эргэж орох гэтэл манай компани ОХХК-ийн сайтад ажиллах хүчин нийлүүлж ажилладаг байсан, таныг ажлаас халсантай холбоотой ОХХК-ийн сайтруу нэвтрэх ID эрхийг чинь хаасан тул бидний зүгээс тэр эрхийг тань сэргээх боломжгүй, үүнээс шалтгаалж таныг ажилд эргүүлэн авах боломжгүй байна гэх зэргээр тайлбар хийж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн. Гэх мэтчилэн холбогдох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуульд заасан хугацаанд захирагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ хугацаанд бидний зүгээс ОХХК-ийн Улаанбаатар хот дахь төв удирдлагад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасны дагуу ОХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1991/нл дугаартай албан бичгээр таныг Окомпанийн сайтруу ороход тань ямар нэгэн хязгаарлалт тавихгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэж хариу ирүүлсэн юм. Уг хариуг үндэслэж ХХХК-д би хуучин ажлаа хийж болохоор байна. Миний Осайтруу нэвтрэх эрхийг сэргээсэн тухай хэлтэл таны оронд өөр хүн ажилд авсан, сул орон тоо байхгүй гэж хэлэн ажилд эргүүлэн авахаас мөн л татгалзсан. 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсгэн байгуулагдсаны 95 жилийн түүхэн ой тохиож шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүх харьяа байгууллагын ажилтан албан хаагчдыг бүтэн хуваарийн дагуу амраасан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа бүтэн сарын хугацаанд зогсонги байдалтай байсан. ХХХК-ийн хуулийн зөвлөх н.Цэнгэлмаа, хүний нөөцнйн ажилтан зэрэг албан тушаалтнууд захирал, удирдлага эзгүй байгаа хотод ажлаар явж байна гэх зэргээр таньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүн байхгүй байгаа, амралттай байгаа гэх мэтчилэн тайлбар хийсээр өнөөдрийг хүрсэн. Д.Б миний бие ХХХК нь дээр 2016 оны 8 дугаар сард очиход эрүүл мэндийн шинжилгээнд ороод ир гэж хэлэн хотод ирж эрүүл мэндийн шинжилгээнд орсон. Дараа нь захирал н.Наранбаатар нь өөрийн жолоочоор ажилд авна гэж хэлсэн боловч хуучин авч байсан цалингаар бус сарын 400,000 төгрөгоөр цалинжуулна гэх зэргээр миний эрхийг зөрчсөөр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХХХК-д даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Нэхэмжлэлээс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж, багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч ХХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 53 тоот шийдвэрийг үндэслэн ХХХК-ийн захирлын 108/2016 тоот тушаал гаргаж, Д.Бийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд эргүүлэн томилсон болно. Гэтэл Д.Б нь тушаал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй учраас захирлын 111/2016 тоот тушаал гаргаж, захирлын 108/2016 тушаалыг хүчингүй болгож, Н.Дийг Автобусны жолооч-ийн ажлаас чөлөөлж, Усны машины жолооч-оор 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс ажилд томилж мөн Д.Бийг захирлын жолоочийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлэхийг хүний нөөцийн ажилтан Б.Ц, нягтлан бодогч Э.А нарт үүрэг болгосон. Д.Б нь үүнээс хойш хугацаанд ажилд огт ирээгүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ирж уулзсан, улмаар бичиг баримт бүрдүүлэх болон хувийн шалтгаанаар буцаж яваад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орохоор ирсэн бөгөөд яагаад энэ хугацаанд ирж ажилд ороогүй тухайгаа бичгээр гаргаж өгөхийг хүсэхэд өөрөө бичгээр тайлбар гарган өгсөн болно. Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар гаруй хугацаанд ажилд ирээгүй учраас түүний орон тоон дээр Н.Дийг томилсон, мөн ОХХК-иас Д.Бийг Осайтад дахин ажиллуулах боломжгүй гэж мэдэгдсэн учраас түүнийг захирлын жолоочийн ажилд томилсон тухай түүнд хэлсэн боловч уг ажилд орохоос татгалзсан байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн б/1911 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх 01 тоот мэдэгдлийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Д.Бийн 2016 оны 1-4 дүгээр сарын цалин 5,758,067 төгрөгийг тооцож, түүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг 7,8 хувиар бодож, 449,129.23 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банкин дахь 0 тоот дансанд төлж, нийгмийн даатгалы дэвтэр дээр бичилт хийж баталгаажуулсан. Мөн Д.Бт нөхөн олгох цалингаас 400,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкин дахь 0 тоот дансанд төлсөн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэрийн дагуу үлдсэн цалинг өгч дуусгасан болно. ХХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаар Д.Бийг ажилд эгүүлэн томилсон боловч ирээгүй алга болсон тул байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын үүднээс өөр хүн томилж Д.Бийг захирлын жолоочийн ажилд томилсон боловч тэрбээр өөрөө ирээгүй 3 сар гаруй алга болсон, одоо ирсэн боловч компаний зүгээс гарган өгч байгаа ажлын байрнаас татгалзаж байна. Шүүхийн шийдвэрт жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай гэсэн бөгөөд бидний зүгээс дүйцүүлэх албан тушаалд томилсон хэдий ч нэхэмжпэгч өөрөө ирээгүй тул бидний зүгээс өөрөө ирэхгүй байгаа хүнд цалин бодож олгох үндэслэлгүй хэмээн үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө ажилд орохгүйгээр хууль шүүхийн байгууллагаар өөрөө буруугүй мэтээр тайлбарлан зүгээр сууж цалингаа авах сонирхолтой байна хэмээн бидний зүгээс үзэж байна. Ц.Бийг ирсэн дариуд ажилуулахад ямар нэгэн саадгүй болохыг үүгээр уламжилж байна. Хэрэг үүссэнээс хойш 6 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд шүүгчийн, нэхэмжлэгчийн өөрийн буруутай ажиллагаанаас болсон хугацааг хэрхэх вэ?.

Иймд Д.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэр, ОХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1991/нл дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Д.Бийн иргэний үнэмлэх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 241 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 516 дугаартай захирамж, захирамжид гаргасан гомдол, тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Д.Бийн тайлбар, Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/ЁМ2019/0021 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 268 дугаартай тогтоол, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай магадлалыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар, ХХХК-ийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 070/2016 дугаартай Шинэ ажлын орон тоо батлах тухай тушаал, мөн захирлын 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 108/2016 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн захирлын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 111/2016 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Д.Бийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Бийн өргөдөл, Голомт банкны 2016 оны 9 дүгээр сарын 14, 15, 30-ны өдрийн төлбөрийн баримтууд, ХХХК-ийн Д.Бийн шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн 2016 онд олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хариуцагчийн итгэмжлэл, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/68 дугаартай хариуцагчийн тайлбар, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагааг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02/747 дугаартай албан бичгээр нийт 34 хуудас нотлох баримт ирсэн ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэр, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 241 дугаартай захирамж, Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Д.Бийн гаргасан хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/171 дугаартай гэрээ, мөн өдрийн 2/171 дугаартай зардал гаргуулах гэрээ, ОХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1991/нл дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн б/1911 дугаартай албан бичиг, төлбөр төлөх мэдэгдлийн буцах тасалбар, ХХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 108/2016 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн захирлын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 111/2016 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Д.Бийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ХХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 071/2016 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тайлбар, Голомт банкны төлбөрийн баримтууд, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Бийн өргөдөл, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Д.Бийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тайлбар, ХХХК-ийн Д.Бийн шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн 2016 онд олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 2016 оны 9 дүгээр сарын 16, 10 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хариуцагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 47 дугаартай тогтоол, ХХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 20/2017 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ХХХК-д холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

1а. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн ажилгүй байсан хугацаанаас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг багасгасан байна.

 

2. Хариуцагч нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийг биелүүлж, Д.Бийг ажилд нь эгүүлэн томилсон боловч тэрээр ажилдаа ирээгүй, дараа нь ажилд томилсон тушаалаа хүчингүй болгож, өөр ажилд томилсон боловч зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрээр Д.Бийг ХХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ХХХК-иас 5,758,067 төгрөгийг гаргуулж, Д.Бт олгохоор шийдвэрлэж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Д.Б нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 241 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдөр 38 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.

 

4б. Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн б/1911 дугаартай албан бичгээр 53 дугаартай шийдвэрийн дагуу Д.Бийг жолоочийн ажилд эгүүлэн томилсон эсэх, томилсон бол ажилд томилсон тушаалын хуулбар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих ёсны бичилт хийсэн эсэх талаарх баримтуудыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг ХХХК-д даалгасан байна.

 

ХХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 53 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 108/2016 дугаартай захирлын тушаалаар Д.Бийг мөн өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан усны машины жолоочийн ажилд эгүүлэн томилсон, мөн компанийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 111/2016 дугаартай тушаалаар өмнөх 108/2016 дугаартай тушаалын Д.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Бийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс захирлын жолоочийн ажилд шилжүүлэн ажиллуулахаар томилсон зэрэг тушаалуудыг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.

 

Хариуцагч нь дээрх тушаалуудыг тухайн тушаал гарсан цаг хугацаанд хариуцагч нь Д.Бт мэдэгдсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Д.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ХХХК-д гаргасан өргөдөлдөө ...ХХК-ийн дарга Наранбаатартай хөдөлмөрийн гэрээ хийх гэж байна гэсэн байх бөгөөд энэхүү өргөдөл нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байх ба 1 өдрийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тайлбартаа ...шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, аргаа бараад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 2016 оны 7 сарын дундуур хандсан юм... 2016 оны 8 сард шийдвэр гүйцэтгэлийн алба хариу өгөхдөө ХХК дээр Д.Б та өөрийн биеэр очиж уулз... өөрийн биеэр компанийн дарга Наранбаатартай уулзах гэтэл эмнэлгийн хуудас дууссан байна гээд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар хуудсаа таглуулж ир гэсэн...2016 оны 8 дугаар сарын 30-нд Наранбаатартай уулзаад явсан. 2016 оны 9 дүгээр сарын 14-нд ажилд орох хөдөлмөрийн гэрээ байгуулна ...хүний нөөцийн ажилтан Цэндмаа утсаар ... та ирж ажилд орох хөдөлмөрийн гэрээ хий гэсэн 2016.09.14 ...би очсон гэтэл Наранбаатар надаас бичгээр тодорхойлолт хийлгэж ... дараа нь ажилд орсон, гарсан хоёр тушаал өгсөн ... даргын жолоочоор ажилд авна ... цалин 400,000 гэсэн би зөвшөөрөөгүй гэсэн тайлбараас үзэхэд дээрх 108/2016, 111/2016 дугаартай тушаалуудыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэж, зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн байна.

 

ХХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 449,129.23 төгрөгийг Д.Б НДШ нөхөн төлөв, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 575,806 төгрөгийг Д.Бийн ХХОАТ гэсэн утгаар Нийгмийн даатгалын болон татварын байгууллагад, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 400,000 төгрөгийг Д.Бийг төлбөр, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 4,782,260 төгрөгийг Д.Бийн төлбөр гэсэн утгаар тус тус шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, улмаар холбогдох зардлыг тооцон шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримтууд, шийдвэр гүйцэтгэх албаны төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Өмнөговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 47 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч ХХХК-иас төлбөрийн 5,758,067 төгрөг гаргуулан төлбөр авагч Д.Бийн Хаан банкинд байрших 0 тоот дансанд бүрэн шилжүүлж, ажилд эгүүлэн томилох шийдвэрийг төлбөр авагч өөрийн үйлдлээрээ хүлээн аваагүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцжээ.

 

5. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч ХХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.Бийг ажилд эгүүлэн томилох тушаалыг гаргасан боловч уг тушаалын Д.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, захирлын жолоочийн ажил, албан тушаалд томилсон нь уг шийдвэрийн ажилтныг ажилд эгүүлэн томилсон заалтыг бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр ажилд томилсон, өөр ажилд томилсон тушаалуудыг Д.Бт мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, ажилд томилсон тушаал гарсаны дараа ажилдаа ирээгүй тул өөр ажилд шилжүүлэн томилсон гэх боловч хариуцагч нь энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх хуульд зааснаар эрхээ зөрчигдсөнийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр /шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тайлбар/ мэдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлагыг гаргаж, тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

7. Дээрх 06 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаартай захирамжаар хангахаас татгалзсан. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч 110 дугаартай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлд хамааруулан хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 144/ШЗ2018/00195 дугаартай захирамжаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан.

 

Мөн шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 144/ЕШ2019/00003 дугаартай захирамжаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаартай захирамжийг хүчингүй болгосон, уг захирамжид хариуцагч тал гомдол гаргаж, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор 144/ЕШ2019/00003 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

 

7а. Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/ЁМ2019/0021 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 268 дугаартай тогтоолыг тус тус хавсарган ирүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00433 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээжээ.

 

7б. Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00001 дугаартай магадлалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан, хариуцагч ХХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрээр Д.Бийг ХХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосныг биелүүлээгүй тул дараах байдлаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцох нь зүйтэй байна.

 

- Дээрх шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн хугацаа хүртэл ажлын 239 хоног,

- Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг дахин гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс шийдвэр гарч буй 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 338 хоног, нийт ажлын 577 хоног.

 

8а. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажийг тооцохдоо 1 өдрийн цалин хөлс нь 70,651 төгрөгөөр тооцсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул ажлын 577 хоногийг 1 өдрийн цалин хөлс 70,651 төгрөгөөр тооцвол 40,765,627 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

8б. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь шүүгчийн ёс зүйн асуудлаар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, энэхүү асуудал нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ 2 жилийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж буй нөхцөл байдлыг хариуцагч ХХХК-ийн буруутай ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.

 

8в. Нэхэмжлэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй бөгөөд тэрээр дээрх ажилгүй байсан хугацаандаа Плехановын сургуульд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарыг дуустал, Монполимет компанид 2021 оны 5, 6, 7 дугаар сард ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд эдгээр хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцох үндэслэлгүй.

 

9. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 40,765,627 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэхүү хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 361,778 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болон 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 40,765,627 /дөчин сая долоон зуун жаран таван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч ХХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, Д.Бийн энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 361,778 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ