Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00570

 

 

 

2023             03            17                                         210/МА2023/00570

 

                                     

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00094 дугаар шийдвэртэй, Д.Б-ийн нэхэмжлэлтэй "Х" ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие "Х" ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 067/2015 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Уг тушаал илт хууль зүйн үндэслэлгүй, зөрчил гаргаагүй байхад алдаатай шийдвэр үйлдэж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрээр намайг ажлаас халсан компанийн тушаал, шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож урьд эрхэлж байсан усны тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл "Х" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, намайг ажилд эгүүлэн аваагүй, энэ тухай үндэслэлээ тайлбарлахдаа бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ асуудлаар давж заалдах гомдол гаргасан гэж тухайн үед хэлж байсан. Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болж шүүхийн шийдвэр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр гарсан байдаг. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Сүүлд давж заалдах гомдол гаргасан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа ажилдаа эргэж орох гэтэл манай компани “"О"” ХХК-ийн сайтад ажиллах хүчин нийлүүлж ажилладаг байсан, таныг ажлаас халсантай холбоотой “"О"” ХХК-ийн сайтруу нэвтрэх ID эрхийг чинь хаасан тул бидний зүгээс тэр эрхийг сэргээх боломжгүй, үүнээс шалтгаалж таныг ажилд эгүүлэн авах боломжгүй гэх зэргээр тайлбар хийж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн гэх мэт холбогдох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуульд заасан хугацаанд захирагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ хугацаанд бидний зүгээс "О" ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв удирдлагад 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасны дагуу “О" ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1991/нл дугаартай албан бичгээр таныг "О" компанийн сайтруу ороход тань ямар нэгэн хязгаарлалт тавихгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэж хариу ирүүлсэн юм. Уг хариуг үндэслэж "Х" ХХК-д би хуучин ажлаа хийж болохоор байна. Миний “О” сайтруу нэвтрэх эрхийг сэргээсэн тухай хэлтэл таны оронд өөр хүн ажилд авсан, сул орон тоо байхгүй гэж хэлэн ажилд авахаас татгалзсан. 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсгэн байгуулагдсаны 95 жилийн түүхэн ой тохиож шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүх харьяа байгууллагын ажилтан албан хаагчдыг бүтэн хуваарийн дагуу амраасан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа бүтэн сарын хугацаанд зогсонги байдалтай байсан.

"Х" ХХК-ийн хуулийн зөвлөх н.Ц, хүний нөөцийн ажилтан зэрэг албан тушаалтнууд захирал, удирдлага эзгүй байгаа хотод ажлаар явж байна гэх зэргээр таньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүн байхгүй, амралттай байгаа гэх мэт тайлбар хийсээр өнөөдрийг хүрсэн. Миний бие "Х" ХХК-д 2016 оны 08 дугаар сард очиход эрүүл мэндийн шинжилгээнд ороод ир гэж хэлэн хотод ирж эрүүл мэндийн шинжилгээнд орсон. Дараа нь захирал н.Наранбаатар өөрийн жолоочоор ажилд авна гэж хэлсэн боловч хуучин авч байсан цалингаар бус сарын 400,000 төгрөгөөр цалинжуулна гэх зэргээр миний эрхийг зөрчсөөр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг "Х" ХХК-д даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Нэхэмжлэлээс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж, багасгаж байна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 53 тоот шийдвэрийг үндэслэн "Х" ХХК-ийн захирлын 108/2016 тоот тушаал гаргаж, Д.Б-ийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд эгүүлэн томилсон болно. Гэтэл Д.Б- тушаал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй учраас захирлын 111/2016 тоот тушаал гаргаж, захирлын 108/2016 тоот тушаалыг хүчингүй болгож, Н.Д-ийг автобусны жолоочийн ажлаас чөлөөлж, усны машины жолоочоор 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс ажилд томилж мөн Д.Б-ийг захирлын жолоочийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлэхийг хүний нөөцийн ажилтан Б.Ц, нягтлан бодогч Э.А нарт үүрэг болгосон. Д.Б нь үүнээс хойш хугацаанд ажилд ирээгүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирж уулзсан, улмаар бичиг баримт бүрдүүлэх болон хувийн шалтгаанаар буцаж яваад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орохоор ирсэн бөгөөд яагаад энэ хугацаанд ажилд ороогүй тухайгаа бичгээр гаргаж өгөхийг хүсэхэд өөрөө бичгээр тайлбар гарган өгсөн болно. Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар гаруй хугацаанд ажилд ирээгүй учраас түүний орон тоон дээр Н.Дэлгэдоржийг томилсон, мөн "О” ХХК-иас Д.Б-ийг "О” сайтад дахин ажиллуулах боломжгүй гэж мэдэгдсэн учраас түүнийг захирлын жолоочийн ажилд томилсон тухай түүнд хэлсэн боловч уг ажилд орохоос татгалзсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/1911 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх 01 тоот мэдэгдлийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д.Б-ийн 2016 оны 1-4 дүгээр сарын цалин 5,758,067 төгрөгийг тооцож, түүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг 7,8 хувиар бодож, 449,129.23 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банкин дахь 5595001511 тоот дансанд төлж, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийж баталгаажуулсан. Мөн Д.Б-т нөхөн олгох цалингаас 400,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкин дахь 210000020153 тоот дансанд төлсөн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэрийн дагуу үлдсэн цалинг өгч дуусгасан болно. "Х" ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаар Д.Б-ийг ажилд эгүүлэн томилсон боловч ирээгүй алга болсон тул байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын үүднээс өөр хүн томилж Д.Б-ийг захирлын жолоочийн ажилд томилсон боловч тэрбээр ирээгүй 3 сар гаруй алга болсон, одоо ирсэн боловч компаний зүгээс гарган өгч байгаа ажлын байрнаас татгалзаж байна. Шүүхийн шийдвэрт “жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэсэн бөгөөд бидний зүгээс дүйцүүлэх албан тушаалд томилсон хэдий ч нэхэмжлэгч өөрөө ирээгүй тул бидний зүгээс өөрөө ирэхгүй байгаа хүнд цалин бодож олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрөө ажилд орохгүйгээр хууль шүүхийн байгууллагаар өөрийгөө буруугүй мэтээр тайлбарлан зүгээр сууж цалингаа авах сонирхолтой байна гэж үзэж байна. Ц.Батхуягийг ирсэн даруйд ажиллуулахад ямар нэгэн саадгүй болохыг үүгээр уламжилж байна. Хэрэг үүссэнээс хойш 6 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд шүүгчийн, нэхэмжлэгчийн өөрийн буруутай ажиллагаанаас болсон хугацааг хэрхэх вэ?. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болон 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 40,765,627 /дөчин сая долоон зуун жаран таван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч "Х" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгож, Д.Б-ийн энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "Х" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 361,778 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна.

4.а. Эгүүлэн томилсон ажилд ирээгүй 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүргэсэн тухайд: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн 1 дэх хэсэгт Д.Б-ийг жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар "Ханбогд хурд" ХХК-иас 5,758,067 төгрөг гаргуулж Д.Б-т олгож, 3 дахь заалтаар Д.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг "Х" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. /хх-ийн 3-5 хуудас/ Уг шийдвэр гарсны дараа "Х" XXК-иас давж заалдах гомдол гаргаагүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Д.Б-ийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд эгүүлэн томилсон захирлын 108/2016 дугаар тушаал гарч түүнийг ажилдаа орохыг тухайн өдөр хүний нөөцийн менежер Б.Ц өөрийн 86260004 дугаарын гар утаснаас Д.Б-ийн 88133699 дугаарын утсанд мэдэгдсэн боловч ажилдаа ирээгүй нь хэрэгт авагдсан түүний гараар бичиж өгсөн баримтаар нотлогдоно. /хх-ийн 31/

Д.Б-ийн гараар бичсэн тайлбараар тэрбээр “өмнө 2016.05.16-нд компаниас дуудахад ирээгүй шалтгаанаа замын зардал мөнгөгүй байсан, компаниас биеэр ирж уулз” гэж хариу өгсөн хэмээн бичсэн, нөгөө талаар Д.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орохоор Өмнөговь аймгийн Ханбогд суманд очиж компанийн захирал Б.Н-тай уулзсан бөгөөд эрүүл мэндийн хуудасны хугацаа дууссан тул дахин үзлэгт хамрагдах мөн гэр орны ажлаа дуусгаад 1 сар 14 хоногийн дараа ажилд opoxoop 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр очсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу дээрх нотлох баримтыг бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагатай. Гэтэл шүүхээс тухайн баримтыг үнэлэхдээ нэг талыг баримтлан үнэлсэн тухайлбал: Д.Б-ийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тайлбарыг бодитой хэмээн үнэлсэн. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн "Ханбогд хурд" ХХК-д гаргасан тайлбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 1 өдрийн тайлбаруудын агуулга зөрүүтэй байсан.

Д.Б-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бичсэн тайлбараас үзвэл тэрбээр шүүхийн шийдвэр биелүүлэх талаар буюу ажилдаа орох мөнгө авах хүсэлтээ "Ханбогд хурд" ХХК-д удаа дараа хүний нөөцийн ажилтан, захирал хуулийн ажилтанд гаргасан гэж бичсэн байна. Гэтэл бодит байдалд тэрээр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ор хэмээн хүний нөөцийн ажилтан Б.Цг хэлэхэд огт ирээгүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилдаа орохоор ирээгүй, тухайн үед яагаад ирээгүй шалтгаанаа өөрөө гараар бичиж өгсөн өөрийн тайлбараар нотлогдох /1 х.х-ийн 31 хуудас/ бөгөөд дээрх тайлбар бодит байдалд илүүтэй нийцнэ.

Түүнчлэн шүүхээс Д.Б-ийн тайлбараас үзэхэд 108/2016, 111/2016 дугаар тушаалуудыг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэж зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн байна гэж дүгнэсэн нь өмнө Д.Б- уг тушаал гарсныг огт мэдээгүй гэсэн үг биш учир нь "Х" ХХК-иас Д.Б-ийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд нь эгүүлэн томилсон захирлын 108/2016 дугаар тушаал гарч түүнийг ажилдаа орохыг тухайн өдөр хүний нөөцийн менежер Б.Ц утсаар мэдэгдсэн бөгөөд тушаалыг үзүүлээгүй учир тэрээр Улаанбаатар хотод байсан тул Д.Б- 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ханбогд суманд байрлах ажлын байран дээрээ ирэхэд үзсэн нь бодит байдалд илүү нийцнэ. Нөгөө талаар Д.Б- нь ажилдаа ирэхгүй байхын зэрэгцээ шүүхийн шийдвэрийн дагуу авах 5,758,067 төгрөгийг авая гэж “Ханбогд хурд" ХХК-д гаргаж байгаагүй мөртлөө 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр түүний хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Хариуцагчаас Д.Б-ийн ажилд орох асуудалд үргэлж нээлттэй хандсаар ирсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түүнийг "Ханбогд хурд" ХХК өөрийн биеэр дээр ирэхэд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж захирлын жолоочийн орон тоон дээр ажиллуулах саналыг тавихад тэрээр зөвшөөрөөгүй, усны тэрэгний жолоочоор ажиллана гээд явсан. Учир нь тухайн 2 ажлын байрны ажиллах нөхцөлүүд өөр тухайлбал усны тэрэгний жолооч нь ""О"" ХХК-ийн уурхайн кемп дээр байрлан ажиллаж ажлын ачаалал харьцангуй бага гэтэл захирлын жолоочийн ажлын ачаалал бага зэрэг их тул биеийн амрыг харж Д.Б- нь татгалзсан гэж бид үзэж байгаа ба цалингийн зөрүү 1,1 сая төгрөгийг өгөх саналыг тухайн үед тавьсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан байдаг тул нэхэмжлэгч Д.Б-т ажилдаа орохыг мэдэгдсэн бөгөөд түүнийг хүчээр авчирч албадан хөдөлмөрлүүлэх боломжгүй юм.

Хариуцагчаас Д.Б-ийг ажилдаа орохгүй, мэдэгдээд байхад ирээгүй, шүүхийн шийдвэрээр түүнд олгогдох мөнгийг хэрхэн авах талаар огт ярилцаж хүсэлт гаргаагүй байж санаатайгаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан, ажилд орохоос санаатай татгалзан шүүхэд хандан компаниас мөнгө авах арга хэрэглэсэн гэж үзэж байна. "Ханбогд хурд" ХХК нь 2012 оноос эхлэн "О" ХХК-д жолоочийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд 300 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулаад 10 жил болсон. Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтлан ажилладаг, тус компанитай холбоотой хамгийн анхны хөдөлмөрийн маргаан болно.

4.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд: 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэгч Д.Б "Гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай" хүсэлт гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жил 7 сар 18 хоногийн дараа болно. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00433 дугаар "Гомдол гаргах хугацааг сэргээх тухай" шүүгчийн захирамж гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг буруу хэрэглэж хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж гэж байна. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120 3-т заасан хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтдээ 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол тухайн хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан түүнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй, нотлох баримтгүй хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн хүсэлтэд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан нь давж заалдах гомдлын хугацааг буруу тооцож шийдвэр гаргасан шүүгчийн захирамж, тухайн үйлдэлд нь холбогдуулан гаргасан гомдол, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот магадлал, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн /EM2019/0021 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 268 тоот Улсын дээд шүүхийн тогтоол бөгөөд магадлал, тогтоолыг хүсэлтэд нотлох баримтаар хавсарган өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаан нь тухай шүүгчийн ёс зүйн талаар гаргасан гомдол түүнийг шийдвэрлэсэн шийдвэрүүд юм, цаг хугацааны хувьд шүүгчийн буруутай үйлдлийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 268 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тухайн тогтоолыг авсан даруйд гомдлын хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гарган шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн бол хариуцагч талаас маргахгүй. Гэтэл тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн дээд шүүхийн тогтоол гарснаас хойш хоёр жилийн дараа гомдлын хугацаа сэргээх хүсэлт гаргаж түүнийг шүүгч ханган шийдвэрлэж байгаа нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2 жилийн хугацаанд гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй,  шүүгч захирамж гаргахдаа тухайн асуудалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00433 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж Өмнөговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянасан гэх боловч давж заалдах гомдлын хугацаа сэргээсэн захирамжид гаргасан хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 101/ШШ2023/00094 дугаар шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамжид мөн дүгнэлт хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Ханбогд сумын сум дундын шүүхийн шүүгчийн ёс зүйн үйлдэлтэй холбоотой асуудлаар гаргасан шүүхийн бие даасан процесстой холбоотой дээрх бүх хугацааг ажилгүй байсан үеийн хугацаанд оруулан тооцоогүй. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шийдвэр гарснаас хойш, давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгэсэн өдрөөс хойш маргааныг шийдэх хүртэлх хугацаанд Д.Б ажилгүй байсан. Зөвхөн ажилтанд хамааралтай хугацаанд хамаарах хэсгийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч давж заалдах гомдлоо 2 үндэслэлээр гаргаж байгаа боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй. Гомдлын 2 дахь агуулга буюу “Шийдвэрийг сэргээсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна” гэж байгаа нь үндэслэлгүй. Ханбогд сумын сум дундын шүүхийн нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн захирамжтай холбогдуулан гомдол гаргах эрх нь "Х" ХХК-д байсан атлаа гомдол гаргаагүй. Тухайн захирамжтай холбоотой асуудлаар гомдол гаргасан ажиллагааг хийж, хэргийг хянах эрх хэмжээ нь тухайн шүүхэд байна. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумын сум дундын шүүх, Өмнөговь аймгийн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамааралтай асуудал. Хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамааралгүй үндэслэлээр гомдол гаргасан байна. Хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх процесстой холбоотой хугацаанд бид захирагдаж байсан. Анхан шатны шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр бид хариуцагч компанид “Ажилдаа эргэж оръё, шүүхийн шийдвэр биелүүлнэ үү” гэж хандаж, шаардлага тавьсан. Д.Б нь “"О"” ХХК сайтад ажилладаг байсан. Гэтэл "Х" ХХК “О" ХХК-д бид ажиллах хүч нийлүүлдэг онцлогтой компани, “О" ХХК таныг хулгайн үйлдэлтэй холбоотойгоор нэвтрүүлэхгүй гэсэн” гэдэг байдлаар ажилд авахаас татгалзсан. Үүний дагуу Д.Б “"О"” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффист өргөдөл гаргасан. "О” ХХК-аас ирсэн албан тоот хэргийн 6 дахь талд авагдсан байгаа. Тухайн албан тоотод “Таныг сайтад нэвтрүүлэхэд ямар ч хориглох зүйл байхгүй” гэсэн байдаг. Тухайн албан тоотыг "Х" ХХК-д харуулж, “Энэ хүн ажилдаа эргэн орох боломжтой юм байна” гэхээр шалтаг хэлээд аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэхээр Даланзадгадын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг хамтатган гүйцэтгүүлэхээр хандсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойтой холбоотой 1 сарын хугацаанд бүх албан хаагч нь амарсан байсан учраас 8 дугаар сараас эхлээд ажиллагаа хийгдэж  эхэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс "Х" ХХК-д анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр яагаад биелүүлэхгүй байгаа талаар шаардлага хүргүүлж, нотлох баримт гаргуулсан. Тухайн нотлох баримтыг гаргуулах явцад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр "Х" ХХК-аас нэхэмжлэгч Д.Б-ийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал нөхөж гаргасан байсан ба “Ирээгүй” гэх үндэслэлээр тухайн тушаалаа хүчингүй болгосон. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б- шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болох 5,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж 3 хувааж олгосон. Шүүхийн шийдвэрийг тухайн үед огт биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан шаардлагыг 9 дүгээр сард биелүүлсэн нь тогтоогдож байгаа. Тушаал гарсан бол Д.Б-т мэдэгдэж, Д.Б-т гардуулсан байх ёстой. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлсон байдаг. Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш хөдөлмөрийн харилцааг үргэлжилж байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн харилцааны нэг тал болох хөдөлмөрлөгчийн урьд авч байсан цалин хөлсийг дордуулахгүйгээр, эсхүл ижил төрлийн ажил, албан тушаалыг санал болгох, ажлын байраар хангах үүрэгтэй. Гэтэл Д.Батбаяр 1,650,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан байхад “400,000 төгрөгийн цалинтай ажлаас өөр орон тоо байхгүй” гэдэг байдлаар хандаж байгаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан үндсэн нөхцөлийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч "Х" ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр Д.Б-ийг "Х" ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,758,067 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.  

5. Хариуцагч "Х" ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 108/2016 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б-ийг усны машины жолоочоор томилсон боловч 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 111/216 дугаар тушаалаар дээрх 108/2016 дугаартай тушаалын Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, захирлын жолоочоор шилжүүлэн томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. /1 х.х-ийн 27-29/.

Иймд хариуцагч "Х" ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 5,758,067 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-т төлсөн үйл баримт тогтоогдсон хэдий ч Д.Б-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан тайлбартаа “2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр очиход Наранбаатар надаар бичгээр тодорхойлолт хийлгэж, дараа нь орсон, гарсан хоёр тушаал өгсөн, даргын жолоочоор ажилд авна, цалин 400,000 гэснийг би зөвшөөрөөгүй” гэснээс үзэхэд Д.Б нь 108/2016, 111/216 дугаар тушаалуудыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Д.Б нь 108/2016, 111/216 дугаар тушаалуудыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, улмаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 40,765,627 төгрөгийг хариуцагч "Х" ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

7. "Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7.а. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Д.Б-ийг усны машины жолоочийн ажилд эгүүлэн томилсон боловч тэрээр ажилд орохоор ирээгүй тул ажлын зайлшгүй шаардлагаар өөр хүнийг усны машины жолоочоор томилж, Д.Б-ийг захирлын жолоочийн ажилд шилжүүлэн ажиллуулахаар томилсон гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Б-ийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр "Х" ХХК-д гаргасан өргөдөл, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 108/2016 дугаартай тушаалыг түүнд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. /1 х.х-ийн 31, 2 х.х-ийн 45/

 Түүнчлэн нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлс нь 1,519,000 төгрөг байхад хариуцагч байгууллагын санал болгосон ажил, албан тушаалын цалин хөлс нь 400,000 төгрөг байх тул нэхэмжлэгч нь өмнө ажиллаж байсан ажлын байрыг дордуулсан үндэслэлээр уг ажилд орохоос татгалзах эрхтэй, хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.

7.б. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00433 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг сэргээжээ.

Давж заалдах эрх нь хэргийн оролцогчийн үндсэн эрх бөгөөд нэхэмжлэгч Д.Б- шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ эрхээ эдэлж чадаагүй нь дээрх магадлал, тогтоолоор тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснийг буруутгах үндэслэлгүй юм. Иймд “гомдлын хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.     

 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, шүүгчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаас татгалзсан байна.

 Анхан шатны шүүх дээрх хугацаанаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргуулсныг дурдах нь зүйтэй.       

  Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР           

 

                                           ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН          

 

                                                                                                Д.БЯМБАСҮРЭН