Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/00549

 

 

 

 

 

 

 

2023 01 23

101/ШШ2023/00549

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сургууль холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажлаас халах тушаал гарсан буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Н миний бие боловсролын салбарт 28 жил ажилласан ба үүнээс сүүлийн 15 жилд нь 0 дүгээр сургуульд ажиллаж байгаа бөгөөд ийнхүү ажиллахдаа 2 жил нь бага ангийн багшаар, 13 жил нь сургалтын менежерээр ажиллаж байсан. Хүний нас, үеэр зүйрлэвэл бүхэл бүтэн 2 үе 28 жил ажилласан би энэ хугацаандаа олон арван хүүхдэд боловсрол олгож хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Энэ хугацаанд нэг ч эцэг, эх гомдол санал мэдүүлж байгаагүй 2021-2022 оны хичээлийн жилд /энэ жил/ Нийслэлийн шилдэг менежер болсон. Үе үеийн сурагчид болоод эцэг, эхчүүд маань талархал илэрхийлж олны хүндэтгэл дунд үүрэгт ажлаа хариуцлагатайгаар биелүүлж ирсэн билээ. Гэвч 0 дүгээр сургуулийн захирал С.М өндөр насны тэтгэвэрт гарах болж улмаар 2021 оны 10 дугаар сард захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирсэн С.Л хуучин багш ажилчид нарыг үндэслэлтэй, үндэслэлгүй олон шалтгаанаар хааж боогдуулан зарим ажилчдыг халж, зарим ажилчид түүний дарамт шахалт, зүй бус үйлдлийг тэсэхгүй өөрөө ажлаасаа гарах өргөдлийг өгч ажлаасаа гарах болсон. Тэрний нэг нь миний бие юм. Олон жил хамт олон дундаа нэр хүндтэй, тэднийгээ удирдлага арга зүйгээр хангаж, найрсаг хамт олонтой явж ирсэн намайг багш ажилчид таныг дагаад байна та ингэж хэл, тэгж хэл гэх мэтээр надаар дамжуулан тэдний удирдах, өөртөө элсүүлэх гэх мэт одон үйлдэл гаргаж байсан ба хэд хэдэн удаа хурал дээр түүний гаргаж буй зүй бус үйлдэл, багш ажилчидтай хүнлэг бус харьцаж буй үйлдлийг нь шүүмжилж шаардлага тавьсан гэж намайг зуух болж сүүлдээ үндэслэлгүй шалтаг шалтгаан гаргаж халах боллоо. Ц.Н намайг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/80 тоот тушаал гаргаж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан хэмээн үзэж халсан. Гэвч 2021-2022 онд харьяаллын бус 530 хүүхэд элсэн суралцаагүй учир ийм хэмжээний мэдээллийг засах үүрэг чиглэлийг би багш нарт өгсөн байх боложгүй, түүнчлэн элссэн сурагч нарыг Ц.Н миний бие ганцаараа шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй ба ганцаараа шийдвэрлэж байсан удаагүй. Элссэн суралцагч нартай холбоотой асуудлыг сургуулийн дотоод журам болоод холбогдох журмаар элсэлтийн комисс шийдвэрлэх ба хамтын шийдвэрээр сурагч нарыг элсүүлэх эсэх асуудлыг шийддэг. Боловсролын нэгдсэн системд өөрчлөлт оруулсан гэж, гэвч энэ тухай Ц.Н би нэвтрэх эрхтэй ч сурагчдын гэрийн хаягийг өөрчлөх эрх байдаггүй багш болгон тус бүрдээ өөрийн нэвтрэх нууц кодтой байдаг. Би системд орж нэвтрээгүй болно. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиуд 6 сарын эхний 2 дахь долоо хоног гэхэд бүгд амарсан байдаг ба түүний дагуу миний бие ээлжийн амралтаа авч амралттай байхад намайг халсан тушаал гаргаж зүй бус авирласан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар буюу уг хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэж дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсан ба урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд Ц.Н миний бие Баянзүрх дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02/1549 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр гурван талт хороо байгуулагдаагүй тул шүүхийн байгууллагад шууд хандан маргаанаа шийдвэрлүүлэх тухай албан бичгийг нрүүлсэн.

Иймд Ц.Н намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилон, ажлаас халах тушаал гарсан буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг 0 дүгээр сургуульд даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч 0 дүгээр сургууль, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Н нь тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын давуу байдлаа ашиглаж, өөрийн удирдлагад ажилладаг багш нарт хууль бус шаардлага тавьж тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг шаардсан болох нь нотлогдсон. Энэ нь удирдах албан тушаалтны хувьд байх боломжгүй ёс зүйн доголдолтой үйлдэл бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл учраас ажил олгогчийн зүгээс хуульд тогтоомжид заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ц.Нгийн иргэний үнэмлэх, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Ц.Нгийн гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02/1549 дугаартай албан бичиг, Ц.Нгийн нийгмийн даатгалын дэвтэр, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/80 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Ц.Нтэй байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн боловсролын газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн боловсролын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/1667 дугаартай албан бичиг, суралцагчийн нэмэлт мэдээлэлтэй холбоотой цахимын баримт, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн боловсролын газрын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1095 дугаартай албан бичиг, Иргэн Ц.Нгийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн боловсролын газарт хандсан өргөдлийн хариу, Нийслэлийн боловсролын газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/1107 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Боловсролын мэдээллийн технологийн төвд гаргасан хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Батбаярын тайлбар мэдээлэл, Нийслэлийн боловсролын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/2137 дугаартай албан бичиг, Б.Золзаяагийн 2022 оны цалингийн картыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн хариу тайлбар, 0 дүгээр сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/110 дугаартай захирамж, Ц.Нтэй байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолт, хариуцагчийн өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн багш нарын системд нэвтрэх хэрэглэгчийн нэр, Нийслэлийн боловсролын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/103 дугаартай албан бичиг, Нийслэлийн боловсролын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/43 дугаартай Хамран сургах тойрог тогтоох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 199 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 0 дүгээр сургуулиас ирсэн нэрсийг тодруулсан жагсаалт, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0 дүгээр сургуулийн сурагчдын хаяг өөрчлөгдсөн сурагчдын бүртгэл 1-5 дугаар анги, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03/9788 дугаартай албан бичиг, Монгол шуудангийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн баримт, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/225 дугаартай албан бичгийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2022/24890 дугаартай захирамжийн дагуу хариуцагчаас Ц.Нтэй байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/11 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт 0 дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны рапортын дэвтэр, Боловсролын мэдээллийн технологийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 1/243 дугаартай албан бичиг болон уг албан бичгийн хавсралт 1, 2 0 дүгээр сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн 1-5 дугаар ангийн суралцагчийн хаягийн өөрчлөлтийн мэдээлэл, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц.Нгийн [email protected] хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг үзлэгийн тэмдэглэлийн хавсралт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/26408 дугаартай захирамжийн дагуу Боловсролын мэдээллийн технологийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/256 дугаартай албан бичиг болон тус төвийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/113 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрч Б.З, Д.Э, Ш.С нараас авсан мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрч Э.Цс авсан мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрч Б.О, Ш.Ж нараас авсан мэдүүлэг, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/01165 дугаартай захирамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/732 дугаартай албан бичгээр тус газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03/9788 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч 0 дүгээр сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажлаас халах тушаал гарсан буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь Ц.Нгийн хувьд тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын давуу байдлаа ашиглаж, өөрийн удирдлагад ажилладаг багш нарт хууль бус шаардлага тавьж тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг шаардсан, удирдах албан тушаалтны хувьд ёс зүйн доголдолтой үйлдэл гаргасан, энэ нь Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн зүгээс хуульд тогтоомжид заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. 0 дүгээр сургууль нь 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Нтэй Захиргааны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ-г Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн дагуу хугацаагүй байгуулж, улмаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ц.Нтэй Хөдөлмөрийн гэрээ-г Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн дагуу мөн хугацаагүй байгуулсан байна.

 

4б. 0 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/80 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4-т тус тус заасныг үндэслэн Бага боловсрол хариуцсан сургалтын менежер Ц.Нг 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан тул 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

 

4в. Ц.Н нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, энэхүү гомдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02/1549 дугаартай албан бичгээр ... Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулахаар хорооны гишүүдийн саналыг хүргүүлээд байгаа. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2-т заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг Ц.Нд өгсөн байна.

 

4г. Дээрх хариуг нэхэмжлэгч Ц.Н нь хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Ц.Нг ажлаас чөлөөлсөн цаг хугацаанд Баянзүрх дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.3-т зааснаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжгүй байсан байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж зааснаар Ц.Н нь шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр зохицуулсан. Ц.Н нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. 0 дүгээр сургууль нь Ц.Нтэй байуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4-т тус тус заасныг үндэслэл болгосон байх бөгөөд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх захирлын бүрэн эрх, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 болон 43.1.7 дахь заалт нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, хууль тогтоомжид заасан бусад эрхийг хэрэгжүүлэх ажил олгогчийн эрх, мөн хуулийн 80.1 дэх заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 83.3, 83.4 дэх заалт нь ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүр мөсөн хүлээн авна, ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэх агуулга бүхий ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргахаар зохицуулсан зохицуулалтууд байна.

 

5а. 0 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/80 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэл нь Бага боловсрол хариуцсан сургалтын менежер Ц.Нг 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан гэж үзсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд Ц.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.6.9, 6.6.17 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.2.7, 4.1.2.8-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

 

5б. Ц.Нтэй 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 6.6.9-д Сургуулийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах гэж, 6.6.17-д Эрх мэдлээ урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдын ажлыг удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хийж байгаад бусдад хохирол учруулсан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ба 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан 0 дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.2.7-д Сургуулийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, 4.1.2.8-д Удирдах ажилтан, багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

 

5в. 0 дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.4.6-д Сахилгын зөрчил гаргасан багш, ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулах саналаа хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдэл секцийн ахлагч нар сургуулийн захиргаа, сургуулийн зөвлөлд бичгээр уламжлан шийдвэрлүүлнэ, 4.1.4.7-д Сахилгын шийтгэл хүлээлгэж буй албан тушаалтан нь ажилтны сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоосон байна, 4.1.4.8-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна гэж тус тус заасан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах ажил олгогчийн үндсэн үүргийг хуульчилсан байна.

 

Эдгээрээс үзэхэд ажил олгогчийн зүгээс сахилгын ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж үзсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоож, шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, холбогдох тайлбарыг авах үүрэгтэй байхад тушаалын үндэслэлд заасан 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан гэх үндэслэл буюу тус сургуулийн 1-5 дугаар ангийн ямар ямар бүлгийн анги удирдсан хэдэн багшид ямар хууль бус шаардлага тавьсан, удирдан зохион байгуулсан болохыг баримтаар тогтоогоогүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахаас өмнө нэр бүхий бага ангийн багш нартай утсаар ярьсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар, татгалзаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 0 дүгээр сургуулийн бага ангийн 39 дугаар бүлгийн /одоо 49/ багш Ш.С, 22 дугаар бүлгийн /одоо 32/ багш Э.Ц, 57 болон 59 дугаар бүлийн /одоо 110/ багш Ш.Ж нар гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Ш.С нь ...Ц.Н нь ... тийм үүрэг даалгавар өгөөгүй, түр үүрэг гүйцэтгэгч судалгаа өг, зорчих судалгаа авна тэрэнтэй холбоотойгоор судалгаа өг гээд бид нар өмнөх 2 жилд ковидтой байгаад судалгаа шинэчлээгүй байсан, тэрийгээ шинэчилж өгсөн... Би өөрийнхөө эрхээр ороод өөрөө л өөрчилнө, миний эрхээр өөр хүн нэвтрэх эрх байхгүй ... гэх мэдүүлэг, гэрч Э.Ц нь ...Ц.Н нь ... шууд тийм үүрэг чиглэл өгөөгүй... 10 хүүхэдтэй холбоотой асуудлыг Ц.Н менежертэй тулгаж гаргаж ирсэн. Бид esis.edu.mn-ээс хаягийн мэдээллийг татаад хороо дүүрэг нь мөн үү гэдгийг тулгасан ... гэх мэдүүлэг, гэрч Ш.Ж нь ... Ц.Нгээс харьяаллын бус хүүхдийг харьяаллын болгож өөрчлөхийг даалгасан зүйл байхгүй, тухайн үед бүх багш нарт ижил шаардлага тавиад хийж байсан болохоос яг намайг дуудаж тэг гэсэн асуудал байхгүй... гэж тус тус мэдүүлсэнээс үзэхэд нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар боловсролын нэгдсэн системд хаягийн өөрчлөлт оруулахыг Ц.Нг шаардаж, удирдан зохион байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/43 дугаартай Хамран сургах тойрог тогтоох тухай тушаалаар Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан ба 0 дүгээр сургууль нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны бүх хэсэг, 18 дугаар хорооны тодорхой хэсгүүдийг хамрахаар баталжээ.

 

6а. 0 дүгээр сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн 1-5 дугаар ангийн суралцагчийн хаягийн өөрчлөлтийн мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Боловсролын мэдээллийн технологийн төвөөс жагсаалтаар авсан ба зарим суралцагч нарын хаягийн өөрчлөлтийг 2021 оны 9, 11, 12 дугаар сар, 2022 оны 3, 4, 5 дугаар саруудад хийсэн, энэхүү боловсролын салбарын мэдээллийн системд анги удирдсан багш нар нэвтрэх эрхтэй болох нь тогтоогдож байна.

 

Ийнхүү хаягийн өөрчлөлт хийгдсэн байдал нь менежер Ц.Нгийн хууль бус шаардлагын хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй, дээрх гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд бага ангийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолтод заасан багшийн хөгжлийг дэмжих сургуулийн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох чиг үүргийн хүрээнд ... сургалтын орчны хөгжлийн асуудлаар багш, ажилтныг мэдээллээр хангах, дэвшилтэт арга зүй, технологийг турших, нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжих, зөвлөн туслах... үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6б. Мөн зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сургуулийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, эрх мэдлээ урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдын ажлыг удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хийж байгаад бусдад хохирол учруулсан, удирдах ажилтан, багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл удирдах ажилтаны ямар ёс зүйн хэм хэмжээг Ц.Н нь зөрчиж, өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж, бага ангийн багш нарт хууль бус шаардлага тавьж сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг удирдан зохион байгуулсан гэх сахилгын зөрчлийг 0 дүгээр сургууль нь баримтаар хангалттай тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

6в. Авлигатай тэмцэх газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03/9788 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цд хүргүүлсэн байх ба ... Бага боловсролын сургалтын менежер нь багш нарт хаяг өөрчлөх үүрэг өгч, дундажаар нэг ангиас 2-18 сурагчийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүлэн засаж оруулсан байгаа нь сургуулийн удирдлага, программ хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад тухайн мэдээлэл нь хамран сургах тойргийн мэт харагдах, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг бодит бус хуурамч мэдээллээр хангах нөхцөл байдлыг үүсгэж байна... тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэн Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу мэдэгдэж хамтран ажиллана уу гэх агуулга бүхий зөвлөмжийг хүргүүлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч Ц.Нг ажлаас чөлөөлсөнөөс хойшхи цаг хугацааны албан бичиг, мөн уг зөвлөмжийн агуулгаас үзэхэд Ц.Нтэй холбоотой асуудлыг шалгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан гэрч Б.Зн мэдүүлэг, зохигчдын тайлбараар 0 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежерээр 2 хүн ажилладаг болох нь тогтоогдож байна.

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч 0 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/80 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Ц.Нг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул тус сургуулийн Бага боловсрол хариуцсан сургалтын менежерийн ажил, албан тушаалд Ц.Нг эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

7. Ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

 

Ц.Нг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжилж байгаа ба, түүний ээлжийн амралт авсан хугацаа болон Бага, дундын боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ гэж заасан хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх хугацаа, мөн бага боловсрол хариуцсан сургалтын менежер Б.Зн 2022 оны цалингийн картад заасан хугацаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 23-ныг өдрийг хүртэл ажлын 114 хоног ажилгүй байсан гэж үзэв.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.

 

Ц.Нтэй байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд түүний үндсэн цалинг 1,116,714 төгрөг байхаар талууд тохирсон байх бөгөөд энэхүү цалинг 21 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 53,176.8 төгрөг болж байх ба үүнийг ажилгүй байсан 114 хоногоор тооцоход 6,062,155.2 төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7а. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хассан цалин хөлсний дүнгийн 20 хувиас, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эсхүл хэд хэдэн суутгал зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч 0 дүгээр сургуулиас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 111,944 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нг 0 дүгээр сургуулийн Бага боловсрол хариуцсан сургалтын менежер-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 6,062,155.2 /зургаан сая жаран хоёр мянга нэг зуун тавин таван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч 0 дүгээр сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгож, Ц.Нгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч 0 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 111,944 /нэг зуун арван нэгэн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ