Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00669

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00669

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00549 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сард захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л томилогдоод гаргаж буй зүй бус үйлдэл, багш ажилчидтай хүнлэг бус харьцаж буй үйлдлийг нь шүүмжилж шаардлага тавьсан гэж намайг дарамтлах болсон.

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/80 тоот тушаал гаргаж, намайг 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан хэмээн үзэж халсан.

Гэвч тус сургуульд 2021-2022 онд харьяаллын бус 530 хүүхэд элсэн суралцаагүй учир ийм хэмжээний мэдээллийг засах үүрэг чиглэлийг би багш нарт өгсөн байх боломжгүй, түүнчлэн элссэн сурагч нарыг миний бие ганцаараа шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй, шийдвэрлэж байсан удаагүй. Элссэн суралцагч нартай холбоотой асуудлыг сургуулийн дотоод журам болоод холбогдох журмаар элсэлтийн комисс шийдвэрлэх ба хамтын шийдвэрээр сурагч нарыг элсүүлэх эсэх асуудлыг шийддэг. Боловсролын нэгдсэн системд би нэвтрэх эрхтэй ч сурагчдын гэрийн хаягийг өөрчлөх эрх байдаггүй, багш болгон тус бүрдээ өөрийн нэвтрэх нууц кодтой байдаг. Түүнчлэн намайг ээлжийн амралттай байхад намайг халсан.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.2 болон талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.6-д ноцтой зөрчилд тооцох зөрчлийг тусгасан. Хөдөлмөрийн гэрээний 6.6.9-т сургуулийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх засварлах, 6.6.17-д эрх мэдлээ урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн.

Бага дунд боловсрол хариуцсан сургалтын менежер А- нь 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 ангийн харьяаллын бус 530 гаруй сурагчийн хаягийн мэдээллийг харьяаллын болгон өөрчилсөн зөрчил гаргасан. 2022 оны 02 дугаар сард тус сургуулийн эцэг, эхээс харьяалал өөрчилсөн асуудлаар гомдол гаргасан бөгөөд Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн боловсрол мэдээлэл технологийн төвд хандаж хаягийн өөрчлөлтийн талаар тодруулахад 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хаягийн өөрчлөлтийн талаар албан бичиг ирүүлснийг үндэслэн багш нараас тодруулахад сургалтын менежер шалгалт ирж байгаа учраас харьяаллын бус хүүхдийн хаягийг өөрчил гэсэн учраас багш нар хаягийг өөрчилсөн гэдэг тайлбарыг хэлдэг.

Нийслэлийн боловсрол мэдээлэл технологийн төвийн албан бичиг болон багш нарын мэдүүлгийг үндэслэж ажил олгогчийн зүгээс хуульд тогтоомжид заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-г Нийслэлийн Ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн Бага боловсрол хариуцсан сургалтын менежер-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 6,062,155.2 төгрөгийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож, А-гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 111,944 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

4.1. Авлигатай тэмцэх газар нь иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Ц-д 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын ** сургуулийн бага ангийн сурагчдын хаягийг хамран сургах тойргийн хаяг болгон өөрчилсөн асуудал нь 2021 оны 9, 11 сарууд болон 2022 оны 3, 4, 5 саруудын хооронд хийгдсэн болохыг зааж зөвлөмж хүргүүлсэн байдаг.

Гэтэл шүүх нэхэмжлэгч А-г ажлаас чөлөөлсний дараа уг зөвлөмж гарсан байгаа тул А-гийн үйлдэлтэй хамаагүй гэж хэт хийсвэр дүгнэлт хийсэн нь буруу. Мөн уг зөвлөмжид ... бага боловсролын сургалтын менежер нь багш нарт хаяг өөрчлөх үүрэг өгч, улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүлэн засаж оруулсан байна..." гэж тодорхой дурдсан атал шүүх А-тэй холбоотой асуудлыг шалгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй. Мөн шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/1549 дугаартай албан бичгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

4.2. Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн. Шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагчийн буруутай гэдэг нь урьдаас хөдөлбөргүй тогтоогдсон мэт дүгнэлт хийж, хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэдэг нь дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны өмнө хэргийн материалтай танилцаж, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яамнаас тус сургуулийн бага ангийн сургалтын менежер А-гийн гаргасан үйлдэлтэй холбогдуулан ямар арга хэмжээ авсан талаарх нотлох баримт хэрэгт зайлшгүй ач холбогдолтой байсан. Гэвч шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02671 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж нотлох, баримтыг дутуу бүрдсэн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Уг захирамжийн үндэслэх хэсэгт "... нотлох баримт гаргуулах хүсэлт нь тодорхой бус, хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хангаагүй, татгалзлаа нотлох боломж олгоогүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэгийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бичмэл нотлох баримт болон гэрч Ш-гийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар няцаагдаж буй гэрчийн мэдүүлгийг тус тус нотлох баримт хасуулах хүсэлт гаргасныг (II х/х-ийн 39-р талд) шүүх 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1165 захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нотлох баримтыг хасуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг баримтлах шаардлагатай байсан. Ингэснээр мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй захирамж гарах бөгөөд шүүгчийн үндэслэлгүй захирамжийг анхан шатны шүүх бүрэлдэхүүнээр хянуулах хуулийн боломжийг хязгаарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Ш-гийн өгсөн гэрчийн мэдүүлгийг хариуцагчийн эсрэг мэдүүлэг өгсөн, агуулга нь зөрчилтэй байсан гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулах үндэслэл болохгүй. Уг гэрчийн мэдүүлгээр ямар зорилгоор нотлох баримтаас хасуулах гэж байгаа нь тодорхойгүй. Нотлох баримт хасуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гомдол гаргах эрхтэй болдог учраас өмгөөлөгч нарын тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талаас шүүх хуралдааныг 7-8 удаа хойшлуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Шүүхээс өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтыг бүрдүүлэх, хурлаас өмнө өөрсдийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухаан яам болон бусад холбогдох газраас нотлох баримт гаргуулж, гэрчээр асуулгах хүсэлтүүдийг гаргах боломжит хугацаа байсан. Уг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан баримтыг гаргуулах хүсэлтийг тус хуулийн 105 дугаар зүйлд 105.2 дахь хэсэгт зааснаар хамаарахгүй хүсэлт байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай байх ёстой. Хэрвээ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүсэлт гаргасан бол уг хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн уг баримтыг гаргуулснаар хариуцагч талын татгалзал, эсхүл хэргийн ямар нөхцөл байдалд ач холбогдолтой нөлөө үзүүлэх нь одоо хүртэл тодорхойгүй.

Хариуцагч талд хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн эрхтэй хоёр өмгөөлөгч оролцож байна. Өмгөөлөгчид нь хуульд зааснаар Авлигатай тэмцэх газраас очсон бичгийн дагуу хийгдсэн ажиллагааг гаргуулах хүсэлтийг зохих байгууллагад гаргаж байсан баримт хэрэгт байхгүй.

Мөн Авлигатай тэмцэх газраас гарсан зөвлөмжийг нотлох баримтаар үнэлээгүй гэж гомдол гаргасан. Ажлаас чөлөөлсөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тушаал гарах үед дурдагдаад байгаа зөрчил тогтоогдсон байх ёстой. Харин хариуцагч талаас тушаал гаргаснаас хойш 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А- нь Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан буюу талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон /1хх 47-48, 56-60/.

 

3. Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/80 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4-т тус тус заасныг үндэслэн бага боловсрол хариуцсан сургалтын менежер А-г 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан тул 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлжээ /1хх 7/.

 

3.1. Анхан шатны шүүх ажил олгогчийн зүгээс сахилгын ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж үзсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоож, шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, холбогдох тайлбарыг аваагүй,

тушаалын үндэслэлд заасан 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-5 дугаар ангийн харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан буюу тус сургуулийн 1-5 дугаар ангийн ямар ямар бүлгийн анги удирдсан хэдэн багшид ямар хууль бус шаардлага тавьсан, удирдан зохион байгуулсан болохыг хариуцагч баримтаар тогтоогоогүй гэж дүгнэлт өгсөн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон байх ёстой.

Хэрэгт авагдсан Боловсролын мэдээллийн технологийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/113 тоот албан бичигт дурдсан Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн 1-5 дугаар ангийн суралцагчийн хаягийн өөрчлөлтийн мэдээллийг хүргүүлсэн агуулга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан харьяаллын бус 530 гаруй суралцагчийг харьяаллын болгон хаягийн өөрчлөлтийг хийж боловсролын мэдээллийн нэгдсэн системд оруулахыг нэр бүхий анги удирдсан багш нарт хууль бусаар шаардсан, удирдан зохион байгуулсан гэх үйл баримтыг нотлоогүй /1хх 182/.

Уг баримтаас өөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед түүний гэм бурууг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч нь баримтаар тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцжээ.

Авлигатай тэмцэх газрын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/9788 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежер нь багш нарт үүрэг өгч, дунджаар нэг ангиас 2-18 сурагчийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүлж засан оруулсан нөхцөл байдлын талаар дурдсан боловч нэхэмжлэгч А-г 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсний дараа уг зөвлөмж гарсан тул ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш тогтоогдсон үйл баримтыг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгохгүй /2хх 61-62/.

Иймд уг зөвлөмжийг үнэлээгүй нь буруу гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэл нотлогдсон байхыг шаардах бөгөөд үйл баримтыг нөхөж нотлох зохицуулалт биш юм.

 

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг тусгасан. Уг журмын дагуу ажил олгогчийн зүгээс А-гийн гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангаагүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Ийнхүү сахилгын зөрчлийн талаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлд хамаарна.

 

3.4. Иймд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтны гаргасан зөрчлийг тогтоогоогүй, хуульд заасан журмын дагуу зөрчлийн талаар ажилтанд мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангаагүй байх тул нэхэмжлэгч А-г Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/1549 тоот албан бичигт үндэслэн Баянзүрх дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар зөв дүгнэсэн боловч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн заалтыг баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

 

4. Анхан шатны шүүх А-гийн ажилгүй байсан хугацааг 114 хоногоор тооцож, дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,062,155 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар зөв дүгнэлт хийж хангасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хамааралгүй хуулийн заалт баримталсан, мөн уг нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн зөв тодорхойлж шийдвэрлээгүйг тус тус зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд Авлигатай тэмцэх газраас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр илгээсэн албан бичгийн дагуу авсан арга хэмжээний талаарх баримтыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргуулах хүсэлт гаргажээ. Үүнийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2023/02671 дүгээр захирамжаар хүсэлтийг тодорхой бус үндэслэл зааж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Ийнхүү хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.1. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулийн шаардлага хангаагүй бичмэл нотлох баримт болон гэрч Ш-гийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлаагүй, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзахдаа анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг баримтлан гаргасан захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй юм.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00549 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 158.1.1 гэснийг 158.2.2 гэж, 119 дүгээр зүйлийн 119.2 гэснийг 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэснийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ