Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00585

 

 

 

 

 

 

 

2023 01 24

101/ШШ2023/00585

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр 12 тоот хаягт оршин суух Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Американ дэнжийн баруун талд 46 дугаар байр 3 давхар 3 тоот, өөрийн байр хаягт байрлах Г ХХК-д холбогдох,

155,853,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж, өмгөөлөгч С.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, өмгөөлөгч Н.Наранбаяр, гэрч Г.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гангат гоулд ХХК-иас тус компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, ерөө, 1-р баг, Тавин, тавин, 1-190 хаягт орших хаягт байрлах 2 давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, граш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн засвар үйлчилгээнд оруулсан 139,287,366 төгрөг, мөн компанийн эзэмшилд байгаа FT-1254 маркийн нэг ширхэг Тракторын урьдчилгаа болон зээлийн гэрээний төлбөрт төлсөн 16,565,800 нийт 155,853,166 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ц.Гантөмөр нь иргэн Г.Ганболдоос 2020 оны 09 дүгээр сард 3749789 тоот регистрийн дугаартай "Гангат гоулд ХХК- ийг тус компанийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ерөө, 1-р баг, Тавин, тавин, 1-190 хаягт орших хаягт байрлах 2 давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, гарш зэрэг үл хөдлөхийн хамт 100 хувь шилжүүлэн авсан. Улмаар талуудын гэрээгээр харилцан тохиролцсон зүйл биелэгдэх боломжгүй болсон тул 2021 оны 09 дүгээр сард тус компанийг дээрх үл хөдлөхийн хамт иргэн Г.Ганболдод буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Гангат гоулд ХХК-ийн өмчлөлийн 2 давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, гарш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд өөрийн хөрөнгөөр бүрэн засвар хийж 139,287,366 төгрөгийн зардал гаргасан. Энэхүү гарсан задралыг хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага болох Хөрөнгө-Эстимэйт" ХХК үнэлгээ хийн баримтаар тогтоосон. "Гангат гоулд ХХК-ийг буцаан шилжүүлж өгөхдөө тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Г.Ганболдод хийсэн нөхцөл байдлыг тайлбарлаж гарсан зардлыг гаргуулж авах талаар тохиролцсон боловч удахгүй шийдэж өгнө хэмээн өнөөдрийг хүрсэн болно.

Мөн Нэхэмжлэгчийн хувьд Гангат гоулд ХХК-ийг эзэмшиж байх хугацаандаа Хөдөө аж ахуйг дэмжих сантай 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ТХАА/2020/83 тоот Трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж FT-1254 маркийн нэг ширхэг Трактор 67,829,000 төгрөгөөр тооцон худалдан авч 2020 оны 06 дугаар сарын 03-нд гэрээний урьдчилгаанд 20 хувь болох 13,565,800 төгрөгийг мөн өдөр гэрээний хавсралтад заасны дагуу үлдэгдэл төлбөрөөс 3,000,000 төгрөг нийт 16,565,800 төгрөгийг төлсөн, энэхүү гэрээний дагуу авсан FT-1254 маркийн нэг ширхэг Трактор нь Гангат гоулд ХХК-ийг буцаан шилжүүлж өгөхөд тус компанид үлдсэн ба Тракторыг буцааж авах талаар мөн Г.Ганболд харилцан тохиролцсон боловч удахгүй хүлээлгэж өгнө хэмээн өнөөдрийг хүрч байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт "Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй" гэж заасан.

Нэхэмжлэгч "Гангат гоулд ХХК-ийг 2021 оны 09 дүгээр сард буцаан шилжүүлэхэд аль хэдийн 139,287,366 төгрөгийн засвар, FT-1254 маркийн нэг ширхэг Трактор зэрэг хөрөнгө оруулалт хийгдсэн байсан ба хариуцагч нь тухайн эд хөрөнгөнд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж зардал гаргаагүй хөрөнгөтэй болсон нь хууль бус биш хэдий ч нэхэмжлэгчээс хамааралтайгаар хөрөнгөтэй болж хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч өөрийн оруулсан зардлаа шаардах бүрэн эрхтэй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч компанийн өмнөөс 155,853,166 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус компани нь үүний улмаас тэр хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд Гангат гоулд ХХК-иас тус компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, ерөө, 1-р баг, Тавин, тавин, 1-190 хаягт орших хаягт байрлах 2 давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, гарш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн засвар үйлчилгээнд оруулсан 139,287,366 төгрөг, мөн компанийн эзэмшилд байгаа FT-1254 маркийн нэг ширхэг Тракторын урьдчилгаа болон зээлийн гэрээний төлбөрт төлсөн 16,565,800 нийт 155,853,166 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хуулийн этгээдийн худалдах, худалдан авах асуудал Ц.Гантөмөр, Г.Ганболд нарын хооронд яригдсан нь үнэн. Ц.Гантөмөр нь тухайн Гангат гоулд ХХК-ийн 100 хувь эзэмшигч, өмчлөгч болсноор тухай эд хөрөнгүүдийг өөрийн эд хөрөнгө дээр байлгаж, засаж сайжруулалт хийгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдлээд явж байгаад анхны эзэмшигчид нь буцаагаад өгсөн байдаг. Шилжүүлэн өгч байгаа болон өөрийн эзэмшилд байх хугацаанд Ц.Гантөмөр ямар нэгэн байдлаар өөртөө компанийг ашигтай байдлаар үр шимийг нь авч үйл ажиллагаа явуулж чадаагүй. Хари засан сайжруулалтыг хэд хэдэн эд хөрөнгүүдэд хийсэн байдаг. Үүнийгээ хөрөнгийн байгууллагаар үнэлүүлж, тодорхойлсон байдаг. Хуулийн этгээдийн эд хөрөнгө өмнөх байсан байдлаасаа сайжирсан. Засан сайжруулалт хийсэн мөнгөө үнэлээд нэхэмжилж байгаа гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гантөмөр болон Гангат гоулд ХХК-ийн хооронд ямар нэгэн өр авлага байхгүй болохыг 2021 оны 8 сарын 23-ны өдрийн гэрээ цуцлагдаж, тооцоо дууссан актаас харж болно. Гэрээтэй холбоотой ямар нэг тооцоо өр авлага байхгүй гэдэг акт үйлдэж, гарын үсэг зурсан бөгөөд Г.Ганболдын зүгээс 50,000,000 төгрөгийг Ц.Ганболдод шилжүүлсэн өгсөн байдаг.

Ингэснээр энэ хоёрын бүх асуудал дууссан. Харин компанийн хувьд ямар үндэслэлээр энэ хоёр хүний хооронд асуудалд хариуцагч болж орж байгааг ойлгохгүй байна.

Маргаан үүсэх болсон шалтгаан эхлээд 2020 оны 5 сарын 24-ний өдөр Ц.Гантөмөр, Г.Ганболд нарын хооронд хийгдсэн арилжааны хэлцэлтэй холбоотой. Уг хэлцлээр Г.Ганболд нь Ц.Гантөмөрийн эзэмшилд байдаг өөрийн 2 компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж өгөхөөр тохирч, үүний дагуу нэхэмжлэгч 2 компанийн нэгийх нь тухайн аж ахуйн хэсэг буюу барилга байгууламж, агуулгатай хэсгийг, нөгөөгийх нь тариалангийн талбай хэсгийг өмчилдөг. Үүний төлбөрт Ц.Гантөмөр нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьсан нийт 435,17 мкв талбайтай 2-3 өрөө 8 ширхэг орон сууцуудыг хувьцааны төлөх үүрэг хүлээж, энэ хоёр хүн гэрээ байгуулсан.

Ингээд Г.Ганболд хувьцаа болон компанийг шилжүүлж өгснийхөө оронд орон сууцуудаа авъя гэхэд одоогийн нэхэмжлэгч Ц.Гантөмөр нь Хос алтай хүчтэн ХХК-тай тохирсон ажлаа гүйцэтгээгүй учраас орон сууцуудыг өгөх боломжгүй болсон.

Энэ хоёр хүний хооронд байгуулсан гэрээ нэхэмжлэгч Ц.Гантөмөрийн гэрээгээр хүлээсэн орон сууц шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас биелэгдэх боломжгүй болж цуцлагдсан.

Энэ нөхцөл байдлууд Г.Ганболдын прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан гомдол, прокурорын тогтоолуудаас харагдана.

Ц.Гантөмөр, Г.Ганболдтой уулзаад тариалан эрхлэх сангаас танай компани дээр трактор авсан. Мөн зарим эд зүйлд засвар хийсэн тул мөнгө өг гэж удаа дараа хэл ам хийж байсан тул Г.Ганболд 50,000,000 төгрөгийг өгч, энэ маргаанаа дуусгахаар тохиролцсон. Ингээд Ц.Гантөмөр, Г.Ганболд нар 2021 оны 8 сарын 23-ны өдөр гэрээг цуцалж, төлбөр тооцоог барагдуулах хэлцэл үйлдэж, 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Түүнээс биш Гангат гоулд ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл огт байхгүй. Тухайн үед Ц.Гантөмөр тариалангийн талбайг өөр газар түрээслүүлж ашиг олсон байна лээ. Ц.Гантөмөр, Гангат гоулд ХХК-ийн нарын хооронд төлбөр тооцоо байхгүй.

Мөн нэхэмжлэгч нар хэдий хэмжээний хөрөнгө хүлээж авчихаад хэдэн төгрөг болгосон талаар баримт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан тухайн объектийг үнэлж байгаа болохоос анх хэдэн төгрөгийн үнэ цэнэтэй зүйлийг хэд болгосныг тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан,

Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Гэрээг цуцалж, тооцоо дууссан тухай акт, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2020 оны 5 сарын 24-ний өдрийн хэлцэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын 2021 оны 5 сарын 25-ны өдрийн 562 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2021 оны 6 сарын 25-ны өдрийн Нийслэлийн прокурорын газарт гаргасан гомдол, 2021 оны 6 сарын 21-ний өдрийн 1/489 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс: Нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Гантөмөр нь хариуцагч Гангат гоулд ХХК-нд холбогдуулан 155,853,166 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Гангат гоулд ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 1 дүгээр баг Тавин тавин 1-190 тоот хаягт байрлах 2 давхар байшиг, үйлдвэр, модон байшин агуулах зоорь, граш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн завсар үйлчилгээнд зарцуулсан зардал 139,287,366 төгрөг, компанийн эзэмшлийн Трактор худалдан авсан зээлийн төлбөрт төлсөн 16,565,800 төгрөг нийт 155,853,166 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...тухайн үеийн гүйцэтгэх удирдлага байсан Г.Ганболд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хувьцаа худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгчид компанийг шилжүүлсэн. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байхдаа хийсэн засвар үйлчилгээний мөнгөө компианаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэ гэрээ нь нэхэмжлэгчийн өөрийх нь компанийг худалдаж авсны хариу төлбөр болох орон сууц шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан бөгөөд гүйцэтгэх удирдлага байсан Г.Ганболд нь Ц.Гантөмөрт 50,000,000 төгрөг төлж компанийг буцаан авснаар бүх тооцоо дууссан. Мөн хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тайлангаар хариуцагч 155,853,166 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр этгээдийн хөрөнгөд сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргаж хариуцагчийг 155,853,166 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн гэж үзэж байгаа гэж тодорхойлж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшихтэй холбоотой буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа үүссэн эсэхэд нь шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан Ц.Гантөмөр, Г.Ганболд нарын хооронд 2020 оны 5 сарын 24-ний өдөр байгуулагдсан хэлцэл гэх бичгийн баримт, гэрч Г.Ганболдын мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч Ц.Гантөмөр нь иргэн Г.Ганболдтой байгуулсан гэрээний үндсэн дээр Гангат гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон ба 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага байсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 57-60 дугаар тал/

Тодруулбал, дээрх хугацаанд нэхэмжлэгч нь хуульд зааснаар үүсэх үүргийн дагуу бус өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр компанийг эзэмшиж, ашиглаж байхдаа зардал гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т хэн нэгэн этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан.

Дээрх заалтын гол нөхцөл сайн дураар буюу өөрөө мэдэж гэдгийг, андуурч гэж тодотгож өгсөн байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Ц.Гантөмөр нь андуурч бусдын хөрөнгөд засан сайжруулалт хийсэн, бусдад шинээр хөрөнгө бий болгосон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэн нэгэн этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын шаардах эрхийн үндэслэл нь мөн зүйлийн 496.1-д заасантай адил үндэслэлгүй буюу бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн ...2 давхар байшин, үйлдвэр, модон байшин агуулах зоорь граж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд засвар үйлчилгээнд оруулсан гэх 139,287,366 төгрөгийн шаардлагын тухайд, хэдийгээр хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 139,287,366 төгрөг гэж үнэлж буй хөрөнгийн өртөгийн тодорхойлсон байх хэдий ч анх хүлээн авсан, засан сайжруулалт хийсэн гэх үл хөдлөх хөрөнгийн анхны үнэ цэнэ тодорхойгүйгээс хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан хэмжээний засан сайжруулалт хийж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс трактор зээлээр худалдан авах гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт төлсөн 16,565,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь трактор худалдан авсан болон тухайн тээврийн хэрэгслийг компанийн өмчид шилжүүлэн өгсөн, хариуцагч Гангат гоулд ХХК нь тээврийн хэрэгслийг олж авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үйл баримт мөн тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан ...Гангат гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Ганболд нь гэрээ цуцлагдсаны хохиролд 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбар гаргаж байх бөгөөд нэхэмжлэгч тал дээрх тайлбарт маргаагүй хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны дээр 50,000,000 төгрөгөөр багасгасан болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 66 дугаар тал/

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Гангат гоулд ХХК нь 105,853,166 /155,853,166-50,000,000/ төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гантөмөрийн хариуцагч Гангат гоулд ХХК-нд холбогдуулан гаргасан 105,853,166 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА