Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00843

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00843

 

 

   Ц.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00585 дугаар шийдвэртэй Ц.Г-ийн нэхэмжлэлтэй Г ХХК-д холбогдох 105,853,166 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц.Г нь Г.Г-оос 2020 оны 09 дүгээр сард "Г ХХК /РД:**/-ийг компанийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ** дүгээр баг, Тавингийн гудамж, **-*** тоот хаягт байрлах ** давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэн авсан. Улмаар талуудын гэрээгээр харилцан тохиролцсон зүйл биелэгдэх боломжгүй болсон тул 2021 оны 09 дүгээр сард тус компанийг дээрх үл хөдлөхийн хамт Г.Г-д буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Г ХХК-ийн өмчлөлийн 2 давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд өөрийн хөрөнгөөр бүрэн засвар хийж 139,287,366 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардлыг хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт" ХХК-аар үнэлгээ хийн баримтаар тогтоосон. "Г ХХК-ийг буцаан шилжүүлж өгөхдөө тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Г.Г-д нөхцөл байдлыг тайлбарлаж гарсан зардлыг гаргуулж авах талаар тохиролцсон боловч удахгүй шийдэж өгнө хэмээн өнөөдрийг хүрсэн болно.

Нэхэмжлэгч нь Г ХХК-ийг эзэмшиж байх хугацаандаа Хөдөө аж ахуйг дэмжих сантай 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ТХАА/2020/83 тоот Трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж FT-1254 маркийн трактор 67,829,000 төгрөгөөр тооцон худалдан авч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаанд 20 хувь болох 13,565,800 төгрөгийг, гэрээний хавсралтад заасны дагуу үлдэгдэл төлбөрөөс 3,000,000 төгрөг нийт 16,565,800 төгрөгийг төлсөн. Энэ гэрээний дагуу авсан FT-1254 маркийн нэг ширхэг тракторыг Г ХХК-ийг буцаан шилжүүлж өгөхөд тус компанид үлдсэн ба тракторыг буцааж авах талаар Г.Г-той тохиролцсон боловч удахгүй хүлээлгэж өгнө хэмээн өнөөдрийг хүрч байна.

Нэхэмжлэгч "Г ХХК-ийг 2021 оны 09 дүгээр сард буцаан шилжүүлэхэд 139,287,366 төгрөгийн засвар, FT-1254 маркийн нэг ширхэг трактор зэрэг хөрөнгө оруулалт хийгдсэн, хариуцагч тухайн эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж зардал гаргаагүй хөрөнгөтэй болсон нь хууль бус биш хэдий ч нэхэмжлэгчээс хамааралтай хөрөнгөтэй болж хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч өөрийн оруулсан зардлаа шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасны дагуу Г ХХК-аас тус компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Ерөө сумын, ** дүгээр баг, Тавин, тавин, **-*** хаягт орших хаягт байрлах 2 давхар байшин, үйлдвэр, модон байшин, агуулах, зоорь, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн засвар үйлчилгээнд оруулсан 139,287,366 төгрөг, мөн FT-1254 маркийн нэг ширхэг тракторын урьдчилгаа болон зээлийн гэрээний төлбөрт төлсөн 16,565,800 нийт 155,853,166 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Г- болон Г ХХК-ийн хооронд ямар нэгэн өр авлага байхгүй болохыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ цуцлагдаж, тооцоо дууссан актаас харж болно. Гэрээтэй холбоотой ямар нэг тооцоо, өр авлага байхгүй талаар акт үйлдэж, гарын үсэг зурсан, Г.Г-оос 50,000,000 төгрөгийг Ц.Г-т шилжүүлэн өгсөнөөр асуудал дууссан. Харин компани ямар үндэслэлээр 2 иргэний хоорондох асуудалд хариуцагч болж байгааг ойлгохгүй байна.

Маргаан үүсэх болсон шалтгаан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ц.Г, Г.Г нарын хооронд хийгдсэн арилжааны хэлцэлтэй холбоотой. Уг хэлцлээр Г.Г нь Ц.Г-ийн эзэмшилд байдаг өөрийн 2 компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж өгөхөөр тохирч, үүний дагуу нэхэмжлэгч 2 компанийн нэгнийх нь тухайн аж ахуйн хэсэг буюу барилга байгууламж, агуулгатай хэсгийг, нөгөө талын тариалангийн талбай хэсгийг өмчилдөг. Үүний төлбөрт Ц.Г- барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьсан 435,17 м.кв талбайтай, 2-3 өрөө 8 ширхэг орон сууцыг хувьцааны төлөх үүрэг хүлээж, гэрээ байгуулсан. Ингээд Г.Г хувьцаа болон компанийг шилжүүлж өгсний оронд орон сууцаа авья гэхэд нэхэмжлэгч Ц.Г Х ХХК-тай тохирсон ажлаа гүйцэтгээгүй учраас орон сууцуудыг өгөх боломжгүй болсон. Энэ хоёр хүний хооронд байгуулсан гэрээ нэхэмжлэгч Ц.Г орон сууц шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас цуцлагдсан. Ц.Г, Г.Г нар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ цуцалж, төлбөр тооцоог барагдуулах хэлцэл үйлдэж, 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Г ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан 105,853,166 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 4.1. Хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд, Нэхэмжлэгч нь "Г" ХХК-ийн 100 хувийн өмчлөгч болсон үеэс эхлэн тус компанийг засан сайжруулсан ба өөрийн хүсэл сонирхолоор бус Г.Г-ын дарамт шахалтаар тус компанийг буцаан шилжүүлсэн. Учир нь хэрэгт авагдсан гэрээнүүд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, гэрч Г.Г-ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогддог бөгөөд анхнаасаа өөрийн эзэмшлийн эд хөрөнгө болсон гэх итгэл үнэмшилтэй байсан боловч хариуцагч Г.Г нь цагдаагийн байгууллагаар удаа дараа дарамталж байгаад эд хөрөнгөө буцаан авсан юм. Дээрх үйл баримт нь гэрээ, хэлцлийн зарчмаар өгсөн авснаа буцаасан зүйл биш нэхэмжлэгч нь өөрийн зардлаар өөрийн өмч хөрөнгө болсон итгэл үнэмшилээр зардал гаргасан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд андуурч хөрөнгө оруулалт хийсэн бодит үйл баримт юм. Нэхэмжлэлээс Г.Г-ын өгсөн 50 сая төгрөгийг хассан бөгөөд энэ нь гэрээ хэлцэлтэй холбоотой дуусгавар болгосон харилцаа биш гэдгийг гэрч Г.Г шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатанд хүлээн зөвшөөрсөн байдаг.

4.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд, Нэхэмжлэгч Ц.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.А-д цааш нь дамжуулах эрхтэй шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэл олгосон ба төлөөлөгч миний бие А.С-д итгэмжлэлээ шилжүүлсэн. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул төлөөлөгчөөс татгалзах хүсэлт өгч А.С-оос татгалзсан. Төлөөлөгчөөс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-оос татгалзсан тухай татгалзалыг бичгээр шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх, хуулиар дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие дахин А.С-д итгэмжлэл олгож өөрийн итгэмжлэлээ шилжүүлэх гэсэн боловч анх итгэмжлэл хийсэн нотариат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллахгүй болсон байсан. Иймд хэрэгт авагдсан А.С-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь Б.А-г бүрэн төлөөлөх итгэмжлэл юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие дахин А.С-д итгэмжлэл олгосон боловч Ц.Г-өөс надад олгосон итгэмжлэлийг дамжуулаагүй зөвхөн өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

Ийнхүү хэрэгт авагдсан хэрэг танилцуулсан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан баримтыг шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц, түүнд оролцох эрхийг шалгасны дараа буюу төлөөлөгч гэх А.С-ийн бүрэн эрхийг шалгаж дууссаны дараа хэргийн материал болон, эрх үүрэгтэй таницуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Хэрэв өмнөх татгалзалаа сэргээх бол хүсэлтээр бус шинэ итгэмжлэл хийж өгөх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хуульд нийцэж байна.

Мөн шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч С.Б болон А.С нарт хэргийн материал танилцуулсан баримтыг танилцах боломж олголгүй шууд зуруулж хуралдааныг цааш үргэлжлүүлсэн бөгөөд хүсэлтийн үе шатанд А.С-д хэргийн материалтай танилцая, өмгөөлөгч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хугацаа авья гэх хүсэлтүүдийг тавьж байсан боловч хүлээж аваагүй болно.

Дээрх шүүх хуралдааны үйл явцаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчим хангагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн төлөөлөгч А.С-ийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулж хэргийг танилцуулж, эрх, үүрэг тайлбарлаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Ц.Г-өөс Б.А-д олгосон итгэмжлэлээр гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх олгогдсон. Хэргийн 169 дэх талд Б.А-гаас А.С-д өгсөн итгэмжлэлээр олгох бүрэн эрх гэх хэсэгт төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу Ц.Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-ийн маргаанд оролцох тухай тодорхойлсон. Тус итгэмжлэлийг гуравдагч этгээдэд шилжүүлж байгаатай холбоотой шүүхээс итгэмжлэлийг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчаас итгэмжлэлээрээ Ц.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Б.А нь өөрийн төлөөлөх эрхийг А.С-д шилжүүлж байгаа тухай баримтаа гарган өгч шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл нэхэмжлэгч өөрийн итгэмжлэлийг үгүйсгэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон, мөн итгэмжлэлийг тодруулахаар шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан. Иймд гомдлын итгэмжлэлтэй холбоотой хэсэг нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах боломжоор хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь ноцтой зөрчил болсон гэх тайлбар үндэслэлгүй. Хэргийн материалд хамгийн сүүлд шинээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 нэр төрлийн шинэ баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн. Түүнээс хойш хэрэгт шинэ нотлох баримт нэмэгдээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан. Тухайн үед шинээр нотлох баримт байгаагүй. Мөн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангаж, хэргийн материалтай танилцах үүрэгтэй. Өөрсдийн хариуцлагагүй үйлдэлд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иймд ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээ шийдлийн хувьд зөв үндэслэлтэй гаргасан. Тухайн үед Ц.Г, Г.Г нарын хооронд гэрээ байгуулан худалдсан компаниа буцаахдаа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлбөр тооцоо барагдуулах хэлцэл хийж, 50,000,000 төгрөгийг Ц.Г-ийн данс руу Г.Г шилжүүлсэн байдаг. Ц.Г-ийн шилжүүлсэн Г ХХК, Т ХХК нь нэг бизнесийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус хоёр компанийг Ц.Г- буцаан шилжүүлэн авч тракторын урьдчилгаанд өгч, үлдэгдэлийг байшин засварласан байж магадгүй гэж 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Г тооцоо байхгүй талаар мэдэж байгаа. Гэтэл 139,000,000 төгрөгөөр байшинд хийсэн засварын талаар нотолсон баримтгүй. Гэрээний дагуу компанийг буцаасны дараа үнэлгээний байгууллагаар засвар хийсэн талаар тус барилгад очиж үнэлгээ хийлгэсэн гэх баримт байхгүй байж хариуцагч Г ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Ц.Г-өөс хариуцагч Г ХХК-д холбогдуулан тухайн компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн завсар үйлчилгээнд зарцуулсан зардалд 139,287,366 төгрөг, трактор худалдан авах урьдчилгаа болон зээлийн төлбөрт төлсөн 16,565,800 төгрөг, нийт 155,853,166 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 105,853,166 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгчээс Г ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдэд засвар хийж 139,287,366 төгрөгийн зардал гаргасан. Г ХХК-ийг эзэмшиж байх хугацаандаа Хөдөө аж ахуйг дэмжих сантай трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, FT-1254 маркийн нэг ширхэг трактор 67,829,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 20 хувь болох 13,565,800 төгрөг, үлдэгдэл төлбөрөөс 3,000,000 төгрөг, нийт 16,565,800 төгрөгийг төлсөн. Трактор Г ХХК-д үлдсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч Ц.Г, Г.Г нарын хооронд арилжааны хэлцэл хийгдсэн. 2 компанийн 100 хувийн хувьцааг 435.17 м.кв талбайтай 2-3 өрөө 8 ширхэг орон сууцаар арилжсан. Ц.Г нь Х ХХК-тай тохирсон ажлаа гүйцэтгээгүй учраас орон сууцуудыг өгөх боломжгүй болсон. Гэрээг цуцалж төлбөр тооцоог барагдуулах хэлцэл үйлдэж 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ц.Г, Г ХХК-ийн хооронд төлбөр тооцоо байхгүй гэжээ.

 3. Нэхэмжлэгч Ц.Г нь Г.Г-оос Т ХХК болон Г ХХК-ийг Сэлэнгэ аймаг, Ерөө сум, баруун Шинэстэйд байршилтай 770 га талбайтай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ** дүгээр баг, Тавингийн гудамж, *** тоот хаягт байршилтай 319.13 м.кв талбайтай автогаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн хамт шилжүүлэн авсан, гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул компаниудыг үл хөдлөх хөрөнгүүдийн хамт буцаан шилжүүлсэн болох нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хэлцэл, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Г.Г-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 4.1. Хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан Ц.Г, Г.Г нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн Гэрээг цуцалж, тооцоо дууссан тухай акт гэх баримтад Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан хэлцэл хэрэгжээгүй тул Ц.Г- нь Г ХХК болон Т ХХК-ийн 100 хувийн хувьцааг Г.Г-д буцаан шилжүүлэхээр тохиролцов. Г.Г- Ц.Г-т 50,000,000 төгрөг шилжүүлнэ. Ийнхүү талуудын хооронд цаашид ямар нэгэн тооцоогүй, өр авлага байхгүй, гомдол санал байхгүй, тооцоо дууссаныг баталж байна гэж тохиролцжээ. Талуудын энэхүү хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал талууд тооцоо нийлж төлөгдөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байх бөгөөд тооцоо нийлэх үед Г.Г 50,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр, талуудын хооронд цаашид ямар нэгэн өр авлага байхгүй, тооцоо дууссан талаар шууд заасан байна. Өөрөөр хэлбэл, Г.Г, Ц.Г-т нөхөн төлөх зайлшгүй зардлыг 50,000,000 төгрөг гэж тодорхой заасан бөгөөд үүнээс өөр буюу илүү зардал төлөхөөр тохиролцоогүй байна.

 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөд зарцуулсан зайлшгүй зардлыг шаардах эрхтэй. Гэвч Г.Г дээрх актаар тохиролцсон 50,000,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчийн Ц.Г, Г ХХК-ийн хооронд төлбөр тооцоо байхгүй гэх тайлбар үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв тул хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.

 4.2. Нэхэмжлэгч Ц.Г төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг Б.А-д олгож, Б.А төлөөлөх эрхээ итгэмжлэлийн үндсэн дээр А.С-д шилжүүлсэнийг үндэслэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.С оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд А.С-ийг шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, өмгөөлөгч С.Б нарт хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт авагдсан байх тул хэргийн материал танилцах боломж олголгүй хуралдааныг үргэлжлүүлсэн гэх гомдол үндэслэлгүй.

 4.4. Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 10 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбарыг гаргах бололцоотой байхад нэхэмжлэгч тал шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хугацаа авах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

 5. Нэхэмжлэгч арилжааны гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг шаардсан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг үндэслэсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэгч эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл гаргасан байхад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд холбогдох заалтыг баримталсан алдааг залруулах нь зүйтэй.

 6. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 496 дугаар зүйлийн 496.2 гэснийг 94 дүгээр зүйлийн 94.3 гэж, 2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.1 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БЯМБАСҮРЭН